“Бодит хүний амьдралаас сэдэвлэн бүтээв” гэх бичигтэй уран сайхны кино үзэгчдийн сонирхлыг их татдаг. Амьдрал өөрөө киноны шилдэг зохиолч гэлцдэг л дээ. Гэвч түүхэн уран сайхны кино гэдэг нь түүх, намтар судлал хийгээд уран байх, гоо сайхан байхыг үздэг ухаануудын хамтрал болохын хувьд тусгай онол, арга зүй, ур чадвараар бичдэг. Зохиолч бодит хүний тухай уран сайхны киноны туурвилд сэтгэл шулуудна гэдэг нь тэрээр ямар сэтгэлээр, ямар хөдөлмөр рүү ордог хэрэг юм бол?
“Хамба” продакшн түүхэн уран сайхны “Пагмадулам” киногоо өнгөрсөн оны аравдугаар сард нээснээс хойш хоёр сар гаруйн дараах энэ өдрүүдэд олон нийтийн сүлжээнд ширүүхэн маргаан өрнөөд байна. Уг кинонд Дашдоржийн Нацагдоржийг сул дорой архичны дүрээр үзүүлсэнд дургүйцэгсэд, ерөөс уг киноны санхүүжилт БНХАУ-аас эх сурвалжтай байх хэмээн хардаж буйгаа илэрхийлэгсэд мөн гарч ирсэн. “Пагмадулам” киног шүүмжлэгч байр суурь кино багт туслах зохиолчоор ажилласан яруу найрагч, орчуулагч Мөнхцолын Батбаярыг “Хятадын зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэгч” гэж үзсэнээр эрчийг авав. Түүний ажилладаг “Тагтаа” хэвлэлийн газар мөн энэхүү нэр хочид өртөж, эднийхээс Мө.Батбаярын орчуулгаар нийтийн хүртээл болсон Үй Хуагийн “Амьдрахуй” зохиолоор жүжиг тавьсан “Орфей” театр ч нэр дурдагдан маргаан урлаг соёлын хүрээнээс тусгаар тогтнол, улс төр- гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын сэдвээр үргэлжлэв. Бид Мөнхцолын Батбаяртай ярилцлаа.
-Та “Пагмадулам” киноны зохиолыг бичихийн өмнө ямар баримт, эх сурвалжууд, ямар бүтээлүүдийг судалж түшиглэсэн бэ?
-Үзэж харсан ном бүрийг нэрлэх боломжгүй тул гол хоёрыг нэрлэе. Эхнийх нь Х.Мэндсайхан докторын “Пагмадулам”, Төрийн шагналт Долгорын Нямаа агсаны бичсэн “Их Нацагдоржийн гэргий Пагмадуламын амьдрал, аж төрөл” гэсэн энэ хоёр ном хамгийн түрүүнд санаанд байна. Энэ дашрамд Пагмадуламын тухай үнэ цэнтэй бүтээл туурвисанд, мөн Пагмадуламыг цагаатгуулахад хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Х.Мэндсайхан докторт талархал илэрхийлж байна.
-Дашдоржийн Нацагдоржийг Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч мөн хэмээн нас барсны нь хойно хүлээн зөвшөөрсөн ч гэргий Дамдины Пагмадуламыг нь түүний намтар түүхээс хасах, бүрмөсөн мартах зорилго улс төрийн бодлогоор хэрэгжсэний дүнд Нацагдорж, Пагмадулам хоёрын амьдралын түүх бодит баримтаар дулимаг үлдсэнийг одоо бид мэдэх болсон. “Пагмадулам” киноны зохиолдоо Та тэдний түүхийн балархай хэсгийг цойлдож дүүргэхийг хичээсэн үү?
-Цойлдож дүүргэх дараагийн алхам эхлээд зохиомол, худал, буруу ойлголтыг бага гэлтгүй залруулахсан гэсэн хүсэл байсан. Тухайн үед би хүмүүст Д.Нацагдоржийн эхнэр Пагмадуламын тухай кино багт ажиллаж байгаагаа ярихаар ихэнх нь өөдөөс “Аан нөгөө хар тамхинд ороод, хятадтай суудаг мөн биз дээ тээ” гэдэг байлаа. Бүр хөдөөний малчин хүнтэй ярьж байгаад хэлэхэд хүртэл өөдөөс тийм зүйлийг хэлдэг гээд бод доо. Яаж ч яваад тэр хүнд хүртэл ийм ойлголт суучихсан байдаг юм бүү мэд. Гэхдээ одоо энэ киног үзсэн хүн Пагмадуламыг эрдэм номыг эрхэмлэдэг, Орос, Германд суралцсан, богтлох ёсыг халахад түүчээлж, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж, Бүсгүйчүүдийн тасгийн анхны даргаар ажиллаж, соёл боловсрол түгээж явсан юм байна, тайж хүний үр сад юм байна, хэлмэгдэн гүтгэгдэж, орон шоронд орж явсан юм байна, хар тамхи татаад л завхай зайдан явсан нэгэн биш юм байна гэдгийг эрхбиш ойлгох байх. Бас энэ сайхан эрдэм боловсролтой, сэхээтэн залуусын амьдралд хүйтэн сүүдрээ ямар хүчин тусгаж, харанхуй ангал руу түлхсэн нүгэлтэн хэн байсныг ч мэдэж аваа биз. Хэдийгээр энэ түүхэн хүний тухай кино ч гэсэн түүхэн баримтыг орлохгүй, түүхийн бодит эх сурвалж биш гэдгийг бултаараа ойлгууштай. Уран сайхны кино, тиймээс хэтрүүлэн дүрсэлсэн, сюжет дүрийн хөгжилдөө илүү ач холбогдол өгсөн зэрэг уран сайхны илэрхийлэл ихтэй. Харин тус киногоор дамжуулан Пагмадулам гэдэг хүн олны анхааралд орж, хүмүүс тэр сонирхолдоо хөтлөгдөн Х.Мэндсайхан докторын номыг ч юм уу сөхөж, түүх намтрыг нь үзвэл зохих ном бүтээлээс сонирхож эхэлбэл энэ киноны хэрэг гарч байгаа нь тэр.
-Тухайлбал, Та бичих явцдаа ямар баримтаар дутаж, эсвэл уран сайхны ямар арга хэрэгсэлд гацаж, за эсвэл магадгүй өөртэйгөө зөрчилдөж байсан бол?
