Автобусанд суув, алхав, камераа шагайв, ханиав… Ээжийнхээ гараас хөтөлж алхахад хардаг байсан мөнөөх л дүр зураг 20 жилийн дараа камерын шагайвчаар харахад ч хэвээр аж. Яагаад тэр вэ?
Фото эсээг: Г.Ананд (_kat0gami)
Бид үзээгүй…
Улаанбаатарт уулын буга идээшлэн бэлчиж буй зургийг бид сошиал сүлжээнээс олонтаа харсан. Гэхдээ тийм тайван, тийм тунгалаг Улаанбаатарыг миний үе лав үзээгүй. Камер шагайж, ярилцлага авахаар явж байхад 2000 оноос хойш төрсөн дүү нар маань ч тэр, ухаан ороход нь л ийм утаатай байсан, цас хар, зам хар, цаашид ч иймээрээ л байх юм шиг итгэлгүй хариулцгааж байв. “Эмээ маань хэлэхдээ, түүхий нүүрс түлдэг байхад ядаж угаартсан ч ухаан алдаад сэргэдэг байлаа” гээд инээвхийлэн ярих нь үхэл, амьдралын зааг дээр амьдарч буй Улаанбаатарынхны л ойлгох хошигнол юм. Юутай гуниг вэ?
Сүхбаатарын талбайг тойрох хэсэг радиуст бид өндөр байшингийн цонхоор утааны гамшгаар уралдан пост хийх ч, утааны голомт дунд аж төрөн буй тэдний өнцгөөс хотын төв гэж тээр доор нэлэнхүй сааралд умбах хонхор бөгөөд юу ч үл үзэгдэнэ.
Хотын даргын биелдэггүй төлөвлөгөө
Монгол Улсын бүх Ерөнхий сайд, Улаанбаатар хотын үе үеийн дарга нарт утааг бууруулах төлөвлөгөө байсан. Тэдгээр жилүүдэд 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан гэх мэдээлэл ч бий. Эрх мэдэлтнүүд төсөв батлуулж, бидэн дээр элдэв туршилт хийсээр 20-иод жил өнгөрлөө. Бид амлалтад нь эхлээд итгэсэн, дараа нь хүлээсэн, одоо ч дээ… Тууштай, тулхтай шийдэлгүй хий эргэх зуурт залуус “Энэ улсад ирээдүй алга” хэмээн итгэлгүй дуугарах болжээ. Зүгээр л эндээс явах нь, орхиж зугтах нь бидний мөрөөдөл, бас төлөвлөгөө болон биежсээр байна. Замд зөрөх уцаартай харцны цаана чухам ямар бодол оршдог бол? Ипотект хамрагдаж байртай болох, автомашин зээлдэж хөл дүүжлэх, гэрээс гарч харьд очиж байрны мөнгө босгох… Мэдээж хүн болгонд бодол бий. Гэвч ахуйдаа “дарагдсан”, жилийн хагаст цэвэр агаар хүсэмжлэхээс хэтрэхгүй бидний бодит амьдралын бодол, мөрөөдөл иймхэн л байсаар байх юм уу?
Цэнгэг тэнгэр өөд
Гэхдээ би бууж өгмөөргүй байна… Зугтаж зулармааргүй байна. Улаанбаатарыг анх байгуулахдаа утаатай хамт зураагүй. Хүмүүс нүүрсхүчлийн хийгээр амьсгалах гэж энд амьдрал босгоогүй. Агаар гэдэг чинь орц найрлагадаа 78 хувь нь азот, 21 хувь нь хүчилтөрөгч үлдсэн 1 хувийг нь бусад хий эзэлдэг. Агаар ийм л байх ёстой. Тиймээс утаа нэг л өдөр үгүй болох ид шидэд итгэмээр байна. Утааны цаана цэнгэг тэнгэрт үүлс бүжиж байгаа. Тэр цэнгэгт шувууд нисэлдэж байгаа.
Ирээдүй
Бид бүгдээрээ л эцэг эхдээ итгэл тээн, ирээдүй нь болж төрсөн. Харин одоо бидний гар дээр ирээдүй нэгэнт иржээ. Нүдээ нээж, ухаан ороход нь л эргэн тойронд нь бохир агаар, хөрс, ус угтдаг үр хүүхдүүд хэдэн үе өсөж, эцэг эх боллоо. Ирээдүйн төлөө бид юу хийж чадах вэ?