UBLife Logo
Өнөөдрийн зурвас

Өнөөдрийн зурвас: Шинэ лабораторийн 126 хулгана

Ub.life
Ub.life
Өнөөдрийн зурвас: Шинэ лабораторийн 126 хулгана

Бид өнөөдрөөс шинэ туршилт хийх гэж байна. Шинэ УИХ түүхэнд анхны 126-аар бичигдэх хувьтайн сацуу мажоритар тогтолцоогоор 78, хувь тэнцүүлсэн аргаар 48 гишүүн сонгох нь парламентат ёсыг бэхжүүлэхэд, улс төрийн сайн соёлыг нэвтрүүлэхэд хэр үүрэгтэй байхыг хойшид нотлох шинэ лаборатори юм. 

Үнэнийг хэлэхэд сонгогчид ухаантайдаа ийм туршилт зайлшгүйг шаардаж шахсан удаагүйгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид зүгээр л өмнөх сонгуулийн дүнгээр бүрэлдсэн парламентууд, ялсан намын засгийн үеүдэд бие биеийнхээ нүдэн дээр үй олноороо бодитоор ядуурч, дампуурч, яавал улсаараа хөгжихгүй байхыг харуулсан “улнууд” юм. 34 жилийн түүх өнгөрөхөд хамгийн наад зах нь эх хэлээрээ уншиж бичиж чаддаггүй, шинжлэх ухааны ойлголтыг өөр өөрсдийн түвшиндээ өгч авч мэддэггүй, тиймээс мэдлэгийг эрхэмлэдэггүй, хэрэглэдэггүй, мэргэжлийн салбаруудын хөгжлийг урагшлуулах хүний нөөцгүй суучихсан бүхэл бүтэн тусгаар улс болов. Монголд бүх зүйл ёс зүй, гоо зүйн эгэл хэм хэмжээгүй, хайрцаггүй задгай, танхай сагсуугаар хэмжигдэж байна. Юун ардчилал, юун шударга ёс? Ийм байхад хэн ичгүүргүй, балмад, худалч нь хойморт, хэн боловсролтой, хэн үнэнч нь өөрийнхөө үнэ цэн, итгэл үнэмшилтэй ноцолдон өөрийнхөө хатавчинд үлдэхээр шийдэж байна. Хүмүүсийн улс төрийн зориг бүү хэл, иргэний зориг гаргах хүслийг алга хийсэн аймшигтай 34 жил, эрэлтээ ойлгоогүй чанаргүй нийлүүлэлттэй улс төрийн хамгийн муу зах зээл бий болсон.   

Үүнийг улс төрийн гол хоёр нам, тэднийг ашиглан тор сүлжигчид, геополитикийн хүчин зүйлсийн магадлалаар гадаад улс төр, эдийн засгийн нөлөө бий болгосон. Сүүлийн найман жил завсаргүй эрх барьсан МАН үүнээс хойших түүхэнд дангаараа хараар үлдэхээс болгоомжилж, үүсэн бий болсон горын хорыг нь ч ганцаараа амсаж эхэлсэн. Үндсэн хуулийн реформ хийхгүйгээр 2024 онтой золгосон бол ийм улигт мансууралд улсаа дөнгөлөн цовдлох хоосон ялалт тэмдэглэхээ ухамсарласан учраас өнгөрсөн 30 жилээр туг тахих, үе солих, ингэхдээ улс төрийн эр зориг гаргасан бусад намтайгаа хамтран шинэ лаборатори байгуулахаар шийдсэн төлөвлөгөөний биелэлт нь л энэ. 

Шинэ 126 бол шинэ лабораторийн туршилтын хулганууд. Би тэднийг өөрсдийнхөө тархинд шинэ хөгжлийн код тээгчид байгаасай гэж хүснэ. Тэднээс маргааш бүх зүйл сайжран өөрчлөгдөхийг хүсвэл дахиад л попрогчид болон даруй хувирна. Хөөрхий бүгд адилхан өнгөрсөн үеийн ул мөр, шарх сорви тул гишүүдийн хувь хүнийх нь түүх намтар, мэдлэг боловсролын царааг дэлгэцийн араас гоочлох ч хэрэггүй. Бидэн дундаас шавхаад шавхаад энэ 126-аас илүү гарах төлөөлөл гэж үгүй. Иймэрхүү 126-аас илүү дээр байх боломжийг бид өөрсдөө ч мэдэхгүй цаг үе эднээр дуусна гэж найдах хэрэгтэй. Дуртай нь биш, дутуугаа нөхөх үйлээрээ биш, үүрэгтэй, ёстой нь ухамсарт амьдралаа зориулах газар нь Улсын Их Хурал байх учиртай. Харин ч сүүлийн сонгуулийн дүнг эсэргүүцэх шалтгаан олон нийтийн дунд оволзсонгүй нь энэ парламентын бүрэлдэхүүнд тавьсан муугүй дүн юм. 

