Энэ онд хамгийн их хүлээлт үүсгэж, үзэгчдийн ярианы сэдэв болсон онцлох кинонуудыг танилцуулж байна.
All We Imagine as Light
Найруулагч: Паял Кападия
Каннын кино наадмын “Алтан нүд” шагналыг хүртсэн “A Night of Knowing Nothing” хэмээх баримтат киноноос хойш Паял Кападиягийн шинэ уран бүтээлийг үзэгч, сонирхогчид чих тавин хүлээх болсон. Харин түм түжигнэсэн их хотын ганцаардал, хайр, нөхөрлөл, хүсэл, хүслээ биелүүлэх эрх чөлөөний тухай түүхийг өгүүлэх “All We Imagine as Light” хэмээх ээлжит киногоороо тэр эгэл жирийн хүмүүсийн бор саарал амьдралаас дэлгэцийн яруу найраг бичдэг уран бүтээлчийн зиндаад хүрсэн гэдгээ харууллаа.
The Seed of the Sacred Fig
Найруулагч: Мохаммад Расулоф
Найруулагч Мохаммад Расулоф 2010 оноос хойш хийсэн кино бүрийнхээ төлөө хорих ял сонсон, шоронгийн хаалга татсан гэхэд хилсдэхгүй. Исламын Бүгд Найрамдах Иран Улс Расулофын кинонуудад “системийн эсрэг пропаганда” гэх шошго наан, түүнийг ташуурдах, хорих, улсаас гарахыг хориглох, эд хөрөнгө, паспортыг нь хураах гээд янз бүрээр шийтгэдэг. 2024 онд гарсан “The Seed of the Sacred Fig” буюу “Гэгээн инжирийн үр” кино ч ял шийтгэлийг тойрсонгүй. Ираны төрийн эзэрхэг ёс, авторитар дэглэмийг шүүмжлэн дэлгэсэн энэхүү кино бодит жагсаал, эсэргүүцлийн дүрсүүдийг агуулсан баримтат өнгө аясыг гэр бүлийн нарийн нандин түүхтэй уялдуулж, улс төр дэх жижигхэн хүн болоод жижигхэн хүний доторх улс төрийг илчлэн үзүүлжээ.
No Other Land
Найруулагч: Ювал Абрахам, Базель Адра, Рахель Шор, Хамдан Баллал
Базель Адра гэх Палестины хүний эрхийн идэвхтэн Ювал Абрахам гэх израил сэтгүүлчийн хамт Масафер Яттагийн устгал, Израилын эзлэн түрэмгийлэл, албадан нүүлгэлтийг хүнд хэцүү нөхцөлд баримтжуулан бичиж буйгаар өрнөх уг кино палестинчуудын туулж буй зовлон шаналал, цөхрөл, тэмцлийг дэлхий нийтэд хүргэж, энэ оны хамгийн өр өвтгөм бөгөөд хамгийн чухал кино боллоо.
Furiosa: A Mad Max Saga
Найруулагч: Жорж Миллер
Хүн төрөлхтөн ХХI зуунтай золгож, харгислал хэрцгийллээс татгалзаж, эелдэг боловсонд бие биеэ уриалан дуудавч хэзээнээсээ цаазын үйл, мэсчидийн үхлийн тулааныг үзэж цэнгэл баясал эдэлдэг байсан түүхтэйг Жорж Миллер найруулагчийн “Mad Max” франчайз сануулдаг гэлтэй. “Mad Max: Fury Road” дээрх хашир хэрсүү, чадамгай император Фуриозагийн бага насны түүхийг өгүүлэх “Furiosa: A Mad Max Saga” үзэгч бидэнд өвдөлт, үзэн ядалтыг хамгийн бодитоор мэдрүүлж, зохисгүй элементүүдийн төгс зохирлыг харууллаа.
The Substance
Найруулагч: Корали Фаржа
Хүмүүс хөгшрөлтөөс, тэр бүү хэл үхлээс зугтах арга саам сүвэгчлэх нь капиталист нийгмийн хамгийн түгээмэл шинжийн нэг билээ. Корали Фаржагийн “The Substance” кино орчин үеийн үл хүрэх гоо үзэсгэлэнгийн стандарт, эмэгтэй хүний үнэт зүйлийн эрэмбэ зэрэг чухал сэдвийг хөндөн, үзэгчдэд том асуулт тавихдаа бие махбодийн аймшиг, егөөдлийн төрлийг хольж, нүд халтирч, сэтгэл үймрэм зураглалуудыг ашигласан нь Майкл Ханэкэ, Дэвид Кроненберг, Рубен Эстлунд тэргүүтэй олон гарамгай найруулагчдыг санагдуулж байв.
