UBLife Logo
Авторын булан

Авторын булан | Мэдээллийн хөшигний цаадах “үл үзэгдэх гар”

Ж.Хулан
Ж.Хулан
Авторын булан | Мэдээллийн хөшигний цаадах “үл үзэгдэх гар”

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг дэлхий дахинд учирч буй эрсдэлийн шинжилгээнээс харвал хуурамч мэдээлэл гэх ойлголт хүн төрөлхтөнд тулгамдсан эн тэргүүний асуудал болжээ. Түүнчлэн ойрын 10 жилд ч байгалийн гамшгийн дараа орох хамгийн том эрсдэл хэвээр байна гэдгийг судалгаа харуулав.

Дэлхийн хүн амын медиа хэрэглээг судалдаг “We are social” байгууллагын мэдээлснээр хүн өдөрт дунджаар 3 цаг телевиз үзэж, 6 цаг гаруй интернэт ашиглаж байгаа буюу амьдралынхаа гуравны нэгээс илүү хугацаанд мэдээллийн хэрэгсэлтэй харилцаж байна. Үүний талаас илүү нь сошиал медиа болсон гэх энэ цаг үед мэдээллийн зах замбараагүй далай дунд худал, үнэний заагийг ялгахад улам бэрх болоод буй. Хүн бүр өөрт байгаа мэдээллээ хормын төдийд хуваалцах хязгааргүй боломж нь баримт, мэдээллийг нягтлан түгээдэг мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнээс хальж санамсаргүйгээр хуурамч мэдээлэл тараах нэгэн нөхцөл болжээ.

Үүний нөгөө талд зэвсэг болтлоо ашиглагдаж буй санаатайгаар бэлтгэдэг хуурамч мэдээлэл гэх ойлголт бий. Тэр дундаа санаатайгаар түгээн тараадаг, гаднын нөлөөт хуурамч мэдээллийн хор уршиг өдөр тутмын амьдралаас эхлээд улс орны аюулгүй байдал, оршин тогтнохуйд заналхийлэх болоод буй. Үндэстнийг хагаралдуулан үймүүлэх, хэт туйлшралыг дэвэргэх, нийгмийн итгэлцлийг үгүй хийж өөрт ашигтай шийдвэр гаргуулах гэсэн гаднын ашиг сонирхлын бүлгүүд улс орон бүрийн мэдээллийн орчинд “тоглолт хийх” болжээ. Энэ “тоглоом”-д гол өртөгсөд нь хөгжлийн түвшин үл хамааран жижиг орнууд болоод байгааг UCL их сургуулийн судлаач, докторант Г.Ганбат хэлж байлаа. 

Эстони, Латви, Румын зэрэг хуучны Зөвлөлтийн хүрээллийн орнуудад Оросын тролл багууд ажиллаж, Сингапур, Малайзад Хятадын нөлөөтэй хуурамч мэдээллийн урсгал газар авсаар байна. Энэ онд л гэхэд Сингапурт хятад эзэнтэй 100 сошиал медиа хаягийг мэдээлэл гуйвуулан түгээсэн асуудлаар хязгаарлажээ. Харин Кремлийн зүгээс Евгений Пригожины ахалсан “тролл арми” АНУ-ын 2016 оны сонгуульд онцгой нөлөө үзүүлсэн гэлцдэг. Тэд улс орны нийгэм, соёлын үнэт зүйлийн зөрчлийг олж онилон олон нийтийг хагаралдуулах хуурамч мэдээлэл түгээх, сэтгэгдэл үлдээж өдөөх зэргээр есөн шидийн арга хэлбэрийг ашигладаг байна.


Түрэмгий пропаганда

Монголчуудын сошиал медиа хэрэглээ, тэр дундаа фэйсбүүк платформын хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж буй. Уг платформд өдөрт зарцуулдаг цаг нь дэлхийн дунджаас гурав дахин их болоод буйг “MMCG компанийн хийсэн Монголчуудын медиа хэрэглээний зан төлөвийн судалгааны тайланд дурджээ. Үнэхээр л фэйсбүүк дүүрэн лайв видео, өдөр бүрийн сенсаацаар бид тасрахгүй амьдарсаар байна.

