UBLife Logo
Дэлхий

Хэвлэлийн шуугианаас болж хувийн амьдрал, карьераа "сүйтгүүлсэн" 10 алдартай эмэгтэй

Б.Саруул
Б.Саруул
Хэвлэлийн шуугианаас болж хувийн амьдрал, карьераа "сүйтгүүлсэн" 10 алдартай эмэгтэй

Нью-Йорк Таймс саяхан алдарт дуучин Бритни Спирсийн тухай өгүүлэх 'Framing Britney Spears' нэртэй баримтат киног цацлаа. Хэвлэл мэдээлэл, олон нийт залуу эмэгтэйчүүдийг нэр алдарт хүргэж чаддаг шигээ тэдний амьдрал, карьерыг ч мөн сүйрүүлэх чадалтайг энэ бүтээл дахин нэг онцоллоо. Дуучин бүсгүй амьдралынхаа хүндхэн үеүдэд хэвлэл мэдээллийн хараанд өдөр шөнөгүй байж, мөрдөж мөшгүүлж, доромжлуулж, олон нийт ч тэдгээр мэдээллээр "хооллож" байсныг дээрх баримтат бүтээлээс харж болно. Гэвч энэ бол зөвхөн Бритни Спирст тохиолдсон явдал биш бөгөөд өмнө нь олон олон эмэгтэйчүүд харамсалтайгаар амьдралаа сүйтгүүлж, зарим нь амиа егүүтгэх хэмжээнд хүрч байсныг дараах түүхүүд гэрчлэх болно. 

Түүнчлэн хэвлэл мэдээлэл, олон нийт эмэгтэйчүүдийг эрчүүдээс илүү харгис, хатуугаар шүүж, өндөр шаардлага тавьдаг, өчүүхэн төдий алдаа гаргахыг зөвшөөрдөггүй байдал одоо ч үргэлжилсээр байна. 

Бритни Спирс

Нэгэн цагт "попын гүнж" хэмээн өргөмжлөгдөж, амжилттай явсан дуучин Бритни Спирсийн хувийн амьдрал, карьер 2007 онд ямархуу хүнд байдалд орсныг түүний шүтэн бишрэгч, сонсогчид санаж буй биз ээ. 

Хэвлэлүүд, папараццичид олон жилийн турш Бритни Спирсийн алхам бүрийг нийтэд дэлгэж, өсвөр наснаасаа нэр алдарт хүрсэн түүний гадаад үзэмж, бие галбир зэргийг шүүмжлэн ярилцаж (сэтгүүлчид ярилцлагын үеэр түүний хөх, онгон эсэх тухай эрээ цээргүй асууж байсан), салалтуудынх нь талаар шуугьж (экс найз залуу Жастин Тимберлейк ч салалт хийгээд Бритнигийн талаар хэвлэлд ярьж байв), гэр бүлийн халамж, хүмүүжил муу орчинд өссөнийг тодотгон бичиж байв. 

Хүнд байдалд байсан Бритни үсээ хусаж, өдөр шөнөгүй дагаж байсан гэрэл зурагчны машиныг шүхрээр сүйтгэснийг хэвлэлүүд дэвэргэж, олон нийт ч ам уралдан хэлэлцэж байсан.  2007 онд болсон эл үйл явдлуудын дараа Бритни хувийн эд хөрөнгө, санхүүгээ бие даан захиран зарцуулах эрхээ алдаж, бүх эрх мэдэлд эцэгт нь шилжсэн юм. Энэ хэрэг одоо ч шүүх дээр маргаантай байгаа билээ. 

Кортни Лав

Эрэгтэй оддын хувийн амьдрал хэчнээн ээдрээтэй, асуудалтай байлаа ч эмэгтэйчүүд шиг олон нийтийн шүүлт, доромжлолд ордоггүйг баталсан хүн бол дуучин, жүжигчин Кортни Лав юм. Тэрбээр алдарт Нирвана хамтлагийн дуучин Курт Кобэйнтэй гэр бүл болсноос хойш хувийн амьдрал нь олон нийтийн анхаарлын төвд оржээ. Мөн Кортни Лав, Курт Кобэйн нарын амжилт болон бүтэлгүйтлийг хүмүүс огт өөрөөр дүгнэж байсан юм. Тэр бүү хэл Курт Кобэйн амиа егүүтгэсэнд Кортниг буруутгаж, нөхрөө алуулахаар хүн хөлсөлсөн хэмээн гүтгэж байв. Нөхрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалд эмэгтэй хүн хариуцлага хүлээх ёстой мэтээр тухайн үед хэвлэлүүд бичиж байсан юм. 