-Миний өөртэйгөө зөрчилдөх гайгүй хэвтэнэ. Яадаг гэж санана, түүхийн баримтууд, дурсамж номууд хоорондоо зөрчилдөнө. Арга ч үгүй юм. Энэ хүний түүх намтар төдийгөөс өдий хүртэл Манжийн төр, Барон, Богдын төр, зүүнтэн, баруутан, улаантан, цагаантан, ардчилал гээд олон нийгэм, цаг төрийн нүүр үзлээ шүү дээ. Түүх гээч ялсан талынхны мэдэлд очдог. Манайхан чинь засаглал, төрөө солихоор л өмнөх нийгмийнхээ бүтээсэн сүм хийдийг нурааж байгаад, өөрийнхөө байшинг дээр нь бариад, судар номыг хурааж шатааж байгаад, өөрийнхөөрөө шинээр бичээд эхэлдэг гэмтэй улс. Дунд нь хүний түүх гуйвахгүй хаагуур нь зөрөх вэ дээ. Ялангуяа ийм нөлөө бүхий албан тушаал хашиж, Монголын анхны эмэгтэй парламентч явсан хүний түүхийг зүгээр орхиогүй нь ажиглагддаг. Манжийн үеийн хэргэмтэн болж буруутна, зүүнтүүд хүчирхэгжээд эхлэхээр баруунд сурсан тагнуул туршуул болгоод хаяна. Нэг цагийн өнгөнд бурхан болж шүтэгдээд л, цаг солигдохоор буруутан болж бичигдээд л, энд нэг нь хүүхэдтэй байсан гээд л, өөр нэг хүн үр хүүхэд байгаагүй гээд л, тэгтэл бас нэг нь тэр хоёр чинь хүүхэд өргөж авсан юм гэсэн гэхэд нөгөөх нь үгүй ээ, үгүй хүүхдээ өргүүлсэн юм, өөрөөрөө овогловол эсэргүү, тагнуулын хүүхэд гээд өөд нар үзэхгүй шүү дээ гээд л. Яг хөдөлшгүй баримтаар нотлогдоод нэг талдаа гарчихсан юм байхгүй. Аль цаг үед хэн бичсэнээс шалтгаалаад хоорондоо зөрүүтэй зүйлс олон.
-Та бол орчуулагч, мөн яруу найрагч хүн. “Пагмадулам” кинонд зохиолчоор ажилласан нь Таны хувьд уншигчдад биш анх удаа үзэгчдэд зориулан бичих сорилт болсон байх. Зохиол бичихээр суухаас өмнө Та өөртөө Пагмадуламын тухай тодорхой ямар асуултад хариулахад бэлэн болсон байсан бол? Өнөө хэр ээрэгдэж үлдсэн асуулт байдаг уу?
-Нэг өдөр Б.Ганболд найруулагч утас цохиж байна. Уулзаатай хө, хүрээд ир л болов. Яваад очлоо. Бид хоёр өмнө нь “Намаг” киноных нь үеэр танилцаад байсан юм. “Пагмадулам”-ын тухай кино хийхээр боллоо л гэж байна. “Миний “Орхидос”, “Улаан дөрвөлжин”, “Намаг”, “Хоёр амь” гээд олон киноны зохиолыг бичсэн Б.Золзаяа эгч чинь “Пагмадулам” киноны зохиолчоор ажиллахаар болоод буй. Туслах зохиолчоо өөрөө сонго гэсэн чамайг гэж байна, тэгээд дуудсан юм аа” л гэсэн. Ингээд л эхэлсэн. Зохиол бүтээл асуултанд хариулж цэг хатгадаг биш, асуулт тавьдаг эд байх гэж санадаг. Пагмадуламтай холбоотой ээрэгдэж үлдсэн асуулт алга. Хүн яг оюун ухаант амьтан мөн үү? Оюун ухаант хүн гэж арай яаруу дүгнэсэн юм биш үү гэдэг ч юм уу өөр асуултуудад л ээрэгдэж сууна даа (инээв).
-“Пагмадулам” киног дэлгэцэнд гаргахаар зарласан цагаас хүмүүс энэ хүртэл өөрсдийн уншсан, үзсэнээс давсан түүхийг хүсэн хүлээсэн байх. Харин Та зохиолоо бичиж байхдаа киноноосоо юу хүсэж, киноны найруулагчаас юу хүлээж байсан бэ?
-Киногоо үзэж амжаагүй байгаа.
-Нацаг, Пагма хоёр хагацан салж буй тарчлааныг Нацагдоржийг архичин болж дууссанаар харуулбал үзэгч эргэлзэнэ, дургүйцнэ гэдгийг тооцоолоогүй юү? Амьдралынх нь алив шарх, зөрчлийг илэрхийлэх үймээнтэй, уртай шийдэл гаргаж болоогүй юм уу?
-Өөр уран шийдэл байсан л байх. Өнөөдөр суугаад бичвэл нэг өөр юм, маргааш суугаад бичвэл ахиад өөрөөр бичигдэж болно. Тухайн моментийн шийдвэр л тэгж таарсан биз. Уруулдаа ч хүргэдэггүй байсан Нацагдоржийг минь архичин болгочихлоо гээд байна лээ зарим хүмүүс. Өнөө бидний дотроо төсөөлж байгаа, бас нийтэд бүтээж өгсөн Нацагдоржийн дүр бол “Орчин цагийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч, бичгийн их хүн” гээд л цаашаа явна. Бичгийн өргөөндөө суугаад л, бийр янтай түшээд л бодлогошрон суугаа бичгийн их хүний дүр дотор амилна. Гэвч дээр дурдсан цол гуншинг амьддаа хүртээгүй, амьд ахуйдаа хүлээн зөвшөөрөгдөөгүй. Дандаа хожим нэмж бүтээсэн, нэхэж олгосон нэр төр. Бичгийн их хүн гарцаагүй мөн. Гэхдээ бидний кинонд үзүүлж буй хорь гучаад онд хорь гучин насандаа энэ өргөмж цолын эзэн болсон байсан уу гэвэл үгүй. Жишээ нь “Орчин цагийн уран зохиолыг үндэслэгч” гэдгийг Ц.Дамдинсүрэн гуай тэртээ тавиад он гарсны хойно тодорхойлж өгсөн юм. Тэр цагаас монголчууд бид Нацагдоржийг “Орчин үеийн уран зохиолыг үндэслэгч” гэдгээр танилцаж эхэлжээ. Тэгэхээр кино багийнхан юу гэж шийдсэн гэхээр өнөөдрийн энэ их нэр хүндийн эзэн, сүрлэг сайхан хөшөөтэй Нацагдоржийг ажлаасаа халагдаж, орон шоронд орж, авгай хүүхдээсээ салж, хавчигдан шахагдаж, алдар нэр бүү хэл “эсэргүү”, “тагнуул” гэсэн муу нэр зүүж яваа эгэл бодит амьдралыг нь харуулах юм шүү гэж зорьсон. Хэлмэгдэж, гүтгэгдэж, гутарч гуниж явсан хүнийг хэлмэгдээгүй, гүтгэгдээгүй, зовоогүй, дусал архи амсаагүй явсан юм шиг харуулснаараа бид үндэсний сэхээтнийхээ үнэн мөнийг хэлмэгдүүлж, гүтгэж, хэрэг тохож явсан гэмтнүүдийг нь өмөөрч байгаа хэрэг. Дараа нь яах юм, манай их зохиолч Нацагдоржийг шоронд байгаагаар харууллаа гэж буруутгах уу! Үнэн түүх нь яах болж байна? Шоронд хорьсон гэмтнүүд гэмгүй болж үлдэх үү? Үнэндээ архи ууж байгаа нь ч чухал биш. Шалтгаан нь илүү чухал. Ууж суугаа хүнийг хараад эхнэр хүүхдээсээ салчихсан, ажилгүй болчихсон, баригдаж хоригдоод, хүмүүс ч дөлөөд уулзахаа больчихсон амьтан хөөрхий сэтгэлээ засаж байна даа гэж ойлгох уу, өө нэг муу архичин л байна гэж харах уу гэдэг үзэгчээс шалтгаалдаг. Ингэж ойлго гэж тулгах боломж байдаггүй. Хам утга, логикоор нь хөөгөөд бодвол яагаад ууж байгаа шалтгаан нь тодорно. Хар усанд толгойгоо мэдүүлээд худраад явна уу? Хавчигдаж, шахагдаж, аргаа барсандаа гутрал гунигаа түр мартах гэж хүртэж байна уу?
