Хэчнээн жил хэл сурна гэж “гурилдаж” явсан ч нэг их ахиц дэвшил гаргахгүй байгаа хүмүүс энэ нийтлэлийг анхааралтай уншаад өөртөө дүгнэлт хийгээд үзээрэй. Магадгүй доорх таван алдаанаас болоод хэлний түвшин тань дээшлэхгүй байж ч мэдэх юм. Хэрвээ тийм бол хэрхэн үүнээс ангижрах аргыг уншаарай.
Юуны тулд гадаад хэл сурах гэж буйгаа тодорхойлохгүй байх
Юуны өмнө тухайн хэлийг ямар шалтгаанаар сурах гэж буйгаа тодорхойлох хэрэгтэй. Ажлын шаардлагаар уу, аль эсвэл дуртай ном зохиол, киногоо эх хэл дээрээс нь уншихын тулд уу, гадаадад боловсрол эзэмших зорилгоор уу гэх мэт. Судлаач Саймон Синек “Яагаадаас эхэл” нэртэй зохиолдоо “яагаад” гэдэг нь “яаж”, “юуг” гэдгээс илүү чухал хэмээн тодорхойлсон байдаг.Учир нь бид ямар нэгэн шинэ зүйлийг эхлүүлсэн л бол үргэлж ямар нэгэн саад даваатай тулгардаг шүү дээ. Харин үүнийг давж гаралгүй бууж өгдөг хүмүүс ихэвчлэн “яагаад” үүнийг хийх ёстой вэ гэдгээ тодорхой болгоогүйгээс болдог.
Энэ хэлийг сурснаар би юу олж авах вэ? Энэ хэлээр ойлголцож сурснаар би хэнтэй, юутай холбогдож чадах вэ? Ингэснээр би хувь хүнийхээ хувьд ямар хүн болох вэ? зэрэг асуултуудыг өөртөө тавиарай. Үүнийхээ хариултыг олсныхоо дараа таны итгэл алдарч, шантрах үе ирэхэд эхлүүлсэн шалтгаанаа эргэн бодоод үзээрэй.
Тодорхой эцсийн үр дүн, хүрэх цэгээ тодорхойлохгүй байх
Та дэлхийн хамгийн хурдан хүн байлаа гээд энэ хамаагүй. Хэрвээ та хаашаа явж байгаагаа мэдэхгүй бол эцэст нь үнэтэй цаг хугацаа, мөнгө, эрч хүч энергээ алдаад хоцрох болно. Та бидэнд бүгдэд аз жаргалтай, сэтгэл ханамжаар дүүрэн амьдрах хүсэл бий. Харин үүнийгээ яг тодорхой болгоогүйгээс алдах тохиолдол бишгүй гарна.
Муу зорилго: Би япон хэлээр чөлөөтэй яриад сурчихвал ирэх жил Токио руу явна.Сайн зорилго: Би япон хэлээр хүнтэй чөлөөтэй харилцаж чаддаг болчихвол ирэх зун Токио руу аялна.Шилдэг зорилго: Би ирэх долдугаар сард Токиод очиж япон хүнтэй танилцаж, чөлөөтэй яриа өрнүүлэх болно.
Дээрх гурван зорилгоос та хүрэх цэгийг хэрхэн тодорхой болгохыг харлаа. Шилдэг зорилго бол бусадтайгаа харьцуулахад аль хэдийнэ биелсэн зүйлээ ярьж буй мэт итгэлтэй байгаа биз. Мөн үүнд хүрэх цэг, тодорхой хугацааг зааж өгсөн нь хэлний мэдлэгээ шат дараатай ахиулахад тань түлхэц болох юм.
Цагийн хуваарь гаргахгүй байх
Амжилттай яваа хүмүүс хүрэх цэгээ тодорхойлоод зогсохгүй хэрэгжүүлэх явцыг ч тодорхой төлөвлөсөн байдаг. Дийлэнх хүний хувьд гадаад хэл сурах гэдэг нь амьдралын нэгдүгээр зорилго байдаггүй. Мэдээж гэр бүл, ажил, албан тушаал гээд санаа зовох зүйл бидэнд хангалттай бий. Тиймээс л бусад чухал зүйлдээ цагийн хуваарь гаргаж ажиллах шаардлагатай юм. Доорх алхмууд танд цагийн хуваарь гаргах, хэлээ сайжруулахад туслах болно.
