Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн плей-оффын шат эхлэх мөч тун ойртож байна.
Тиймээс Дээд лигийн багуудын хувьд легионер тоглогчдоо шинэчлэх, хэрэгтэй байрлалдаа тамирчин авчрахын төлөөх эрэл хайгуулын хариуцлагатай цаг үе өрнөж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр “Сэлэнгэ Бодонс” баг 2025 оны анхны дуулиант мэдэгдлийг сонордуулав.
Тэд NBA-гийн од тоглогч ДеМаркус Козинсийг Монгол тоглуулахаар болсноо албан ёсоор зарлалаа.
Козинсийн тухайд өдгөө 34 настай бөгөөд хамгийн сүүлд Тайванийн лигт тоглосон.
Тэрбээр “Сакраменто Кингс” тэргүүтэй багуудад хүчин зүтгэхдээ NBA-гийн Бүх оддын багт дөрвөн удаа сонгогдож байснаас гадна АНУ-ын шигшээ багийн хамтаар 2014 оны ДАШТ болон 2016 оны олимпын наадамд түрүүлсэн билээ.