“Монголд учирсан адал явдал” хэмээх цувралын хүрээнд Монгол орноо тохиолдсон адал сонин үйл явдал, тухайн цаг үеийн нийгэм, хүмүүсийн нөхцөл байдал, дүр зургийг тодорхой дүрслэн бичсэн Хеннинг Хаслунд, Свен Хедин, Режи Хюк, Херман Констен, Вальтер Боссхард нарын аялагчдын тэмдэглэлийг эх хэлнээ сорчлон орчуулаад буй орчуулагч, дипломатч Базаррагчаагийн Баярсайхантай ярилцлаа.
-1923-26 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Цагаан-Үүр сумдад ажиллаж, амьдарч байсан Данийн судалгааны багийнхны Монголд ирсэн зорилго их сонирхолтой санагдсан. Энэ тухай таны орчуулсан “Явна аа” номд “Эзэнгүй зэлүүд Монголын хойд нутгийг эзэмдэн суурьшиж, Сибирь дэх нутаг нэгтнүүдээ Хөвсгөлд шилжүүлэн авчрах, фермерийн аж ахуй хөгжүүлэхийн сацуу алт болон бусад эрдэс баялаг бүхий орд газрыг эзэмших төлөвлөгөөтэй байсан” гэж тэмдэглэсэн байна лээ?
-Тэдний багийг ахалж ирсэн доктор Карл Кребс Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн даалгавраар Сибирь дэх дайны хоригдлуудыг харж хандах, тэдэнд хувцас хунар тараах ажил хийж байтал Орост иргэний дайн дэгдэж Европ руу буцах аргагүй болсноор Монголын нутагт морьтой орж ирдэг. Ийн явах зуураа Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дахь Булган тал хэмээх сайхан байгальтай газраар дайрч, сэтгэл татагддаг. Булган талд нутаглаж байсан орос айлд “Би заавал эргэж ирнэ, биднийг угтах бэлтгэлээ хангаж байгаарай” гэж хэлчхээд нутаг буцсаныхаа дараа найзууддаа хандан “Монголд очиж амьдаръя. Тэнд үнэхээр сайхан газар байна” гэж уриалсан байдаг юм. Тэд алсдаа Булган талд Данийн фермерийн аж ахуй, газар тариалан хөгжүүлье гэж зорьдог.
Кребс нарын багийнхан хоёр дахь удаагаа Монголыг зорихдоо анхнаасаа суурьших бэлтгэлтэй ирсэн тул Булган талд хэрэглээнийхээ бүх ногоог тарьж байсан. Хоёрдугаарт, мал худалдаж аваад түүнийгээ монгол хүмүүсээр хариулуулж, өөрсдөө цагаан идээ боловсруулах төлөвлөгөөтэй байлаа. Гуравдугаарт, нутгийн иргэдээс ангийн үс, арьс худалдан авч Нийслэл Хүрээний гадаад худалдаачдад зарахаар төлөвлөж байв. Гэвч Монгол оронд 1920-иод оны сүүлчээр гадаадын хөрөнгөтнүүдийг шахан зайлуулах хөдөлгөөн өрнөснөөр тэд ирсэн зорилгодоо хүрч чадалгүй буцсан.
Хаслундын тухайд монгол хэл сурсан, монголчуудад элэгтэй, тэднийг сайн ойлгодог хүн байсан учир сонирхолтой дүгнэлтүүдийг тэмдэглэлдээ бичсэн нь бий. Жишээлбэл, “Явна аа” гэдэг бол алсын замд жин хөсөг хөдлөхөд чимээлдэг дуут дохио юм. Хаслундыг Бээжингээс хөдлөхөд хятад жингийн даамал “Явна аа” гэх дохиог монгол хэлээр гурвантаа хэлдэг. Тэгэхлээр “Цайны зам” дагуух тээвэрлэлтийн үүргийг монголчууд гүйцэтгэж байсны томоохон нотолгоо нь энэ үг юм.
-Таны орчуулаад буй эдгээр аяллын тэмдэглэлүүд монгол уншигчдад юугаараа үнэ цэнтэй вэ?
