Уран зохиолд шимтэгч уншигчдадаа зохиолч, СУИС-ийн Утга зохиолын багш Сайнбилэгийн Баатарцогтын шинэ бүтээл "Нурам" өгүүллэгийг хуваалцаж байна. Тэрбээр “Салхины үүсэл” /2016/ жүжгийн түүвэр, “Цохилж эхлэв” (хамтын бүтээл) өгүүллэгийн түүвэр, “Цасан хуй” /2022/ тууж, "Нохойн жиг" /2023/ тууж хэвлүүлсэн бөгөөд Тагтаа утга зохиолын шагналын хүүрнэл зохиолын төрөлд “Мартагдсан он жилүүдээс урсан ирэх аялгуу” өгүүллэгээрээ шилдэг оролцогчоор шалгарч байсан билээ.
Сайнбилэгийн Баатарцогт
НУРАМ
Үүр цүүрээр түгшүүрийн дохио таван минутын зайтай гурвантаа дуугарав. Дуугарав гэсэн үгийн оронд уртаар гааруулан улив гэж хэлсэн ч болохоор чихэнд сонсголгүй, айдас түгшүүр тэр дорхноо сумын нам гүм шөнийг үргээж, хүн бүрийн дотрыг зарсхийлгэж, амтат зүүднээс нь сэрээлээ. Эхний дуут дохиогоор сумын төвийн албан хаагчид, сонор соргог (сониуч), хурдан шаламгай хүмүүс орноосоо үсрэн босож, хувцсаа хам хум өмсөөд гэрээсээ гарлаа. Дараагийн түгшүүрийн дохионы сүрт чимээгээр жирийн иргэд хар хурдаараа биш ч гайхаж балмагдсан царай төрхтэй, хашааныхаа үүдэнд эргэн тойрноо ажиглана. Харин удаах дохио хангинаж дуусахтай зэрэгцэн Тунамал долоон шивээний цаана амьдрах Хуягаа найзындаа амьсгаагаа оволзуулсаар орж амжлаа. Хүүгийн аав нь сумын цагдаа бөгөөд аавыгаа дуурайсан хурдан шаламгай, цовоо цолгиун. Аливаад хүүхдийн сониуч зан, аавынхаа ажил хэрэгч байдал хоёрыг хослуулж байхыг Хуягаа найз нь бишгүй дээ харжээ. Гурвантаа дуугарах ахуйд хөгшид, хүүхдүүд гэнэтийн аюулаас сэргийлж, цөм гэрээсээ гарлаа. Тэднийд ороход Хуягаа толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрчихсөн унтаж буй хуурмаг дүр үзүүлнэ. Найзыгаа сонирхолтой адал явдалд хөтлөхийн тулд толгой дээгүүр нь нөмөрсөн даавуун хөнжлийг нь сөхөөд:
-Хөөе ээ, гадаа айлын байшин шатаж байна. Гараад харцгаая гэхэд сайрдаж, холцруутсан халтар царай, хонин шар нүдээ түүнээс нууж, хөнжлөө эргэн нөмрөөд:
-Гал гарч л байдаг шүү дээ гэв.
-Үгүй ээ, өмнөх өмнөхөөсөө илүү сүртэй. Байшин бүтнээрээ шатаж байна.
-Тэгээд ч удахгүй унтраачихна.
-Тийм зүйл болохгүй. Унтрааж дийлэхээсээ нэгэнтээ өнгөрсөн.
-Хэнийх вэ?
-Хоёулангийнх нь өчигдөрхөн танилцсан Данзан өвгөний байшин.
-Тийм үү! гээд туранхай бор хөлөөрөө хөнжлөө доош нь хуу жийгээд орноосоо ухасхийгээд бослоо. Дөрвөлжилж эвхсэн хувцаснуудаа дахиж хэзээ ч өмсөхгүй юм шиг таарсан зүг рүү чулуудаж байснаа цагаан судалтай тамирын хослолоо сонгов. Тунамал:
-Галыг унтрааж чадахгүй бол сумын төвийн айлууд тэр чигээрээ шатаж магадгүй гэж аав хэлсэн. Юуны магад гэрээсээ хэрэгтэй гэсэн юмаа эртхэн аваарай гэхэд Хуягаа тэр дороо юу авах талаараа эргэцүүлж байснаа үнэ хөлс өгч хэд хоногийн өмнө мужаан ахаараа тахир махирдуу цавчуулсан хуш модон сэлмээ авлаа. Түүний үйлдэл бүрийг ажиглаж зогссон Тунамал:
-Би ч гэсэн хамгийн хол тусдаг сумаа авчихсан гээд гартаа барьсан хөнгөн цагаанаар үзүүр хэсэгт нь хүндрүүлэгч хийсэн нарийхан цагаан сумаа дээш өргөж харуулав. Тэгээд ч бидэнд Данзан өвгөн шиг үнэ хаясан өөр үнэт зүйл байх биш дээ гэв. Ийнхүү ярилцсаар гэрээсээ гарахын үед Хуягаагийн эмээ алгаа хавсарч, чөлөө завгүй бурхан тахилдаа сунаж мөргөхийг хоёул ажигласан боловч үл хайхарна. Гадаа хүмүүс хүрз, томхон гэсэн сав суулгаа бариад гал гарсан зүг рүү гүйлдэцгээнэ. Эхний дохионоор очсон хүмүүс аль хэзээний цахилгаан худгаас ус зөөгөөд нааш цаашаа эрчимтэй хөдөлгөөнд оржээ. Үнэгэн харанхуйг галын дөл хөөчих шиг буйдхан суманд