Ням гарагт “TikTok” АНУ-д үйл ажиллагаагаа сэргээхээр хичээж байх үед “Instagram” тун удахгүй ашиглалтад оруулах гэж буй видео засварладаг шинэ аппликейшнээ танилцууллаа.
“ByteDance” компанийн эзэмшдэг “TikTok” болоод “CapCut“-ыг АНУ-д хууль ёсоор хориглосон өдөр буюу 1-р сарын 19-ны өдөр Метагийн эзэмшдэг Instagram “Edits” нэртэй видео засварладаг шинэ платформоо танилцуулжээ. Энэхүү апп нь 2-р сард хэрэглээнд нэвтэрч эхлэх талаар тус компаниас мэдэгдсэн юм.
Энэ мэдэгдлийг дэлхийн томоохон хэвлэлүүд “TikTok”-ын орон зайг Инстаграмын “Reels”"-ээр орлуулж, “CapCut“-ын оронд “Edits”-ыг санал болгон зах зээлийг өөрсдийн зүг татах гэсэн оролдлого хэмээн үзэж байна.
Гэвч энэ бүхний эцэст “TikTok” АНУ-д эргэн сэргэж эхэлснээр энэ оролдлого амжилтгүй болох эрсдэлтэй тулгараад байна.