Хоёрдугаарт, Нацагдорж ер нь амьдрал дээр архи гээч идээнээс их зайдуу хүн байсан уу, үгүй юү гэдэг асуудал гарч ирнэ. Үүнд баримтаар хариулна. Д.Нацагдоржийн мөрдөн байцаалтын мэдүүлгүүд бий. Төв архивд байгаа 8006/4 тоот хавтаст хэргийн 54, 55, 56 хуудаснаа буй зүйлд Д.Нацагдоржийг Д.Намдаг, Найрсаны Галон нарын хамт барьж хорьсон тухай тэмдэглээд, “1932 оны 5 сарын 20. Нацагдоржоос анхны мэдүүлгээс хойш 1932 оны 9 сарын 22-ныг хүртэл авсан найман мэдүүлэгт Д.Нацагдорж бээр хэд хэдэн удаа “Хийсэн хэрэг хэмээвээс нөхөдтэй нийлж, архи ууж наргисан удаа олон амой. Улс төрийг эсэргүүцсэн яриа ба хурлыг ер хийсэнгүй” гэх мэтээр байцаалтад мэдүүлсэн буй. Өөр олон хүний дурсамжаар ч мөн батлагддаг. Жишээ нь, академич Б.Ринчен дурсамждаа “Архи уудаг болсноос хойш манай авгайн үнэртэй усыг хүртэл хүртчихдэг болсон. Манай хашаанд байдаг орос чавганц “Өнгөрсөн шөнө хүн хаалга балбаад “Архи байна уу?” гэж нэхлээ. Хаалгаа тайлж өгсөнгүй, хөөгөөд явуулчихлаа” гэж хэлсэн. Ажилдаа ирвэл “Жийдан Хуушаан үхнээ” гэцгээсэн. Архинаас болж ийм нэр хоч авсан юмсан” гээд, Жийдан Хуушаан хэмээх хоч нэрийнх нь талаар “Боржигон Нацагдоржийг бид Хуушаан гэж тэр үеийн монгол уншигч олонд их алдартай Жийдаан Хуушаан гэдэг архинд дуртай нэг зохиолын баатрын нэрээр нэрлэдэг юмсан. Бид хоёр Шинжлэх ухааны хүрээлэнгийн дуун ухааны тасагт нэг тасалгаанд хоёулаа сууж ажиллахдаа...” гэсэн байдаг. Утга зохиолч судлаач доктор С.Билигсайхан агсан Нацагдоржийн тухай “Энэ үед төрсөн авьяастнууд маш хүнд амьдралыг туулсан даа. Д.Нацагдорж л гэхэд хавчигдан зовж гучин хэдхэн насалсан. Тэр 37 онд их баривчилгаа эхлэхээс хоёр гурван сарын өмнө “Би энд байх юм бол хамгийн түрүүнд баригдана. Тийм учраас архи уугаад тэнэж явъя даа. Архи уугаад гудамжинд тэнэж яваа хүнийг ямар хүн гэж тоож барьж авах юм” гэснийг нь эшилсэн байдаг. Ахмад зохиолч Өөлдийн Чимид гуай “Орос эхнэр нь Нацагдоржийн архи уухыг хориглоход үгэнд нь тэр дуртайяа орж, мөн эxнэp нь түүний олсон цалин мөнгийг гардан хадгалж илүү зардалд үрүүлэхгүй арвилах хэмнэх зэргээр гэрийн аж амьдралыг засаж сайжруулж байлаа. Гэтэл 1936 онд Д.Нацагдоржийн орос эхнэрийг гэнэт албадан салгаж нутагт нь явуулснаас хойш тэрбээр үргэлжийн гунигт байдалд орж царай зүс алдаж согтууран явах болсон зэргийг сонсож миний бие нэгэн өдөр гэpт нь очвол ганцаар маш уруу царайтай гөлрөн сyyж байхад нь мэндэлж гар барилцан суусны дараа Д.Нацагдорж “Нөхөр чинь эхнэрээсээ амьдын хагaцал болсныг та сонссон биз” гээд өөр юм төдийлөн ярьсангүй алмайран гуньсан байж билээ” гэж дурссан байдаг. Гэх мэтчилэн биеэр уулзан учирч явсан хүмүүсийн бичээд үлдээсэн зүйлс байна. Энэ баримт сэлтэд л баригдаж тэгж харуулсан юм болов уу? Баримтуудыг нүдээ аниад тоохгүй өнгөрч болохгүй. Заавал авч хэлэлцэх ёстой. Тоохгүй өнгөрчихөөр энэ хүний цөхөрч гутарч туулсан үнэн бичээстэй байхад дээгүүр нь алхаад гарчихсан хэрэг болно. Хайрлаж дээдэлдэг хүмүүсээ бид зөвхөн сайн сайхнаар, өөгүй ариухнаар өөрийн дотроо залахыг хүсдэг. Гэтэл хүн гэдэг хүний амьдрал гэдэг Занабазарын урласан дарь эх биш. Хүний амьдралын түүх алагтай эрээнтэй. Аль алийг нь хүлээн зөвшөөрөх нь өөртөө ч тэр, цаад хүндээ ч шударга хандаж буй явдал гэж би боддог. Шүлэг бичиж суугаа нь л манай Нацаг мөн. Гуниж гутарч яваа нь Нацаг биш гэвэл дэндүү балмад бүдүүлэг хандлага юм. Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш гэлээ гэгчээр туг барьж мандаж явсан нь ч Нацаг мөн, тугал хариулж гундсан нь ч мөн. “Би энд байх юм бол хамгийн түрүүнд баригдана. Тийм учраас архи уугаад тэнэж явъя даа. Архи уугаад гудамжинд тэнэж яваа хүнийг ямар хүн гэж тоож барьж авах юм” гэж баригдаж хэлмэгдэхээс өөрийгөө хамгаалахын төлөө ингэж яваа нь Нацаг биш гэж туулсныг нь туулаагүй, уусныг нь уугаагүй болгож мэлзвэл бид ахиад ч энэ хүнийг хэлмэгдүүлж байгаа хэрэг бус уу. Гэхдээ ингэж харуулах зорилго нь юу юм бэ? Архичин болгох юм уу? Үгүй шүү дээ, энэ хүнийг ийм байдал руу түлхсэн цаад буруутнуудыг жигшээсэй. Хүнийг хэлмэгдүүлж, гүтгэж, сэтгэлээр нь алах ямар аймшигтайг, ямар хортойг ойлгоосой. Сургамж аваасай. Бахархуулах гэж биш сургамж өгөх гэж түүх байдаг гэж боддог. Ялангуяа энэ хоёрын түүх энэ хэлмэгдүүлэлтийн түүх бидний багш. Бид энэ түүхээсээ суралцууштай. Хэлмэгдүүлэлт ганцхан 1937 онд л болоод өнгөрсөн юм шиг ойлгоод байдаг. Миний бодоход 1937 он оргил нь. Түүнээс өмнөх Данзан, Баваасан нарын хэрэг ч мөн. Энэ Нацагдорж, Намдаг эднийх ч мөн. Хүн амынхаа 8-13 хувийг алсан гэдэг. Мянгаар тоологдох сүм хийдээ нураасан гэдэг. Тэр хохирол хэдэн жил өнгөрөөд ч нөхөгдөхгүйг давхар ойлгоосой. Эргэж сэргээх ямар хэцүүг бид нар одоо туулж байна. Батцагаан гэж нэг дуган барилаа. Монгол багш хэргийн тул алдрыг өгүүлэхэд Д.Жавзандорж нэрт нэг лхаарамбатай боллоо. Сүүлийн гучин хэдэн жилийн хугацаанд бид хичээгээд шүү дээ. Тэр үед ийм дуган хэд байсан бол. Лхаарамба, гавжууд хэд байсан бол. Энэ бүхэн нөхөгдөхүйеэ бэрх. Буяннэмэх, Нацагдорж шиг үндэсний нэг сэхээтэнтэй болж амжив уу? Тийм сайхан сэхээтнээ гүжирдэж гүтгээд ийм болгосон шүү гэж л амьхандаа харуулах гэсэн хэрэг.
