Саяхан өндөрлөсөн Венецийн кино наадамд Их Британийн “NAZA” баримтат кино шүүгчдийн тусгай шагнал хүртсэн билээ. Киног Израилын Юваль Авраам, Рахель Сор нар найруулсан бөгөөд Газын зурваст Израилын арми энгийн иргэдийг хиймэл оюун ашиглан устгаж байгаа тухай өгүүлжээ.
Израилын Соёлын сайд Мики Зоар эх орноосоо “урвасан” найруулагчдын иргэншлийг цуцлахыг уриалсан байна. Тэрээр “Энэ найруулагчид еврей нарыг үзэн яддаг хүмүүсээс алга ташилт авахын тулд эх орондоо хор учруулж байна. Энэ бол урвалт. Соёлын сайдын хувьд би тэднийг Израилын иргэншлийг нэн даруй цуцлахаар ажиллана” гэж бичсэн байлаа.
Венецэд “NAZA” кино гарсны дараа үзэгчид 25 минут зогсон алга ташсан. Киноны нэр нь Израилын армид хэрэглэгддэг нэршил гэнэ.
Найруулагч нар Газын зурваст цохилт өгч байсан, өгөх төлөвлөгөөнд оролцож байсан 24 израил цэргийн албан хаагч нараас ярилцлага авсан байна. Тэдний нүүр, дуу хоолойг өөрчлөн гаргасан бөгөөд цэргийн албан хаагчид Газын зурваст бөмбөгдөж устгах байшингаа хэрхэн сонгож байснаа ярьж байна. Пуужингаар харвах байшин дотор заримдаа хүүхэд байгааг ч тэд мэдэж байсан гэнэ. Баримтат кино бүхэлдээ Израил улс Газын зурваст энгийн иргэдийг хоморголон устгах бодлого баримталсан гэдгийг харуулжээ. Дайн эхэлснээс хойш Газын зурваст нийт 73 мянган хүн амиа алдаад байна.
Израилын армийн хэвлэлийн албанаас тус кинонд гарсан зүйлийг эрс үгүйсгэсэн. Армийн мэдэгдэлд “Ярилцлага өгч байгаа хүмүүс нь үнэн бодит эсэх нь тодорхойгүй. Ийм баримт дээр тулгуурлан хийсэн кинонд итгэх аргагүй. Тэд манай армид алба хааж байсан эсэхийг ч тогтоох боломжгүй байна” гэж дурджээ. Мөн кинонд гарсан зарим мэдээлэл өндөр албан тушаалын хүмүүст л олдох мэдээлэл байна гэдгийг онцолсон байна.
Израилын Соёлын сайд иргэншил цуцлах эрх байхгүй. Иргэншил цуцлах хүсэлтийг ДХЯ-ны сайд гаргаж, Хууль зүйн яамны сайд зөвшөөрсний дараа Шүүх хэлэлцдэг байна.
