Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Гэрэг - The New York Times | Редакцын зурвас

2020 оны төгсгөлд дэлхийд алдартай уран бүтээлч, судлаач, мэргэжилтнүүдийн эсээ, нийтлэл бүхий “The Big Ideas” брэнд дугаарыг өргөн барьж байна.


"Гэрэг" сэтгүүл таван жилийн босгон дээр дэлхийн шилдэг хэвлэлүүдийн нэг Нью-Йорк Таймстай хамтын ажиллагаа эхлүүлж байв. Оюутны ширээнд байхаасаа “Time”, “Newsweek” сэтгүүлүүдийг шимтэн уншиж, хэзээ нэг өдөр тэдэнтэй ажиллахыг мөрөөдөж байсан бидний хувьд Пулитцерийн шагналт сэтгүүлчийг Улаанбаатарт урьж, Нью-Йорк Таймстай хамтын ажиллагаагаа баталгаажуулаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд хамтран гаргасан дугаар бүрээсээ бид олон улсын стандартын дэг, соёлд суралцаж монгол уншигчдадаа чанартай, уншууртай контент хүргэхээр хичээнгүйлэн ажиллаж байна. Анхны дугаар “Women Today”-дээ нийгэм, сэтгэхүйн өөрчлөлтийг тусгахыг зорьж, “Улаанбаатар”-ын сэдэвт дугаартаа гэрэл зураг, хатгамал хосолсон холимог медиа арт дизайн хийсэн маань Нью-Йорк Таймсын оффисоос магтаал дуулгасан юм. 

Энэ жилийн хувьд бид дэлхийн 23 улсад 13 хэлээр нийтлэгдсэн “Turning Points” брэнд дугаарыг хоёрдугаар сард уншигчдадаа хүргэсэн. Тэгвэл 2020 оны төгсгөлд дэлхийд алдартай уран бүтээлч, судлаач, мэргэжилтнүүдийн эсээ, нийтлэл бүхий “The Big Ideas” брэнд дугаарыг өргөн барьж байна. Үүний зэрэгцээ Монголын нийгэм, соёлын хөндөх сэдвүүдийг зочин нийтлэлчид маань судалгаа, мэдлэг, туршлагаа уудлан цаг заваа гарган бичлээ. Ингэхдээ Нью-Йорк Таймсын зочин нийтлэлчтэй хамтран ажилладаг жишгийг баримталж, сэдэв сонголт, агуулга хэв маягийг редакцын хөтчийн дагуу бэлтгэснээрээ Монголын сэтгүүл зүйд бас нэгэн шинэ жишгийг нэвтрүүлэхийг оролдлоо.

Дэлхийн шилдгүүдийн нэгтэй ажиллахад алхам бүр нь бидэнд сургууль болж, уншигч таны гарт хүрэх бүтээлийг тэдний энд нийцүүлэх амаргүй ч, амттай даваа болдог билээ. 

Сэтгүүлд орж буй нийтлэлүүд, гэрэл зургууд гээд бүхий л контентод зохих ёсны зөвшөөрлийг авч, лицензийн хураамж төлсний дээр монгол туурвигч, бүтээлчдийнхээ агуулгыг мөн ёсоор авч нийтэллээ. Стандартын дагуу бэлтгэсэн тул чанарыг хамгийн өндөрт барихыг хичээж, энэ бүхнийг биелэл болгоход бидний хамтран ажиллагч бизнесийн байгууллагууд, урьдчилан захиалсан уншигчид, худалдаанаас аваад дэлгэж буй эрхэм таны оролцоо, дэмжлэг юу юунаас илүү чухал байлаа. 