За тэгээд эцэст нь хэлэхэд энэ Нацагдоржийн тухай кино биш, Пагмадуламын тухай кино. Нацагдорж зохиолч бичгийн хүн гэхээсээ илүүтэй хань ижлээсээ хагацсан, хавчигдаж гүтгэгдэж яваа хувь хүн талыг нь илүү гаргая гэсэн санаачлага, чиглэлийг ч бидэнд өгсөн. Зохиолын явцын уншилт хурал хуй дээр Пагмаас гол дүрийг булаагаад Нацагийн тухай кино болчих гээд байгааг, аль болох дарж л тоглуулах хэрэгтэй байна гэсэн санал шүүмж, чиглэл дандаа гарч байсан. Арга байхгүй монгол хүн бүрийн мэддэг зохиолч учраас энэ дүр дээр жаахан тоглолт, үүрэг нэмчихээр л Пагма “харагдахаа” больчих гээд байж л дээ. Нацагийн дүрийг аль боломжийн хэрээр багасгаж, буруулж баймаажин Пагма наашаа гарч ирнэ гэсэн зөвлөгөөг найруулагчийн багаас байнга анхааруулдаг байж билээ. Бусдаар ч Нацагдоржийг бичиг номын их сэхээтэн болгож харуулах шиг амархан юм юу байх вэ. Харуулахын ч хэрэггүй бүгд л мэднэ дээ, ер нь. Гэтэл энэ чинь Пагмадуламын тухай кино шүү дээ.
-Кинонд үзүүлсэн Пагмадулам Нацагдорж хоёрын Маймаа буюу Амгаланбаатар хотод хятад жүжиг үзэж буй болон Хятадын уран зохиолын талаар ярилцаж буй сцен шүүмжлэлийн баримт, Мө.Батбаяр Та хятад хэлнээс утга зохиолын орчуулагч хийдгийнхээ хувиар “зөөлөн хүчний бодлоготон” хэмээгдэх нэгэн сэжүүр боллоо. Ер нь Та өмнөд хөршид боловсорч, хэл соёлын мэргэжил эзэмшсэнийхээ хувьд БНХАУ-аас олон улсад явуулж буй зөөлөн хүчний бодлогын талаар юу хэлэхсэн бол?
-Пагмадулам өрнө дорнын тэгш боловсролтой. Өрнө дорнын хос хэлтэй эмэгтэй байсан. Өрнө нь ингээд Орос, Германд сурч байснаас нь хангалттай харагдана, нөгөө тал нь алга байна. Тэр талыг нь бас харуулмаар байна гэсэн санал, шаардлагыг Золзаяа зохиолч бид хоёрт тавьж байсан. Пагмадулам бол Маймаа хотын уугуул хүн. Маймаа хот бол тухайн үеийн Хүрээний China-town. Хятадууд голдуу төвлөн суудаг. Богдын хүрээ хааш нүүнэ, худалдаачин, наймаачин хятадууд дагаад нүүж явдаг. Богдын хүрээ хаа бууна тэндээс салхины зүүн доод талд, 8-10 км газарт ч билүү эд нар буудаг журамтай байсан гэх яриа байдаг. Богдын шар ордон одоогийн “Новотел” орчимд буурь хатгахад эд зүүн доод талд буюу одоогийн Амгаланд буусан нь тэр байх. Гэсэр, Дарь -Эх зэрэг долоон сүмтэй олон мянган хүн амтай хот байсан бололтой юм билээ. Одоо хоёр багана л үлдсэн байх. Гэсэрийн сүмд хятад ший тоглодог, хятадуудын уламжлалт элдэв бусын баяр наадам юмнууд болдог байсан гэдэг. Пагмадулам Маймаа хотын хүн учраас хятадуудын дунд хэл соёлд нь ойрхон өссөнийг нь бодсон ч тэр, Б.Ринчен гуай “Пагмадулам хятад хэлтэй, боловсролтой бүсгүй байсан” гэж дурдсан байдгийг ч харгалзаад, за тэр нэхээд байгаа Дорно дахины хэл соёлтой байсныг үүгээр дамжуулан харуулж болох дог гэж ярилцаж байв. Тэгээд баримт материал уншаад сууж байтал жанжин Сүхбаатарын дэмжлэгээр, цэргийн газрын дэргэд 1921 онд “Бүх Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн жүжгийн хүрээлэн” нэртэй газар 30 гаруй гишүүнтэйгээр байгуулагдаж. Тэр цаг дор Цэргийн яамнаа бичээч байсан Нацагдорж шинэ бий болсон тэр жүжгийн хүрээлэнгийн анхны гишүүдийг нэг байсныг олж мэдэв. Тэдний уран сайхны бүлгэмийнхэн 1922 онд “Тансан ламын баруун этгээдэд зорчсон нь” романаас хэсэгчлэн жүжиг тавьжээ. Тансан ламд Л.Дамдинбазар, Сүн Ү Күн-д Түмэнбаяр гарчээ. Харин Шавь гахайд нэрт жүжигчин Ч.Лувсансодном тоглосон гэдэг. Намайг худал ярьж байна гэж бодож байвал, эсвэл энэ тухай дэлгэрэнгүй уншъя гэвэл урлаг судлаач Н.Ганхуягийн “Нэрт жүжигчин Чүлтэмийн Лувсансодномын жүжиглэхүйн арга барилын онцлог” гэж өгүүллийг уншиж болно.