үүр манхайтал цайлаа. Эргэн тойрон уул усаараа хүрээлэгдсэн агаад муу сайн бүхнийгээ уул усандаа шингээдэг гэмээр хосгүй үзэсгэлэнт, өнгө төгөлдөр. Төв хэсгээрээ Бүлээн хошууны голыг эмжин улиас, бургас түлхүү ургадаг юм. Нутгийн хүмүүс этгээд нууцлаг, эв хавгүй бүдүүн баараг. Эргэх цагийн хөгжилд хөтлөхдөө төрөлх зангаа гээгээгүй ч юм уу? Хязгаар нутгаасаа хол явж үзээгүй ч юм уу? Тэднээс ихээ эртний сайхан сэтгэл ханхалж, аар саар зүйлд ач холбогдол өгөх явцуу зан түрэмгийлнэ. Голын тохой, уулын суга хэсэгхэн чөлөө бараадаж, хоорондоо таширлаж хашаа хатгасан айлууд, өтгөн шигүү модод шигээ бие биеийнхээ элгэнд шигдсэн гэмээр зүү орох зайгүй газар нутгийнхаа хуниасанд баригдаж, шавааралдаж амьдарцгаана. Байгаль тэднийг эрхшээж эв түнжин, энх тунх амьдрахыг сануулах мэт багшралдуулжээ. Шил шилээ дарах өргөн, нарийн гудмууд. Гал түймэр, үер усны аюулд өртлөө гэхэд нэг айл сүйдээд өнгөрөхгүй хамтаараа хохирно. Иргэд хэзээний бэлэн байсан мэт аяглана. Хэзээ нэгэн цагт ирэх юм шиг болгоомжилно. Хэзээ ч сүйдэж үзээгүй мэт аашилцгаана. Учир нь үл олдох агаад зүг чиггүй аж төрцгөөнө. Үеийн үед ийм л байсаар ирсэн энэ нутгийнхан өнө хожмоо энэ л зангаараа хорвоог туулна.
Гадаа хаврын урь оржээ. Өнжүүл шар өвснүүд өглөөний тэнүүлч салхинд бөхөгнөнө. Хэдхэн хормын дотор сумын өлгийтэй хүүхэд, арчилгаа сувилгаанд байгаа хөгшдөөс бусад бүх хүмүүс нэгэн дор цугларав. Тунамал, Хуягааг дагуулаад шатаж буй байшингаас зүгээ буруулж, жилийн дөрвөн улиралд өдөр өнжилгүй тоглодог Шумбан толгойгоо чиглэн гүйлээ. Тэрхүү толгодоос бүх зүйл тов тодорхой харагдаж байлаа. Байшингийн хаалгыг дотроос нь түгжчихсэн гэмээр яаж ч хөшөөд онгойсонгүй. Хүмүүс эхэндээ галыг унтраах, байшин дотроос ганц ч гэсэн эд хогшлыг гаргахаар цонхыг нь хагалахад урдаас нь галаар тургина. Хувингаар ус цацах авч далай руу борооны дусал унах мэт жулдана. Усан, салхи хоёр түймрийг дэвэргэхээс хэтрэхгүй. Галын дөл согтуу хүний агсагнал шиг, галзуурсан чонын шүлс шиг үсчиж, цорволзоно. Данзан өвгөн өөрөө харагдахгүй бөгөөд бараа сураггүй. Хүмүүс дотроо шатаж гэцгээв. Зарим нэг сөргүү хүмүүс урьдынх шигээ ор мөргүй арилаад өгсөн биз гэцгээнэ. Гэсэн ч байшингаас ганц эд хогшил бүрэн бүтэн гаргахыг санаархавч яахан чадна. Өнжүүл шар өвсөнд газар шатахаас урьдчилан сэргийлж, хашааг тойруулаад сул шороо асгалаа. Ойролцоох хашааны хуучин банзнуудад гал авалцах магадгүй тул суга татаад холхон чулуудав. Гал байшингийн хар цаасыг дамнан урсахад халуун наранд хайлсан шоколадыг урт хэлээрээ долоох шиг улаан гал манасхийгээд бүчив. Дээвэрт хэсэгт битүү гал өрдөх юм чихчихсэн мэт галын эрч дээшлэх тусам улмаа нэмэгдэв. Хамар хашааны ойролцоох байшин руу галын дөл төөнөж эхэллээ. Хоорондоо дөрвөн метрийн зайтай. Дундуураа өөрсдийн эзэмшил газраа тусгаарласан хэдэн банз хатгасан төдий байжээ. Гэрийн эзэн байшингийнх нь булангаас гал төөнөж, эхний модод харлахад хамаг чангаараа бусдаас аврал эрэн хашхирлаа. Нэгэнтээ өнгөрсөн өвгөний байшинг зөнд нь орхиж, хажуу хашааны харалдаа байшин руу төөнөх галыг эерүүлэхээр тэмцэлдэнэ. Гал, хүн хоёр уур омог, ур ухаан хоёроо шавхах аж. Тунамалын аав дүрэмт хувцсаа өмссөн байх бөгөөд хүн бүрийг тус тусын ажилд хуваарилж байна. Аавынхаа бадрангуй төрхөөр бахархах Тунамал гартаа барьсан сумаараа газрын сул хөрсийг хөндийлөнгөө,
-Одоо л жинхэнэ түймэр дэгдэх нь... Эхлээд танайх, дараа нь манай байшин шатах юм байна гэж хэлэв.
