UBLife Logo
Сэтгэл судлал

Амьдралын тэс ондоо үе шат руугаа орж буйг илтгэх 6 огцом өөрчлөлт

Амьдралын тэс ондоо үе шат руугаа орж буйг илтгэх 6 огцом өөрчлөлт

Амьдралын дасгалжуулагч Конни Чапмен хэмээх бүсгүй өөрийн сайт дээрх бичвэрүүдээрээ ихээхэн алдартай бөгөөд хүмүүст харилцааны тал дээр, өөрийгөө хайрлах, өөрчлөх, амьдралаа илүү утга учиртай болгох тал дээр онлайн зөвлөгөөг хүргэдэг нэгэн. Түүний бичсэн “Өөрчлөлт эхэлж буйг харуулах 6 шинж“ хэмээх бичвэрээс та бүхэндээ хүргэж байна.

1. Юмс нуран унах, өмнөх байснаасаа тэс өөр болох

Өмнө нь ямар ч асуудалгүй мэт үргэлжилж, хөвөрдөг байсан амьдралын голлох үйл явдлууд тэс өөр болж эхэлдэг. Та олон зүйлээ алдаж бас амьдралаасаа холдуулах хэрэгтэй болно. Магадгүй өмнө нь тэр зүйлгүйгээр амьдарч чадахгүй байсан мэт зүйлс ч үгүй болно.

2. Маш их эргэлзээ, санаа зовнил үүсэж, өөртэйгөө ярих нь ихэснэ

Юу болоод байгааг ойлгох гэж оролдох тусам улам бүр эргэлзэх болно. Тодорхойгүй байдал нэмэгдэхийн хэрээр айдас, түгшүүр, сандрал зэрэг мэдрэмжүүд нэмэгдэж, оюун ухаан тань бүхнийг ойлгох гэж, хяналтдаа байлгах гэж хичээх болно. Ихэнхдээ энэ нь зүрх сэтгэл болон тархи хоёрын тэмцлийн үр дүн байх нь бий. Энэ хэрээр аливааг хэтрүүлэн бодох, өөртэйгөө байнга тэмцэлдэж, ярилцах нь нэмэгддэг.

3. Дассан, өмнө нь хүлээн авдаг байсан, хүлээсэн үр дүнгүүд гарахаа болино

Хэчнээн хичээсэн ч бүх зүйл бүтэхгүй юм шиг санагдана. Та эргэлт бүрд саад тотгор, тоосгон хана, саадтай тулгарна. Тухтай бүс, дассан зүйлсээс тэс ондоо зүйлстэй нүүр тулж, урсгалаараа явдаг байсан зүйлс тасалдана. Өмнөх амьдралын хэв маяг тань цаашид оршин тогтнох боломжгүй болсныг та ойлгоно. Энэ нь биднийг одоо хийж буй зүйлдээ анхаарлаа хандуулж, цаашид яах вэ гэдэгтээ төвлөрөх цаг болсныг сануулж буй хэрэг.

4. Та бүхнээс алхам ухарч, илүү дотогшоо болно

Таны эргэн тойрон дахь ертөнц тогтворгүй, тодорхойгүй байгаа тул та бага зэрэг ухарч, дотоод өөртэйгөө илүү цаг өнгөрүүлэх хэрэгцээг мэдэрнэ. Анхаарлаа өөртөө төвлөрүүлэн гадаад ертөнцөөс холдох нь өөрчлөлтийн зайлшгүй нэг хэсэг юм.

5. Харилцаа дуусгавар болж, хүмүүс таны амьдралаас холдон одно

Бидний ихэнх харилцаа дотоод хэрэгцээ, хяналт, нэгнээсээ харилцан хамаарах мэдрэмжүүдээс бүрэлдэн тогтдог. Бидний хүсэж буй мэдрэмжийг тэр хүн өгнө гэх итгэл, мэдрэмж, харилцаанд бид найддаг. Аливаа харилцаа айдас дээр үндэслэсэн бол удаан оршин тогтнодоггүй. Нэг бол тэр харилцаа бүр мөсөн нуран унаж, эсвэл зогсонги байдалд хүрдэг бөгөөд хэн нэгэн нь өөрийгөө анагаах, өөрчлөлт хийх шийдвэр гаргаснаар байдал өөрчлөгддөг. Та олон хүнийг энэ үед амьдралаасаа алдаж, эсвэл эргэн нэгдэх хүртлээ хэсэг хугацаанд зайтай байх шаардлагатай болно.

6. Хуучин арга барилууд ажиллахаа болино

Амьдралаа дээшлүүлж, шинэ хэв маягийг өөртөө шингээх гэж өөрчлөлтөд дуудагдах үед бидний хуучин арга барил ажиллахаа больж эхэлнэ. Айдас, хэрэгцээ, эго, хяналт, хүчээр болдог байсан зүйлс болохоо байж, та илүү хайраар дүүрэн мэдрэмж авахыг хүснэ. Бүх зүйл илүү утга учиртай байх ёстой гэдэгт та бүрэн итгэж, болохгүй байгаа зүйлсийг ч анзаарч эхэлнэ.

Энэ үеийг ашиглаж та өөрийнхөө яг юу болохгүй байгаа дээр ажиллаж, түүнийгээ засаж, өөрчлөх хэрэгтэй. Бусдыг гомдоож, өвтгөж, өөрийгөө ч өвтгөж байсан тэр өнгөрснийг ардаа үлдээхийн тулд та энэ үйл явдлуудаас айхгүй зоригтойгоор туулан гарах хэрэгтэй. Эцэст нь та илүү хөнгөн, утга учиртай, ойлгомжтой, эрх чөлөөтэй бас хайраар дүүрэн мэдрэмжийг авах болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.