Роботуудтай мэндчилж, харь гарагийнхны хэлийг заалгаж, шинжлэх ухааны ээлж дараалсан бүтэлгүй, бүтэлтэй туршилтуудад өөрийгөө сорих нь хүүхэд бүрийн мөрөөдөл бус уу?
Эдгээрээс гадна дүдү машинаар уралдаж, цаасан онгоц хөөргөсөн гайхамшигт жижигхэн хүмүүсийн баяр наадаан гэлтэй өргөн дэлгэр арга хэмжээ дөрөвдүгээр сарын 11,12-ны өдрүүдээр болж өндөрлөв.

“Зайсан Хилл”-д хоёр өдөр үргэлжилсэн уг өдөрлөгийн үеэр хүүхэд бүхэн робот угсарч, өнөөхөө кодоор хөдөлгөж, роботоороо юм зөөж, шинжлэх ухааны сэдвээр мэдлэгээ сорихын төлөө дугаарлаж байлаа, тэд.
Адал соньхон уг арга хэмжээнд оролцож амжаагүй бол та санаа зовох шаардлаггүй юм.

Учир нь шинжлэх ухааны бүтээлч хичээлүүдэд хамрагдах, адал сонин туршилтуудыг гүйцэтгэх боломж 6-14 насныханд цаг үргэлж нээлттэй боллоо. Хамгийн гол нь хот хөдөөгийн цахим заагийг бууруулах зорилготойгоор тэд орон нутгаас энэ хөтөлбөрөө эхлүүлсэн.
Ингэснээр өвөө, эмээгийндээ амрахаар хөдөө очсон хүү роботын сургалтад хамрагдсан байх жишээтэй.

Энэхүү хөтөлбөрийн нэрийг та хэдийн сонссон байж магад. “Unitel STEAM Hub” гэж. Өдгөө Монгол орны 20 аймагт эл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Харин энэ удаагийн STEAMEX арга хэмжээнд тэд Улаанбаатар хотын шинжлэх ухаан сонирхогч, дурлагч хүүхэд, залууст хөтөлбөрөө бүрэн танилцуулж, удахгүй Нийслэлийн зарим дүүргүүдэд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэдэг баярлам мэдээгээ хуваалцсан юм.

“Unitel”-ийн санаачилсан 6-14 насныхны код бичиглэлийн, электроникийн, робот угсрах цахим сургалт нь боловсролын үйл ажиллагаа хаа ч тэгш, үр дүнтэй хэрэгжихэд томоохон хувь нэмрийг оруулж байна.

Тэгвэл энэ хөтөлбөрт юу багтдаг вэ гэдгийг хоёр өдөр үргэлжилсэн “Steamex” арга хэмжээний үеэр дэлгэж танилцуулсан.
Тухайлбал, 6-8 насны хүүхдүүд лего тоглоомтой төстэй робот угсарч, түүндээ зориулан код бичиж, улмаар угсарсан роботоо хөдөлгөх юм.

Мөн дроны альхан зүгт нисэхийг, ямар чигт хэрхэн хөөрөхийг нарийвчлан тооцоолсноо кодоор бичиж тохируулах дасгал нь ахлах насныханд зориулагджээ.
Хүүхдүүд код бичих дасгалыг бүтээлч, сонирхолтой байдлаар гүйцэтгэхээс гадна давхар гадаад хэлний боловсролоо сайжруулах бололцоотой юм. Робот угсарлаа гэхэд гарынхаа жижиг булчингуудыг хөгжүүлэхэд тустай байх жишээний.

Харин электроникийн хичээлүүдийн багш нарын урьдчилж зэхсэн бэлдэц дээр холболт хийх зарчмаар тухайн хүүхэд цахилгаан холбоо хэрхэн дамждагийг, гэрэл, сэнс яаж асдагийг таних учиртай.

“Юмыг дурлаж л хийнэ”
Бид уг арга хэмжээний үеэр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р сургуулийн V ангийн сурагч Ариунтунгалагтай ярилцлаа.
-Сая та робот угсарч, код бичих туршилтыг амжилттай гүйцэтгэсэн. Өөрөө бие даан оролдсоор ямартаа ч роботоо хөдөлгөж чадлаа шүү дээ. Юу нь амархан, юу нь хэцүү байв?
-Роботоо эвлүүлэх нь амархан байсан. Хөдөлгөх нь л бага зэргийн хэцүү юм байна. Код бичих туршилтыг анх удаагаа оролдсон болохоор хэцүү санагдсан байх аа.
-Танай хичээлийн хөтөлбөрт шинжлэх ухааны бүтээлч туршилтуудыг оруулбал хэр сонирхолтой байх бол?
-Ер нь сонирхолтой байлаа.

-Өөрийн гараар угсарсан робот тань таны бичсэн өгөгдлийн дагуу хөдлөхийг харахад мэдрэмж ямар санагдав?
-Үнэхээр сайхан байсаан. Удаан оролдсон болохоор роботоо хөдлөхийг харахад сэтгэл сэргээд л ирсэн дээ. Өөрийн гараар эвлүүлээд, тэрхүү эвлүүлснээ хөдөлгөж үзэх чинь сайхан юм байна аа.
-Робот угсрах, код бичих хэсэгт төвлөрч удаан суулаа шүү дээ. Ядарсан уу?
-Их удаан суусан. Гэхдээ ядраагүй ээ.

-Өөрөө дурлаж, оролдсон болохоор залхаагүй байх, тийм үү?
-Юмыг дурлаж л хийнэ дээ.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?
-Тэрийг сайн шийдээгүй л байгаа. Бодоод л байна.

“Мотор нь шатсан тоглоомон машиныг ахтайгаа хамтраад засаж байсан”
Мөн бид Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБС-ийн 8-р ангийн сурагч Цэдэндамбатай ярилцав.
-Сая электроникийн холболтыг туршиж үзсэн. Юу нь амархан, юу нь хэцүү байна вэ?
-Хөдөө хэрэглэгддэг холболтын утаснуудыг нэмэхийг нь улаанаар, хасахыг нь цэнхрээр ялгачихсан байдаг учир хоёул нэг өнгийн утас таарсанд үл ялиг төөрөлдлөө. Цахилгаан гүйдлийг ашиглаад сэнс эргүүлж үзлээ.
-Чи туршилт хийхдээ хэр дуртай вэ?
-Сонирхдог. Найзуудтайгаа хамтарч, туршилт хийх нь гоё санагддаг.

-Чиний хийж байсан хамгийн өвөрмөц туршилт юу байв?
-Мотор нь шатсан тоглоомон машиныг ахтайгаа хамтраад засаж байсан. Задалж байгаад хуучин моторыг нь сольсон юм. Тоглоомон машин задлах чинь гоё байдаг юм билээ.
-Энэ удаагийн шинжлэх ухаанч өдөрлөгийн үеэр юу туршиж үзэхийг хүсэж байна вэ?
-Код бичих дасгалыг туршиж үзье гэсэн бодолтой байна.






