UBLife Logo
Спорт

Фото сурвалжилга | Хөлсөө гаргах заал байна уу?

Фото сурвалжилга | Хөлсөө гаргах заал байна уу?

Нийслэлийн хэмжээнд боломжийн зардлаар хичээллэх боломжтой аятайхан заал, танхим хэр элбэг байдаг юм бол гэдгийг уншигч та хэзээ нэгэнтээ сонирхож байсан уу. Бид энэ удаагийн сурвалжилгаараа Улаанбаатар хотын жишиг бүтээн байгуулалт болох Чингэлтэй дүүргийн спорт цогцолборыг онцолж байна. Сонирхолтой нь, тус дүүргийн зөвхөн мөсөн гулгуурын талбайгаар л гэхэд өдөртөө 800-1000 иргэн үйлчлүүлж байгаа ажээ. Энэ нь нийтийн биеийн тамираар хичээллэх орон зай, байгууламж бидэнд хэчнээн ихээр үгүйлэгдэж байгааг бэлхнээ илтгэж буй хэрэг юм. Үүний учир шалтгааныг тодруулах, стандарт нь ямар байдгийг сануулахаар бид Чингэлтэй дүүргийн спорт цогцолборын үйл ажиллагаа, нөхцөл байдлыг сурвалжилж, Биеийн тамир, спортын улсын хорооноос энэ сэдвээрх тодорхой асуултуудад мөн хариулт авлаа.


Чингэлтэй дүүргийн мөсөн талбай нь 24х50 метрийн хэмжээтэй төдийгүй дөрвөн улиралд бүрэн ажилладаг гэдгээрээ онцлог. Түүнчлэн тус дүүргийн Биеийн тамир, спортын цогцолбор нь гурван зам бүхий 25х9 метрийн усан бассейнтай, чөлөөт, жүдо, боксын төдийгүй фитнесийн заалтай.

Хамгийн чухал нь өвлийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүд зөвхөн хүйтний улиралд бэлтгэл сургуулилалтаа базаах бололцоотой байсан бол Мөсөн ордон баригдсанаар жилийн дөрвөн улиралд тогтмол бэлтгэл хийх боломж нээгдсэн юм. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэвтэй ярилцлаа.


-Чингэлтэй дүүргийнхэн Мөсөн ордон бүхий Биеийн тамир, спортын цогцолбортой боллоо хэмээн ихэд олзуурхаж байгаа биз ээ. Танай байгууллагын зүгээс энэхүү байгууламжид суурилсан нийтийн биеийн тамирыг дэмжих ямар ажлуудыг явуулж байна?

-Чингэлтэй дүүрэг 170 мянга орчим хүн амтай. Бид дүүргийн спорт цогцолбортоо түшиглэн жилдээ 110-120 төрлийн нийтийн биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулдаг.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын санаачилгаар нийт иргэдийг мөсөн гулгуурын талбайд 12-р сарын 9-нөөс 1-р сарын 31-ний өдрийг хүртэл тодорхой цагийн хугацаанд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжоор хангасан. Энэ хугацаанд өдөрт 800-1000 иргэн мөсөн гулгуурын талбайгаар үйлчлүүлж байна. Түүнчлэн дүүргийн хэмжээний ЕБС-иудын хүүхдүүдийг сэлж сургах хөтөлбөрийг 2025 оны 2-р сарын 18-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр зэхэж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тодорхой цагийн хуваарийн дагуу ЕБС-ийн хүүхдүүдэд усан бассейнаар үнэ төлбөргүй хичээллэх, сэлж сургах боломжийг олгох юм.

Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спорт хорооны усан бассейн, спорт заал, фитнест тодорхой цагуудаар ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань үнэ төлбөргүй бэлтгэл сургуулилалт хийх бололцоотой байдаг. Тухайлбал, спорт зааланд ахмадууд долоо хоногийн нэг өдөрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хоёр өдөр үнэ төлбөргүй хичээллэх боломжтой. 

