UBLife Logo
Урлаг

Орчин цагийн нүүдэлчдийн жим: Үзэсгэлэнгийн танхим гэдэг ямагт "амьд" байдаг

Б.Энхжин
Б.Энхжин
Орчин цагийн нүүдэлчдийн жим: Үзэсгэлэнгийн танхим гэдэг ямагт "амьд" байдаг

Монгол Улс Холбооны Бүгд Найрамдах Герман улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд ХБНГУ-ын Гадаад харилцааны яам, Бавари мужийн захиргаа болон Оберфранкен Стифтунгийн дэмжлэгтэйгээр хоёр улсын дүрслэх урлагийн уран бүтээлчдийн хамтарсан “2 day in Mongolia” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд 2024 оны 08 дугаар сарын 14- 2014 оны 08 дугаар сарын 28-ы хооронд дэлгэгдэж байсан билээ.

Энэхүү үзэсгэлэнд Монгол, Германы нийт 15 уран бүтээлч оролцсон бөгөөд баруунд ноёлох Франз Аккерманы нүүдэллэн бүтээх аргачлал, Надин Реннертийн бөө мөргөлийн эрчимд татагдсан аяс, мөнхүү эрчмийг биеэр дамжуулагч Дашдогдогийн Бадам, тэнгринизмтэй холбогдох Лхагвасүрэнгийн Мөнгөнцэцэг, монгол зургийн төлөөлөгч Болдын Номин болон Чингис хааны үеийн үед үлдээсэн өв соёлд дөрөөлсөн Ганболдын Гэрэлхүү, Батжаргалын Баатарзориг нарын бүтээлийг дэлгэсэн юм.

Сонирхолтой арга барил, шинэлэг бүтээлээрээ үзэсгэлэнд зочлогсдын анхаарлыг татаад амжсан гурван уран бүтээлчийн яриаг хүргэж байна.

Симон Коэрнер

-Таны хувьд Монголд анх удаа ирж байна уу? Анхны сэтгэгдэл ямар байна вэ?

-Би анх удаа л Монголд ирж байна. Өмнө нь хэзээ ч өөрийн амьдардаг газраасаа ийм хол явж, дэлхийн нөгөө талд ирнэ гэж бодож ч байсангүй. Энд ирээд маш олон шинэ зүйлсийг сурч авч байна.

-Та юунаас сэдэл авч, яагаад уран бүтээлээ туурвиж эхлэх болов?

-Миний уран бүтээл, онгодын хувьд би амьдралынхаа туршид урлагтай ойр байсаар ирсэн. Урлаг, загварыг хэрхэн яаж аль талаас нь харуулж болох талаар бодох төдийд маш сонирхолтой санагддаг байсан болохоор дүрслэх урлагийн сургуульд суралцсан юм. Урлагаар дамжуулан өөрийгөө гоо зүйтэй харуулах гэдэг сонирхолтой сэдэв. Хүмүүсийн өдөр тутамдаа өмсдөг хувцас, материаллаг зүйлсээр урлагийг бүр ч сайн таньж мэдэж чадах юм шиг санагдаж билээ.

-Энэхүү бүтээлүүдээрээ дамжуулан юу илэрхийлэхийг зорьсон бэ?

-Миний уран бүтээлийн нэр “Зүүдэнд ирсэн морьд” шүү дээ. Энэ нэр 2000-аад оны ПЖ Харвигийн дуунаас гаралтай. “Зүүдэнд ирсэн морьд”-ыг бүтээхдээ би Монголд авч ирсэн өөрийн урласан хоёр хувцсаа ашигласан. Занабазарын музейн ширээг ашиглаж, өрөг хийхдээ Монголын тал нутгаас олдсон нөхөөс, үнэт эдлэл, сүлжмэл ургамал гэх мэт гоёл чимэглэлүүдийг цуглуулж, хувцастайгаа хослуулсан. Би ардын аман зохиолын арга барил, постмодернизмын дараах хэв маягийн тархалтыг их сонирхож судалдаг.

-Монгол уран бүтээлчдийн бүтээл, үзэсгэлэн ямар санагдсан бэ?

-Тийм ээ, энд ирээд олон Монголын уран бүтээлчидтэй уулзаж танилцсан. Нүүдэлчдийн түүх урлагтай танилцаж байгаа минь надад маш үнэтэй туршлага, хичээл болж байна.

Франз Аккерман

-Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Франз Аккерман гэдэг. Германаас ирсэн уран бүтээлч байна. Миний хувьд Монголд ирж тал нутаг, нүүдэлчдийн түүх, соёл, урлагтай танилцаж байгаадаа маш их баяртай байна.

-Таныг дэлхийгээр тойрон аялагч гэж сонссон. Хэрхэн өөрийн хэв маяг, уран бүтээл туурвих арга барил, мэдрэмжээ олж авсан бэ?