-Уг аяллын тэмдэглэлүүд 1841-1933 он хүртэлх хугацаанд бичигдсэн. Зохиогчид нь тухайн цаг үед Монгол орноо өрнөсөн үйл явдал, нийгмийн нөхцөл байдлыг хөндлөнгөөс харж ажиглаад өөрийн мэдэрснээ бичсэн байдаг. Залуучууд түүхээ зайлшгүй мэдэж байх ёстой шүү дээ. Үнэнийг хэлэхэд, өнөөгийн залуучуудын дунд түүхийн сурах бичгийг сонирхолгүй гээд уншихаас цааргалах байдал нийтлэг анзаарагддаг. Гэтэл 1841-42 оны үед Монгол орныг морьтой, тэмээтэй хөндлөн гулд туулж, Төвд хүртэл аялсан хоёр франц санваартны түүхийг уншихад адал явдлаар дүүрэн байдаг юм. Эдгээр хүмүүс монголчуудын зан заншил, хувцас, мал аж ахуйн байдал, малтайгаа хэрхэн харьцаж буйг нь хөндлөнгөөс харснаа дүрслэн бичиж үлдээсэн. Энэ номууд бол Монголын түүхийн үнэ цэнтэй баримт, материал юм.
Нөгөөтээгүүр энэ бүх аяллын тэмдэглэлийг унших явцдаа 100 гаруй жилийн өмнөх монголчуудын идэж, хэрэглэж байсан зүйлс, тэдний зан харилцаа, төрх байдлын талаарх төсөөлөлтэй болно гэсэн үг. Мөн зориуд тэмдэглэж хэлэхэд, Барууны аялагчдын хувьд орос, хятад аялагчдаас илүүтэй аливааг гярхай ажиглаж, маш нарийн дүрслэн бичдэг. Уулзсан хүнийхээ мэндийн үгнээс эхлээд хэлж ярьсан зүйлс, өмссөн хувцас, төрх байдлыг нь нарийвчлаад биччихнэ гээч. Монголчууд хоорондоо мэндлэхдээ “Тарган тавтай зусаж байна уу, сүрэг мал онд мэнд оров уу” гэж асуудаг. Мэндийн үгэндээ хүртэл мал ярьдаг нь ямар учиртай юм гэхээр “Нүүдэлчин хүмүүсийн хувьд мал сүрэг бол амьдралынх нь гол эх үүсвэр, амьд явах баталгаа нь юм. Тийм учраас мал сүрэгтээ хүндэтгэлтэй ханддаг” гэж дүгнэсэн байх жишээтэй.
Харин орос, хятад аялагчдын тэмдэглэлийг уншихад Барууныхан шиг нарийн ажиглаж, тэмдэглэсэн зүйл байдаггүй юм. Ихэвчлэн аяллынхаа замыг, цаг агаарын төлөв байдал, зам зууртаа харсан амьтан, ургамлын талаар л бичсэн байдаг.
-Таны сая цухас дурддаг хоёр франц санваартны тухайд христийн шашныг шүтдэг хэрнээ бурхны шашны гол төв гэгддэг Лхас руу зорьсон нь тун хачирхалтай түүх санагддаг?
-Энэ аялалд мордсон Режи Эварист Хюк, Аббе Жозеф Габэ нарын хувьд 1941-42 онд Лхас руу зорихынхоо өмнө Бээжинд католик шашны номлогчоор ажиллаж байсан. Тэд аль болох олон хүнийг өөрийн шашинд урвуулах нь бурхнаас бидэнд хандсан даалгавар гэж үздэг. Эдгээр франц санваартнууд “Бурхны шашны төв нь Лхас юм байна, иймд малчин хүмүүсийг христийн шашинд итгүүлэх ажлыг тэндээс эхэлье” гэсэн бодолтой Төвдийг зорьсон. Христийн шашны өнцгөөс бурхны шашныг харж, хооронд нь харьцуулан тэмдэглэснээрээ Режи Эварист Хюкийн бичсэн “Монгол, Төвдөөр хийсэн хачирхалтай, амь дүйсэн аялал” ном их сонирхолтой.
-Лхас руу зорьсон аяллынх нь дараа тэдний итгэл үнэмшил, шашны тухай үзэлд өөрчлөлт гарсан болов уу?
