Япон Улсаас Монгол Улс дахь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан, Чиба Технологийн Их сургуулийн зөвлөх Шимизү Такэноригийн санаачилгаар, тус сургуулиас Улаанбаатар хотын гэр хорооллын 10 сургууль болон Архангай аймгийн 6 сургуульд нийт 550 ширхэг iPad төхөөрөмж өгөхөөр болжээ. Тэгвэл өнөөдөр буюу 1 сарын 16-ны өдөр хоёр талын төлөөлөгчид дээрх төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа.
Төслийг санаачлагч Шимизү Такэнори хэлэхдээ “Улс орныг хөгжүүлэхэд сайн боловсрол хамгийн чухал үүрэгтэй. Тиймээс Монголын сургалтын системд эдгээр iPad-г ашиглаж эхлээд, бага ч болов тусалж, хувь нэмрээ оруулж чадвал бид маш сэтгэл хангалуун байх болно” гэсэн юм. Тэрээр мөн монгол хүн сайн боловсрол эзэмшиж, эрүүл байвал ямар ч бэрхшээлийг даван туулж чадна хэмээн итгэдэг талаараа ярьж байлаа.
Мөн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү хүүхэд бүрд тэгш боловсролыг хүртээн чанартай мэдлэг олгож, ирээдүйд мөрөөдлөө биелүүлэхэд нь энэ хөтөлбөр тусална хэмээн яриандаа дурдаж байв.
Чиба Технологийн Их сургуулийн зүгээс сурагчдын хэрэгцээнд ашиглаж байсан төхөөрөмжүүдээ Монгол улсад үнэ төлбөргүй өгөх болсон шалтгааныг ректор Огова Ясүо тайлбарлахдаа Улаанбаатар хотын гэр хорооллын сурагчдын мэдээллийн технологийн сургалтын чанарыг сайжраасай хэмээн ихэд хүсэж энэхүү төслийг дэмжихээр шийдсэнээ онцолж байсан юм.
Монгол улсын боловсролын хөтөлбөр шинэчлэгдсэнээр мэдээллийн технологийн хичээл бага ангиас эхлэн орж эхэлсэн. Тиймээс энэ хичээлийн үр ашгийг анхаарч, эдгээр 550 ширхэг iPad төхөөрөмжийг үзүүлэн биш үндсэн зориулалтаар нь үлгэр жишээч ашиглана хэмээн Монгол улсын талаас амлалт өглөө.
Эдгээр төхөөрөмжийг Монгол улсад авчрахад Мобиком корпорацын Япон дахь толгой компани болох KDDI туслалцаа үзүүлж, тээврийн зардлыг нь гаргасан байна.
Хөтөлбөрт хамрагдаж буй сургуулиуд:
Улаанбаатар хотоос
1. Нийслэлийн Ерөнхий Боловсролын 4 дүгээр сургууль
2. Нийслэлийн Ерөнхий Боловсролын 10 дугаар сургууль
3. Нийслэлийн Ерөнхий Боловсролын 41 дүгаар сургууль
4. Нийслэлийн Ерөнхий Боловсролын 73 дугаар сургууль
5. Нийслэлийн Ерөнхий Боловсролын 76 дугаар сургууль
6. Нийслэлийн Ерөнхий Боловсролын 79 дугаар сургууль
7. Нийслэлийн Ерөнхий Боловсролын 87 дугаар сургууль
8. Нийслэлийн Ерөнхий Боловсролын 177 дугаар сургууль
9. Нийслэлийн Ерөнхий Боловсролын 152 дугаар сургууль
10. Нийслэлийн Ерөнхий Боловсролын Хангай сургууль
Архангай аймгаас
1. Архангай аймгийн Цэнхэр сумын Ерөнхий Боловсролын сургууль
2. Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий Боловсролын сургууль
3. Архангай аймгийн Булган сумын Ерөнхий Боловсролын сургууль
4. Архангай аймгийн Их Тамир сумын Ерөнхий Боловсролын сургууль
5. Архангай аймгийн Өлзийт сумын Ерөнхий Боловсролын сургууль
6. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р сургууль