-Манайх ч бас болоогүй долоон айлын дараа шатах нь гэж хариулахдаа Хуягаа ч бас хуруу гар нь өтчихсөн мэт модон сэлмээрээ урдах хад чулууг нэгэн хэмээр зөөлхөн цохиж, хий гиюүрсэндээ цаг нөхцөөж байгаа аятай маш удаанаар бие биедээ хэдэн үг ийнхүү зөөн хэллээ. Тунамалын аав хэдэн залуусын хамт сумандаа өв дамжин, он цагийн шуурганд торойгоод үлдсэн хуучны ганц Монгол гэрийг буулгаад туурга, дээврүүдийг нь шалмаг гэгчийн сугалан авлаа. Хуучны шар эсгийг усаар норгож, хэдэнтээ шавшаад шатах гэж байгаа байшингийн хажуу бөөрнөөс унжуулав. Залуус байшингийн шувуу оройд алд хэрийн зайтай эгнэн зогсоод савтай ус дамжуулан эсгийг норгосоор... Дүрэлзэх улаан гал хамаг чадлаараа ойртсон бүхнээ залгих гэж зүтгэсээр... Хүмүүсийн дуу чимээн дундуур “Энэ чинь ямар янзын шидтэй байшин вэ? Уурын зуух биш биз дээ. Асаж дуусдаггүй юм уу” гэх үгс алсаас ажиглах хүн бүрийн чихийг хүртэл дэлсэнэ.
Оройн наран алгуурхан доошлох үед байшингийн шатаж, харласан хамгийн сүүлчийн гол баганыг түлхэн унагааснаар буурин дээрх моднууд үргэлжлүүлэн шатсаар үлдлээ. Харин зэргэлдээх байшингийн дээрээс унжуулсан эсгийний зах хэсгүүд бага зэргийн шатаад шарлаж, харласныг эс тооцвол бусад зүйлс бүрэн бүтэн аюулгүй болжээ. Санаанд оромгүй зүйл. Тэр их галыг нэг муу гэрийн эсгий өөртөө шингээжээ. Эзэнгүй айл шатчихсан уу, эзэн нь цуг шатчихсан уу гэх асуулт тэр дороо олныг бүчин авлаа. Тунамалын аав газар дээрээс нь мөрдөн байцаалтаа эхлүүллээ. Олны дундаас оройлон дуугарсан хүн бүрээс асуулт асууна. Түүнийг хамгийн сүүлд хэзээ харсныг асуухад Тунамал, Хуягаа хоёртой урд ууланд авирч байсан талаар цөөнгүй хүн хошуу дэвсэв. Ийнхүү ярилцаж байхад тэр хоёр урд уулын энгэрт тус тусын модон тоглоомоороо газар ухаж, урдаа тааралдах чулуу, модыг цохисоор л суулаа. Цагдаа хүүгээ олж харсан боловч асуухаар шавдсангүй. Бүх хүмүүс галыг унтраах ёстой гэж бодсон авч унтраах ёсгүй байсан талаар эргэлзэж, тээнэгэлзэх бодол анх удаагаа төрцгөөв. Түүнийг амиа хорлосон, золгүй явдал эсэхийг шалгахыг шаардацгаахад цагдаа халуун нурам дундуур алхалж зүрхлэлгүй алсын зайнаас мөрдөв. Урт модоор үнс нурам, дутуу шатсан моднуудыг нааш цаашаа хөдөлгөж үзэхэд ул мөр гэхээр юм юу ч олдсонгүй. Цагаан утаа л суунаглана. Хүүхэд насных нь сайн, муу дурсамжийг хамтдаа бүтээлцсэн найзууд хүн бүрд байдаг даа. Үүнчлэн Данзангийн багын найз болох нэгэн өвгөн амьсгаагаа дээр дээр оволзуулаад,
-Тэрээр төрөлх нутгаасаа гурвантаа ор сураггүй зугтаа биз хэмээн хэлчхээд хүн бүр түүн рүү анхаарлаа хандуулахад өөрийнхөө үгийг зөв гэж батлахаар,
-Галд шатсан хүний цогцос байтугай хонины өрөөл мах шатахдаа тэсвэрлэхийн аргагүй муухай үнэртдэг. Олон жил малын эмч хийж, халдварын үед хэдэн зуугаар нь мал амьтан шатаасан би иймхэн зүйл гадарлахтайгаа. Хэзээ ч ул мөргүй шатдаггүй юм. Адаглаад гол яс нь дутуу шатаад үлдчихдэг. Энд чинь зөвхөн үнс нурам л байна шүү дээ гэж хэлэхдээ бүтэн шүд үлдээгүй улаан буйлаа гаргаж, үрчийж хорчийсон уруулаа умалзуулан салхины урдаас хэлэхэд хамаг шүлс нь нүүрэн дээр нь буцаад наалдлаа. Ихэнх хүмүүс түүний үгэнд итгэв. Цагдаа хариу дуугаралгүй түүнээс холдов. Данзан өвгөнийг хамгийн сүүлд ирэхдээ зүүн бугуйдаа зүүчихсэн байсан дэлхийн бөмбөрцөг хэлбэртэй хуучны цаг нурам дунд зарим эд хогшилтой (төмөртэй) нийлж хайлаад цулгуй төмөр болчихсон байхыг харсан ч олны дунд ил гаргалгүй дахин тойрон алхлаа.