1922 он бол Нацаг, Пагма хоёрын ид ойртон дотносож нэг гэрт орж байсан сайхан үе байдаг. Нацаг дотор нь ажиллаж байгаа бүлгэмээс тавьсан тус жүжгийг дурлалт бүсгүйтэйгээ үзсэн байг. Нацагтаа дарагдчих гээд байгаа Пагмыг энэ талын хэл соёлыг Нацагаас ч илүү мэдэж буйгаар харуулж орхиё гэж шийдэв. Наад Пагма чинь дутуугүй эрдэмтэй байсан хүн шүү гэж чихэн дээр хонх уяад л байгаад нь бас тааруулж байгаа ухаантай. Бас мань хоёр 23 онд хойш явахаасаа өмнө Дорнын сонгодог бүтээлтэй аль тэртээ хориод онд танилцчихсан догь амьтад байсныг нь үзүүлчих санаатай. Нацагийн ажиллаж байсан жүжгийн бүлгэмийн түүх ч давхар дурдагдаад, нэхээд байгаа Пагмадуламын өрнө дорнын тэгш эрдэм мэдлэг, хэл ус нь ч үүгээр дамжиж хэлэгдээд болж байна. Хэдий ороо бусгаа цаг үед ч гэлээ жүжиг үзээд, мэдсэн дуулснаа ярилцаад болзож яваа сэхээлэг хосууд болгож нөгөө хоёроо ч харуулаад тун догь санаа гэж найруулагч, төсөл, зөвлөлийн багийнхан зөвшөөрч байв даа. Хүмүүсийн улангасан гүтгээд байгаа шиг би ганцаараа шийдэхгүй шүү дээ. Би нэгдүгээрт туслах зохиолч. Дэргэд байгаа туршлагатай зохиолчийнхоо амыг харна. Найруулагчийн баг, зураач, зураглаачийн баг, төслийн багийнхан гэж байна. Эцсийн шийдийг зохиолчид гаргадаггүй. Бид нарт ч бас давж болохгүй цагаан шугам бий. Захиалагч тал бас санаа оноогоо хэлнэ. Би гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж тэр санаа оноог нь шингээнэ. Пагмыг өрнө дорнын тэгш боловсролтой гэж харуулмаар байна гэсэн бол бид гүйцэтгэнэ. Заа даа энэ талаар ингэж нурших хэрэг байна уу даа, уг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Иймэрхүү энгийн зүйлийг хэлээгүй байхад ойлгохгүй бол хэлээд ч ойлгохгүй л болов уу.
Зөөлөн хүчний бодлого гэдэг товчхондоо хатуу хүч буюу цэрэг, эдийн засгийн шахалт дарамт зэргийн эсрэг арга замыг тодорхойлсон ойлголт шүү дээ. Орчин үед энэ нэр томъёо улс төр, эдийн засаг, соёл, боловсролын бодлогоор улс орнууд аль зэрэг нөлөөтэй байгаагийн хэмжүүр болдог. Brand Finance компанийн гаргасан “Дэлхийн зөөлөн хүчний индекс 2024” тайланд зөөлөн хүчний бодлогоороо АНУ тэргүүлж, Их Британи удаалж байх жишээтэй. Тус судалгаанд НҮБ-ын гишүүн 193 улсыг хамруулсан дотор манай улс ч хамрагдсан байна. Тэгэхээр энэ “Зөөлөн хүчний бодлого” гээч зүйл улс орон бүхэнд байдаг гэдгийг эхлээд ойлгох ёстой. Жишээ нь Америкийн зөөлөн хүчний гол бодлого нь соёл, боловсрол, ардчилал, хүний эрх, олон улсад үзүүлж буй тусламж, эдийн засгийн хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхийд нөлөөгөө нэмэгдүүлж байдаг. Бидний өдөр тутам тогтмол ашигладаг Youtube, Facebook, Netflix зэрэг платформ соёлын нөлөөнийх нь нэг хэлбэр мөн шүү дээ. Холливудын кино, Google, Apple ч мөн үү гэвэл мөн. Түүгээр дамжуулж Америк маягийн амьдралын хэв маяг, үнэт зүйлсийг сурталчилж, мэдээллээ дамжуулах, урсгалыг нь хянах гол сүлжээгээ болгодог. АНУ засаглал санал болгож ардчилал, хүний эрхийг дэмжих бодлого хэрэгжүүлж, бусад оронд энэ үнэт зүйлсийг тогтоохыг зорьдог. Санал болгосон засаглалыг нь хүлээн зөвшөөрсний хариуд санхүүгийн тусламж олгож, төсөл хэрэгжүүлж, худалдаа хөрөнгө оруулалт санал болгож, боловсрол соёлын хамтын ажиллагаанд оролцох боломжтой болно. АНУ-д өдгөө дунджаар 30.000 орчим монгол хүн байна. Энэ бол товчхондоо АНУ засаглалыг хүлээн авсны, ардчилал, эрх чөлөө, хүний эрх зэрэг үнэт зүйлээрээ нэгдсэний үр дүн гэж болно. Нөгөө талаар Америкийн зөөлөн хүчний бодлого манайд амжилттай хэрэгжиж буйн илрэл. Зөөлөн хүчний бодлого ингэж хэрэгжлээ гээд бид нар хохироод л, сүйрээд л, мөхлийн ирмэгтээ тулчихсан уу гэвэл үгүй. Өөр тод жишээ Солонгос улс байна. Hallyu буюу Солонгосын давалгаа гэж нэршил бий. К-драма, К-поп гэдэг ч юм уу, бид гадаа алхаж явахдаа чихэвчээр BTS, Blanckpink-ийг сонсож, гэртээ орж ирээд Squid Game, эсвэл Жангумыг үзэж, солонгос хувцас өмсөж, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, солонгос хоолонд орж, Солонгос руу виз мэдүүлж, Солонгосын зөөлөн хүчний бодлогын давалгаатай өдөр тутам тулгарч байгаа хэрэг. Солонгосын бодлого ингэж хэрэгжлээ гээд монголчууд бүгд Солонгост хайртай болоод, хэлээ мартаад солонгос хүн болчихсон уу гэвэл үгүй. Бид тэнд ажил хөдөлмөр эрхэлж амьдрал ахуйгаа өөд татаж, тэнд суралцаж дэлхийн мэдлэгтэй танилцаж, тийш явж эмчлүүлж эрүүл саруул болсон гээд үр өгөөжөө өгсөн талууд ч байдаг. Товчхондоо зөөлөн хүчний бодлого гэж иймэрхүү л ойлголт гэж би үздэг. Би яг энэ талын судлаач, үүгээр мэргэшсэн хүн биш учраас өөрийн андуу ч байж мэдэх ойлголтоор л хариулж буй хэрэг. Товчхон, хар үгээр хэлбэл дэлхийн улс орнууд хотын дээрээс бөмбөгдөөд л, хотоор нь бүсэлж байгаад алж талаад байдгаа больцгооё оо. Олон улсын эрхзүйн хэм хэмжээгээ баримталж жижиг буурай гэлтгүй улсуудын газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал зэргийг хүндэтгэн үздэг байя гэж цэрэг зэвсгээр шийддэг энэ хатуу хүчийг эсэргүүцэж гарч ирсэн бодлогыг зөөлөн хүч гээд байгаа.
