АНУ-ын Ерөнхийлөгчийн ажилдаа эргэн орсон Дональд Трамп Вашингтонд Capital One цэнгэлдэх хүрээлэнд дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ Ерөнхийлөгчийн хувиар анхныхаа 9 тушаалд гарын үсэг зурлаа. Үүн дотор өмнөх Ерөнхийлөгчийн гаргасан 78 шийдвэрийг цуцалсан бөгөөд АНУ-ыг Парисын уур амьсгалын хэлэлцээр болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүрэлдэхүүнээс гаргах тушаалд гарын үсэг зурсан байна.
Дональд Трампын анхны тушаалууд:
2021 оны нэгдүгээр сард Капитолийн ордонд халдсан хэрэгтнүүдийг өршөөх,
Хар тамхи худалдаалдаг мафийн бүлэглэлийг алан хядагч байгууллагад тооцох,
Зайнаас ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг офист яаралтай эргэн ирэх,
Төрийн албанд цэргийн албан хаагч болон зарим онцлох мэргэжлээс бусад хүмүүсийг хөлслөхийг хориглох,
Хууль бус цагаачдын хүүхдэд иргэншил олгохгүй байх, хязгаарлах,
Холбооны бүх албан газарт амьдралын өртөг өссөн асуудлыг судлах, шийдвэрлэх,
Шүүхийн системийг улс төрийн өрсөлдөгчөө мөрдөхөд ашиглахыг хориглох,
Куба улсыг дахин терроризмын санхүүжүүлэгч улсуудын жагсаалтад оруулах,
TikTok нийгмийн сүлжээний хоригийг хэрэгжүүлэх хугацааг 75 хоногоор хойшлуулах тушаалд гарын үсэг зурсан байна.
Анхны тушаалууддаа гарын үсгээ зураад Трамп дэмжигчиддээ үзгээ шидэж бэлэглээд дахин тушаал, зарлиг гаргахаар Цагаан ордныг зорьсон байна.