*
Дээрх гурвантаа гэж хэлсний учир аваас Данзан өвгөн гэрээ шатаачхаад (эзэнгүй хойгуур нь шатчихсан байж болох юм) хаа нэг тийшээ одсон бол үнэхээр гурав дахь удаагийнх болох байлаа. Айлын ганц хүү. Ээж гэх хүн ухаан орсон цагаас нь байгаагүй. Түүнийг арван хоёр нас хүрэх жил аав нь Япон цэргүүдийн гарт амь насаа алджээ. Тухайн цагт энэхүү газрыг Дулаанханы суурин (Одоо бол сумын төвийн урд дүнхийх шүтээн уул) гэж нэрийддэг байж. Үнэндээ бол Халх голын байлдаанд ялагдсан Япон цэргүүдийн сүүлчийн цуваа ухран зугтахдаа тус нутгаар дайрч л дээ. Зугтах замд нь саад болсон эрсийг хүний нутгаас амьд гарахын төлөөх тэмцэлдээ Японы цэргүүд шууд хороож байлаа. Аав нь дайнаас өмнө тахир дутуу болоод төрсөн нутагтаа хүргэгдэн ирчихсэн үе таарчээ. Эх оронч үзлийг өөртөө нэвт шингээсэн нэгэн бөгөөд дайны төгсгөлд золгүй байдлаар амь насаа алдсан сүүлчийн хүн юм. Түүний аав хүүгийнхээ үйлдэл бүрийг хянаж, цаг ямагт үглэдэг жинхэнэ яншаа этгээд байжээ. Аавынхаа хөрсөн бие, тэр чигтээ хөшсөн нүдийг анх хараад үхэл гэгч үнэнхүү амар амгалан болохыг ойлгожээ. Тиймгүй сэн бол хүүгийнхээ уйлж суугаа гөлийсөн харц, сул дорой байдлыг хараад “Эр хүн байж усан нүдлээд. Нулимсаа тат” гэж хэлчхээд олон янзын хараалын үгээсээ нэгийг нь түүн рүү чулуудах байсныг сайн мэдэж байлаа. Яагаад ч дуугүй өнгөрөхгүй. Цэргүүдэд буудуулаад золоор амьд үлдсэн бол бүр ихээр аашилж өвчин зовуурь, хүнд өвдөлтөө гадагшлуулахаар амандаа орсон үгээрээ харааж хашхирах байсан юм. Хэзээ ч амаа хамхихгүй гэж бодсон аавыг нь хоромхон зуурт үхэл дайран өнгөрчээ. Нутгийн хүүхдүүд эрт цагт ч үе дамжин тоглосоор ирсэн өнөөх л Шумбан толгойд дээрээ цугларч, Япон цэргүүдийн сүүлчийн цувааны төгсгөлийг нулимс дүүрэн нүдээрээ харсаар хоцорчээ. Бусдын адил Данзан хүү ч цэргүүдийн хойноос баяртай гэж гараараа даллаж, эсэн мэнд эх орондоо очихыг чин зүрхнээсээ хүсэв. Түүний дараа хэл сураггүй олон жил болжээ. Энэ бол эхний удаагийнх.
*
Гучин насандаа хэл чимээгүй явснаа бодвол хэт нүүрэмгий, үнэртэй ус ханхлуулсан, газар шүргэм урт цувныхаа хормойг салхинд дэрвүүлсэн хэвлүүхэн залуу иржээ. Өмссөн хувцас, үсний засалт, зүс царайг нь харваас шинэ цагийн соёлтой газраас ирсэн нь илэрхий. Эргэн ирснийхээ дараахан “Удахгүй эхнэрээ дагуулж ирнэ” гээд орон нутгийн удирдлагуудаас иргэн бүрд олгох эдлэн газрын зөвшөөрөл хүслээ. Ийнхүү газар өмчлөлийн гэрээнд хамгийн анх албан бичиг үйлдүүлж, хууль дүрмийн дагуу зөвшөөрлийн эрхийн бичигтэй хүн болов. Сумын төвийн гол хэсэгт хамгийн том газрыг түүнд санал болгоход эрс эсэргүүцэж, хүүхэд насныхаа дурсамжит уулын чанх урдаас харсан хэсэгхэн чөлөөг сонгожээ. Түүний эхнэр алс холоос ирэх цуу яриатай зэрэгцээд холын хамаатан садан, хуучны танил найзууд, гарын ур дүй сайтай хүн бүрд шинээр барих байшингийнхаа зураг төслийг танилцуулав. Тухайн цаг үед хүний санаанд оромгүй, ямар ч хэрэггүй өрөө тасалгаа шийдлүүд зөндөө байлаа. Хүн бүхний гайхширлыг төрүүлсэн шийдэл бол унтлагын өрөө, хувцасны өрөө, угаалгын өрөө бас өглөө, оройны нар гадаах орчныг бүхэлд нь харах боломжтой өргөн уудам цонхнууд. Хашаан доторх хайс, хайсан доторх төрөл бүрийн цэцэг ургамал, үр тариа суулгах төлөвлөгөө. Нутгийнхан өдий хүртлээ дугуй цагаан гэрээ тойруулж хашаа ч хатгалгүй амьдарсаар ирсэн энгийн улс. Танан цагаан гэрүүд уулынхаа хормойг эмжсээр байлаа. Ертөнцийг гэрийнхээ дугуй ханан дотроо багтаасаар ирсэн хүмүүст эхэндээ илүүц, хий сүржигнэл мэт санагдав. Ганц байшинд суурьшсан айл үгүй тул Данзангийн үйлдэл бүр олны анхаарлыг ихэд татлаа. Энэ бүхэн нь дайны хүнд жилүүдтэй салшгүй холбоотойгоор барам ил, далд хэлж мэдэхгүй хөнгөн гуниг, айдас түгшүүр төчнөөн он жилүүдийг үдэхэд ч хурган үлдсэнтэй холбоотой байжээ. Муу цаг ирэхэд нүүдэллэн зугтахад хамгийн тохиромжтой сууц бол гэр юм. Үүний нэг илрэл бол Данзаныг Орос нутгийн хил гаалийн дэргэд олон жил болсон гээд орон тооны бус ажилтнаар томилж, сар бүрийн тогтмол цалинг орон нутгаас нь өгөхөөр тохиролцов. Тэрхүү үйлдэл нэг талаасаа улс төрийн шинжтэй ч юм шиг нөгөө талаар олон нийтийн аюулгүй байдлын төлөө ч юм шиг. Дарга даамлууд Япон цэргүүд дахин халдан довтолсон ч тэр дунд адаглаад олон хэл устай хүн байгаа гэж таамагласных юм. Харь хэл (Орос хэлийг сайн мэдэх үгүйг нь хэн ч мэдээгүй өнгөрсөн юм) сурсан хүнийг боловсролтойд тооцно гэж чанад үзэв. Дайны үеэр эх орны минь төлөө амь хайрлалгүй тулалдсан ч гэртээ харилгүй олон жил тэнүүчилсэн хөөрхийлөлтэй Оросын цэргүүдэд хэлмэрч хийлгэх нь нутгийнхны чин хүслийн нэг байлаа. Тэрээр ажилтай, орлоготой болсноор санхүүгийн тал дээр санаа зоволтгүй боллоо.