Харин энэ дунд хуурамч мэдээллийн аюул биднийг тойрсонгүй. МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор Д.Идэржаргал, АНУ-ын Нортвэстэрнийн их сургуулийн доктор Я.Борчулуун нарын 2022 оны “Фэйсбүүк сүлжээнд монгол хэлээр тархсан хуурамч мэдээллийн судалгаа”- ны онцлох дүгнэлт нь Монголын нийгэмд хуурамч мэдээг бүтээх, түгээх үйл явц тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд үүнийг тогтмол хийдэг баг, бүлэг, сувгууд үүссэнийг нотолж байна гэжээ (ikon.mn). Тэд гурван сарын турш фэйсбүүк орчинд анализ хийж 195 хуурамч мэдээллийг тогтоон, тухай бүрд нь дүн шинжилгээ хийжээ. Ингэхэд хуурамч мэдээллийн дийлэнх нь санаатайгаар буюу зохиомлоор бэлтгэсэн хуурамч мэдээлэл байсан бөгөөд хамгийн их буюу 44 хувь нь олны танил алдартнуудыг доромжлох зорилготой байсан бол удаах буюу 29 хувь нь олон нийтийг төөрөгдүүлэх замаар санаа бодолд нь нөлөөлөх зорилготой байжээ.

Тэгвэл FactCheckMN хараат бус баримт шалгах төвөөс 2023-2024 оны хооронд фэйсбүүк орчинд Орос-Украины дайны талаарх хуурамч мэдээллийн түвшин, шинж чанарыг тодорхойлох судалгааг хийжээ. Үүний үр дүнгээс харвал Оросын пропаганда мэдээлэл 24 хувь, Оросыг хэт туйлширч дэмжсэн үзэл бодол буюу баримтгүй мэдээлэл 23 хувь, хуурамч мэдээлэл 6 хувь гэсэн давамгайлах үр дүн гарчээ.

Улмаар эдгээр мэдээллийн хэв маяг нь Оросын пропаганда загвар буюу “firehose falsehood” хэв шинжтэй нийцэж байгаа нь анхаарал татна. Энэ загвараар “бүтээсэн” мэдээлэл нь асар их хэмжээний урсгалтай, олон давтамжтай, түргэн шуурхай, бодит байдалд бүрэн нийцээгүй, заримдаа хэзээ ч болоогүй үйл явдлыг шинээр “үйлдвэрлэдэг” зэрэг шинж чанартай байдаг. Монголын фэйсбүүк орчин дахь мэдээлэл нь үүний дагуу буюу пропаганда мэдээлэлтэй хамааралтай мэтээр зураг, бичлэг хавсаргах боловч тэдгээр нь тухайн посттой хамааралтай баримт биш, харин өөр цаг үе, газар нутагт болсон зургуудыг ашигласан байдаг. Мөн хэрэглэгчийн анхаарлыг шууд татахуйц хурц, тод өнгөтэй, сэтгэл хөдөлгөх хүчтэй агуулгатай байна гэдгийг судалгаанд дурджээ. (factcheck.mn) Энэ бүхнээс анзаарвал манай мэдээллийн орчинд хойд хөршийн нөлөөт хуурамч мэдээлэл байдаг, хуурамч мэдээллийг зориудаар бүтээж, түгээх үйл явц ч газар авсан нь харагдана.

Ингэж мэдээллийн хэт их урсгалаар бөмбөгдөх, бодит үйл явдлыг гуйвуулах, хамааралтай боловч шууд холбоогүй "баримтаар" хачирлах зэрэг нь сүүлдээ энгийн иргэний хувьд аль нь үнэн, худлыг ялгахад бэрх болгосноор юунд ч үл итгэх сэтгэл зүйг төрүүлдэг байна. Нийгэмд суурь үнэн ил тод бус, барих баримтгүй, дагах үнэмшилгүй болсон цагт олон нийтэд утга учиртай хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэх орчин алга болж, улмаар аливаа шийдвэр олонхын зөвшилцлөөр бус эрх мэдэлтний шууд үзэмжээр гарах нөхцөл бүрддэг болохыг АНУ-ын “Juniata College”-ийн эрдэмтэд өгүүлэлдээ онцолжээ.


Үл үзэгдэх “урхи”

Бидний хөрш хоёр орон дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн зэрэгцээ ашиг, сонирхлоо хамгаалахын төлөө далайцтай арга хэмжээ авдгаараа ялгардаг. Оросын хуурамч мэдээллийн үйл ажиллагаа нь түрэмгий, дээрэлхүү өнгө аястай байдаг бол урд хөршийн арга барил нь харьцангуй зөөлөн бөгөөд барьж авч нягтлахад амаргүй аргатай. Мөн сошиал орчинд идэвхтэй ажиллахаас илүүтэйгээр уламжлалт мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөлөх бодлого баримталж, соёл, боловсролын солилцоо нэрийн дор далд санаархлаа гүйцэлдүүлэхийг хичээж байна гэж судлаачид хэлдэг.

