Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

LinkedIn-д анх удаа хаяг нээх, шинэчлэх талаар таны мэдвэл зохих БҮХ ЗҮЙЛ


Та LinkedIn-д одоо хүртэл хаяг үүсгээгүй байгаа юм биш биз? Эсвэл үүсгэсэн хаягаа шинэчлэлгүй удсан уу? Тийм бол дараах зөвлөмжийг танд зориулж байна. 

Юун түрүүнд, зөвхөн ажил хайж байгаа хүмүүс л LinkedIn-д нэгддэг гэдэг нь ташаа ойлголт юм. LinkedIn бол одоогоор байгаа ганц мэргэжлийн платформ бөгөөд мэргэжлийн салбар дахь танилын хүрээгээ тэлэх, хамтран ажиллах, мэдээллээ солилцох, өөрийгөө таниулах, карьераа өсгөх, онлайн сургалтуудад хамрагдах гээд LinkedIn-д хаягтай байх нь олон талын ач холбогдолтой. Тиймээс бусад сошиал платформ шиг хүссэн зургаа оруулж, юу дуртайгаа бичиж болохгүй. Энд хүмүүс таныг мэргэжлийн талаас шинжих учраас эхнээсээ бүх зүйлийг сайтар бодож бичих нь зүйтэй. 

1. Товч танилцуулга 

Таны одоо эрхэлж буй ажил профайл хэсэгт автоматаар харагдана. Гэхдээ энэ дангаараа хангалтгүй юм. Хүний нөөцийн мэргэжилтнүүд хайлт хийхэд товч танилцуулгууд гарч ирдэг учраас юу хийдэг, ямар ур чадвартай вэ гэдгээ энэ хэсэгт оновчтой илэрхийлэх нь чухал. Ажил хайх сайтуудын профайлд хэрэглэгддэг стандарт танилцуулгуудаас санаа авч өөрийнхөө яг ямар ажил хийдэг (эсвэл хийхийг хүсэж байгаа), мэргэшсэн салбар, чухал сертификат зэргийг оруулж болно. 

2. Ажлын байрны нэр

LinkedIn-ийн хайлтын алгоритм дээр таны профайлын товч танилцуулга, албан тушаалын нэр чухал үүрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Танай профайлыг харж буй хүмүүст юу хийдгээ ойлгомжтой илэрхийлэхийн тулд ажлын байрны нэрээ зөв оноогоорой. Тухайлбал, "Сүлжээний инженер" гэсэн ажлын байрыг танай байгууллага дотооддоо "Tech 3" гэж нэрлэдэг байж болох юм. Гэхдээ LinkedIn-ийн профайл дээрээ "Сүлжээний инженер" гэж бичсэн нь илүү ойлгомжтой, тодорхой байх болно. Танилцуулгыг 100 тэмдэгт багтааж бичих ёстой тул бусдаас ялгарах, онцлог ур чадвар, мэргэшлээ багтаахыг хичээгээрэй. 

3. Профайл зураг 

Зураг бол таны хувийн брэндийн амин чухал хэсэг. Хүмүүс гоё гарсныг нь бодож олон жилийн өмнө авахуулсан зургаа профайлдаа тавих нь бий. Гэвч мэргэжилтнүүд нэг жилийн дотор авахуулсан зургаа тавихыг зөвлөдөг. Цээжний хэсэг гарсан зураг байх ёстой бөгөөд арын дэвсгэр нь элдэв зүйлгүй, цулгуй байх нь тохиромжтой. Ямар ч тохиолдолд инээмсэглэсэн зураг нүдэнд дулаахан харагддаг гэдгийг санаарай. 