-Германд сургуулиа төгсмөгцөө би Хонг Конг руу, Ази руу аялж эхэлсэн. Тэр үед эдийн засгийн нөхцөл байдал, аяллын хэв маягаасаа хамаараад жижигхэн усан будгаар л зурдаг байлаа. Тэгээд түүнийгээ “сэтгэхүйн газрын зураг” гэж нэрлэсэн. Энэ л надад зургаа зурахын зэрэгцээ бодит байдлыг ухаарч, аялаж, унтаж, шинэ найзуудтай уулзах боломжийг авчирсан. 1991 оноос өнөөг хүртэл би бие даасан байдлаа хадгалж, нүүдэллэн бүтээх арга барилаараа л бүхнийг хийж байна.

-Та 1991 оноос хойш өнөөг хүртэл маш олон үзэсгэлэн гаргаж бас оролцож байсан нь мэдээж. Бүтээлээ олон нийтэд хүргэж, танилцуулах яагаад чухал вэ?

-20 гаруй жил усан будгаар бүтээл туурвисны үр дүнд одоо би бүх өнгө, мэдрэмжийг хооронд нь уусгах техникт гаршсан. Зургийг хүмүүс хамраа наах шахам ойроос үзэж, мэдрэх ёстой. Бас өнгөнөөс гадна хэмжээ бол хамгийн чухал. Бүтээлийн хэмжээ яг дэргэдээс нь үзэж буй хүнд хамгийн том нөлөө үзүүлдэг зүйлсийн нэг. Ямар ч үед хүмүүс, дуу шуугиан, яриа хөөрөөгөөр дүүрэн үзэсгэлэнгийн танхим хамгийн сайхан бас амьд байдаг.

Зураач, зохиолч, куратор Томас Эллер

-Таны хувьд Монголд анх удаа ирж байна уу? Сэтгэгдэл ямар байна вэ?

-Үнэндээ би Монголд дөрөв дэх удаагаа ирж байна. Жилийн өмнө, дараа нь нэг, дөрөвдүгээр саруудад Монголын уран бүтээлчид дээр зочлон ирсэн. Мөн би Солонгос улсад хэд хэдэн удаа очиж, Хятадад хэдэн жил амьдарч байсан туршлагатай. Азийн орнууд, тэдний соёлын талаар маш сайн мэдэх учраас хоёр жилийн өмнө төв азийн буюу Узбекстан, Казакстан, Киргизстан зураачидтай хамтран үзэсгэлэн гаргаж байсан. Тэр үед л би анх тэнгэр үзлийн талаар сонсож байлаа. Тэнгэр үзэл Монгол оронд ч мөн хүчтэй байдаг талаар мэдээд Монголын уран бүтээлчдийн бүтээл, тэдэнд хэрхэн нөлөөлсөн талаар нь мэдэхийг хүсээд, танилцахаар ирж байсан.

-Үзэсгэлэнд оролцох хоёр улсын уран бүтээлчдийг хэрхэн сонгосон бэ? Тэднийг сонгоход танд юу нөлөөлсөн бэ?

-“Хөх Нар” орчин үеийн урлагийн төвийнхөнтэй уулзсан уулзалт маш чухал нөлөө үзүүлсэн. Тэдэнтэй ярилцсаны дараа шууд л итгэл төрж энэ ажлыг хийж чадах юм байна гэдгээ мэдсэн. Юу хийж байгаагаа мэддэг, хариуцлагатай хүмүүстэй хамтран ажиллах үнэхээр сайхан байж билээ. Бид Герман болон Монгол уран бүтээлчдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлан уран бүтээлчдээ сонгож авсан. 50 жилийн ой дээр хоёр орны түүхэнд дахин шинэ үйл явдал нэмж, өөр түүх, соёлтой уран бүтээлчдийг нэгтгэж чадсан гэж бодож байна. Миний хувьд ч энэ бол маш том боломж байлаа.

-Өнөөдрийг үзэсгэлэнг хүмүүс яагаад заавал үзэх хэрэгтэй гэж та бодож байна вэ?

-Өөр өөрсдийн гэсэн онцлог ялгаатай ч урлагаар дамжуулан нэгдсэн уран бүтээлчдийн бүтээл, түүхтэй танилцаж хоёр улсын түүхээр аялах боломжийг энэхүү үзэсгэлэн олгож байгаа гэж бодож байна. Орчин цагийн нүүдэлчдийн чиг хандлага хаашаа явж байгааг харуулж чадах маш сонирхолтой үзэсгэлэн болж чадсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим энэ онд 30 жилийнхээ тэгш ойг тэмдэглэж байна. Бид уг үйл явдалтай холбогдуулан тус тэнхимийн эрхлэгч, доктор Батчулууны Даваатай ярилцлаа.

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Тэрээр Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо, харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж чадсан Монголын цор ганц эрдэмтэн байлаа.