Жин Сиберг

Жүжигчин Жин Сиберг найруулагч Жан-Люк Годарын алдарт "Breathless" киноноос нэр алдрын гараагаа эхэлж, Франц уран бүтээлийн шинэ давлагааны гол нүүр царай болж байлаа. Хэдэн жилийн дараа тэр кино урлагийн салбараас хөндийрч, тухайн үед хар арьстнуудыг цагдаа нарын харгислалаас хамгаалах зорилготой "Хар ирвэс" намынхантай холбогдох болжээ. Тус намыг дэмжиж буйг нь мэдсэнээс хойш Холбооны мөрдөх товчоо Жин Сибергийг айлган сүрдүүлж, дарамтлах ажлыг эхлүүлж, хуурамч мэдээлэл цацаж, эцэст нь түүний амьдрал, карьер нурахад хүргэсэн юм. Түүнийг нөхрөөсөө биш "Хар ирвэс" намын гишүүний хүүхдийг тээж байгаа гэсэн нийтлэл гарч, жүжигчин бүсгүй олон нийтийн шүүмжлэл, дарамтад оржээ. Улмаар хэт их стрессийн улмаас тэрбээр дутуу төрж, охин нь хоёр хоногийн дараа амьсгал хураасан байдаг. Жин Сиберг энэ явдлаас хойш есөн жилийн дараа амиа егүүтгэсэн юм. 

Жессика Симпсон

Жессика Симпсоны эцэг Техаст номлогч хийдэг байсан бөгөөд тэрбээр багаасаа сүмийн найрал дуу дуулж өсчээ. Гайхалтай хоолойтой Жессика удалгүй хөгжмийн ертөнцөд хөл тавьсан ч  Бритни Спирс, Кристина Агилера нартай үргэлж харьцуулагддаг байв.

Дуучны карьераа эхлүүлсэн хойш тэр амжилтанд хүрэхийн тулд багагүй золиос гаргажээ. Жингээ хасахын тулд 14 настайгаасаа эхэлж хатуу хоолны дэглэм барьж эхэлсэн төдийгүй 20 жилийн турш жин нэмэхгүйн тулд эм ууж ирсэн байна. Хүнтэй гэрлэх хүртлээ бэлгийн харилцаанд орохгүй байх шийдвэрийг нь хэвлэлээр элдэвлэж байсныг Жессика сүүлд дурссан байдаг. Тухайн үед тэр дөнгөж өсвөр насны охин байсан юм. Мөн Жессика болон түүний найз залуу Ник Лашай нараас хэвлэлийнхэн сексийн амьдралынх нь талаар байнга асууж, "тачаангуй онгон" гэх нэр зүүсэн тэрбээр зөрчил, олон нийтийн шахалтыг даван дуулахаас өөр аргагүйд хүрч байсан. 

Билли Холидей

Гайхалтай авьяаслаг жазз дуучин Билли Холидей амьдралынхаа туршид хүчирхийлэлд өртжээ. 1915 онд Америкийн нэгэн ядуу гэр бүлд төрсөн Билли 10 настайдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Харамсалтай нь тэр өөрийг нь хүчирхийлж, мөлжиж, өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийж байсан эрчүүдтэй болзож, гэр бүл болж байжээ. Тэдний нэг нь түүнд анх мансууруулах бодисыг хэрэгжүүлж, сүүлд Билли хар тамхинд донтогч болсон юм. Авьяаслаг уран бүтээлч байсан хэдий ч тэр үеийн арьс өнгөөр ялгаварлах үзэл түүнийг тойроогүй юм. Билли ресторан, тоглолтын заал гэх мэт газруудын урд хаалгаар орох эрхгүй, цагаан арьст уран бүтээлчид нэг зочид буудалд буух эрхгүй байсан. 

Мөн тэр Strange Fruit дууг дуулсныхаа улмаас хууль сахиулагчдын дургүйг хүргэж, удалгүй Холбооны мөрдөх товчоо мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй хэмээн шалтаглан мөрдөж эхэлсэн байна. Тэд Биллигийн машин руу гал нээж, улмаар баривчлан бүтэн жилийн турш хорьжээ. Эл явдлын дараа Билли Холидейг архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад дуулахыг бүрмөсөн хориглож, ирээдүйд олж болохыг байсан орлогыг нь хумьжээ. Ийнхүү Биллид насан эцэслэх хүртлээ аялан тоглолт хийж амьдралаа залгуулахаас өөр сонголт үлдээгээгүй байна. 

Эми Уайнхаус

Эми Уайнхаус бол хүн төрөлхтний сүүлийн 100 жилийн түүхэнд төрөн гарсан хамгийн авьяаслаг, үзэгчдийн сэтгэлд хоногшсон дуучин гэгддэг. Харамсалтай нь, тэр нэр алдарт хүрсэн бусад эмэгтэйчүүдийн нэг адил хэвлэлийн шүүлт, олон нийтийн доромжлолоос холуур өнгөрч чадаагүй. Эмигийн биеийн жин, хар тамхинд донтсон явдал, гэрлэлттэй холбоотой асуудлууд нь нийтийн зугаа болж, улмаар түүний нөхцөл байдлыг улам дордуулжээ. Эмигийн цустай балейтын шаахай өмсөн алхаж буй зураг нийтийн ярианы сэдэв болж байсан ч түүний амьдралд чухам болж байгааг нухацтай харах хүн байгаасангүй. Amy гэх баримтат кинонд өгүүлснээр түүний эцэг Митч Уайнхаус хүртэл охиноороо түрий барьж мөнгө олохыг зорьж байжээ. Эми Уайнхаус 2011 онд 27 настайдаа архины хордолтоос болж нас барсан юм. 