Caught by the Tides
Найруулагч: Цзя Жанкэ
Цзя Жанкэ найруулагч орчин үеийн Хятад орны өнгө төрхийг тодорхойлоод зогсохгүй, эл өнгө төрх хаанаас, юунаас, хэрхэн бий болсныг ажилчин ангийнхны амьдрал ахуйгаар илэрхийлж, шинэ, хуучны хоорондох эсрэгцэл болоод зохицлыг гаргууд үзүүлдэг билээ. Хорь гаруй жилийн турш баримтжуулан хадгалсан дүрс бичлэгүүдээр баяжуулсан “Caught by the Tides” бүтээл нь зөвхөн үнэнч шүтэн бишрэгчдэдээ л зориулсан мэт санагдана. Орчин үеийн Хятад орны өөрчлөлт, шинэчлэлтийн түүхийн бүтээлцэж, бас тэр түүхийн бүтээсэн эмэгтэйн зүгээс хүүрнэх уг кино нийгэм, оршихуйн олон чухал асуултыг хөнджээ.
The Room Next Door
Найруулагч: Пэдро Альмодовар
Пэдро Альмодовар, Тилда Суинтон, Жулианна Мур гурвын хамтрал гэхээр ямар тод, хүчирхэг, бахдам кино болох нь бэлхнээ мэдэгдэх биз ээ. Найруулагч Пэдро Альмодоварын сүүлийн кинонууд үхлийн тухай эргэцүүлэн бясалгасан агуулгатай байх болсон. Харин “The Room Next Door” хувь хүний үхлийн тухай үзэл баримтлал нь нийт үндэстний оюун санаа, ёс суртахууны чиг, эрэмбэтэй хамааралтай байдгийг харуулснаар “үхлийн тухай эргэцүүлэлт цуврал”-ынхаа өмнөх кинонуудаас илүү өргөн цар хүрээтэй болжээ.
The Brutalist
Найруулагч: Брэйди Корбет
Хоморголон устгалаас амьд гарч Америк руу цагаачилсан унгар гаралтай еврей архитектор Лазло Тотын амьдралыг өгүүлэх “The Brutalist” кино ХХ зууны аймшигт үйл явдлуудын эгэл хүний сэтгэлзүйд үлдээсэн шарх сорвийг үзүүлээд зогсохгүй, нэгэн цагт америк ард түмний ижилслийн суурь болж байсан “Америк мөрөөдөл” хэмээх ойлголт цагаач сэхээтнүүдийн хувьд ямар мөн чанартай байсныг үзүүлснээрээ энхийн болоод энхийн бус цагийн харгис машинуудыг зэрэгцүүлэн “ажиллуулж” чаджээ.
Anora
Найруулагч: Шон Бэйкер
Каннын кино наадмын дээд шагнал “Алтан далдуу мод”-ыг хүртсэн “Anora” киног Үнсгэлжингийн үлгэрийн орчин цагийн хамгийн бодит хувилбар гэж болмоор. Залуу насны адал явдал, цэнгэл баясал, бодит байдалтай нүүр тулах мухардал, хагацал, гомдлыг үзүүлэхдээ өгүүлэл, эвлүүлгийн өөр өөр хэмнэлийг ашигласан нь киног үл таамаглагдах онцгой увдистай болгож, төгсгөлд нь “хэрвээ "Хөөрхөн хүүхэн" киноны зохиолыг Достоевский бичсэн бол...” гэх бодлыг төрүүлж байв.
366 өдөр
Найруулагч: О.Цэгмэд
1985 онд "Би чамд хайртай", 1987 онд "Илүү сартай зун" гээд Хөвсгөл аймгийн Ханх сумын үзэсгэлэнт байгалийг буулгасан кино олон бий. 2024 онд гарсан “366 дахь өдөр” мөн Ханхад, далайн эрэг дээр өрнөх бөгөөд хайрын үнэ цэн, нийгмийн сэтгэлзүй, тэр дундаа албино хүмүүст тулгардаг ялгаварлан гадуурхалт, тэгш бус боломж, хүртээмж зэрэг чухал асуудлыг хөндсөн, үзэсгэлэнт зураглалтай кино болжээ.
Бэлтгэсэн Н.Өнөржаргал