*
Хааш хаашаагаа харсан цэлгэр зургаан цонхтой, арван хоёр тохой өндөр угсармал байшинг уулын модыг шилж сонгож, чамин тансаг урлав. Цонхнуудын хүрээг угалзруулан сийлж, хөх өнгөөр будсан юм. Өрөөн доторх тасалгаа бүрийг өөр өөрийн өвөрмөц байлгахаар урьдаас төлөвлөсөн ёсоор сөөм зайг ч нарийн тооцоолж, тасалгаа бүрд байх ёстой эд хогшлыг авсаархан байрлуулжээ. Хувцасны өрөөнд гэхэд гутлын тавиур, гадуур хувцасны өлгүүр, баяр ёслолд өмсөх хувцсыг тусгаарласан хэсэг, бүр цаашлаад дотуур хувцас, оймснуудаа шинэ хуучнаар нь ялгаж салгахаар жижиг шургуулгуудыг хийв. Цэлдэн хөх, доогуураа бага зэргийн ягаан өнгийн уусалттай даавуугаар цонхнууддаа хөшиг унжуулав. Байшингийн гадна төрх нь эртний Грек, Ром, Оросын түүхэн үзвэрийн дурсгал болон үлдсэн хуучин хотуудын хэв маягийг бэлхнээ илтгэнэ. Удалгүй эхнэр нь хэдэн хөсөг дүүрэн ачаатай хүргэгдэн ирлээ. Бүсгүй торон гивлүүртэй дугуй бүрх малгайгаа урагшаагаа хагас духдуулснаас нүүрэн тал нь сүүдэртэнэ. Түүний час улаан уруулын будаг, будаг нь арилбаас зөөлөн ягаан, шүүслэг зузаан уруул тодрох нь бүр ч үзэсгэлэн гоо. Холын аян замдаа огтхон ч түүртэж, ядраагүй мэт олны дунд эр нөхрийнхөө барааг олж харангуутаа урдаас нь ухаан жолоогүй гүйнгүүтээ чангаас чанга тэврээд уруулынхаа будгийг үнгэгдтэл үнсэлцсэн юм. Данзан нар, салхинд гандсан урт хуруунаас нь атгаж, шинэхэн байшингийнхаа зүг хөтлөлцөн алхав. Малгайнх нь цаанаас цухуйх бор шаргал буржгар үс, цэв цэнхэр нүдийг ажигласан хэнд ч харь нутгийн бүсгүй гэдэг нь ойлгомжтой байлаа. Нутгийнхан гадаад хүн бүрийг харийнхан гэж зориудаар хол хөндий дууддаг юм. Алхаа гишгээ нь ч үнэнхүү содон. Хайр дурлалыг хүрэлцэж, олны өмнө илэн далангүй байгаа байдлыг нутаг даяараа гайхширав. Ичимхий, дуу шуу цөөн, эелдэг дөлгөөн байхыгаа ёс суртахуунтай, сахилга баттай байна гэж боддог хүмүүст гэнэтийн цочрол байлаа. Хайр дурлалыг ч ийм илэн далангүй, ичгүүргүй байна чинээ санасангүй. Бие хаа, хувцас хунартаа тэгтлээ их ач холбогдол өгдөг хүнийг бас анх удаагаа харжээ. Өглөө бүр цаг агаарын байдлаас шалтгаалж, хүнд хөнгөн дасгалуудаасаа сонгож хийнэ. Улирлын онцлогт тааруулсан тод өнгийн хувцасны сонголт, зуны улиралд голдуу хүйснийхээ нүхээ ил гаргасан богино цамц, богино банзал өмсөхөд хөл нь бүр ч урт болж харагдана. Уул өөд алхахад богино банзлынх нь цаанаас булчинлаг гуя, дотуур хувцасных нь эмжээрийн өнгө, зах зухаас зэрвэс харагдана. Дотуур хувцсаа хүртэл тод өнгийг сонгодог байжээ. Олны өмнө биеийнхээ ихэнх хэсгийг ил гаргасан түүнээс өөр эрээ цээргүй хүн үгүй тул эрчүүдийн харцыг эрхгүй булаана. Эрчүүдээр тохуурхахыг хараад эр нөхөр нь ч инээд алдана. Түүний өмнө бүгд шүлсээ гоожуулах дөхөж, манартлаа гөлөрнө. Тэднийг сул дорой, маанагдуу төрхийг нь илчлэнгүүтээ Данзангийн өвөр дээр суугаад түүнд эрхэлнэ. Маанаг эрчүүдийн тиймэрхүү төрх байдлыг мэдрэнгүүтээ үргэлжийн тохуутайгаар инээмсэглэнэ. Бусдыг урин дуудсан, өөртөө итгэлтэй, чин зүрхнээсээ сонсогдох инээмсэглэл нь түүний гоо сайхныг бүр чимнэ.