За одоо тэгвэл Хятадын зөөлөн хүчний бодлогын хамгийн ойрын жишээ. Нэг бүс нэг зам /一带一路/ гэдэг үгийг бид сүүлийн арваад жил олонтаа сонссон болов уу? Энэ ямар учиртай юм. Зам тавьж байгаад танк оруулъя гээд байгаа юм уу? Юуг хэлээд байгаа вэ гэдгээс яриагаа эхэлье. Ши Жинпинь тэргүүлэгчээр сонгогдсоныхоо дараахан 2013 онд энэ стратегийн том бодлогыг дэвшүүлсэн. Хятад улс дотроо бол стратеги гэж нэрлэдэг. Олон улсад “Нэг бүс- Нэг зам” санаачлага гэсэн нэрээр явж байгаа. Хятадын уураг тархи гэгддэг, “Хятадын Хантингтон” ч гэгддэг өнөөгийн Хятадын Улс төрийн зөвлөлдөх хорооны дарга Ван Хунин үзэл баримтлалыг нь боловсруулсан. Нэг талаараа барууны даяаршлыг шүүмжилж, АНУ-ын нөлөөллийн эсрэг гаргаж ирсэн бодлого гэж болно. Олон улсын худалдааны ихэнх хэсэг далайн тээврээр явж, ашиг шимийг нь далайд гарцтай, тэнгисийн гүрнүүд хүртэж байна. Далайгаас алс, эх газрын улсуудад хүртээлгүй байна гэж үзсэн. Ингээд “Нэг бүс нэг зам” Европ, Ази, Африк тивийн нийт 64 орныг дэд бүтцээр холбох замаар худалдааг өрнүүлье гэж эхлүүлсэн глобал төсөл. Хятадаас гарч буй эдийн засгийн зургаан коридорын нэг нь манайхаар дайрч байна. За энэ төслийн хүрээнд Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомт Хятадын буцалтгүй тусламжаар баригдсан. Хятадын барьсан юм гээд л сэжиглээд л орохгүй тойрч зугтаад байгаа хүн одоогоор гараагүй л байх. Энэ бүхэн Хятадын зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг мөн үү гэвэл мөн. Нэг бүс-Нэг зам санаачлагын бодлоготой манай улс төмөр зам, авто замын хөгжлийн бодлогоо уялдуулаад явъя гэж зөвшөөрснийг Хятадын зөөлөн хүчний бодлогыг дэмжиж байна, нэвтрүүлж байна гээд дайраад байх утгагүй биз дээ.
Өөр бидний сайн мэдэх жишээ гэвэл Күнзийн институт байна. Хятад соёл, хэл, боловсролыг дэлхий даяар түгээх зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлэгч албан ёсны байгууллага нь мөн гэдгийг эсэргүүцэх хүн байхгүй байх гэж бодож байна. Хятад соёлыг олон улсад сурталчлах, соёл боловсролын салбарт харилцаагаа өргөжүүлэх, гадаад улс орнуудад хятад хэлний сургалт явуулах, гадаад оюутнуудад тэтгэлэг олгож боловсролын солилцоо явуулах үүрэгтэй газар. Энэ төв зөвхөн манайд ажиллаад байгаа юм уу гэвэл үгүй. 2004 онд Сөүл хотод дэлхийн анхны Күнзийн институт үүдээ нээснээс хойш 162 улсын газар нутагт, 561 Күнзийн институт, 1.110 Күнзийн танхим ажилладаг юм байна. Манайд МУИС-ийн дэргэд, Ховд их сургуулийн дэргэд энэ төв ажиллаж байна. Тэнд олон хүмүүс хамрагдан суралцаж, тэтгэлэг авч, олон хөтөлбөрт оролцдог юм байна. Тэр бүх хүмүүс бидний бодоод байгаа шиг зөөлөн хүчний бодлого дэмжээд л хэрэгжүүлээд л, эх орноосоо урваад л уусаад л явдаг уу гэвэл бас л үгүй. Мэдээж урлаг, кино, ном зохиол зэрэг мөн орно. Хэний санхүүжилт, аль улсын бодлого төслийн хүрээнд манайд гарч байна вэ, эсвэл хувь уран бүтээлчдийн сонголтоор гарч байна уу гэдгээрээ ялгаатай. Би номынхоо орчуулгыг Нэпко, Тагтаа, Анд зэрэг хэвлэлийн газрын саналаар, энэ газруудтай би өөрөө гэрээлэн хийсэн. Өмч, эрх нь энэ газруудынх. Намайг нэг урд талын хэвлэлийн хороотой хамтраад л наашаа юм орчуулаад л мөнгө олоод суугаа хүн шиг ярьцгаах юм. Би манай хэвлэлийн газруудын сонгож, санал болгосон номоос сэтгэлд нийцсэн бүтээлийг орчуулна. Таг арилжааны юм орчуулуулах гэвэл татгалзана.
Улс орон болгон өөрийн нөлөөгөө тэлэх гэж бодлого явуулна. Түүний нэг нь тэтгэлэгт хөтөлбөр. Түүний үрээр олон монгол залуус эрдэм өвөртөлж ирж буй нь сайн хэрэг. Хөөрхий нэг монгол хөвгүүд охид гаднаас тэтгэлэг аваад, эцэг эхийнхээ халаас руу өнгийхгүй сураад ирвэл сайн л биз дээ. Тийм хүмүүсээ бид Францад сураад ирснийг нь Францын тагнуул гээд, Солонгост сурсныг нь Солонгосынх, Японд сурсан нь Японы бодлого хэрэгжүүлэгч, Хятадад сурвал Хятадын тагнуул гээд өөрсдөөр нь нүхийг нь ухуулж байгаад бүгдийг нь буудъя гэж байгаа юм уу? Бидэнд түүхийн ийм алдаа багадсан гэж үү? Бэлээхэн жишээ нь сур гэж явуулаад буцааж дуудаж авч ирээд барууны тагнуул гэж барьж хорьсон Нацаг, Пагма хоёр биш гэж үү? Уг нь хэлмэгдүүлэх гэж ямар бузар булай юм байдгийг ойлгоосой гэж бодсон чинь эргээд би өөрөө “тагнуул” гэж гүтгэгдээд явж байх. Инээдтэй ч юм. Ингээд захын нохойд хүртэл өөрийгөө мэдэгдчихсэн явж байдаг лойчихсон тагнуул ч гэж юу байхав.
Орчин үед хүүхэд залуучууд, ач зээ нар чинь улам олон хэлтэй болж, улам олноороо гадагшаа явж сурч байна. Энэ үед нийгэм яагаад ийм нэгнээ сурсан улс, хэлээс нь болж шууд гүтгэдэг хөрс одоо ч байж байдагт харамсаж байна. Өнөөдөр, хойчийн өдөр хэний чинь ч үр хүүхдийг тойрохгүй гэхийн эцэсгүй. Хэлмэгдүүлэлт гэхээр тууж авч яваад буудахыг ганцхан хэлдэггүй. Ямар ч баримтгүйгээр шууд бодлого хэрэгжүүлэгч, тагнуул гэж дайрч байгаа нь ч хэлмэгдүүлэлт. Намайг тагнуулаар томилсон тамга тэмдэгтэй тушаал юм байдаг бол гаргаж ирээд үүнийгээ батлах хэрэгтэй. Би өөрийгөө хэлмэгдсэн уран бүтээлч мөн үү гэвэл мөн гэж хэлнэ.