4. Түлхүүр үгс 

Та гол давуу тал, ололт амжилт болон бусдаас ялгарах ур чадваруудаа харуулах хэрэгтэй. Мөн LinkedIn-ийг үр дүнтэй ашиглахыг хүсэж байвал зөв түлхүүр үгсийг сонго. Ингэхийн тулд өөрт тохирох одоо нээлттэй байгаа ажлын байруудыг сайтар судалж, ажил олгогчид ямар ур чадвар, туршлагатай хүнийг хайж байгааг анзаар. Дараа нь өөрийнхөө өдөр тутамдаа хийдэг 5-10 даалгаврыг тодорхойлж, тухайн ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн түлхүүр үгсийг жагсааж бичээрэй.

5. Ажлын туршлага 

Энэ хэсэгт ажилладаг компаниа тодорхойлохын оронд өөрийгөө тухайн байгууллагад үр бүтээмжтэй, санаачилгатай ажиллаж байгаа гэдгээ илэрхийлэхэд анхаарал хандуул. Ажлын байрны урт, ерөнхий тодорхойлолтоос зайлсхий. Харин хэмжиж болохуйц үр дүн, цөөн хэдэн амжилтыг нэрлэх нь зүйтэй. Жишээ нь, зардлыг бууруулсан, ямар нэгэн шинэ зүйл бүтээсэн, санаачилсан, борлуулалтыг нэмэгдүүлсэн, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлсэн бол түүнийгээ бичээрэй. Мөн ямар нэгэн чухал үйл явц, систем, зохион байгуулалтыг сайжруулсан бол дурдахад гэмгүй. 

6. Тодорхойлолтууд 

Аливаа тэтгэлэгт хөтөлбөр, шинэ ажлын байранд өргөдлөө өгөхөд таны ажлын туршлага, ур чадвар, хувь хүний зан чанарыг тодорхойлж чадах хүмүүсийн нэр, утасны жагсаалтыг авдаг. Зарим тохиолдолд тодорхойлох захидал ч бичүүлдэг. Тэгвэл LinkedIn-д иймэрхүү тодорхойлолт бичүүлэх хэсэг бий. Үүнийг хэрхэвч хоосон орхиж болохгүй. Хамгийн багадаа таван хүнээр (дарга, үйлчлүүлэгч эсвэл хамт ажилладаг хүн байж болно) товч тодорхойлолт бичүүлж аваарай. Магадгүй та бичүүлэхийг хүсэж байгаа зүйлээ тэдэнд хэлж, чиглүүлэх цөөн хэдэн асуулт асуувал илүү чанартай тодорхойлолт ирэх магадлалтай.

LinkedIn дээр байгаа хүнээр тодорхойлолт бичүүлэх, мөн хэрхэн бусдад тодорхойлолт бичих талаар дараах видеоноос үзээрэй. 

7. Өөрийн тухай бичих 

LinkedIn-ийн бас нэг чухал бүрэлдэхүүн бол өөрийнхөө тухай бичих (Summary section) хэсэг юм. Ямар төрлийн ажил хийдэг, юуг хийхдээ сайн, ямар даалгавар гүйцэтгэх дуртай, яагаад энэ мэргэжил (салбарт) татагдах болсон, цаашлаад хувь хүний зан чанараа өөрөө тодорхойлж бичих боломжийг энэ хэсэг олгодгоороо онцлог. Ингэхдээ дарга, хамтран ажиллагсад, үйлчлүүлэгчдийнхээ таны талаар хэлж байсан сэтгэгдлүүдийг эш татаж болох бөгөөд хамгийн гол нь тэдгээр нь бодит, үнэн сэтгэлийнх нь байх учиртай. Өөрийгөө невторк арга хэмжээнд оролцож байна гэж төсөөлөөд хэрэв та шинэ хүнтэй танилцвал өөрийнхөө талаар юу ярих байснаа бодоорой. Түүнчлэн CV, танилцуулга шиг өнгө аясаар бичихээс зайлсхий. 

8. Бусадтай холбоо тогтоо, хүрээллээ нэмэгдүүл 

LinkedIn-д эхний ээлжинд өөрийнхөө таньдаг, сайн мэддэг 300-500 хүнийг "найзаар" нэмээрэй. Түүнчлэн хайлтын системийн тусламжтайгаар хүний нөөцийн мэргэжилтэн, ажилд зуучлагч, ирээдүйд үйлчлүүлэгч болох боломжтой хүмүүсийг нэмж болно.  