Бороо, цастайд цонхоороо ертөнцийг ажиглаж зогсоно. Ертөнц гэж дээ сумыг бүхэлдээ тольдох боломжтой бяцхан толгод, хүрье гэвэл хоногийн хугацааг зарцуулах төрөл бүрийн ой модоор өнгө алагласан Дулаанхан уулын оройг ширтэнэ. Зөвхөн нар ээсэн намуухан өдөр л усанд явахаар гэрээсээ гарна. Өөгүй гоолиг бие, түүнд гойд зохисон өргөн шанаа, хацрын товгор яс, жигдхэн цагаан шүдээ яралзуулан инээж, хэнд ч байхгүй цэв цэнхэр нүдээрээ бусдын доог тохууг дэвэргэх гэсэн мэт хоёр мөрөн дээгүүрээ дамнуулсан дамнуургатай усаа тэнцүүлж, дэнж өөд мацахад түүний нуруу хотолзож, өглөө бүр дасгал хөдөлгөөнөөр үргэлж дэмждэг өгзөгнийх нь хоёр мах урагшлах тоолонд нь чичгэнэнэ. Ялаа шумуулаас хамгаалж, хүзүүгээрээ тохсон нимгэн алчуураас үнэртэй усных нь үнэр сэнхийж удалгүй агаарт замхарна. Түүний хэт задгай байдал хэл амаа билүүдсэн зарим эмэгтэйчүүдийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Бүсгүйг биеэ үнэлэгч шиг илтэд доромжилсон эрээвэр хураавар үгсээр түүн рүү дайна. Юман чинээ үл тооно. Нэгэн удаа бүсгүйн төрсөн нутгийг нь хамаатуулж доромжлоход,
-Тийм ээ, би Оросын эрлийз. Хэзээ ч хараагүй нутаг орон, уулзаж үзээгүй хүмүүсийг бүү доромжил. Би хязгаар нутагт суугаа эцэг эх, гэр орноо маш их үгүйлдэг. Та нартаа ялгаагүй эмэгтэй хүн. Та нар л өөрөөр харж байгаагаас би дэлхийн хүн бүрдээ адилхан. Бусдад гуньдаг, уйлдаг, цөхөрдөг, тэгээд юу ч болоогүй юм шиг инээмсэглэж чаддаг гэж цэв цэнхэр нүдээ ганц цавчилгүй цэх урдаас нь хараад эмс, хүүхнүүдэд хэлэхэд өмнө нь огт сонсож байгаагүй нутгийн аялгууны үг сонсогджээ. Бүсгүй хэлсэн үгээсээ дараа нь хэзээ ч гажиж байсангүй. Тэр л зангаараа бүтэн жилийн турш амьдарлаа. Цаашид ч амьдарсаар байх байсан биз. Эмэгтэй хүн гунигаа залгих агшиндаа хэлэх үгээ ч бас залгичихдаг ажээ. Бүсгүйг харь нутгийн залуу сурагласаар ирэхэд царай төрхийг нь харангуутаа нэг л дүнсгэр чимээгүй болов. Эмэгтэйчүүд, эрчүүдийн амьдралд эрс тэрс өөрчлөлт авчирдаг бол эрчүүд, эмэгтэйчүүдийн амьдралд ихэнхдээ сонголтыг үлдээдэг аж. Үл таних эр Данзанд бүсгүйн холын хамаатан гэж өөрийгөө тайлбарлав. Эцэг нь даралт харвасны улмаас нас барсан тухай харамсалтай мэдээг давхар хүргэгдэн иржээ. Бүсгүй эцгийнхээ үхлээс гадна ямар нэгэн зүйлд санаагаа чилээж байгаагаа хэлэх гээд хэлж чадахгүй байх шиг санагдав. Нэг л шаналангуй, өөрийгөө албаар хүчлээд байх шиг ойр ойрхон гүнзгийгээр санаа алдаж байлаа. Өнгөрсөн бүх хугацаанд бүсгүйн цайлган цагаан инээмсэглэл түүнийг тайвшруулах нэгэн зэвсэг байжээ. Данзан эцэст нь түүнийг төрсөн нутаг руугаа явчхаад ирэхийг зөвшөөрлөө. Анхлан ирсэн замаараа хайрт бүсгүй нь хэзээ ч зохидоггүй хар бараан хувцас өмсөж, нүүрнийхээ урдуур гашуудлын хав хар даавуу унжуулаад нутаг нэгтнээ даган одлоо. Удалгүй аян замдаа адал явдал дүүрэн аялсан тухай, төрөлх нутагтаа аюулгүй очсон тухай, аавынхаа шарилыг эргэсэн тухай мэдээтэй хамт хажууд нь байхдаа хэлж зүрхлээгүй хэдэн үгээ бичжээ. Эхлээд түүнд маш их хайртайгаа тайлбарласан уртаас урт уянгын үгс. Дараа нь өөрийнхөө гэм бурууг хүлээсэн богинохон хэсэг. Хэл хүргэж ирсэн залуу түүний хамаатан садан биш насан багийнх нь дурлалт залуу болохыг дурджээ. Төрсөн гэрээсээ холгүйхэн дурлалт залуугийндаа хүртэл амьдарч байгаагаа дэлгэрэнгүй бичжээ. Хамгийн сүүлд нь төрсөн нутгаасаа хол газар, удаан амьдарч чадах ч амьдралынхаа зарим аз жаргалтай мөчүүдээ хэрхэвч алдаж чадахгүйгээ, түүнийг сонгох хайр сэтгэл нь байвч зарим зүйлсийг дан ганц хайр сэтгэлээр шийдэж болохгүйг ухаарсандаа энэ замыг сонгосон гэжээ. Данзан захидлын хариуг маш хүлээцтэйгээр хэдэн өдөр тунгаасны эцэст бичив. Бүсгүйн сонголтыг хүндэтгэж байгаагаа, зарим эд зүйлсийг хүргэж өгөх хүсэлтэй, гэрийнхээ хаягаа үлдээхийг илгээжээ. Бүсгүй шинэ гэрийнхээ хаягийг явуулав.