Таны мэдлэг оюунд нэмэр болох, цаг хугацаагаа үнэ цэнтэй өнгөрүүлэх агуулгыг хүргэх нь “Гэрэг”-ийн хамт олон бидний эрхэм зорилго билээ. Энэ жилийн хувьд дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын аюул хүн төрөлхтний түүхэнд дэг жаягийг өөрчилж, бидний өдөр тутмын амьдралд ч хамгийн жижиг зүйлсийг хүртэл өөрчлөн шинэчлэв. Хүнгүй гудамж, хоосон дүнхийх талбайг харахад дэлхий маань тэнхлэгээ эргэлдэн буй нь л яг үнэн байгаа даа хэмээн эргэлзэхэд хүргэх аж. Хүмүүс бидний хувьд хүнд амьсгаа авсан хоног, өдрүүд өнгөрч байна. Энэ жил бидний үзэж туулсан бодит байдлууд таамаглахын аргагүй, хүлцэхийн эрхгүй хүнд байлаа. 

ЗурагТайлбар



Хөл хорио биднийг хэвийн гэж бодож байсан хэмнэлээс холдуулав. Ажилдаа явах, найзуудтайгаа хамт байх, үзвэр үйлчилгээний газар очих, хөгжмийн фестиваль үзэх, арга ядахад аяга шар айраг уух эрх чөлөөтэй байхын жаргалыг бид ухаарав. Энэ тухай “Урлаг, соёл хэчнээн чухал болохыг ойлгож мэдрэхэд урлаггүй байж үзсэн мөчүүд ихэд нөлөөлж буй тал ч бий” хэмээн Дэвид Звирнерийн бичсэн нийтлэл үнэний хувьтай юм. Тиймдээ ч та энэ дугаараас биднээс холдсон зүйлс, анзаараагүй үлдсэн агуулгууд, анхаарах ёстой сэдвүүдийг олж уншина. 

Энэ дугаарт маань Японы Акүтагава шагналт зохиолч Миэко Каваками, “Грэмми”-ийн шагналт саксофонч Сонни Роллинс, хиймэл оюун ухааны судлаач Ахмед Элгаммал, Колумбын их сургуулийн онолын физикийн төвийн захирал Брайн Грийн, “Оскар”-ын шагналт жүжигчин Кэйт Бланшет зэрэг алдартан өөрчлөгдөн буй дэлхийн тухай агуу санаа, эгэл түүхээр хүүрнэсэн эргэцүүлэл, нийтлэлүүд бий. Харин Монгол нийтлэлийн хэсэгт өнөөдрийн нийгмийн хамгийн хөндүүр, бас чухал сэдвийг мэргэжлийн салбарын судлаачид баримт судалгаа, шийдэл гаргалгааны хамт эсээ хэлбэрээр өгүүлсэн нь энэ дугаарын жинг улам тодруулах буй за. Ямар ч хүнд цаг үед гоо сайхан гэдэг мөнхийн амьд байдаг зүйл. Бид тогооч, бөх, багш, гоо сайхны мэс заслын эмч гээд салбар бүрийн хүмүүсээс “Гоо сайхан таны амьдралд хэрхэн оршдог вэ” гэсэн асуултыг асуулаа. Мөн саяхан анхны романаа уншигчдын гарт барьсан зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн ярилцлага багтлаа. Туурвих үйл явц, утга зохиолын ертөнц, ахуй амьдралын сэдэв дамнан хөврөх уг яриа үнэнч уншигчдынх нь хувьд таалан суух булан байна гэдэгт итгэж байна. Бид дуу хөгжмийг ч орхихыг хүссэнгүй. Хамгийн их хандалттай уран бүтээлийг туурвиж буй “Вандебо” хамтлагийн блиц яриа, дуучин Б.Дөлгөөний (Magnolian) цомгийн талаарх сонирхолтой бичвэрийг ч багтаалаа. “Гэрэг”-ийн уламжлалт булангуудад шинэ соргог, өнгөрч буй жилийн хамгийн онцлох сэдэв, бүтээлийг онцлохыг зорилоо. Агуу санаагаар жигүүрлэж, онцлох сэдвээр чиг хийсэн шинэхэн дугаар таны гарт очиж байна. 

Бидний сэтгэлээ гарган бэлдсэн дугаарыг Таалан болгооно уу! 


Та сэтгүүлээ энд дарж захиалан хүргүүлээд авах боломжтой шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.