Анх 2018 онд Йелийн Их Сургууль "Аз жаргал судлал" хэмээх өвөрмөц нэртэй хичээл сургалтандаа оруулж байв. Ингээд гурван өдрийн дотор 1200 гаруй оюутан бүртгүүлсэн нь тус их сургуулийн 316 жилийн түүхэнд хамгийн олон оюутныг хамарсан хичээл болж, их сургуулийн багийнхан агуулгаа сайжруулсаар, цахимаар үнэ төлбөргүй сурах боломжтой болгожээ.

“Онолын түвшний олон хичээл судлах үед суралцагч ганцаардаж, сэтгэл гутралд автаж, хэт их ядаргаанд орох зэргээр хямрах нь бий. Тэгвэл энэхүү хичээлийг судалснаар аз жаргалтай, амар тайван амьдрах насан туршийн боловсролыг эзэмших болно” гэж тус хичээлийг удирдан явуулдаг багш, сэтгэл судлалын ухааны доктор Лауре Сантос мэдэгджээ.
“Аз жаргал судлал” (The science of well-being) гэх уг хичээлийн хүрээнд суралцагчид аз жаргалын тухай ойлголттой болж, шинжлэх ухаан, сэтгэл зүйн үүднээс хэрхэн тайлбарладаг талаарх нарийн мэдлэгтэй болно хэмээн тайлбарт бичжээ. Йелийн их сургуульд нэг кредит цаг эзлэх бөгөөд нийт 10 долоо хоног үргэлжилж, 7 хоногт 3 цагийн хичээл, нэмэлт гэрийн даалгавар гэсэн агуулгатай.
Тэгвэл уг хичээлд юу заадаг вэ? Эхний долоо хоногийн хичээлийг нэгтгэн дүгнэцгээе.
1-Р ХИЧЭЭЛ- АЗ ЖАРГАЛАА ХЭМЖИХ НЬ
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд сайхан амьдрал, аз жаргалыг хэрхэн тайлбарладаг талаар хичээл өрнөнө. Ингэхдээ:
- Аз жаргалын тухай ташаа ойлголтууд- Хүлээлт таамаг муу болох тухайд- Аз жаргалыг нэмэгдүүлдэг зүйлс- Хүлээлт таамгаа өөрчлөх нь- Онолыг практикт хэрэглэх нь зэрэг 5 сэдвийн хүрээнд хичээл өрнөнө.
Шүүмжлэлт сэтгэлгээ буюу “G.I. Joe төөрөгдөл”

G.I. Joe нь Америкийн армиас сэдэвлэсэн 1985 оны үед гарч, тухайн үедээ байлдан дагуулж байсан Марвелийн комик дүр юм. Тухайн үед телевизээр хүүхэлдэйн кино гарч дуусахад төгсгөлд нь хүүхдүүдэд хандан “Ногоон гэрлээр зам гараарай”, “Танихгүй хүнтэй битгий яриарай” гэхчлэн зөвлөмж хэлдэг байв. Тэгэхэд хүүхдүүд “Баярлалаа, G.I.Joe” гэхэд хариуд нь “Мэдэх нь тэмцэж байгаа хэрэг” гэнэ. Йелийн их сургуулийн судлаачдын баг энэ нь ташаа ойлголт болохыг, аливаа зүйлийг мэдэж авлаа гээд хүн өөрчлөгддөггүй, зан төлөвтөө гүн гүнзгий шингээж, дадал зуршил болгохгүй л бол үр дүнгүй хэмээн няцааж, үүнийг “G.I. Joe төөрөгдөл” гэж нэрлэжээ. Ер нь хүний дадал зуршил, аливааг хүлээн авах, мэдрэх өгөгдөл нь төрөлхийн зан төлөвт суурилдаг аж. Үүнийг дараах зургаар тайлбарлав.

Эхний зурагт доод зураас нь арай урт мэт харагдаж байгаа биз?
Гэтэл яг ижил хэмжээтэй зураасууд юм. Хүний нүд санамсаргүйгээр доорх зураасыг урт мэт хүлээн авч, мэдэрч байна.

2-р зурагт мөн адил нэг нь арай урт харагдаж байгаа ч шугам бариад хэмжвэл ижил хэмжээтэй болохыг та харах болно. Аз жаргалын тухай ойлголт ч эдгээртэй ижил юм. Аз жаргалтай байх хэрэгтэй гэж өөртөө "үглээд" үнэн сэтгэлээсээ мэдрэхгүй л бол чадахгүй. Тэгэхээр мэдэрч, сэтгэл зүйгээ удирдан төлөвшүүлэхийн тулд одоо байгаа сэтгэл зүйгээ судлах, хамгийн тод илэрч байгаа зан төлөвөө тодорхойлох хэрэгтэй.
АЗ ЖАРГАЛАА ХЭМЖИХ:
Хичээлийн эхэнд өөрийн аз жаргалын хэмжүүрээ тодорхойлно.

