Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Шинель


Эргүүлд гардаг цагдаа аавтай байлаа. Үүд сэвхийтэл онгойж, халуун гэрт гадаах жавраас шуртхийн шургалахтай зэрэгцэн бөөн цан хүүрэг болчихсон аав хаалган дээр зогсох тэр мөч. Өнжин эзгүй байсан аав шөнө дөлөөр ажлаасаа ирэх тэр мөч. Малгайн цохон дахь соёмбо нь ганцхан гялалзаж үзэгдээд л гэрийн дулаанд цантчихдагсан. Ирэхээр нь дуулж өгөх, ирэхээр нь бүжиглэж өгөх, ирэхээр нь харандаагаа үзүүрлүүлэх гэж хүлээдэг аав минь. Малгайгаа дөнгөж аваад намайг тэврэхээр доош суун гараа дэлгэнэ. Гүйж очоод хүзүүдэхэд гудамжны цасыг тэр чигээр нь шинельдээ хүүдийлээд авчраа юу гэмээр жавар таатайхан сэнгэнэж байдагсан. Шинелийнх нь шар товчнуудад хэлээ нааж салгаад, нааж салгаад гоё тоглоом болно. Бидний ийм зүйл хийдгийг үүдэнд тэврэлдэн суугаа бид хоёр л мэднэ. 

Шинелийг би зоригтой, чадалтай хүний л өмсдөг хувцас, аврагч хүний л даадаг агуу том, лагс хүнд зүйл гэж бодно. Тэр зүйл манай аавынх, тиймээс манай гэрт шинель байгаа нь надад бат цайз хэрмээр хамгаалагдсан мэт аюулгүй, найдвартай санагдана. Шинельтэйгээ аав минь бүр ч том, бүр ч хүчтэй болох агаад хүмүүсийг хамгаалж, өдөр бүр ямар нэг сайн үйл бүтээдэг хэмээн сэтгэнэ. Манайх гэдэг айлын чухал нэгэн эд шинель байлаа. Аавын шинелийн товчийг зөөлөн бөсөөр өнгөлөн гялалзуулах ажил бол минийх. Хар багаас би соёмботой ийн танилцжээ. Түүнийг зургийн дэвтрийн ард барьж байгаад цаасны наанаас харандаагаар хөнгөн будахад соёмбын бүдэг бадаг дүрс зурагдах бөгөөд үүний дараа өөрөө тодруулан зурж бүтэн болгохыг үсэг бичихээсээ хамаагүй наана сурсан.   

Нутагтаа бага залуу насаа агт агтаар морьд адгуулан тааваар чиг, танхай чиг өнгөрүүлснээ ярьдагсан. Сайн морь унадаг, унаагаа сайхан эдэлдэг, үйтэнхуар өмд, цагаан цамц өмссөн, гутлынхаа түрийд урт гаанс хийж явдаг эрийг л шийртэй эр хэмээн үзэх тул өөрөө ч ийм явж. Жавхаатай эр байхын тулд морьдоор юу хүссэнээ олж авдаг байсан, хожим бодох нь ээ, гял цал хөгийн хямд зүйлсийг хүртэл ихэд үнэлж авснаа ойлгосон тухайгаа үлгэр шиг зүйлсийг хэлж өгдөгсөн. Эр хүн эцгийн гэрээс алс явах, юм үзэх, нүд тайлах учиртайн тул цэргийн алба хаах, тэгэхдээ заавал машин тэрэг холхиж, байшин барилга босож байдаг их хөлийн хотод очихыг зорьсон юм билээ. Алс баруун хязгаарт төрж өссөн, адуунаасаа өөрийг сайн мэдэхгүй хархүүгийн сэтгэлд нийслэл хот багтаж байсан гэхээр зүрх зоригтой ажээ хэмээн би өнөө ч бахдан магтаж санадаг юм. 

Аав маань 1956 онд 20 настайдаа цэрэгт татагдаж, Улаанбаатарт армийн гурван жил алба хаан ангидаа улирч, цэрэг цагдаагийн газрын албан хаагчийн амьдралаар нэгэн насаа үдсэн билээ. Тэтгэвэрт гарсан хойноо ч ахуй амьдралдаа алба хааж байх үеийнхээрээ эртэч, шалмаг, аливаа үг үйлдэл жигдхэн, юуханд ч түүртдэггүй, эргэж буцдаггүй, урваж шарвадаггүй эр байсаар хорвоогийн амьдралыг туулсан юм. 

Хамгийн сүүлчийн автобусаар харих замдаа цантсан цонхыг хуруугаараа нүхлэн буудал, буудлыг ажин явахад соёмбот шар товчнууд гялалзан харагдвал тэр миний буух газар, тэнд миний буурал аав хуучин шинелиэ тэвхийтэл өмсчихсөн хэнз охиноо хүлээж байгаа нь тэр. Хэдийд ирж зогсдог юм, хэчнээн удаан тийн хүлээдэг байсан юм... Хойхно хамтдаа татуулсан гэрэл зургууддаа хүртэл цэв цэх, хөв хөх өвгөн цэрэг болон үлджээ. 

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.01
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой 19 хөгжилтэй пост
3
2021.08.27
"Андлалын хөшөө"-г нураасантай холбоотой ХӨГЖИЛТЭЙ 17 пост, мийм
холбоотой мэдээ
1
2021.09.08
Өнөөдрийн зурвас: Улаанаар, удаанаар...
2
2021.07.05
Өнөөдрийн зурвас: Бүүр том алдаа
3
2021.06.17
Өнөөдрийн зурвас: Засгийн газрын энтертайнментаа зогсоо!
санал болгох
1
3 өдрийн өмнө
Гэрээсээ яг одоо эхлүүлж болох 15 сонирхолтой ХОББИ
2
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн ТРЭНД сэдвүүдтэй холбоотой 14 пост, мийм
3
3 өдрийн өмнө
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.