БНСУ-д 31 дэх удаагийн Бусаны 31 дэх удаагийн олон улсын кино наадам үргэлжилж байна. Бусан хотын Синема Центрт болсон нээлтийн ёслолд Өмнөд Солонгос, Япон, БНХАУ тэргүүтэй Азийн кино ертөнцийн шилдгүүд цуглаж, жүжигчин Ким Мин Ха хөтлөн явууллаа. Бусанд Хонконгийн домог Мишель Йео, Хятадын Фань Бин Бин, Японы Эрика Саважири, найруулагч Хироказү Корээда нар хүрэлцэн ирсэн байв.
Хонконгийн Мишель Йео “2026 оны Азийн шилдэг уран бүтээлч” шагнал авсан. Тэрээр 15 жилийн дараа Бусаны наадамд эргэн ирж байгаа нь энэ юм.

“BIFF” наадам, Chanel брэндээс хамтран олгодог кино ертөнцийн шилдэг эмэгтэйн шагналыг Хонконгийн найруулагч Энн Хуэй авсан бол Солонгос кинонд оруулсан хувь нэмрээрээ наадмын Гүйцэтгэх захирал Ким Дон Хо хүндэт шагналыг хүлээн авлаа.

Энэ жилийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг БНХАУ-ын найруулагч Чжан Имоу тэргүүлж байна. Наадмыг найруулагч Ким Жон Кваны “The Table: Day and Night” киногоор нээсэн.

31 дэх удаагийн Бусаны кино наадам аравдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ. Нийт 316 кино дэлгэцэд гарахаас 95 нь дэлхийн нээлтээ хийж байгаа юм. Энэ жилийн гол онцлог нь Бусаны наадмын тэргүүн кино Оскарын “Шилдэг гадаад кино” шагналд шууд нэр дэвших боломжтой болжээ.

Бусаны 31 дэх удаагийн олон улсын кино наадамд Монгол улсаа төлөөлөн найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино оролцож байгаа. Монгол, Герман, Франц, Тайланд, Камбожийн 50 гаруй уран бүтээлчийн хамтын хүчээр бүтсэн уг киноны дэлхийн нээлтэд найруулагч С.Бямба, продюсер Ц.Ариунаа, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, гол дүрийн жүжигчид болох Ч.Булган, Д.Цолмон, “Nomadia Pictures”-ийн хамт олон, Тайланд, Камбожоос ирсэн кино багийн гишүүд оролцлоо. Монголын өнөөгийн нийгмийг Ковид19 цар тахлын дэвсгэр дээр ёжлон өгүүлэх “Зогсоол”-ийг олон улсын үзэгчид өндрөөр хүлээн авсан бөгөөд үзвэрийн дараа кино багийнхантай хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Бусаны наадмын хүрээнд “Зогсоол” бүтээл ахиад гурван удаа үзэгчдийн хүртээл болно. Харин Монголын үзэгчдэдээ зориулан ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөж байна.