Байшингийнхаа үүдэнд самбар өлгөж “Дахин ирж амьдрах тул хууль бусаар худалдаалахыг хориглоно” гэж бичээд шөнө дүлээр зайлан оджээ. Энэ бол хоёр дахь удаагийн хэл чимээгүй явсан урвалт юм. Дээрх хэдэн үг сумынхны айдас, нууцлагдмал оньсого хэвээр өнгөрөх хугацаанд үлдэв. Харин түүний хувьд төрсөн нутагт нь очиход чамгүй хугацаа зарцуулагдах, хайрт бүсгүйнхээ сэтгэл санааг засахын тулд багагүй он жилүүд өнгөрнө хэмээн тооцоолжээ. Данзаныг орон тооны бус зөвлөхөөр ажиллуулах шийдвэр хүчин төгөлдөр, хууль ёсны дагуу эргэн ирэхээр нь хуримтлагдсан мөнгийг нь нөхөн олгох шийдвэр таван жилийн турш хэвээр байжээ. Хамгийн сүүлд түүний байшинг сүнс чөтгөртэй гэх болсон бөгөөд хүн дөхөхөө болив. Харин зуны ялаархсан малын сүүдэр, өвлийн цаснаас хорогдох малын нөмөр нөөлөг болсоор он удаан жилийн хугацаанд оршжээ. Ул үндсээрээ арчигдалгүй, огт байхгүй мэт чив чимээгүй. Оршино гэж үүнийг хэлэх байх.
*
Түүнийг очиход гэрийн эзэгтэй хүний намба төрхийг илтгэх зузаан халаад, зөөлхөн ултай углааш хөлдөө угласан нь түүний урт гоолиг хөлийг далдалж, намхан харагдуулна. Дөнгөж нярайлсан эх шиг толгойгоо алчуураар ороочихсон нь урьдахаасаа мэдэгдэхүйц өөрчлөгдсөн сүүмийсэн харцтай нь зохицоод төлөв төвшин. Үргэлж нээлттэй өдөнгүй задгай яриа, түүнийг бэлгийн дур хүсэлд урин дууддаг хээнцэр алхаа гишгээ, хоржоонтой инээд үгүй болжээ. Ярих нь хүртэл амьдрахаас хүнд хэцүү мэт. Бүсгүйн халгиатай залуу нас, зүрх сэтгэлийнх нь орон зайд албин чөтгөрүүд нуугдсан мэт санагдахад гэрэл гэгээтэй бүхнийг нь булаасан залууд хорсоно. Данзаныг ирсний дараахан тэр хоёр цаад өрөөндөө үе үе ярилцах боллоо. Нэгэн удаа хаалгаа онгорхой орхижээ. Хаалганы завсраар харж зогсоход бүсгүйн хэлсэн үг сонсогдоогүй ч залуу түүнийг алгадаад авлаа. Зүлгэчихсэн мэт өөгүй цагаан хацар нь хүчтэй алгадуулснаас болоод улаан туяа татжээ. Бүхий л амьдралынхаа туршид хайрласан бүсгүйгээ бусдад доромжлуулж чадсангүй. Залууг дараагийн үгээ хэлж амжаагүй байхад ар дагз руу нь хүчтэй дэлсэв. Урагшаагаа духасхийгээд нам зогсов. Дахин толгой хавьд нь цохиход урагшаагаа унах ёстой байхад бүжих мэт эргэлдэн, гуйваад хойшоогоо уналаа. Урагшаа унасан бол толгойгоороо орны зөөлөн түшлэг налаад аюулгүй унах байсан юм. Харамсалтай нь духаараа ширээний булан мөргөв. Бүлээн цус хуйхных нь цаанаас дөлгөөн урсгалтай голын ус шиг алгуурхан урссаар шалны өнгийг хүртэл будаж орхилоо. Цус улаан биш гүн хөх өнгөтэй. Дэргэд нь үхсэн хүн байхгүй бол хиргүй тунгалаг, цэнгэг ус асгачихсан мэт ойлгогдох байлаа. Данзан айж балмагдсандаа амьсгаагаа оволзуулсаар дээш нь харуулахад нүд нь аль хэзээний далий хараад хөшчихсөн байжээ. Сүүлчийн удаа үгээ хэлэх гэсэн шиг ам нь хагас ангайж, тас гөлөрсөн харц нь бүсгүй рүү чиглэжээ. Олон жилийн өмнө үхэлтэй нүүр тулсан аавынх нь нүд шиг харагдахад зовхийг нь доош буулгалаа. Данзан гадуур хувцсаа өмсөөд гарах гэхэд,
-Чи хаашаа явах гэж байна гэж асуулаа. Бүсгүйн нулимстай нүд рүү ширтээд,
-Цагдаагийн газар гэж хэллээ. Түүн рүү хашхирах шахам,
-Болохгүй ээ. Хоёулаа нууя.
-Би чадахгүй. Энэ миний буруу.
-Зүгээр л шатаая. Хог новшоо шатааж байгаа юм шиг үнс нурам болгоё. Хоёулаа ирээдүйнхээ төлөө. Хамгийн чухал нь хамт байх хэрэгтэй.
-Би шатааж чадахгүй гэв.
-Газар булъя. Яадаг ч байсан нууя. Ямар ч аргаар хамаагүй элэг бүтэн үлдье гэв. Данзан удтал дуугүй суулаа. Залуугийн цус урсахаа больжээ. Цус өтгөрсөөр шаланд шингэхэд улаан хүрэн өнгө тодорно. Түүний харц аль хэзээний шийдчихсэн харагдах тул бүсгүй мэгшин уйлсаар байлаа. Урсах нулимс л түүний амьдралыг бүрхжээ.
