UBLife Logo
Дэлхий

Гадаадын хөрөнгө оруулалт Сингапурын үсрэнгүй хөгжилд нөлөөлсөн 4 баримт

Гадаадын хөрөнгө оруулалт Сингапурын үсрэнгүй хөгжилд нөлөөлсөн 4 баримт

Ердөө 1965 онд Малайзаас тусгаарлаж, бүрэн эрхт бие даасан улс болсон Сингапур тухайн үед буурай хөгжилтэй, нэг хүнд ногдох ДНБ нь 400 ам.доллар төдий байв. Харин өдгөө дэлхийн “тэргүүлэх зэргийн улс” статуст хүрч, иргэд нь амьдралын түвшин дээгүүр, аюулгүй, таатай хүрээлэн буй орчинд амьдарч, тус улс дэлхийд тэргүүлэх боловсрол, санхүүгийн төв болоод байна.

Ялангуяа, 2013 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр газрын тосоор баялаг Катар болон дэлхийн банк, санхүүгийн төв Люксембургийг ардаа орхисон нь Сингапурын эдийн засгийн өсөлтийн үзүүлсэн “ид шид” гэхэд хилсдэхгүй. Үүний нууц нь Ли Куан Ю гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд тууштай ажиллаж, энэ нь улс орондоо ажлын байр, боловсрол, цаашлаад инновацын өлгий болох гол замыг нээжээ.

1. “Бидэнд байгаа цор ганц нөөц бол хүн”

60 жилийн өмнөх Сингапурын нөхцөл байдлыг эргэн харвал байгалийн баялаггүй, цөөн хүн амтай, маш жижиг газар нутагтай зэрэг нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нөхцөл гэж тодорхойлогдож байв. Гэсэн ч “Бидэнд байгаа цор ганц нөөц бол хүн” гэсэн зарчмаар тэд инновацад анхаарлаа хандуулж, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах замаар хөгжлийг урагшлуулав. Энэ тухай Сингапурын Ерөнхий Сайд Ли Куан Ю “Гуравдагч ертөнцөөс дэлхийд тэргүүлэгч: Сингапурын түүх-1965-2000” номдоо “Манай ард түмэн хэзээ ч тусламжаас хамааралтай сэтгэлгээтэй байх ёсгүй. Бид амжилтад хүрэхийн тулд өөртөө л найдах учиртай” хэмээн тодоор тэмдэглэсэн байдаг.

2. Бизнесийн аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаарав

Гадаадын хөрөнгө оруулалтын татахын тулд Сингапурын Засгийн газар бизнес эрхлэхэд нээлттэй, таатай орчин гэдгээ олон улсад ойлгуулах шаардлагатай нүүр тулав. Үүнийг хэрэгжүүлэх гол газар нь Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гэх шинэ байгууллага юм. Тэдний гол зорилго нь Сингапурт бизнесийн таатай орчин, сайн ажлын байр бий болгох замаар эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгох гэж байв. Гадаадын хөрөнгө оруулалт нь Сингапурт ажлын байр бий болгох хамгийн оновчтой зам гэж тэд үзжээ.

Сингапурын төлөөлөгчид энэ цагаас АНУ-д олон удаа зорчиж, тухай бүрд хөрөнгө оруулалт татах замыг эрэлхийлж байв. Эхэндээ тэдний 40 аялал тутмын хариуд ердөө нэг л удаагийн бизнес төлөөлөгчид Америкаас ирж байв. Гэсэн хэдий ч сингапурчууд тусламж биш харин хөрөнгө оруулалт хүсэж байгаа нь Америкчуудын анхаарлыг татсан төдийгүй цаг хугацаа өнгөрөх хэрээр тэд бизнес хийхэд аюулгүй, ашигтай газар гэдгээ батлан харуулж чаджээ.

Ийнхүү 1970 онд 93 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж байсан Сингапур улс 2017 онд 63.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан нь 684 дахин өссөн үзүүлэлт байлаа.

3. Гадаадын хөрөнгө оруулалт бусад салбараа тэтгэсэн нь

Сингапурын стратеги нь бусад буурай орноос хэд хэдэн талаар ялгаатай. Тэд тусламж, бага цалинтай үйлдвэрлэлийн экспорт хийх бус татсан хөрөнгө оруулалтаа инновац бий болгоход анхаарч, санхүүжүүлжээ. Хөрөнгө оруулалтын үр дүнд олон ажлын байр бий болж, улмаар түүнд тэнцэхүйц боловсролтой ажиллах хүчний ч эрэлт нэмэгдэв. Ийнхүү сингапурчууд инновац эрэлхийлж, шилдэг боловсрол олгох сургуулиудыг байгуулснаар өнөөдөр дэлхийд шилдэгт тооцогдох боловсролын институтүүд бий болоод байна. Чанартай дунд сургуулиуд, бага орлоготой өрхийн хүүхдүүдэд зориулсан тэтгэлэг, шилдэг мэргэжилтнүүдээ гадаадад илгээх гэхчлэн хөрөнгө оруулалтаа хамгийн шилдэг “хүчин” бэлтгэхэд зарцуулж байв. Ингэж өндөр ур чадвартай, бүтээмжтэй ажиллах хүчин бэлтгэснээр үнэ цэнтэй ажлын байрууд ч бий болжээ. Улмаар тэдгээр нь шинэ технологи, инновац бүтээх гэсэн нийгмийн бүтээлч гинжин хэлхээг бий болгосон байна.

4. Эдийн засгаа солонгоруулсан нь

Сингапурчууд 50 жилийн өмнө шумуулын тор, загас агнуурын дэгээ үйлдвэрлэж, экспортолж байсан бол одоо сансар огторгуй, хагас дамжуулагч, биотехнологийн бүтээгдэхүүн экспортолж байна. Дэлхийн томоохон брэндүүд BMW, Microsoft, Apple, Google зэрэг бүхий л “томчууд” бүс нутгийн төв оффисоо Сингапурт нээснийг одоо бид бэлхнээ харж байна. Мөн хөрөнгө оруулалт эрэлхийлж байсан 1960, 1970-аад оны үед дэлхийн үйлдвэрлэлийн салбарын томчуудыг салбар үйлдвэрээ нээхийг урьж электроник, хими, технологи гэхчлэн төрөл бүрийн салбарт тоглогч болох эхлэлээ тавив. Үүнтэй зэрэгцэн олон улсын банк, санхүүгийн байгууллагуудыг ч татаж чадсанаар Азийн санхүү, эдийн засгийн гол цэг болж чадсан юм.

Ийнхүү хөгжил буурай, жижигхэн улсаас Азийн бар улс хүртэл өссөн Сингапурын гол нууц нь Ли Куан Югийн гадаадын хөрөнгө оруулалтаар дамжуулан улсынхаа инженерийн төдийгүй нийгмийн дэд бүтцүүдийг санхүүжүүлж, хөгжлийн тэтгэсэн алсын хараа байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.