UBLife Logo
Кино

50 нас хүрсэн Ди Каприогийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ

50 нас хүрсэн Ди Каприогийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Леонардо Ди Каприо 1974 онд Америкийн Лос-Анжелес хотод төржээ. Тэр гурван настай байхдаа анх дэлгэцэд гарсан. Ди Каприо маш олон кинонд тоглосон ч “Оскар”-ын шагнал хүртэхгүй байсаар 2016 онд “The Revenant” киногоороо “Оскар” авсан билээ.

Өнөөдөр тэр 50 нас хүрлээ. Дэлхийн хамгийн хүслэнт ганц бие залуу Лео Холливудын оргилд олон жил заларч байна. Ийм өндөр амжилтад түүнийг хүргэсэн амьдралын дүрэмтэй нь танилцацгаая.

“Би иргэн хүн. Тийм болохоор жирийн хүмүүсийн амьдрал, асуудлууд намайг зовоодог”

“Би сургуульд дургүй. Тэнд чиний сурахыг хүсээгүй зүйлийг хүчээр заадаг”

“Холливудын олон жүжигчдээс ялгаатай нь би багадаа ямар хүн болохоо мэдэхгүй байлаа. Би Холливудын бохир гудамжинд өссөн, том болоод солиотой хүн болох байх гэж боддог байлаа”

“Холливудад төрсөн ч гэсэн би 13 нас хүртлээ жирийн хүн жүжигчин болж болно гэдгийг мэддэггүй байлаа. Жүжигчин гэдэг удам дамждаг мэргэжил гэж боддог байсан. Дүрийн сонгон шалгаруулалтад орж болно гэдэг бодол толгойд ч орж ирдэггүй байсан”

“Сургуульд хэн ч намайг анхаардаггүй байсан. Харин нэг өдөр хийх юм байхгүй болохоор нь гар нь хугарсан тэнэг хүний дүрд тоглож үзтэл бүгд хардаг болж билээ”

“Анхны үнсэлт надад амьдралын минь хамгийн муухай сэтгэгдэл төрүүлсэн. Тэр охин миний аманд бөөн шүлс хийж орхисон тул үнсэлцэж дуусаад би шүлсээ хаяад л алхаад байсан”

“Намайг тууштай хүн гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ би 15 настайдаа бараг 160 гаруй сонгон шалгаруулалтад орсон Харин нэг ч дүр авч чадаагүй”

“Ээж минь миний амжилт, нэр хүндийг тоодоггүй. Алдартай болсон хойно ч ээж өглөө болгон “Орноосоо хурдан бос. Гимнастик хий, залхуу хорхой минь” гэж загнадаг байлаа”

“Алдартай болсны баяр хөөр тун удахгүй алга болдог. Алдар хүндэд хүрсний гол шагнал нь чамайг гадаа гудамжинд хүн болгон танихдаа биш чиний тоглосон кинонууд үхсэн хойно чинь ч үлдэнэ гэдэгт оршино”

“Хаана ч очсон хүмүүс намайг нүдээ бүлтийлгээд л хардаг. Тэд намайг таньж байна гэдгээ харуулах гээд байна уу, эсвэл намайг хөгийн хувцаслаж гэж хэлэх гээд байна уу гэдгийг би одоо ч ойлгодоггүй”

“Папарацци нарыг үзэн ядаад байх хэрэггүй. Мэдээж тэд хувийн амьдрал, эрх чөлөөнд халдаж байгаа. Гэхдээ Холливудын оддод миний дургүй гол зүйл бол тэд бүгд папараццид дургүй гэж ярьдаг. Харин дараа нь нэг шар хэвлэл дээр өнгөлөг, царайлаг гарчихсан бол баярлаад л”

“Ганцаардмал байх гэдэг маш хэцүү байж магадгүй гэж боддог”

“Надад жирийн эмэгтэйчүүд таалагддаг. Оюутнууд, үйлчлэгч гээд л өдөр болгон гудамжинд таардаг тийм бүсгүйчүүдэд би дуртай. Заримдаа би хүлээн авалт, шоу дээр жирийн танил эмэгтэйтэй хамт очдог. Ер нь бүсгүй хүнтэй хамт кино үзлээ гэхэд заавал унтах зорилготой гэсэн үг биш шүү дээ”

“Холливудын баян, тарган новш болохыг би хүсдэггүй. Би ядуу тарчиг өссөн. Тэр үедээ л жинхэнэ аз жаргалтай байсан”

“Ромеогийн дүрд тоглож чадах болов уу гэж би удаан бодсон. Харин дараа нь Киану Ривзийг “Much Ado About Nothing” кинонд тоглож байхыг хараад Ривз Шекспирийн бүтээлд тоглож чадаж байхад би санаа зовохгүй чадах юм байна гэж бодсон”

“Хэрэв надаас нас барсан хүмүүсээс хэнтэй ярихыг хүсч байна вэ гэж асуувал найруулагч Орсон Уэлссийг “Citizen Kane” киногоо хийж байх үед нь ярилцах сан гэж хариулна. Даанч сэтгүүлчид тийм асуулт тавихгүй юм”

