АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ажилд орсон анхныхаа өдөр тушаал гаргаж, Америкийн нутаг дэвсгэрт төрсөн хүүхдүүд автоматаар АНУ-ын иргэн болдог эрхийг хязгаарлах, цаашдаа цуцлах арга хэмжээ авахыг үүрэг болгосон билээ. Гэхдээ Трамп үнэхээр ингэж чадах уу? Учир нь Америкт төрсөн хүүхэд АНУ-ын иргэншил авах зарчим нь Үндсэн хуулиар баталгаажсан тул Ерөнхийлөгчийн зарлигаар өөрчлөх боломжгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.
Дональд Трампын тушаал гарсны дараа Америкийн иргэний эрх чөлөөг хамгаалах холбоо (ACLU) болон хэд хэдэн хүний эрхийн байгууллага Трампын Засгийн газрыг шүүхэд өгсөн. Энэ хэргийг Нью-Гэмпширийн тойргийн шүүх хэлэлцэхээр болсон. “АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохгүй байх нь Үндсэн хуулийг зөрчсөн төдийгүй Америкийн үнэт зүйлсийг бүдүүлгээр үгүйсгэсэн явдал” гэж ACLU-ийн тэргүүн Энтони Ромеро мэдэгдсэн юм.
Харин өнөөдөр Ардчилсан намынхан эрх барьж байгаа 22 муж болон Сан-Франциско хот, Колумби тойргоос хамтран, Трампын зарлигийг хүчингүй болгох талаар Бостоны шүүхэд зарга мэдүүлсэн байна.
Америкт төрсөн хүүхэд АНУ-ын иргэншил авах зарчмыг хуулийн практикт “jus soli” гэж нэрлэдэг бөгөөд Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтөд заасан байдаг.
“АНУ болон түүний харьяа, хууль дүрмийг дагадаг нутаг дэвсгэрт төрсөн бүх хүн АНУ болон амьдарч байгаа мужийнхаа иргэн байна” гэж заажээ.
Нью-Жерсигийн Ерөнхий прокурор Мэтт Платкин “Ерөнхийлөгч ганц гарын үсэг зураад л Үндсэн хуулийг өөрчилж чадахгүй. Гүйцээ” гэж мэдэгдсэн байна. АНУ-д жилд Америкийн иргэн биш эцэг эхтэй 150 мянган хүүхэд төрдөг. Хэрэв тэдэнд иргэншил өгөхгүй бол хөөгдөх, цаашлаад эмнэлгийн тусламж авч чадахгүй байдалд хүрнэ гэж хүний эрхийн байгууллагууд сэрэмжилж байна. Харин Трампын талынхан “Иргэншил авахын тулд олон тооны жирэмсэн эмэгтэй хууль бусаар хил нэвтэрч байна. Байнга оршин суух эрхгүй эцэг эхтэй хүүхдүүд америк паспорт авах ёсгүй. Тэр байтугай “харлаагүй”, албан ёсны визтэй ч богино хугацаагаар байгаа эхээс төрсөн хүүхдэд ч иргэншил олгохоо зогсооно” гэж хариу мэдэгдээд шүүхдэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Цагаан ордны хэвлэлийн албаны дэд тэргүүн Харрисон Филдс “Хэт зүүний үзэлтнүүд ард түмний хүсэл зоригийн эсрэг явж байна. Тэд энэ бодлогоо зогсоож, бидэнтэй нэгдэн, Ерөнхийлөгч Трамптай хамтран ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн билээ.
Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтийг 1868 онд Иргэний дайн дууссаны дараа баталсан бөгөөд зорилго нь чөлөөлөгдсөн боолуудад иргэншил өгөх явдал байлаа. Харин 1898 онд АНУ-ын Дээд шүүх энэ зарчим цагаачдын хүүхдүүдэд ч хамааралтай гэдгийг баталсан түүхтэй. Учир нь тэр жил Америкт төрсөн хятад цагаачийн хүү Вонг Хятадад аялаад эргэж ирэхэд нь хилээр нэвтрүүлээгүй юм. Вонг заргалдаж, цагаач хүн ч Үндсэн хуулийн тэр эрхийг эдэлж болно гэдгийг баталж чадсан билээ. Ийнхүү АНУ-ын нутагт төрсөн бол үндэстэн ястан үл хамааран цагаач, дүрвэгч, хэн ч бай иргэн болох эрх хэрэгжиж эхэлжээ.
Трампын гаргасан тушаал гарын үсэг зурснаас хойш 30 хоногийн дараа хэрэгжиж эхлэх учиртай. Харин тэр хууль бус цагаачдын хүүхдэд иргэншил олгохыг зогсоож чадах уу гэдэг эргэлзээтэй. Мэдээж Ерөнхийлөгч хил, гааль, цагаачлалын албанд тушаал өгөөд хязгаарлаж болно. Харин хариуд нь Үндсэн хуулийн нэр барьсан өч төчнөөн шүүх хурал түүнийг хүлээнэ. Хэдэн зуу биш хэдэн мянган зарга шүү дээ.
2022 онд АНУ-д визгүй хүн 11 сая, тэднээс төрсөн хүүхдийн тоо 1,2 саяд хүрчээ. Харин иргэншил өгөхөө зогсоовол хуулч бус иргэдийн тоо 16 саяд хүрч, өсөх тооцоо гарсан байна.
“Би гэр бүлийг салгах гээгүй. Байнга оршин суух эрхгүй хүний хүүхдийг эцэг эхтэй нь хамт АНУ-аас гаргах болно. Ингэж гэр бүлийг аварч байгаа юм” Дональд Трамп