-Хөрш, тэгээд хүний олон, хөрөнгийн түрлэгээрээ дэлхийг сэрэмжлүүлж байгаа гүрэн гэдгээр нь бид хятад соёлд хэрхэн хандвал зохилтой гэж боддог вэ?
-Ухаанаа уралдуулах, уран нүүдэл бодож олох. Тэгэхийн тулд бидэнд юу хэрэгтэй гэж та бодож байна. Нийтээрээ мэдлэг боловсролтой болох шиг том дархлаа үгүй. Мэдлэг бол асар их хүч шүү дээ. Бусдаар ингэж дотроо хагарч, нэгнээ барьж идээд эхлэх нь тэдэнд бүр л ашигтай. Хилээ хаагаад буруу хараад сууж болох биш. Улсаа зөөгөөд аваад явж болох биш. Тэгэхээр шатар нүүхээс өөр аргагүй. Бодох бас дахин бодох. Тэгээд уран нүүдэл хийх.
Ер нь бусдын бодлогоос эмээж суухаар өөрснөө хүчтэй бодлоготой болмоор байна. Дэлхийн соёл иргэншлүүдийг таньж мэдэх хэрээр бид үндэсний хэл соёл, үзэл санаагаа ойлгон дээдэлж, хайрлан хамгаалж байдаг. Би боддог л юм, манай энэ зохиолчийн энэ энэ бүтээлийг орчуулбал манайхаас ингэж ингэж дэмжинэ ээ гээд л... Үгүй энэ Аюурзана, Буянзаяа өөр хэн байдаг юм зохиолчдоо гадагшаа танилцуулмаар байна. Үүн рүү чиглэсэн ямар бодлого байна вэ. Энэ жилийн Нобелийн шагналт Хан Ганыг хэрхэн бодлогоор дэмжиж дэлхийд танилцуулсан тухай Аюурзана ах бичсэн байсан, тэрийг ядаж олж уншаасай. Уг нь ганц гудамжны боржуур солих мөнгөөр л нэг зохиолчийн бүтээлийг дэлхийн олон хэл рүү орчуулаад гаргаад авч болно шүү дээ. Фонд үүсгээд л манай энэ энэ зохиолчийн ийм ийм бүтээлийг орчуулбал дэмжлэг олгоно гээд л болоо шүү дээ.
-“Пагмадулам” киноны туслах зохиолчоор ажилласандаа одоо харамсаж байна уу? Д.Нацагдорж, Д.Пагмадулам хоёрын хувь тавиланг амраг сэтгэлтний нь хувьд түлхүү үзүүлсэн энэ кино хойч үед Монголын уран зохиолыг үндэслэгчийг буруугаар ойлгох муу түүх үлдээж байна гэх хариуцлагыг киноны багаас нэн тэргүүнд Танд тулгасныг хүлээн авах уу? Сургамж юу байв?
-Харамсахгүй байна. Кино бол найруулагчаараа овоглож явдаг найруулагчийн бүтээл. Найруулагчийн тавилтаар олонд хүрдэг. Сургамж гэхээсээ олон зүйлийг ойлгож байна. Жүжгээ нээж, номоо хэвлүүлж амжилт бүтээлийн баяраа олуулаа хуваалцан хундага тулган инээж суух өдөр байхад гүтгэлэг хилсийн золиог ганцаар эдэлж суух өдөр ч байдгийг ойлгов. Амжилт олных алдаа ганцынх. Ялалтыг олуулаа тэмдэглэж, ялагдлыг ганцаараа үүрдэг гэдэг дээ. Одоо би хүмүүс яагаад архинд ордгийг ойлгож байна. Хүн яагаад амиа хорлож, өөрийн саналаар энэ амьдралаас татгалздгийг ойлгож байна. Хүн яагаад эх орноосоо дүрвэдгийг ойлгож байна. Ийм нөхцөл байдал хүний амьдралд тохиож болдгийг ойлгож байна. Бас энэ хуйларсан олон дунд эрүүл саруул ухаантай хүмүүс байгааг харав. Би энэ кинонд хятад хэлний орчуулагч болохоороо л ажилласан юм биш. Намайг зөвхөн орчуулагчаар харна гэвэл энэ миний уран зохиолын зөвхөн нэг тал. Би уран бүтээлийн намтраа товчхон танилцуулъя л даа. Сүүлийн долоо найман жил орчуулгын зургаан бүтээл, яруу найргийн дөрвөн түүвэр, эсээ найрууллын ном, нэг жүжиг, тэгээд энэ хамтарсан кино зохиол. За нэмээд дуучин Чойжоогийн “Од” Compass хамтлагийн “Аян” дууны шүлэг гээд дууны уран бүтээл ч мэр сэр хийв.
Би яруу найрагч, зохиолч гэдэг нэрийг яруу найраг, бүтээлээ туурвиж байж л олж хүртэх ёстой гэж боддог. Бас зах зээлтэйгээ шууд харилцаж бүтээлээ борлуулж шударга хөдөлмөрөөрөө амьдарна гэж хатуу итгэдэг. Шүлгийн уралдааны тайз руу үсэрч гараад ч юм уу, илүү амархан аргаар олж авч болох л байсан нэр. Би хүсээгүй. Зөвхөн хятад номоор дагнасан газар нээгээд л хүмүүсийн дайраад байгаа шиг жинхэнэ урдаасаа санхүүжээд сууя гэвэл болдог ч байх. Би хүсээгүй. Хятадын олон ангит кино орчуулаад амьдрах сонголт байж л байсан. Би хүсээгүй. Дэлхийн соёлт улс орнуудын иргэд үндэсний хэл бичгээрээ уншиж танилцсан, хүлээн зөвшөөрөгдсөн ганц хоёр зохиолчийн голлох бүтээлийг эх хэлрүүгээ л орчуулсан төдий. Дэлхийтэй хөл нийлүүлэн алхах гэдэг зөвхөн өнөөдөр худалдаанд гарсан iPhone-ийг нь маргааш нь барихыг хэлэхгүй. Солонгос, Япон хүүхэд залуусын өнөөдөр уншиж байгаатай зэрэгцээд уншиж танилцаж байгааг ч хэлнэ гэж боддог. Тэр бүү хэл нэг алхмын өмнө уншиж мэдсэнээрээ яваасай ч гэж боддог. Учир нь би уран зохиолын магистрын ангид урагшаа очиход ангийнхаа бусад орны залуусаас асар хол хоцорчихсон Ли Байгаас цааш нэг нэр мэдэхгүй амьтан. Орчин үеийн уран зохиолын багш ямар нэгэн зохиолч танилцуулаад асуухад солонгос, япон, франц оюутнууд бүгд л мэднэ, уншиж байсан, манайд орчуулагдсан гэхэд би ганцаараа бүлтгэнэж суудаг байв. Багш сүүлдээ “Танайд гарсан уу” гэж надаас асуухаа ч байсан. Эднийх угаасаа ойлгомжтой гэж боддог байсан биз. Өөр орны үеийн залуусын тав арван жилийн өмнө танилцчихсан зохиолчийн нэрийг би тэнд анх сонсож байв. Тийм ичгүүрийг би өөрөө туулсан учраас арав хорин жилээр хоцорч уншдаг энэ зай ойртоосой гэж хүсдэгтээ би орчуулдаг. Нэг үеэ бодоход ойртож ч байгаа. Одоо магад хаа нэгтээ сурч буй монгол залуугаас энэ жилийн Нобелийн шагналт зохиолчийг мэдэх үү гэж хэн нэгэн асуувал тийм ээ мэднэ, бүр шагнал авахаас нь өмнө манайд “Хөвгүүн ирлээ”, “Цагаан хоолтон” роман нь гарчихсан байсан гэж ам бардам хэлэх байх. Энэ бол манай ном хэвлэл, орчуулгын салбарт гарч буй ахиц ололт амжилт юм даа. Дэлхий дахины мэдлэгтэй зэрэгцэж алхаж чадвал л бид тэр чинээгээрээ өөрсдийгөө илүү сайн ойлгож, цаашид яаж хөгжихөө шийднэ. Оросоос айна, Хятадаас айна. Солонгос, Японоос айна. Бид туулай болоод хувирчихаагүй биз дээ? Энэ юуных вэ? Таньж мэдээгүй байгаагийнх. Яг л сар хиртэхээр Рах залгичихлаа гэж айж сандарч байгаа эртний хүмүүс шиг. Тэгэхээр манай залуус аль болох хоёр хөршөө давж гурав дахь улс орнууд руу суралцаж, энэ вакумаас гарах хэрэгтэй. Тэгвэл өөрснийхөө үнэ цэнийг ойлгож, өөрт байгаа сайн сайхан зүйлсээ илүү тод харна.