“Америкийн гол дутагдал бол огт таньж мэдэхгүй улс орнуудад өөрийн дэглэмийг тогтоох гэж оролддогт байгаа юм”

“Өөрийнхөө тухай сонин сэтгүүлээс уншсан бүх зүйлийн 90 хувь нь худлаа, цуурхал байлаа”

“Баримтат кинонд найруулагч гэж байх ёсгүй. Яагаад гэвэл Бурхан найруулагч нь юм”

“Африк бол хүнд танигдахгүй тайван байдаг сүүлчийн газар минь”

“Африкийн асуудлын талаар би мэдээ үзээд бодоогүй, Кани Уэстийн дууг сонсоод Африкийн төлөө юм хийх сэн гэж бодсон”

“Цуст алмаз” кинонд тоглосныхоо дараа би алмаз эрдэнэд дургүй болсон. Ээждээ нэг удаа бэлэглэж байсан ч тэр үед би энэ чулууны цуст түүхийг мэддэггүй байлаа”

“Африкт би олон удаа очсон. Тэнд хүмүүс ямар их зовж зүдэрч байгааг өөрийн нүдээр хараад Америкт буцаж ирсэн. Тэр цагаас хойш би эргэн тойрныхоо хүмүүсийн санааг зовоодог жижиг асуудлуудыг сонсохыг огт хүсдэггүй болсон”

“Алдар хүнд гэдэг бол олон удаагийн нэвтрэх үнэмлэх гэсэн үг. Хүссэн газартаа очиж чадна”

“Өнөөдрийн хамгийн том асуудал бол хүмүүсийг хэрхэн бага хэрэглээтэй болгох вэ гэдэг асуудал юм”

“Би байгаль орчноо хайрладаг. Манай байшингийн дээвэр дээр нарны эрчим хүчний зай бий. Би бусад машинаас 75 хувь бага утаа цацдаг Тоёота Приус машин унадаг. Ээж, аав хоёртоо ч Приус худалдан авч өгсөн”

“Багадаа би биологийн мэргэжилтэй болохыг хүсдэг байсан. Гэхдээ энэ талаар сонин дээр бичдэггүй”

“Кино урлаг үүсээд 100 жил болсон ч энэ хугацаанд хийж болох байсан зүйлийнхээ 100 хувийг ч хийгээгүй гээд бод”

“Яагаад ийм цөөхөн хүн кино хийдэг юм бол? Уг нь одоо хэн ч гэсэн камер худалдан аваад зураг авч чадах үе”

“Хэрэв чи киногоороо хүмүүст ямар нэг юм хэлж, ойлгуулах гэж зүтгээд зугаацуулж цэнгүүлэх талыг нь орхих юм бол кино чинь амжилт олохгүй”

“Надад улстөрийн ямар ч хүсэл зорилго байхгүй. Харин ч би ийм зорилготой хүмүүсээс айдаг”

“30 нас гэдэг бол нэг талаас жинхэнэ том хүн болсноо ойлгодог нас бол нөгөө талаас дахиад хэсэг “тэнэгтмээр” байгаагаа мэдэрдэг нас юм”

“Ер нь бол энэ дэлхий тун дажгүй шүү”

“Миний айдаг зүйл бол аварга загас, харь гаригийнхан, цаг агаарын дулаарал”

“Бага байхад миний тоглодог гудамжинд хар тамхи зараад л, цаад талд нь биеэ үнэлэгчид зогсож, үе үе буудалцаан болдог байсан. Зэрлэг дүүрэг байсан ч амьдрахад сонирхолтой байлаа. Хар багаасаа жинхэнэ амьдрал үзэж өссөн минь дүр бүтээхэд тус болдог”

“Эмээ минь надад жүжигчид бол дэмий чалчдаг хүмүүс, чи вагон буулгадаг ачигч бол гэж хэлдэг байлаа”

“Би хүчтэй сэтгэл хөдлөлд бараг автдаггүй. Цөөхөн уурлаж, бага уйлдаг. Мэдээж сэтгэл хөдлөх үе байдаг ч маш аз жаргалтай, эсвэл маш гунигтай байдаггүй”

“Сэтгэгдэл төрүүлэх гэж оролддог эмэгтэйчүүдэд дургүй. Бас өс хонзон санадаг бүсгүйчүүдэд. Дээр нь нэмээд карьер хөөсөн эмэгтэйчүүдэд бас гээд нэмээд биччих”

“Олон жил жүжигчний мэргэжлээр ажиллахын гол нууц нь хүмүүс чиний тухай бараг мэддэггүй байхад оршино. Тэгж байж чи шинэ шинэ дүр бүтээж чадна”

“Түүхийн хүрдийг өөрчилж чадахгүй гэдгээ би мэднэ. Би жирийн л жүжигчин. Өөрөөр хэлбэл бид хөлслөгдсөн алиалагчид юм”

“Амьдрал гэдэг бол чамайг төлөвлөгөө боловсруулж байх хооронд чинь урсан өнгөрч байдаг зүйл юм гэсэн үгэнд би дуртай”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.