• Хэл сурах арга барилаа сонго – Та юм цээжлэхдээ сайн бол өдөрт 30 үг цээжлэх, эсвэл гадаад хүнтэй цаг товлож ямар нэгэн сэдвээр ярилцах зэрэг өөрийн онцлог, цаг завд тохирсон арга барилаа олж ав.
• Чөлөөт цагаа зохицуул – Таны хувьд өдрийн хамгийн сул чөлөөтэй цаг аль вэ? Хэрвээ та өглөөний хүн бол ажилдаа явахаас өмнө хэл давтах цагаа төлөвлө. Аль эсвэл үдийн цайны цагаар юм уу орой унтахын өмнө хоёр цагийг гадаад хэлээ давтахад зориулж хэвш.
• 15-30 минутыг “запас”-т тооц – Бүх зүйл цагийн хуваарийн дагуу явахгүй гэдэгтэй эвлэр. Тиймээс төлөвлөсөн хуваарьтаа 15-30 минутын завсрын цагийг тооцож байх хэрэгтэй шүү.
• Сэрүүлэг тавь – Бүхэл өдрийн турш завгүй байснаас болж давтах ёстой зүйлээ мартаж магадгүй. Тиймээс гар утсандаа сэрүүлэг, эсвэл сануулга өгдөг олон янзын апп-уудыг ашиглаж байгаарай.
“Мэдээлэл сорогч” болох
Маш олон зүйл олж мэдэж, сонсож чаддаг ч тэдгээрийг өөрийн болгож чадахгүй буюу “мэдээлэл сорогч” байх нь хамгийн аюултай. “NTL” байгууллагын судалгаанд дурдсанаар хүн дараах байдлаар мэдлэг олж авдаг гэжээ. Үүнд:
Лекцээс сонссон зүйлээсээ 5%
Уншиж мэдсэн зүйлээсээ 10%
Аудио-визуал хэлбэрээр мэдсэн зүйлээсээ 20%
Баталгаатай харсан зүйлээсээ 30%
Групп хэлэлцүүлгээс олж мэдсэн зүйлээсээ 50%Сурсан зүйлээрээ дадлага, дасгал хийсэн үед 75%
Тухайн мэдлэг, мэдээллийг хэн нэгэнд зааж, бодитоор хэрэгжүүлсэн үед 90%
Үүнээс харвал бодитоор хийж, хэрэгжүүлсэн зүйлийг л бид өөрийн болгож чаддаг байна. Тиймээс сурч буй гадаад хэлээрээ ярьж, сонсож, амьдрал дээр хэрэглэх нь хамгийн чухаал юм.
Бүх зүйлийг ганцаараа хийх
Та “Хэрвээ чи хурдан явмаар байвал ганцаараа, харин хол явмаар байвал хамтдаа яв” гэдэг үгийг сонсож байсан уу?
Ямар нэг зүйлийг ганцаараа хийнэ гэдэг хамаагүй хялбар. Учир нь ийм үед бүх зүйл таны гарт байдаг. Гэхдээ хурдан сурдаг болон амжилттай хүмүүсийг харвал тэд бүгд хамтрагчтай, аль эсвэл сайн зөвлөгчтэй байдаг шүү дээ. Хэрвээ та юуны тулд гадаад хэл сурах гэж буйгаа тодорхойлж, цагийн хуваариа гаргасан бол одоо зорилго нэгт хамтрагчаа хайж олоод хамтдаа хичээгээд үзээрэй. Үр дүн нь илүү мэдрэгдэнэ. Мөн хэлний клубт элсэж, хүрээллээ тэл. Ингэснээр та гадаад хэлийг илүү хялбар бөгөөд сонирхолтой байдлаар сурах болно.