UBLife Logo
Кино

Өнөөдрийн зурвас: Даваа, Заяа хоёр

Ub.life
Ub.life
Өнөөдрийн зурвас: Даваа, Заяа хоёр

Шангри-Ла, Улаанбаатар. “Чоно үүрээр ирдэг” баримтат уран сайхны кино олон улсын Торонто наадмын уралдаант хэсэгт шалгарч кинотeатруудын дэлгэцнээ гарч эхэлснийхээ дөнгөж дараахан Монгол Улсад нээлтээ хийсэн нь өнгөрсөн баасан гаригт буюу аравдугаар сарын 18-ны үдэш. Үзэгчдийн дунд гол дүрийн баатрууд болох гэр бүлийн хоёр амьдралдаа гаргасан томоохон шийдвэрийг дэлгэцэнд хэрхэн буусныг харахаар сууж байв.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын малчин Д.Даваасүрэн, Д.Отгонзаяа нар дөрвөн хүүхдээ дагуулаад амьдрал залгахаар нийслэл бараадаад хоёр сар болж байхад кино баг малчин түмний ахуй байдлын бодит түүхээр баримтат кино хийх санал тавьжээ. “Хамаг малаа зуданд алдчихсан би ямар юмны малчин байх вэ” гээд гэрийн эзэн эхэндээ хавьтуулаагүй ч эцэст нь киноны гол хүнтэй ярилцахыг зөвшөөрчээ. “Би эхэндээ түүнээс ярилцлага авах гэж гэрт нь орсон юм. Харин эсрэгээрээ түүнд ярилцлага өгөөд гарсан. Даваа тун ч нухацтай хандсан бөгөөд байгаль, уур амьсгалын өөрчлөлт, зудын аюул түйтгэрийг даван туулж байгаа малчдын амьдралд тулгардаг бэрхшээл хийгээд бодит зовлон жаргалд төвлөрч буйгаа тайлбарлан зөвшөөрүүлснээр энэхүү бүтээл төрсөн юм” гэж найруулагч Габриелла Брэди хэллээ. Ийнхүү кино зохиолыг Д.Даваасүрэн өөрөө бичсэн байна.

Хавар эртээс төлөөр бүл нэмэхэд халуун хошууг нь хацартаа наах энх мэндийн баяр, хүлэг мориороо ээрэм хөндийг эвхэн хураахын баяр, хот айлаараа сууж, мал сүргээ хотлуулан үдэш амсхийхийн баяр гээд тал нутагтаа малчин хүний жаргал их ажээ. Ингээд л амар талбиун суумаар. Ган, зудын гашуун л тартагт нь тулгах юм. Малчин хүн ядарч зүдрэхдээ ч биш, нялх төл байхаас өсгөж өндийлгөсөн малаа ганц нэгээр нь биш хуйгаар нь алдаж сөхрөхөд байдаг аж. Гурван жил тутамд хоёр удаа байгалийн бэрхшээл болж, мал ихээр хорогдох шалтгаан болсоор буй ч малчид яагаад урьтан арилжаад мөнгө болгоод хувиргачихдаггүйн учрыг “Чоно үүрээр ирдэг” киног үзсэн хэн боловч ухаарч үлдэнэ. Нядалж цөөлөөд, үлдсэнийг нь хашиж байгаад тэжээхүйц хөнгөн суувал болох газар тэгж зүрхэлдэггүй, ер тэгж сурах гэж байхгүй юм байна. Тэдний амьдралд мал нь мөнгө хөрөнгө гэхээсээ гэр бүл нь, хувь заяа нь, итгэл найдвар, амьдралын ухаан нь болчихдог юм байна. Тэгснээс байгальдаа тушаагаад өөрсдөө ая замаа хөөх нь малчин хүний байгальтайгаа зохицсон шийдвэр байх бөгөөд, яах вэ дээ нийгмийн шалгаралд бол муу малчнаараа үлдэх л юм биз.

Монголын Гуру Медиа компани болон Австралийн Over Here Productions, Германы Chromosom Films-ийн хамтран продюсерлэсэн, найруулагч Габриелла Брэдигийн The Wolves Always Come at Night "Чоно үүр шөнөөр ирдэг" баримтат уран сайхны кино үзэгчдэд мөн монгол гэр бүлийн өвөрмөц төрх, хайр энэрлийг элдэв дуулиан шуугиангүйгээр мэдрүүллээ. Хайр хэмээх хүн төрөлхтөний мөнхийн сэдвийг дэлхийн бүх зохиолч, шүлэгч, найруулагч байж болох бүх талаас харуулж байхад Даваа, Заяа хоёрын нэгнээ гэсэн, үр хүүхдээ гэсэн, мал ахуй, нутаг орноо гэх хайр сэтгэл, итгэл үнэмшил эгэл тулдаа, чимээгүй хийгээд үнэн нь нүднээ илдээ энэ киног дэндүү дэглэж орхижээ. Үнэ цэн нь монгол айлын харилцаанд байна. Заяа эр нөхөр Даваагийнхаа гараас барих тоолон тэр зуд, гамшиг үгүй болчих юм шиг найдвар сэтгэлд дүрэлзээд л байсан... Хоёр хүн хоорондоо эвтэй байхад айлын амьдрал, үр хүүхэд хэчнээн жаргалтай билээ. Бусад нь аандаа аргатай л хорвоо. Кино эднийхийг Улаанбаатарт ирж буй үеийн дүрс рүү шилжих мөчид Шангри-Лагийн суудлаас хөдөөгийн амар талбиун, бууц ханхалсан хашаа хороо, худаг ус, өнөө хэдэн малыг нь эрхгүй хүсэмжлэх юм.

Австралийн кино найруулагч Габриэль Брэйди гэж өдгөө 40 настай залуу эмэгтэй Монголд анх 2007 онд сайн дурын ажилтнаар ирж ажилласнаас хойш манай оронд хэдэнтээ ирэхдээ нүүдэлчин соёл иргэншил, малчдын ахуй байдал, байгаль цаг уурын өөрчлөлтийг сонирхон судалж явсаар энэ киног хийхээр шийдсэн гэдгээ өгүүлсэн. Тэрбээр баримтат болон баримтат уран сайхны кино бүтээдэг. Габриэль Кубад баримтат кино найруулагчаар мэргэжил эзэмшиж, өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Куб, Монгол, Индонез, Австрали болон Европын хооронд нүүдэллэн амьдарч буй уран бүтээлч аж. Түүний “Арал” баримтат кино Guardian баримтат цувралд сонгогдсон ба 2017 оны Шефильд наадмаар нээлтээ хийсэн. “Өлсгөлөн сүнснүүдийн арал” бол тус найруулагчийн анхны бүрэн хэмжээний кино юм. Найруулагч Габриэль Брэйди болон “Өлсгөлөн сүнснүүдийн арал” киноны гол дүрийн жүжигчин сэтгэл засалч По Лин Ли нар анх 2007 онд Монголд Австралийн Залуу Элчин Сайд хөтөлбөрийн оролцогчоор ирж ажиллаж байх хугацаандаа андууд болсон түүх мөн кинонд дурлагчдын сонирхлыг татдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.212.7.192
Ямар хүн бичсэн юм бол, энэ бичвэрийг. Сэдвийн талаарх мэдлэг, бичих, найруулах чадвар гэж авах юм алга даа
ЗОЧИН\13.212.7.192
Ямар хүн бичсэн юм бол, энэ бичвэрийг. Сэдвийн талаарх мэдлэг, бичих, найруулах чадвар гэж авах юм алга даа