АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин нар БНСУ-ын Бусанд уулзаж, ярилцлаа. Хоёр их гүрний тэргүүд 1 цаг 40 минут ярилцсан ч ямар нэг мэдэгдэл хийлгүй, салцгаалаа. Трамп АНУ явах нисэх онгоцондоо суусан бол Ши Жиньпин АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор үлджээ.
Уулзалтын өмнө Дональд Трамп үр дүнтэй уулзалт болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн, Хятадын даргын гарыг тун чанга атгаж байлаа. Харин Ши Жиньпин Трампыг Ерөнхийлөгч болсон 9 сарын хугацаанд гурван удаа утсаар ярьж, харилцан захидал бичдэг байснаа сэтгүүлчдэд хэлсэн. Мөн “АНУ, БНХАУ анд найз, түнш байх ёстой. Энэ бол түүхээр шалгагдсан зүйл” гэж хэлж байв.
Ингээд хоёр удирдагч хэлэлцээр хийхээр орсон. Хэлэлцээрт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир, Санхүүгийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховард Латник, БНХАУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Дэвид Пердью нар байлцлаа. БНХАУ-ын талаас ГХЯ-ны сайд Ван И, түүний орлогч Ма Чжаосюй, Төрийн зөвлөлийн дэд сайд Хэ Лифэн, Төрийн Зөвлөлийн шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Чжэн Шаньцзе нар орсон.
Хэлэлцээрт шийдвэрлэх гол асуудал 3 байлаа. Үүнд:
Худалдааны татвар: Трамп фентанил хар тамхины эсрэг хамтран тэмцсэн тохиолдолд Хятадын импортын бараанд оноох татвараа буулгаж болно гэж хэлсэн.
Газрын ховор металл, хиймэл оюун ухааны чип: Nvidia зэрэг компани Хятадад өндөр бүтээмжтэй чип нийлүүлэх хүсэлтэй байгаа ч АНУ-ын тал энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдалтай холбоотой, чухал зүйл гэж үзсэн. Учир нь Хятад улс энэ чипийг цэрэг, дайны зорилгоор ашиглах эрсдэлтэй. Харин БНХАУ дэлхийд хамгийн том гарзрын ховор металлын нөөцтэй.
TikTok: АНУ-ын Санхүүгийн сайд Скотт Бессент энэхүү дээд хэмжээний уулзалт дээр ТикТок сүлжээний худалдааг эцэслэн шийднэ гэж байсан билээ.

Энэ гурван асуудал гол сэдэв болж, Украины дайнд Хятадын тал ОХУ-д тусалж байгаа зэрэг нь хоёрдугаар зэрэг болж хувирсан юм.
АНУ нисэх онгоц дотор Трамп сэтгүүлчдэд “Энэ уулзалтыг 10 оноогоор дүгнэвэл би 12 оноо өгнө. Бээжин бидэнд нэг жилийн хугацаанд газрын ховор элемент ямар нэг асуудалгүй нийлүүлнэ. АНУ-ын Ерөнхийлөгч ирэх оны дөрөвдүгээр сард Хятадад айлчилна. Ши Жиньпин ч хариу айлчлал хийнэ” гэж мэдэгдсэн нь ямар ч гэсэн үр дүнд хүрснийг илтгэж байлаа. Уулзалтын дараа Трамп Хятадын даргыг “Агуу улсын агуу удирдагч” гэж нэрлээд гарыг нь тун удаан барин, машинд нь хүргэн өгсөн нь ч үүнийг илэрхийлж байгаа юм.
