Холливудын олон алдартан амьдардаг Лос-Анжелесийн тансаг дүүргүүд ойн түймэрт өртөж, ард иргэд дүрвэсээр байна. Түймэр энэ сарын 7-нд Санта-Моника, Малиба хоёрын дунд орших Пасифик-Палисейдс дүүрэгт эхлэж, удалгүй бусад хотхонууд галд автсан. Одоогийн байдлаар хоёр хүн амиа алдсан гэж Цагдаагийн газраас мэдэгджээ.
Алдарт хос Лейтон Мистер, Адам Броди нарын Пасифик-Палисейдс дахь 6,5 сая ам.долларын үнэтэй харш бүр мөсөн шатаж, хэдэн хана л үлдсэн байна. Энэ байшин таван унтлагын, зургаан халуун усны өрөөтэй тансаг, дээд зэрэглэлийн байр байлаа.
Тэдний шатаж байгаа байрны гэрэл зургийг цахим сүлжээнд нийтэлсэн ч хосууд одоогоор мэдээлэл хийгээгүй байна.
Пасифик-Палисейдс дүүрэгт Бен Аффлек, Адам Сэндлер, Том Хэнкс, Стивен Спилберг, Марк Хэмилл, Мэнди Мур, Женнифер Энистон, Брэдли Купер, Майкл Китон, Майлз Теллер зэрэг одод амьдардаг.
Аффлек 20 сая ам.долларын үнэтэй байрнаасаа гарч, хөрш дүүрэгт байдаг хуучин эхнэр Женнифер Гарнерийнхаа гэрт хоргодсон гэнэ.
Харин Мэнди Мур, түүний нөхөр Тейлор Голдсмит нар хүүхдүүд, тэжээвэр амьтдаа аваад, байраа хаяад зугтсанаа мэдэгдээд “Байшин минь яасныг мэдэхгүй байна” гэж бичжээ. Дэд Ерөнхийлөгч Камала Харрис, жүжигчин Жейми Ли Кертис, Марк Хэмилл нарын байшин ч галд өртсөн ажээ.