Мөн Чингэлтэй дүүрэгт “Хайрхан” хөгжлийн төв нэртэй спорт цогцолбор үйл ажиллагаа явуулдаг. Тус төвд ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмадууд тодорхой цагийн хуваарийн дагуу үнэ төлбөргүй хичээллэх бололцоотой. Ингэхээр дээрх иргэд долоо хоногтоо 2-3 удаа биеийн тамираар үнэ төлбөргүй хичээллэх боломжтой юм.

-Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт цогцолбор хэр ачаалалттай ажилладаг вэ?

-Ачаалал ихтэй. Усан бассейны тухайд зуны улиралд төдийгүй ЕБС-иудын өвлийн амралтаар хамгийн өндөр ачаалалтай байдаг. Чингэлтэй дүүргийн усан бассейн өдөртөө 180-200 хүн хүлээн авах хүчин чадалтай. Зуны ид ачааллын үеэр өдөрт 300-400 хүн үйлчлүүлдэг. Мөсөн талбайн хувьд өдрийн цагаар ачаалал их байна. Харин спорт зааланд Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багууд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цагийн хуваарийн дагуу бэлтгэл сургуулилалтаа базаадаг.

-Иргэд дүүргийн спорт цогцолбороор үйлчлүүлэхэд харьяалал харгалздаг уу?

-Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын цогцолбор иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилдэг. Харин хуульд заасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх спортын 16 төрлийн өсвөрийн шигшээ багийн тамирчдад бол харьяаллын дагуу үйлчилж байна.

-Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт одоогоор нийтийн биеийн тамирыг дэмжих спорт байгууламж хэр олон байгаа вэ?

-Төрийн байгууллагын спорт заалныхаа тоогоор Чингэлтэй дүүрэг дээгүүр ордог. Дүүргийн Биеийн тамир, спорт цогцолбороос гадна Салхит дахь хөлбөмбөгийн стандарт талбай, 17-р хорооны заал, “Хайрхан” хөгжлийн төв-1, 2 гэсэн байгууламжууд бий. Мөн өдгөө Чингэлтэй дүүргийн 14-р хороонд “Хайрхан” хөгжлийн төв-3 баригдаж байна.


Дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодод таван мянган хүн тутамд нэг спорт байгууламж барихыг зөвлөдөг”

Бид үргэлжлүүлэн Нийслэлийн хэмжээний Төрийн өмчийн спорт заалны хүртээмж, Нийтийн биеийн тамирыг дэмжих бодлогын талаар Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасантай ярилцлаа.


-Нийслэлийн хэмжээнд Төрийн өмчийн спорт заал хэр элбэг байгаа вэ?

-Одоогийн байдлаар Нийслэлийн долоон дүүргийн Биеийн тамир, спортын хороо хажуудаа заалтай байна. Жишээлбэл, Баянгол дүүрэгт спорт заал, усан бассейны хамт, Чингэлтэй дүүрэгт спорт заал, усан бассейн, Мөсөн ордон гэсэн цогцолбор үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборыг нэрлэж болно. Удахгүй Баянзүрх дүүрэгт спорт цогцолбор ашиглалтад орох юм. Эдгээр спорт заалуудаар иргэд төсөр зардалтай хичээллэх бололцоотой.

Өнгөрсөн онд л гэхэд “Эрүүл монгол хүн” Үндэсний хөдөлгөөний хүрээнд өглөөний 06:00-09:00 цагийн хооронд спортоор үнэ төлбөргүй хичээллэх боломжийг иргэдэд олгосон. Энэ нь иргэдийг өглөө эрт босгох, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд ч дэмтэй байлаа.

Харин 2025 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс “Гүйж суръя” аяныг хэрэгжүүлснээр Спортын Төв ордны “А” зааланд өглөөний 05:00-07:30 цагийн хооронд иргэд гүйлтээр хичээллэж байна. Мөн иргэд 21 аймаг, 9 дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд өглөө эртлэн очиж дасгал хөдөлгөөн хийхэд нээлттэй.

-Иргэд фитнес клубүүдэд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх хүсэлтэй байдаг. Энэ асуудлыг шийдэх бололцоо бий юу?