-Хятад хэлнээс ном зохиол орчуулдаг гэхээр Мө-г л мэдэх, энэ ажил чинь чамайг уншигчдад танилцуулсан байх л даа. Манай орны орчуулгын харилцаа, харилцааны түүхэнд тэр дундаа ихэд түгээмэл биш боловч хятад хэлнээс орчуулах нь нэлээд эртний сурвалжтай байх шүү?
-Хятад-Монголын орчуулгын харилцааг би “Амьдрахуй” гэж роман орчуулаад л эхлүүлчихсэн юм шиг муйхарлаж байна. Орчуулгын түүхэн харилцаа дан ганц уран зохиолын бүтээлийн тухай яриа биш эрүүл мэнд, улс төр, эдийн засаг, худалдааны гээд олон чиглэлээр эртнээс наашаа хөгжиж ирсэн. Өмнө ч байсан цаашид ч байна. Гүнжийн Сүхбаатар гуай “Ачлалт ном”-ыг орчуулан ерөнхийдөө сурах бичиг болгон хэрэглэж байжээ” гэсэн буй. Зарим судлаач “Ачлалт ном”-ыг манай тооллын 480 онд Нангиадаас монгол хэлэнд орчуулан ард олонд түгээн тархааж байжээ гэсэн нь бий. Одоо баттай мэдэгдэж буй хамгийн эртний бичгийн баримт гэвэл Сяньбийн үед хамаардаг гэдэг. Ингээд бодоод үзвэл мянган жилийн цаанаас наашаа энэ харилцааны түүх яригдах болж байна. Өгөдэй хаан 1234 онд байгуулсан “Төрийн хөвгүүдийн сургууль” -д хятад, монгол хэлтэй гарамгай эрдэмтэд хичээл зааж байсан гэдэг. Л.Хүрэлбаатар гуай “Монгол орчуулгын товчоон”-доо Хубилай хаан “Их суртахуй” буюу 大学 монголоор орчуулж дөрвөлжин үсгээр товхисон эхээр заасан тухай дурдсан бий. Хятаны үе, Их Монгол, Юань гүрний үе, Манжийн үе, Богд хаант Монгол Улсын үед энэ уламжлал тасарч байгаагүй. Харилцаа хүйтэрсэн хаалттай үед хүртэл Оросоос дамжуулаад орчуулж л байсан. Ч. Чимид, Б.Явуухулан нар Ли Бо гээд шүлгүүдийг нь орчуулж л байсан. “Буурал үст бүсгүй” гэж хятад зохиолыг Түмэнжаргал орчуулаад Ванган гуай найруулаад тавьж л байсан. Лү Синий бүтээлийг оросоор дамжуулаад монгол хэлэнд гаргаж л байсан байх жишээтэй. Орчин үеийн орчуулгын нэрт зүтгэлтэн гэвэл Д.Болдбаатар гуай байж байна. “Чонон сүлд”, “Мөрөн голын шулам хүүхэн”, “Гурван улсын үлгэр”, “Төвд банхар”, “Муухай хятад хүн” гэх зэрэг орчуулгуудаар нь бид мэднэ. Хятадын алдарт “Шүүмжлэл өгүүлэл”, “Хэв дундын ёсон”, “Их суртахуй”, “Мэнз” зэрэг “Дөрвөн бичиг”-ийг орчуулсан М.Чимэдцэеэ багш нараар энэ харилцааны тухай ярьвал та бид хоёрын цаг хүрэлцэхгүй байх. Аягүй л бол бас баахан хятад ном ярьлаа сурталчиллаа гээд дэвхцээд унана. Нээрэн шүү, энэ хоёр хүн орчуулгын түүхэн харилцааны талаар ярьж байна гэж ер нь л бол ойлгохгүй дээ. Нөгөө монгол хүний боддог, тунгаадаг, дотроо бодолтой доороо суурьтай энэ тэрийгээ бүр мартсан. Их тийм харалган, балмад, бүдүүлэг үндэстэн болж шүү, хэдүүлээ. Эсвэл угаасаа ийм байгаад сошиал медиагийн ачаар тэр нь ил болж байгаа ч юм уу?
-Мө.Батбаярыг Ховдынх л гэдэг. Танайхан ер нь ямар удам угсааны хүмүүс вэ?
-Би захчин хүн. Дэгрээ тамгатай. Ээжийн тал Жанаваг-да элкэнийхэн гэдэг. Захчины Бүгдийн даргын хошуу ноёноор нийт 11 хүн суусан. Анхных нь энэ Жанаваг гэж хүн гэдэг. Сүүлийнх нь Да ноён Боохийн Самбуу. Жанаваг Да-гийн хойчис энэ элкэнийхэн гэж ярьдаг. Захчины хойд хошууныхныг "Уг дагадаггүй утаа дагадаг" гэж ярьдаг юм гэсэн. Учир нь юу гэхээр ноёны хүү залгаж ноён суудаггүй дараагийн ноёноо дотроосоо санал өгч сонгодог байснаас тэр юм гэнэ билээ. Аавын тал олон үеэрээ тэр нутаг хошуунд амьдарсан малчин улс. Гайхалтай сайхан газар орон шүү миний нутаг. Тэр нутаг ус, ард зоны ахуй амьдралын тухай заавал бичнэ. Зохиолчийг нутаг ус бүтээж, зохиолч нутаг усаа бүтээлдээ ахиан бүтээдэг гэдэг. Тийм бүтээлээр уулзахын ерөөл талбия.