“Miss World Bikini 2011” тэмцээний аварга, ‘Attraction TV’, Twilight Delight’, ‘Law of the Jungle’, ‘Get It Beauty” цэнгээнт нэвтрүүлгүүдийн од Мүн Габи хүүхэд төрүүлснээ олон нийтийн сүлжээнд зарлалаа. Тэрээр бие давхар болсноо нууж байснаа мэдэгдсэн бөгөөд хүүхдийнх нь эцэг жүжигчин Жон Ү Сон гэж “Dispatch” мэдээлжээ.
Мэдээнд дурдсанаар тэд 2022 онд хувийн үдэшлэг дээр танилцаж, болзож эхэлсэн. Мүн 2023 оны зургаадугаар сард бие давхар болсон ч тэд гэр бүл зохиох төлөвлөгөө байгаагүй гэнэ. Жон Ү Соны төлөөлөгчийн мэдээлснээр жүжигчин залуу хариуцлагаа бүрэн ухамсарлаж, хүүхдийнхээ бүх зардлыг гаргана, сайн аав байхын төлөө бүхнийг хийнэ гэж мэдэгдсэн ажээ. Зарим хэвлэлд бичсэнээр Жон эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж байж, эцэг нь гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэнэ.
Мүн Габигийн “Workhouse Company” агентлагтай байгуулсан гэрээ 2021 онд дууссан бөгөөд модель бүсгүй түүнээс хойш ямар нэг арга хэмжээнд оролцоогүй. Энэ тухай тэрээр “Ээж болоод би жирийн, бяцхан аз жаргал хайх эр зоригтой болсон. Жирэмсэн болсон мэдээ маш гэнэтийн байсан. Би ямар ч бэлтгэлгүй байлаа. Хүүхэд тээж байгаадаа бүрэн хэмжээгээр баярлаж, хүмүүсээс баяр хүргэсэн захидал авахын оронд би хүмүүсээс далд, чимээгүй байхыг илүүд үзсэн. Би энэ сонголтыг хүүхдийнхээ төлөө хийсэн. Үнэтэй зүйлээ бусдаас хамгаалахын тулд нууцалсан юм. Туршлагагүй, шинэ ээжийн хувьд надад болсон явдлыг ухаарах цаг хэрэгтэй байлаа. Яг үнэнийг хэлэхэд энэ бол айж, эмээсэн ээж хүний шийдвэр байсан. Одоо би хүүхдээ харах болгондоо өөрийгөө төгс ээж биш гэдгийг ойлгож байна. Гэхдээ хүүхэд минь миний зүрхийг хайраар дүүргэдэг. Би төгс ээж болохыг зорихгүй, аз жаргалтай, хайраар дүүрэн ээж болохоор шийдсэн. Хүүхэддээ эрүүл энх, баяр баясгалантай амьдрал өгч чадна гэж найдаж байна. Түүнд өөрийн үзсэн шиг гэрэл гэгээтэй, сайхан дэлхийг харуулмаар байна. Үүний тулд зоригтой байх шаардлагатай” гэж тайлбарласан байна.