Өчигдөр шөнө 03:27 цагийн орчимд Туркийн Болу мужийн Карталка амралтын газрын Grand Kartal зочид буудалд түймэр гарлаа. 12 давхар тус буудалд 237 хүн амарч байсны дотор сургуулийн амралтаар ирсэн хүүхэд цөөнгүй байжээ.
Гал дөрөвдүгээр давхарт байрладаг ресторанд эхэлж, модон байшинг тэр дор нь шатаасан байна.
Утааны үнэрээр сэрсэн хүмүүс зугтах гэж оролдсон ч коридорт маш өтгөн утаатай, галаас сэргийлэх дохио нь ч ажиллаагүй ажээ.
Сандарсан хүмүүс амиа аврахын тулд цонхоор үсэрч, хөшиг унжуулан буух гэж оролдож байлаа.
Сүүлийн мэдээгээр 76 хүн амь насаа алдаж, 51 хүн түлэгдэж, бэртэж гэмтсэн байна. Нэг хүний биеийн байдал хүнд, сэхээн амьдрах тасагт эмчлүүлж байгаа юм.
Одоогийн байдлаар гадаадын ямар нэг улсын иргэн хохирсон мэдээлэл гараагүй байна.
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан Үндэсний гашуудал зарласан бол Цагдаагийн газраас хэргийг мөрдөн шалгаж эхэллээ. Галын аюулгүй байдлын хууль, дүрэм зөрчсөн хэргээр зочид буудлын захирал тэргүүтэй есөн хүнийг баривчилжээ.