АСУУЛГА #1 Энэ судалгаагаар аз жаргалын хэмжүүрүүд болох эерэг сэтгэл хөдлөл, ажил хэрэг, үерхэл харилцаа, утга учир, амжилт, эрүүл мэнд, сөрөг сэтгэл хөдлөл, ганцаардал гэсэн үзүүлэлтээр сэтгэл зүйгээ хэмжинэ.
АСУУЛГА #2 Энэ судалгаагаар бодит аз жаргалын хэмжүүрийн тест өгнө.
АСУУЛГА #3 Харин сүүлийн оноог өөрөө өөрийгөө хэр аз жаргалтай хүн гэж үзэж байгаагаа 1–5 оноогоор үнэлж өгнө.
10 долоо хоног хөтлөх тэмдэглэлийн хуудаснуудыг татаж аваад хичээлийн турш бөглөж, өөрийн сэтгэл зүйгээ хянаж, хэрхэн өөрчлөгдөж буйгаа хэмжинэ.
ЗАН ТӨЛӨВӨӨ ТОДОРХОЙЛОХ НЬ
Энэ асуулгаар хүн бүрт хамгийн их байдаг 24 төрлийн зан төлөвөөс аль нь танд хамгийн их илэрч байгааг 100 гаруй шууд болон кейс асуулгаар тодорхойлно.
ЖИШЭЭ ҮЗҮҮЛЭЛТ:

Хүнд дээрх 24 зан төлөв (хошигнох чадвар, уучлал, алсын хараа, даруу зан, эелдэг зан, өөрийн үзэл бодол, сониучирхал, бүтээлч зан, гоо сайхныг харах чадвар, багын ажиллагаа, хянамгай зан, үнэнч сэтгэл, итгэл үнэмшил, нийгмийн идэвх, манлайлал, суралцах тэмүүлэл, талархал, өөрийгөө удирдах чадвар, шударга зан, итгэл, эр зориг, урам зориг, шаргуу зан, хайр) их бага хэмжээгээр бүрэлдэж байж амьдралдаа аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг аж. Хамгийн их оноотой 4 нь таныг тодорхойлох хамгийн үнэ цэнэтэй зан төлөвүүд гэсэн үг. Мөн зан төлөв тус бүрийг хэрхэн ашиглах, хэрхэн хөгжүүлэх зөвлөмж унших материалд оржээ. Ингээд дүнгээ бичиж аваад хичээлийн төгсгөлд буюу 10 долоо хоногийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг дүгнэх юм.
Та хэрэв АЗ ЖАРГАЛ СУДЛАЛ хичээлд сурахыг хүсвэл coursera хаягаар орж бүртгүүлээд, яг одоо эхлэх боломжтой. Хичээлийг бүрэн эхээр нь үнэ төлбөргүй үзэж болох бөгөөд 59 ам.доллар төлөөд Йелийн их сургуулийн албан ёсны сертификат авч болох юм.
Цахим хичээлд суралцах үр дүнтэй 5 алхам
1. "Orient" буюу "Баримжаалах"
Хичээлд хэрэгтэй материал, видео лекц, лекцийн үеэр дурдсан нэмэлт унших мэдээ нийтлэл бүгд бэлэн бөгөөд хуваарьтай учир хэчнээн цаг зарцуулж хийхээ төлөвлөж, баримжаатай болох хэрэгтэй.
2. "Declare" буюу "Зарлах"
Сурч байгаагаа хэн нэгэнд хэлэх, хамтрагчтай болох, сошиал хаяг дээрээ зарлах гэх мэтээр өөртөө болон бусдад энэ сургалтыг дуусгах тухай амлалт өгвөл илүү урам зоригтой хичээллэх юм.
3. "Network" буюу "Хуваалцах"
Ижил хичээл үзэж байгаа хүмүүстэй холбоо тогтоох, хичээлийнхээ тухай бусдад хэлж өгөх, тайлбарлах, сурсан зүйлээ хуваалцаарай.
4. "Cluster" буюу "Цуглах"
Болж өгвөл тэр хүмүүстэй уулзах, удирдагч багштайгаа и-мэйлээр харилцах, энэ хичээлийг үзсэн хүнээс зөвлөгөө авах гэхчлэн харилцаа холбоогоо улам нэмэгдүүлэх хэрэгтэй.
5. "Focus" буюу "Төвлөрөх"
Цахим хичээл хувь хүний л идэвх зүтгэлээс шалтгаалах тул өөрийгөө дайчлан цаг тухай бүрт нь хичээлээ үзэх хэрэгтэй. Нэг унших материалыг алгасаад үргэлжлүүлж болох ч шалгалтууд нь ихэвчлэн асуулт хариултаар явагддаг тул бүдэрч болзошгүй. Тиймээс төвлөрч, тухайн долоо хоногт өгсөн даалгаврыг нягт нямбай хийж, өөртөө үнэнч байгаарай гэж зөвлөжээ.
Эх сурвалж: coursera.org, edx.org