-Бурхны шашинд гүнзгий итгэсэн малчдыг христийн шашинд урвуулна гэдэг амаргүй хэрэг болохыг биеэрээ мэдэрсэн нь гарцаагүй. Тэд зам зууртаа монгол, хятад, төвд, тангад гээд янз бүрийн угсаатны хүмүүстэй дайралддаг ч боломж олдвол монгол айлд хонохыг хичээдэг байсан. Энэ нь тэдний хувьд монголчуудтай хамгийн сайн ойлголцдог төдийгүй монголчууд ч тэдэнд элэгсэг дотно ханддагаас үүдэлтэй юм.
-Нийслэл Хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар хотын төрх байдлыг тухайн үеийн аялагчид тэмдэглэлдээ ямар байдлаар дүрслэн бичсэн байдаг вэ?
-Орос эмч нар монголчуудыг тэмбүүнээс нь ангижруулсан, Монголын орчин цагийн эмнэлгийг оросууд үндэслэсэн гэж өнөөгийн хүмүүс ярьдаг. Үгүй шүү дээ. Павел Шастин эмчийг Монголд ирж ажиллахаас өмнө Нийслэл Хүрээнээ швед эмнэлэг байсан түүхтэй. Свен Хединий “Түмэн газрын цайны их замаар” номдоо бичсэнээр 1920-иод онд швед эмнэлэг Монголд ажиллаж байсан төдийгүй тэмбүү өвчинд хамраа алдчихсан монголчуудыг эмчлэх ажлыг идэвхтэй гүйцэтгэж байсан.
Анагаахын түүхийн судлаач надад хандан “Монголын нутаг дэвсгэрт анхлан мэс хагалбар хийсэн бодитой баримт Хаслундын “Явна аа” номд байдаг” гэж хэлсэн удаатай. Эмч Кребс Булган талд байх хугацаандаа нутгийнхныг эмчилж, мэс ажилбар хийсэн тухайгаа ч тодорхой бичсэн байдаг. Түүнийг мэс засал хийх үед цонхоор харж байсан монголчууд ухаан алдуулахад нь “үхүүлчихлээ” гэж бодоод “Үхсэн хүн босоод алхаж байна лээ. Гарцаагүй ид шидтэй доктор иржээ” хэмээн ярьж байсан гэдэг.
“Явна аа” номд тэмдэглэснээр энэ явдлаас хойш бие нь муудахаар лам нарт өргөл барьц өгч ном уншуулдаг байсан хүмүүсийн хөл хөдөлгөөн цөөрч, харин дани эмнэлгийг зорих хүмүүс олширчээ. Үүнээс үүдэн дани эмнэлгийнхэн болон Эрдэнэбулган дахь хийдийн лам нарын хооронд зөрчилдөөн үүсэж байгаа юм. Ингээд хүнд өвчин эмгэгтэй хүмүүсийг нь даничууд хариуцах болж, бусад хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг лам нар даахаар тохиролцжээ.
Сонирхолтой нь, Хаслундыг өөр нэг дани эрийн хамтаар нутгийн анчдаас худалдаж авсан арьсаа ачаад Нийслэл Хүрээг зорих зам зуурт нөгөө залуу нь халуурч, морь унаж ч чадахгүй болдог. Эмч Кребсийг Эрдэнэбулганаас дуудуулна гэхээр лавтай хоёр, гурав хоногийн дараа л тусламж ирнэ. Энэ үед тэдэнтэй хамт явсан монгол хүн “Би ойрхон хийдээс лам дагуулаад ирье” гэдэг. Даничууд ламд итгэдэггүй ч, аргагүйн эрхэнд зөвшөөрдөг юм. Лам ном уншаад хүүдийтэй эм, тан гаргаж, өнөөхөө буталж, хооронд нь холиод “Буцалгасан усанд найруулж уулгаарай” гээд өгдөг. Ламын хэлснийг ёсоор гүйцэлдүүлснээр хэвтэрт байсан хүн маргааш өглөө нь гэхэд л эрүүл саруул болсон байна. Үүнд гайхширсан даничууд лам нарын залдаг эм, дом оргүй ч биш юм байна гэдгийг биеэрээ мэдэрдэг.
-Нийслэл Хүрээнд өөр ямар сонирхолтой үйлчилгээ байсан юм бол?