-Чи бол миний амьдралд эмэгтэй хүний хайрыг мэдрүүлсэн цорын ганц хүн гэж хэлээд гадагшаа гарлаа. Бүсгүй тэр дороо лагхийн ойчив. Түүний бие хүнд нүсэр болж буйг дохиолом модон шалнууд нижигнэн дуугарав. Төрөлх нутгийнх нь хайртай залуу тэр их доргилтод амьгүй бие нь амь орох шиг бага зэрэг хөдлөхөд аман дотор нь бүлбэгэнэх өтгөн цус, завжийг нь даган дахин урслаа. Таван цагийн турш хөдөлгөөнгүй суусан түүнийг цагдаа нар тохойноос нь түшиж, дээш өндийлгөв. Данзан өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрчээ.
*
Тэрээр чанга дэглэмтэй хорих ангид гучин жилийн ялаа үүрчээ. Шоронд цогцос шатаагчийн ажилд томилогдож, сүүлийн арав гаруй жилд нь төрийн буянаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин ногдуулах болов. Шоронд цогцос шатаагчийн ажил хийж байхдаа бусад ялтангийн адил хог новш мэт болоод үхэхгүй юм сан гэж хичээсээр үе тэнгийнхээ хүмүүсээс ганцаар амьд гарсан юм. Асар их тэсвэр тэвчээрээс гадна итгэл найдвараа хором ч алдаагүйн шинж. Түүний итгэл найдвар, хайртай бүсгүйгээ ганцхан удаа ч болов харах байжээ. Уулзаж чадсан үгүйг нь хэн ч мэдэхгүй. Эцэслэх газаргүй тэрээр эцсийн сонголтдоо итгэж, төрөлх нутагтаа дахин хөл тавьжээ. Ор сураггүй алга болсон шигээ хэл чимээгүй ирсэнд хамгийн ихээр гайхсан хүн бол олны дундаас “Гурвантаа зугтсан биз” гэж хашхирсан хар багын найз нь юм. Гэвчиг найздаа өөрийгөө үзэн ядуулахын тулд бүх зүйлийг төрсөн нутгаасаа урвагч, дүрвэгч шиг шал худлаа зохиожээ. Түүнээс эхнэрийнх нь талаар асуухад “Тийм ээ, тэр зөвхөн надад л хайртай байсан юм” гэж зүрхнийхээ угаас хариулжээ. Данзаныг дахин ирэхэд хашааны хуучин банзнууд ханзарч унасан ч углуургын хэдэн моднууд дөнгөж голтойгоо үлдсэн нь зол. Түүнд дахин сэргээхэд тийм ч их хугацаа орсонгүй. Учир нь үлдсэн амьдралд нь хүрэлцэхүйц хангалттай их мөнгө байлаа. Дөчин жилийн өмнөхийг бодвол бүх зүйлийг мөнгөөр шийдэх боломжтой элбэг дэлбэг, хангалуун болжээ. Байшингаа засаж, сэлбэхэд асуудал ер гарсангүй. Хэдэн залуус мөнгөнийх нь хэрээр тохижуулж өгсөн юм. Өнгөрөх хугацаанд байгалийн үзэсгэлэнт газар, ховор ургамал, нэн ховордсон амьтдын гэрэл зураг дарахаар тус сумыг зорьдог мэргэжлийн гэрэл зурагчид музейн үнэт үзвэрт тооцогдохоор хуучны хэлбэр хийц, өнгө төрхийг хадгалсан тэрхүү байшинг хальсандаа цөөнгүй удаа буулгажээ. Харин одоо бол шинэ цагийн хэв маягийн хадгалсан палкаар өрсөн, вакум цонхтой хэдэн алд тохой өндөр, өнгө алагласан төмөр дээвэртэй байшингууд сумын төвийн тохой бүрд хаа саагүй тааралдана.
*
Галын дэргэдээс хүмүүс аль хэдийн тарсан ч ил галын нурам бүрэн унтартал өнөөх өвгөн ганцаар манаж суужээ. Шонгийн модон дээр “Он цаг биднийг иднэ” гэсэн үгс муруй саруй сийлжээ. Өвгөн дээрх үгийг харчхаад “Адгийн новш” гэж хэлээд шонгийн мод руу нулимав. Өвгөний үйлдэл бүрийг ажиглаж суусан Тунамал гартаа барьсан сумаа газар ухах гэж зүлгүүрдсээр ан цав гүйлгэв. Хуягаа ч модон сэлмээ хадны завсар хавчуулаад санаандгүй хөшөөд хугалчихлаа. Тэр хоёрт харуусал төрсөнгүй. Модон тоглоомуудаа холхон чулуудав. Нар жаргах үест өвгөн урдаа модон хайрцагтай зүйл барьсаар тэр хоёрын дэргэд ирлээ. Хайрцаг доторх бүлээн нурмыг дөрвөн зүг найман зовхист цацлаа. Данзан өвгөний эрүү нь хувхайрч, гуниг хурсан царай төрх нь хөвүүдийн нүдэнд тодрохын сацуу “Тэвчиж чадсан нь энэ амьдралд ялдаг юм” гэж нулимс гүйлгэсэн нүдээрээ хэлсэн сүүлчийн захиас нь хадны цуурай шиг сонсогдсоор л байлаа. Тунамал уулаас бууж явахдаа:
-Хоёулаа ирэх зунаас өөр тоглоомоор тоглоцгооё... Гэхдээ хуучин тоглоомуудаа ерөөс мартаж болохгүй гэж хэлэх нь нэг л хиймэл агаад өнөөдрийн үйл явдлыг мартагнуулах заль мэх шиг санагдана. Хуягаа түүний царай руу хараад хуурамчаар инээмсэглэж “Тэр нь зөв” гэж хэлснийхээ дараа гурвантаа толгойгоо дохилоо. Хөвүүдийн толгойноос оройн нарны сүүлчийн цацраг ойж бууна.
2020.05.28