-2020 онд фитнес клубүүдийг магадлан итгэмжлэлд хамруулснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийн тодорхой хувийг хөнгөлөх тогтолцоо бүрдсэн. Гэвч дөнгөж л хэрэгжиж эхэлж байтал цар тахал дэгдсэнээр Хэмнэлтийн тухай хууль батлагдаж, энэ ажил бүхэлдээ зогссон юм. Учир нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиас хөнгөлөлттэй холбоотой зүйл, заалтыг бүхэлд нь хасчихсан. Ингээд магадлан итгэмжлэлд хамрагдсан фитнес клубүүд ЭМДС-гаас санхүүжилт авах боломжгүй болж байгаа юм.

Улмаар бид Улсын хэмжээнд хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилыг авч эхэлсэн. Сорилд хамрагдсан иргэн өөрөө фитнесс, алхалт, эсвэл йог, усан бассейн зэргийн алинд нь хичээллэхээ сонгоно. Тухайн хүний хувийн тодорхойлолтод нь үндэслэн арга зүйчийн боловсруулсан хөтөлбөрийн дагуу гурван сарын хугацаатай сонгосон төрлөөрөө хичээллэснээр тодорхой үр дүн гарвал тэрхүү Төрийн бус байгууллагад нь Төрөөс дэмжлэг үзүүлэх тогтолцоог хэрэгжүүлэхээр зэхэж байна.

Энэхүү хөтөлбөрийг 2025 оноос хэрэгжүүлнэ. Улсын хэмжээнд одоогоор дөрвөн сорилын төвийг байгуулаад байна. Эдгээр төвүүдэд тулгуурлан 2025 онд судалгаа шинжилгээ, стандарт боловсруулах ажлыг явуулна.

-Өсвөр насны хүүхдүүдийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнд тэгш хамруулах талаар ямар бодлогыг баримталж байна вэ?

-Биеийн тамир, спортын улсын хорооноос ЕБС-ийн спорт зааланд хүүхдүүд үнэ төлбөргүй хичээллэх боломжийг хангах, хичээлийн бус цагаар боломжит спортын төрлүүдээр дугуйлан хичээллүүлэх, ингэхдээ багшид нь нэмэгдэл цалин хөлсийг нь олгож байх санал, зөвлөмжийг Боловсролын яаманд хүргүүлсэн. Манай байгууллага энэ асуудлыг шууд шийдэх боломжгүй.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн тооны спорт байгууламж шаардлагатай байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд спорт заал барих боломжтой газар нутгийн байршлын судалгааг 2023 онд гаргасан байдаг юм. Дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодод хандан таван мянган хүн тутамд нэг спорт байгууламж барихыг зөвлөдөг. Гэвч 2025 онд л гэхэд Нийтийн биеийн тамирт зориулагдах зардлыг тодорхой хэмжээгээр бууруулсан шүү дээ. Иргэдийг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт дадуулснаар ажлын бүтээмж нэмэгдэх сайн талтай. Биеийн тамир, спортын улсын хорооноос 2025 оныг “дадал, хандлагыг хэвшүүлэх жил” болгон зарлаад байна. Тухайн хүнийг эхлээд дадалтай болгочих л юм бол цаашид аль нэг спортын төрлөөр хичээллэж, өөрийн эрүүл мэнддээ анхаарч таарна. 

-Хот маань тэлэхийн хэрээр өндөр барилгууд зай завсаргүй сүндэрлэж байна шүү дээ. Гэвч эсрэгээрээ иргэдийн дасгал хөдөлгөөн хийх орон зай хязгаарлагдмал болж байна. Энэ талаар тодорхой зөвлөмж байдаг уу?

-Хот тохижилттой холбоотой асуудалд биднээс санал авдаггүй. Барилга, байгууламж барихдаа иргэдийн аль нэг спортын төрлөөр хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх талбайг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Иргэд өөрсдөө ч гэсэн байр, талбай сонгохдоо орчныг нь судалж үзэх ёстой.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.