-Монголчууд тусгаар тогтнолоо зарлаж байх 1911 оны үед Монголд герман орц, технологиор шар айраг исгэж байсан түүхтэй. Энэ ажлыг Герман болон Австрийн хүмүүс гүйцэтгэж байв. Гэх мэтчилэн эдгээр аяллын тэмдэглэлүүд бол өнөөгийн хүмүүсийн төдий л мэддэггүй тухайн цаг үеийн түүхэн үйл явдлыг багтаасан танин мэдэхүйн чухал ач холбогдолтой юм.
Нийслэл Хүрээнд нийтийн жорлон гэж байгаагүй тухай Лааслуу Фурбатын “Монголд сэтгэл хоргодсон есөн жил” номд бичигджээ. Тэр үед одоогийнх шиг цардмал зам, гудамж ч байгаагүй шүү дээ. Шороон гудамжинд бие засахаар дөрөв, тавуулаа зэллээд суучихдаг байж. Бие засах зуураа хоорондоо онигоо яриад л хөхрөлдөөд байна. Хамгийн гол нь гудамжинд бие зассан ч, дараа нь ялгадас үнэртдэггүй. Хүмүүс бие засахдаа хормойгоо дэвсээд бүргэдийн суултаар суухад хажууд нь том банхар сахиад зогсчихно. Тэднийг босоод явахад банхар ялгадсыг нь тэр даруй цэвэрлэчихдэг байсан.
Мөн тэр үед нас барсан хүмүүсийг задгай оршуулдаг байлаа шүү дээ. Одоогийнхоор бол Гандангаас цаашаагаа 3, 4-р хорооллын орчимд гүн жалгууд байжээ. Нас барагсдыг хэдий ил тавьсан ч золбин ноход тэр даруй нь тасдаад идчихдэг байсан тухай гадаадын аялагчид тодорхой бичсэнээс гадна баримтат зураг ч үлдсэн байдаг. Тэр үеийн ноход гудамжны ялгадас цэвэрлэдэг төдийгүй бурхан болоочдын шарилыг устгадаг байжээ.
-Монголчуудыг Барууныхан хэрхэн төсөөлдөг байсан бэ, тэрхүү төсөөлөл аяллынх нь дараах дүгнэлттэй зөрөх тохиолдол байдаг уу?
-Гадаадын аялагчдыг хамгийн ихээр гайхшируулдаг зүйл бол хөдөө явж байгаад зам зууртаа малчин айлд буухад тэнд угтах хүмүүсийнх нь өөртэй итгэлтэй байдал. Тэр үед монголчуудын амьдрал их л тарчиг байлаа шүү дээ. Өмссөн хувцас, гэр орон нь навсайсан байдалтай хэр нь монголчууд өөртөө маш итгэлтэй хүмүүс. Түүгээр ч барахгүй өөрсдийгөө энэ хорвоо дээр хамгийн аз жаргалтай амьдарч байгаа хүмүүс гэж ойлгодог. Үзэсгэлэн төгөлдөр оронд амьдарч байгаа омог бардам хүмүүсийг харсан аялагчид гайхахгүй байхын аргагүй.
Вальтер Боссхардын “Сэтгэл булаам Монгол орон мину” номд ийн гардаг. 1930-аад оны эхээр тааралдсан хэдэн монголчуудаасаа “Танай эзэн хаан чинь хэн бэ” гэж асуухад “Их Богд Чингис хаан” хэмээн хариулдаг. Тэр үеийн монголчууд Манжийн ноёрхолд байсан учир уг асуултад хариулахдаа 700 жилийн өмнө нас барсан хүнийг бус, Манжийн хааныг хэлэх болов уу гэж тэр хүн төсөөлсөн байж таарна. “Танайх хэр сайхан нутаг вэ” гэхээр “Энэ ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй газар бол манай нутаг” гэдэг. Тэдгээр монголчууд Кашгар хотод тааралдсан швейцарь хүний асуултад хариулж байгаа юм. “Манайд эндхийнх шиг өндөр байшин барилга, олон хүн байхгүй. Гэхдээ та манай нутагт нэг очих юм бол салж чадахгүй, ахин очмоор санагдана аа” хэмээн ярихад тэр швейцарь хүн “Ертөнцийн хамгийн сайхан тэр газар оронд хэзээ нэгэн цагт очиж үзэхсэн” гэж боддог. Улмаар “хамгийн үзэсгэлэнтэй” гэж сонссон нутгийг хожим өөрийн нүдээр хараад үнэхээр сэтгэл нь татагдаж Өвөр Монголоор гурван ч удаа аялсан тухайгаа бичсэн нь “Сэтгэл булаам Монгол орон мину” гэдэг нэртэй ном.