Меган Маркл 

Өнгөрсөн жил ханхүү Харри, түүний гэргий Меган Мэркл нар хааны гэр бүлийн үүргээс татгалзсан билээ. Уг үйл явдлыг хэвлэл, олон нийт Megxit гэж нэрлэн, Сассексийн гүнгийн авхайг шүүж эхэлсэн юм. Меган Мэрклийг ханхүү Харритай болзож, сүй тавихад олон нийт эерэгээр харж, сайшааж байсан ч бие давхар болсон цагаас эхлэн уур амьсгал өөрчлөгдсөн юм. Их Британийн хааны гэр бүл шинэ гишүүн төрөх үед эмнэлгийн гадна гарч ирж зургаа даруулдаг уламжлалтай. Харри, Меган нар энэ уламжлалаас татгалзсан нь мөн л шүүмжлэл дагуулжээ. Меган Мэрклийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын зэрэгцээ татвар төлөгчдийн мөнгөөр гэр бүлийн байшингаа засаж тохижуулсан гэх шуугиан ч гарсан билээ. Энэ бүхний дараа хос хоёр язгууртны хэргэм зэргээ орхих шийдвэрт хүрчээ. 

Каролин Флэк

Хэвлэлийн шуугианы золиос болсон сүүлийн үеийн тохиолдлуудын нэг бол алдартай телевизийн хөтлөгч Каролин Флэк юм. Найз залуудаа халдсан гэх шалтгаанаар түүнийг хэвлэлийнхэн "ангуучилж" эхэлсэн. Каролин Флэкийг баривчлах тухай нийтэд зарласан тэр мөчөөс эхлэн шар хэвлэлүүд нэр алдартай, залуу эмэгтэйг элдвээр бичиж эхэлжээ. Guardian сэтгүүлийн мэдээлснээр энэ явдлын дараагаас хэвлэлүүд түүнээс салахаа больж, алдартай хөтлөгчийн талаар сөрөг мэдээлэл цацагдах нь эрс нэмэгджээ. Каролин гэрэл зурагчидтай нүүр тулахгүйгээр гэрээсээ гарах боломжгүйд хүрч, Инстаграм дээр түүний сэтгэл зүйн асуудлыг шүүж байв. Түүнийг 2020 оны хоёрдугаар сард амиа егүүтгэснээс хойш ч хэвлэлийн хар, бараан мэдээллүүд тасраагүй юм. 

Жанет Жексон 

2004 онд Жастин Тимберлейк Жанет Жексонтой нар Супер Боулд хамтран үзүүлбэр үзүүлжээ. Жастин Тимберлейк дууныхаа дундуур Жанет Жексоны хувцсыг гэнэт тайчиж, 143.6 сая үзэгчийн өмнө түүний хөхийг ил гаргасан нь тухай үед ихээхэн шуугиан тарьж байв. Энэ явдлын дараа алдаа гаргасан Жастин Тимберлек биш, Жанет Жексон олон нийтийн ёжлол, шүүмжлэлд хамгийн их өртсөн төдийгүй Грэммигийн шагнал гардуулах ёслолд очих, тайзнаа дуулах эрхээ хасуулжээ. Мөн MTV Жанет Жексоны дуу, бичлэгийг цацахаас татгалзаж байсан юм. 

Жейд Гуди

Их Британийн хамгийн анхны реалити шоуны од Жейд Гудигийн амьдралыг харвал сүйрүүлэхийн тулд л нэр алдартай болгосон мэт. Хүнд амьдралтай, ажилчин гэр бүлээс гаралтай Жейд Гуди сайхан ирээдүйг бүтээхийг хүсэн Big Brother реалити шоунд оролцож эхлэхдээ дөнгөж 20 настай байсан юм. Олон нийт эхэндээ түүнийг гадаад төрх, үзэл бодлоо илэрхийлж буй байдлаар нь шоолж байв. Жейдийг гахайтай зүйрлэж, яаж ярьдаг, ямархуу харагддагаар нь доромжилж байсан юм. 

2007  онд Жейд Гуди тэргүүтэй шоуны оролцогчид энэтхэг гаралтай Шилпа Шеттиг арьс өнгөөр гадуурхсан гэх шуугиан дэгдсэний улмаас тэр олон нийтийн дунд хамгийн үзэн ядагдсан олон танил хүн болж хувирсан юм. Эл явдлаас хоёр жилийн дараа хорт хавдрын улмаас нас барахдаа ч тэрбээр реалити шоунаас үүдэлтэй хэл амнаас салаагүй байсан билээ. 

Эх сурвалж: Harpers Bazaar

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
1
21
2
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.