БНХАУ-ын хувьд сүүлийн олон арваны турш хөгжиж буй улс орнуудтай идэвхтэй харилцаж эдийн засгийн эрчимтэй хөгжилд нь шаардлагатай чухал нөөцийг бүрдүүлэх, шинэ зах зээлд “тоглох” боломжийг эрэлхийлсээр ирсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд онцгой эрчимжиж, ашиг сонирхлоо ахиулах үүднээс буюу улс төр, эдийн засгийн хүссэн зорилгодоо хүрэхийн тулд урьд өмнө байгаагүй өндөр түвшний нөлөөлөл үзүүлж, арга барилын хувьд ч түрэмгий болох хандлагатай байгааг олон улсын судалгаанд дурджээ.

Тэдний арга барил нь эдийн засаг ба мэдээллийн хосолмол нөлөөллөөр хэрэгждэг онцлогтой. Улмаар хөгжиж буй орнуудад ирээдүйн хөгжил цэцэглэлтдээ Хятадаас үлгэр дуурайл авах сэдэл төрүүлэх тийш чиглэдэг.

БНХАУ-ын нөлөөлөл хамгийн хүчтэй байгаа орнуудын дунд Камбож, Пакистан, Шри Ланка зэрэг багтана. Хэдхэн жилийн өмнө эдийн засгийн нөхцөл нь “сүйрэлд” хүрч, засаглалын ноцтой хямралд орж, улмаар Ерөнхийлөгчөө гэрээс нь хөөж түйвээсэн Шри Ланка л гэхэд Хятадын “өрийн урхи”-нд автсанаас энэ байдал нь эхлэлтэй гэдэг. Олон улсын байгууллагууд эдийн засгийг нь тэтгэх ямар ч санаачилга гаргалаа гээд БНХАУын Засгийн газраас баталгаа гаргахаас нааш нэмэргүй гэсэн дүгнэлтийг миний бие 2022 онд нийслэл Коломбо хотод нь өдөр тутмын сониноос уншиж байв.

БНХАУ-ын нөлөөлөл хэрэгжиж буй орнуудын дунд Монгол Улс нөлөөллийн индексээр 7-рт эрэмбэлэгдэж байгаа бол тус улсад хамгийн их өртэй орны тавдугаарт эрэмбэлэгдэж байна.

Хэдийгээр эдийн засгийн нөлөөлөл бий болсон ч монголчуудын түүх, нийгэм соёлын уламжлалт “Хятадаас зай барих” хандлагыг өөрчлөх нь гэхдээ тийм ч хялбар биш. Тиймээс үүнийг эдийн засаг, соёлын замаар өөрчлөхийг оролдож байгааг сүүлийн жилүүдийн үйл явдлуудаас харж болно. 2014 онд Улаанбаатар хотод Хятадын Соёлын Төв байгуулагдав. Энэ нь БНХАУ соёлын төвөө нээсэн Азийн 3 дахь орон болсноороо онцлогтой.

Мөн жил бүр олон тооны сэтгүүлчийг БНХАУ-д урьж тус улсын хөгжил цэцэглэлтийг таниулж эхэлснээр хэвлэл мэдээлэл дэх Хятадын талаарх хандлага өөрчлөгдөж, телевизүүдээр Хятадын аж амьдралыг харуулсан цувралууд, хөгжил цэцэглэлтийн тухай баримтат кинонууд ч урьдынхаас олон гарах болов. Өдөр тутмын тэргүүлэх сонинуудын нэгд хавсаралтаар ӨМӨЗО-ны “Солонго” сонин дагалдан ирэх болоод удаж байна.

Энэ бүхний дараа Улаанбаатар хотын тандалт, камержуулалтын системийг Хятадын компаниар хийлгэх асуудал Нийслэл хотын бодлогын асуудлын хүрээнд яригдаж, саяхны Ерөнхий сайдын айлчлалаар БНХАУ-ын "Huawei" компанитай хамтран иргэдийнхээ дата мэдээллийг удирдах асуудал яригдсаныг анзаарахгүй өнгөрөөж үл болно. Учир нь, Хятадын зүгээс цагдан хяналтын нарийн технологийг улс орнуудад санал болгох болсон. Шри Ланка гэхэд 2019 оны 5-р сард 28 сая гаруй ам.долларын программ хангамж, тандалтын тоног төхөөрөмжийг Хятадын тусламжаар авч, онлайн хяналтын системийг нь мөн ашиглахаар хандаж байв.