-Олон арван жилийн өмнө бичигдсэн адал явдалт аяллын тэмдэглэлүүдийг орчуулна гэдэг амаргүй ажил биз?
-Би сүүлийн 12 жилийн хугацаанд энэ чиглэлийн номуудыг дагнан орчуулж байна. Эдгээр номуудад XIX, XX зууны үеийн Монголын нийгмийн байдлыг дүрслэн бичсэн учир тэр үеийн монголчуудын ахуй амьдрал, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийн нэршлийг тодруулах үүднээс түүхийн мэдээлэлтэй байх зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа юм. Сүүлийн жилүүдэд түүхэн сэдэвтэй ном, материалыг түлхүү уншсан маань орчуулгын ажилд их тус болсон. Орчуулсан номуудад маань дурдагдах түүхэн хүмүүс, түүхэн үйл явдал, эд өлгийн зүйлсийн тухай хэсгүүдэд зориуд тайлбар зүүлтийг хадсан. Хэрэв уншигчид зарим нэр томьёог мэдэхгүй болбол үйл явдлынх нь дүр зургийг бүрэн дүүрэн ойлгохгүйд хүрнэ. Тэгэхлээр түүхэн ном бүтээлийг орчуулна гэдэг герман хэл дээрх өгүүлбэрийг монгол хэлээр хувиргах төдий ажил биш.
Сүүлийн үеийн зохиолчид түүхэн роман их бичиж байна. Эдгээрийг уншихдаа уран сайхны өгүүлэмжтэй ном гэдгийг нь анхаарах хэрэгтэй. Тухайн түүхэн хүний талаар зохиолч уран сайхнаар төсөөлснөө бичиж байгаа. Иймд уншигч өөрийгөө урьдчилан бэлдэхгүй аваас аль нь түүхэн бодитой үйл явдал вэ, аль нь уран сайхны хэтрүүлэг вэ гэдгийг ялгаж ойлгохгүй байх эрсдэл бий. Харин аялагчдын тэмдэглэлийн тухайд харсан, уулзсан хүнийхээ талаар л бодитойгоор дүрслээд биччихсэн байдаг.
Жишээлбэл, Херман Констений “Цөвүүн цагийн эрчлээс дундах Монгол орноор” ном бол 1912, 1913 оны үед Ховд, Улиастайгаар дайрч Нийслэл Хүрээнд ирсэн аялагчийн тэмдэглэл юм. Ховд, Улиастайг хятадуудаас чөлөөлсний дараахан тэр нутгаар аялахдаа Хатанбаатар Магсаржав, Дилав хутагт, Жалханз хутагт нарын түүхэн хүмүүстэй уулзаж, тэдний хэлж ярьсныг тэмдэглэж үлдээснээс гадна төрх байдлыг нь бодитойгоор дүрслэн бичсэн байдаг.
Цуврал номыг маань авч уншдаг, хэрэглэдэг хэсэг бүлэг хүмүүс бол түүхчид юм. Барон Унгернийг Монголд ирээд байхад нь түүнтэй майханд нь орж уулзсан швейцарь аялагчийн тэмдэглэл л гэхэд бидний хооронд ийм яриа өрнөлөө гээд асуулт, хариулттайгаар нь биччихсэн байдаг. Энэ бол түүхчдийн хувьд асар үнэ цэнтэй баримт юм. Барон Унгернийг майхандаа гамбир хайрч байхад нь очиж уулзаад тухайн цагийн нөхцөл байдлын талаар ярилцсанаа тэмдэглэж үлдээсэн байдаг.
-“Монголд учирсан адал явдал” цувралаар хэвлэгдээд буй номуудын хэл, найруулгын онцлог, бичлэгийн арга барилын талаар та юу хэлэхсэн бол?
-Тухайн аялагчийн хэл, найруулгын чадвараас шалтгаалаад ном болгоны бичлэгийн арга хэлбэр харилцан адилгүй. Эдгээрээс “Явна аа” номыг бичсэн Хаслунд хамгийн сайн хэл, найруулгатайгаас гадна юмыг гярхай ажигладаг хүн. Швейцарийн сэтгүүлч Вальтер Боссхардын бичсэн “Сэтгэл булаам Монгол орон мину” ном ч гэсэн хэл, найруулгын хувьд гоц сайн.