За ингээд сонгуулийн дараа бүрэлдсэн шинэ УИХ-аас тамгаа гардсан анхны томилгоо мэдээж УИХ-ын дарга байлаа. 5 өөр нам, эвслээс бүрдсэн 126 гишүүний олонх нь дэмжин түүний төлөө гараа өргөв. Өнөөдрийн тухайд гишүүн болсондоо баярлаж хөөрсөн сэтгэлдээ дийлдсэн дүр зургууд нийгмийн сүлжээгээр хөвөрч байна. Нулимах зүйл биш. Баярлаагүй царай байвал тэр ёстой эсгүүр гэсэн үг.  

Энэхүү УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан өөрийн намаа УИХ-ын 2016, 2020, 2024 оны сонгуульд ялуулж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх сонгогдох замыг зурсан МАН-ын генсек. Тиймээс түүнийг улс төрийн намын ажлыг мэддэг буюу гишүүнээр сонгогдсон хүний, өөрийн бусад гишүүн намын хэр удирдагч вэ гэдгийг хэлүүлэлтгүй хүндэтгэнэ. Харин спикерийн хувьд цоо шинэ хүн. Д.Амарбаясгалан хувь улстөрчийнхөө хувьд анхны сонгуульдаа өрсөлдөж, анхны ялалтаа авч, гишүүн болмогцоо парламентын дарга болж буй юм. Тиймээс энэ танхимд түүний МАН-д өгсөн гавьяа бус, шинэ тогтолцоогоор бүрэлдсэн парламентад өгөх жин нөлөө чухал. Сайхан генсек байх нэг хэрэг байсан, сайн спикер болж чадах өөр асуудал. Тэгээд бүр туршилтын лабораторид “хулгануудаа” ахална гээч. 

Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болуутаа хэлэх анхны үгээ бичихдээ “Шинэ цагийн парламентат ёс, улс төрийн шинэ соёл өнөөдрөөс эхэлж байна” гэжээ. Тийм тийм, санал нэг байна, парламентат ёс, улс төрийн шинэ соёлыг хэрэгжүүлэхээр турших анхны лаборатори болов, буй биеэрээ дамжуулах хулгануудтай ч болов. Тэр үгэндээ “УИХ-ын гишүүн та бид өөрсдөө ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ёс зүйн манлайлал үзүүлэх ёстой. Энэ бол парламентын ардчилалд итгэх гол нөхцөл мөн. Нөгөө талаас төрийн аюулгүй байдлыг хангах шат дараалсан арга хэмжээг авч, иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй. Тиймээс УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм болон хөрөнгө орлогын мэдүүлгийг илүү боловсронгуй болгож, авлигын эсрэг хатуу тэмцэл өрнүүлж, хууль тогтоомжийг илүү сайжруулах, гишүүдийн үүрэг хариуцлага, ажлын үр дүнг олон нийтэд нээлттэй, илүү ойлгомжтой болгоход анхаарч ажиллах болно” хэмээн амаллаа. Хамаатны ах, эгч нар нь Солонгост ажиллаж явуулсан гээд товхийтэл хариулахыг их багш нар нь заачихсан болохоор хөрөнгө орлогоо чин үнэнээр мэдүүлэх хүн наад дотор чинь олон байгаа гэдэг нэг л итгэлгүй. Тиймээс гишүүд нь бодит ХӨМ-ээ шударгаар мэдүүлсэн анхны парламент Д.Амарбаясгаланд итгэх эхний хэмжүүр болсугай. Орчлон ертөмцийд байхгүй овлигогүй хэрүүлээр цаг барсан, лайвдаж хэрэлдсэн ов мэхний парламент болвол одоо цаашид тэвчиж үзэх иргэд сонгогчид гэж байхгүй болсон эвгүй цаг үе эхэлж байна” гэж шинэ спикерт бид хэлэх эрхтэй. Улс төрд л зөвхөн үе солигддоггүй. Хүмүүсийн амьдрал, хэв маяг цагаа дагаад өөрчлөгдөхөд хамгийн сүүлд улс төр үеэ аргагүйн эрхэнд сольдог. Улстөрчид сайндаа биш, ард түмний амьдарч буй цаг үе нь өөрөө төсөөлшгүй өөрчлөгдсөн л хэрэг. Дараагийн 30 жил, ардчиллын хоёр дахь давалгаа гэдэг чинь ердөө л үл итгэх, солих, өөрчлөх тухай ойлголт дээр суурилсан юм.

Шинэ лаборатори саадгүй сайн ажиллах болтугай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.