Аюулыг сөрөх нь

Хүчирхэг гүрнүүд хэзээнээс л өөрийн нөлөөг гадаад орчинд тэлэхийг эрмэлзэж иржээ. Монголд хөрш орнуудын энэ мэт харилцаанаас гадна гуравдагч хөршийн хүрээнд АНУ, Япон, Герман, Франц гэхчлэн олон талт харилцаа бий. Харин эдгээр нь найрсаг нөхөрлөлийн хүрээнд үү, эсвэл сөрөг нөлөөллийн хэмжээнд үү гэдгээрээ ялгарна. Тиймээс үүнийг тогтмол хэмжиж, мэдээлж байдаг ажлын хэсэг, бүрэлдэхүүн бидэнд нэн шаардлагатай байгаа юм.

Орчин үед хуурамч мэдээллийг сөрөн тэсвэрлэх чадвараар тэргүүлэх улсын нэг нь Финланд болоод байна. 1917 оны Октябрийн хувьсгалын үеэр тусгаар тогтнолоо олсон ч өдгөө ОХУ-тай 1000 гаруй км газар нутгаар хиллэдэг, хүн амын цөөн хувийг оросууд эзэлдэг гэх мэт хэлхээ холбоосоор тэд Кремлийн хуурамч мэдээллийн бай болох болжээ. Мөн ОХУ-тай зөрчилдөх хүсэл ч, шаардлага байдаггүй ч, Орос-Германы харилцааны дунд ердөө л “хавчуурга” болчихдог гэдгийг албаныхан нь хэлжээ.

Энэ тухай дэлгэрэнгүйг тус улсын Ерөнхийлөгч Саули Ниинистё 2015 онд олон нийтэд мэдээлж, Засгийн газрын үйл ажиллагааны цөм хэсэгт хуурамч мэдээлэлтэй тэмцэх асуудлыг оруулснаар цогц хариу үйлдэл авах ажлын хэсгийг байгуулжээ. Тэд 2016 оны байдлаар Финландыг чиглэсэн 20 орчим удаагийн хуурамч мэдээллийн халдлага явагдсаныг тогтоосон байна.

Финландчуудын хувьд мэдээллийн боловсролыг нэмэгдүүлэх асуудалд дан ганц үндэсний аюулгүй байдлын үүднээс хандсангүй. Тэд Засгийн газрын хэмжээнд цогц, уялдаа холбоотой, олон талын оролцоог хангаж, чухалчилсан нь амжилтын үндэс болжээ.

Түүнчлэн мэдээллээс эмээж хааж, боох бус хуурамч мэдээллээс хамгаалах хамгийн гол арга бол олон нийтийн боловсролыг дээшлүүлэх хэмээн тодорхойлжээ. Эхний ээлжид төрийн албан хаагчдыг чадавхжуулж, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд баримт нягтлах ажиллагааг чухалчлав. Улмаар “Алив, баримт!” аяныг орон даяар өрнүүлж, боловсролын системд мэдээллийн боловсролын агуулгыг тогтмол шингээснээр өнөөдөр иргэд нь аливаа мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг, шүүмжлэлт сэтгэлгээний түвшнээр дэлхийд тэргүүлэх болжээ.

Дэлхий даяар хуурамч мэдээлэл тарааж буй хамгийн том “арми”-тай улсуудыг Иран, БНХАУ, ОХУ тэргүүлж байна. Мөн сүүлийн үед Африкийн орнуудад Франц, Америкийн нөлөөтэй хуурамч мэдээлэл цахим орчинд тархах болсныг судлаачид хэлж буй. Харин монголчууд бидний хувьд хамгийн том хоёр “армийн” дунд оршиж байгаа хэр нь энэ тухай ямар ч хариу арга хэмжээ авахгүй байгаа нь тэвчиж үл болох хэрэг юм. Эсрэгээрээ хуурамч мэдээллийн “өлгий” болсон фэйсбүүк хэрэглээгээр дарга нар маань бахархсаар, хуурамч мэдээллийн аюулыг таньж, ялгах, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх дорвитой алхам авахгүй энэ хэвээр яваад байж болохгүй. Ялангуяа, бидэнд нөлөөлөх гэсэн аливаа улс орон, хэн нэгнийг буруутгаж, бурууг бусдаас хайх бус, үүнийг сөрөн тэсвэрлэх чадвартай, өөрийн гэсэн үнэт зүйл, үзэл хандлагатай, шүүмжлэлт сэтгэлгээт олон нийтийг төлөвшүүлэх нь нэн чухал байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Purev Bataa\13.214.30.109
Үнэт зүйлийн хямрал руу түлхдэг нь хамгийн аюултай.