Барууны аялагчид зам зууртаа тохиолдсон сонирхолтой үйл явдлыг сорчилж бичдэг онцлогтой. Учир нь эдгээр аялагчид сонирхолтой ном бичиж худалдах, аяллынхаа талаар лекц унших зэргээр дараагийн аяллынхаа мөнгийг босгодог байсан. Тийм болохоор Барууны аялагчид аль болох сонирхолтой хэлбэрээр хамгийн адал сонин үйл явдлыг түүж бичдэг. Орос аялагчид төрийн сангийн мөнгөөр аялдаг байсан учир тэдэнд сонирхолтой ном бичиж мөнгө олох шаардлага байгаагүй.
-Аялагчдын дурсаж бичсэн монгол хүний сайн чанарууд юу байдаг вэ?
-Барууны аялагчид тэмдэглэлдээ хамгийн түрүүнд монголчуудын зочломтгой занг онцолдог. Үүний сацуу эгэл, ний нуугүй, сониуч, өөртөө итгэлтэй, омог бардам, эр зоригтой гэх зан чанаруудыг тодотгож бичсэн байдаг юм. Гадаадын аялагч айлд буухад ойр хавийнхан нь бүгдээрээ цугларч, хувцас хунар, авч яваа дуран, бууг нь ихэд сонирхож үзээд зогсохгүй, заавал ч үгүй барьж үзнэ. Тэгснээ энэ дурангаа хэдэн адуугаар арилжих вэ зэргээр наймаа ярьж эхэлдэг. Монголчуудын энэ сониуч занг товойлгон бичсэн нь нийтлэг ажиглагддаг.
-Эдгээр номын эхийг хаанаас, хэрхэн олов?
-Адал явдалт аяллын сонгомол бүтээлийн цувралд маань тухайн цаг үедээ цөөн хэвлээд, ахин хэвлэгдээгүй ховор номууд ч бий. Эхлээд би Монгол орноор хаанахын ямар хүмүүс, хэдийд аялж байв гэдгийг олж мэддэг. Ингэж тухайн аялагчдын талаарх мэдээлэлдээ тулгуурлаад бичсэн номыг нь хайж олдог. Европт очихдоо тэндхийн хуучин номын дэлгүүрээр хайна, хэрэв олдохгүй бол интернэтээр сураглаж байгаад хувь хүнээс худалдаж авдаг. Тухайлбал, доктор Кребсийн бичсэн номыг хайж Германд хоёр, гурван удаа очоод олдохгүй болохоор нь дани хүнд аминчлан захиснаар олсон удаатай.
-Аяллын тэмдэглэл орчуулах явцад өөрөө гадаадын орнуудаар явж ном бичихсэн гэдэг бодол төрдөг үү?
-Өө, тийм бодол одоохондоо алга л байна /инээв/.
-Та орчуулагчийн хувьд эх хэлнийхээ яруу тансаг найруулгын эрдэмд хэрхэн суралцсан бэ?
-Хүн алжаалыг умартан бичгийн орчуулга хийж байж л хэл, найруулгын чадварыг төгөлдөр эзэмшинэ. Найруулга сайтай болъё гэвэл монгол хэлээр ном их унших хэрэгтэй. Ялангуяа олон салбарын ном унших нь чухал. Би бичгийн орчуулгыг уйгагүй оролдож байсан учир энэ номуудыг төвөггүй орчуулсан. Залууст зөвлөхөд бичгийн орчуулгад дадаагүй хэрнээ ном орчуулна гээд барьж авбал нэг, хоёр өгүүлбэрээс цааш барахгүй л болов уу.
-Та утгачлах, үгчлэх хоёр хандлагын алийг нь орчуулгадаа баримталдаг вэ?
-Ер нь өгүүлбэрийг үгчилж орчуулаад монгол хэлэнд сайхан буулгана гэдэг боломжгүй. Утгыг голчилж орчуулах ёстой. Гэхдээ бас өгүүлбэр дотор зайлшгүй үгчилж орчуулах учиртай нэр үгс тааралддаг л юм.