9. Ур чадвар 

Ур чадварын хэсгийг тогтмол шинэчилж байх нь зөв. Ажлын байр хурдацтай шинэчлэгдэж байгаа тул шинээр сурсан ур чадваруудаа нэмж, төдийлөн чухалд тооцогдохоо больсон ур чадваруудыг өөрийн LinkedIn-ээс хасаарай 

Холбоотой нийтлэл: 21-р зууны боловсролд чухалчлах 16 УР ЧАДВАР

10. Ажлын санал хүлээж авах тохиргоог нээ 

Хэдийгээр та яг одоо шинэ ажил хайгаагүй ч таатай санал орж ирвэл харгалзаж үзнэ гэж бодож байвал ажлын санал хүлээж авах (Open to Work) тохиргоог нээгээрэй. Ингэснээр хүний нөөцийн мэргэжилтэн, ажилд зуучлагчдын хайлтад таны профайл гарч ирэх болно. Мөн та сонирхож буй 5 хүртэлх ажлын байрны нэр, байршлыг зааж өгч болно. LinkedIn таны шинэ ажлын санал хүлээж авах сонирхолтой байгааг одоогийн ажил олгогчид мэдэгдүүлэхгүй байх зарим тохиргоог хийсэн байдаг тул энэ талаар санаа зовох хэрэггүй.

11. Байршил 

Ажилд зуучлагчид  гол төлөв ажлын байрны нэр, байршилд тулгуурлаж хайлт хийдэг. Өмнө нь хэлсэнчлэн та ажлын санал хүлээж авах тохиргоог нээхдээ 5 хүртэлх байршлыг сонгож болно. Хэрэв та гадаадад ажиллах сонирхолтой байгаа бол ажиллах боломжтой хотуудын байршлыг зааж өгөөрэй. 

12. Зайнаас ажиллах сонирхолтой эсэх  

Зайнаас ажиллах жишиг хурдацтай өссөөр байна. Та зайнаас ажиллах боломжтой, хүсэлтэй бол үүнийгээ LinkedIn-дээ оруулаарай. 

13. Холбоо барих хэсэг 

Ажилд зуучлагчид таалагдсан хүн рүүгээ шууд залгах юм уу мессеж бичдэг учраас утасны дугаар, мэйл зэрэг холбоо барих зүйлсээ заавал нэмж, өөрчлөгдсөн тохиолдолд тэр даруй шинэчилж байгаарай. Түүнчлэн LinkedIn-д анх бүртгүүлэхдээ ямар мэйл хаяг ашигласнаа шалгаж, ажлын эсвэл ашиглахаа больсон мэйл байвал шинээр солих нь зөв. 

14. Пост, сэтгэгдэл бичих, хэштаг ашиглах 

Мэдээж зөвхөн хаяг нээгээд орхих хангалтгүй тул мэргэжил, салбартайгаа холбоотой чанартай контент шэйрлэх, ингэхдээ зөв хэштаг ашиглах, бусдын постод сэтгэгдэл бичих зэргээр аль болох идэвхтэй байхыг зорь. Зөв ашиглаж чадвал жижиг зүйлсээр ч бусдын анхаарлыг татаж, сэтгэгдэл үлдээх боломжтой шүү дээ. 

15. Эзэмшсэн боловсролын мэдээллээ бүрэн оруулах

Төгссөн их сургуулийн талаарх мэдээллээ оруулахдаа элссэн болон төгссөн оноо заавал оруулах хэрэгтэй. Үгүй бол таныг хүний нөөцийн мэргэжилтэн, ажилд зуучлагчид таныг сургуулиа төгсөөгүй юм байна гэж ойлгох магадлалтай. 

Эх сурвалж: Forbes

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.