Литва Улсын Соёлын дэд сайд, Литва Улсаас ЮНЕСКО-д суугаа Элчин сайд, Европын Холбооноос БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд зэрэг өндөр албан тушаал, дипломат албыг сүүлийн 25 жил хашиж буй хатагтай Ина Марчюлёните бидэнд өөрийн үйл хэрэг, өнөөгийн Монгол орны тухай бодол сэтгэгдлээ хуваалцсаныг та бүхэндээ хүргэж байна.
-Та ажлын онцлогоос шалтгаалан олон улс орныг дамжиж, олон соёлтой танилцсан байх. Энэ туршлага Таны хүн төрөлхтний талаарх ойлголтод хэрхэн нөлөөлсөн бэ?
-Олон газар, соёл иргэншилтэй танилцаж, хол ойрыг зорьсон аялал бүхэн хүн төрөлхтний мөн чанар, амьдралын олон өнгийг ойлгохыг уриалан дууддаг шиг санагддаг. Хаанаас эхэлж, хаана хүрэх нь чухал биш; харин замдаа олж нээсэн ертөнц, хараагүй түмэн өнгө, сонсоогүй үй түмэн эгшиг л хүнийг өөрчилж, гүнээс нь сэрээдэг байх. Өөрийн нутаг дэвсгэрийн хязгаараас халин гарахад хараа улам бүр тэлж, бидний дотоод ертөнцийн хил ч гэсэн нээгддэг. Энэ нь зөвхөн шинэ зүйлийг мэдэх тухай ойлголт биш, харин амьдралын олон урсгалыг хүлээн авч, бусдыг ойлгох, хүндэтгэх ухаанд суралцах үйл явц юм. Аливааг шүүмжлэхээсээ өмнө яагаад таалагдахгүй байна, яагаад ойлгомжгүй санагдав гэдгийг эргэцүүлэн бодох мөчөөс эхлэн бидний доторх мэдрэмж өөрчлөгдөж, тэвчээртэйгээр хүлээн авч суралцдаг.
Дипломат харилцааны хувьд санаа бодлоо эх хэлнээс ангид, гадаад хэлээр илэрхийлэхэд зөвхөн үг хэллэг ч бус, тухайн хүний зан чанар хүртэл өөрчлөгддөг шиг санагддаг. Хэлний ялгаа, орчуулгын алдаанаас үүдэлтэй жижиг зөрчил ч асар их үл ойлголцол үүсгэж мэднэ. Тиймээс энэ ажил нарийн мэдрэмж, хариуцлага, хүлээц шаарддаг. Үг бүрийн цаана орших утга, сэтгэлийг мэдрэх нь гүн ухаан мэт санагдах үе бий.
Дэлхийг тойрч, хүмүүсийг олж таньснаараа надад одоо цочирдуулах зүйл багахан үлдсэн мэт боловч, гол нь өөрийгөө таних аялал үргэлжилсээр байгаа шиг санагддаг. Бидний аялал олон түүх, соёлын гэрэл дунд өөрсдийн үнэ цэнийг улам тод мэдрэх боломжийг олгодог нь гайхалтай. Хүн бүхний түүх өөрийн онцлогтой, үндэстэн бүр өөрийн гоо үзэсгэлэн бас үнэт зүйлтэй. Бид түүнийг таньж, хайрлаж, нандигнан хадгалахдаа л амьдралын мөн чанарт ойртдог байх.
-Таныг соёл урлаг их сонирхдог гэж сонссон. Соёл урлагт дурлах шалтгаан болж, эхлэлийг нь тавьсан мөч, уран бүтээл юу вэ?
-Би Литва улсад төрж, өссөн хүн. Миний сэтгэлийг урлагтай анх холбосон хүн бол Литвын нэрт хөгжмийн зохиолч, зураач Микалоюс Константинас Чюрлёнис. Түүний бүтээлүүдийг анх харахдаа би урлагийн ид шидийг мэдэрч, бүтээл бүрийн ард нуугдах гайхам түүхийг уншиж эхэлсэн. Тэр үеэс л урлагт дурлаж, театрын бүтээлүүдийн амьсгал дунд өссөн юм. Театрын урлаг оргил үедээ хүрч, бүтээлүүд дотоод хүчээ харуулан, үзэгчдийг татаж байсан тэр цагт би жүжгийн шүүмж бичиж, театрын тайзны цаад нууц, мэдрэмжийг үгээр илэрхийлэхийг хичээдэг байлаа. Социализмын үеийн хаагдмал, үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болохгүй тэр нийгэмд театр бидний сэтгэлийн цуурай, дуу хоолой болж чадсан. Тиймдээ ч бид тоглолтын тасалбарыг худалдан авахын тулд шөнөжин дараалалд зогсож, хэдэн сарын дараах үзвэрийг үзэхийн төлөө эртнээс бэлддэг байв. Театрт ийн дурласан минь нэмэлт хичээл сонгож, шүүмж бичиж сурахад нөлөөлсөн.
-Соёл бол үндэстнүүдийг холбож, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх хүчтэй хэрэгсэл. Та олон орны соёлтой харьцаж ирсэн хүн учраас улс орнуудын онцлог байдал, ялгарлыг ч бас илүү анзаарч, мэдэрдэг болов уу гэж бодож байна. Монголын соёл танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-Би аливаа үндэстнийг таньж мэдэх, гол цөм, сүнсийг нь ойлгохын тулд соёл урлагийг судлах нь хамгийн зөв зам гэж боддог. Үндэстэн бүрийн соёл бол тэдний зүрх сэтгэлийн илэрхийлэл. Зарим улс орон уламжлалаа гүн гүнзгий хадгалан авч үлдсэн байдаг бол зарим нь орчин үежих явцдаа өөрсдийн үндэс суурийг алдаж, гол утга агуулгаа бүдгэрүүлсэн нь ажиглагддаг. Харин монголчуудын хувьд өөрийн соёл, ёс заншлаараа бахархдаг байдал нь үнэхээр сэтгэл хөдөлгөм. Соёлынхоо талаар мэтгэлцэж, өв уламжлалаа хамгаалах талаар гаргаж буй хүчин чармайлт нь надад ихэд сонирхолтой санагддаг.
Саяхны нэг жишээ гэхэд Парисын олимпын тамирчдын өмсгөлөөс үүдэлтэй хэлэлцүүлэг байсан. Тэр загвар Монголд төдийлэн таалагдаагүй ч дэлхий дахинд сайшаагдаж, Монгол үндэсний хувцасны гоо үзэсгэлэн, үнэ цэнийг дэлхий нийтэд таниулсан. Үүний дараа монголчууд уламжлалт хувцсаа илүү ихээр үнэлж, бахархаж эхэлсэн нь гайхалтай санагдсан. Энэ бол соёлын хүчний энгийн атлаа агуу жишээ. Дэлхийн олон улс үндэстэн Монгол хувцсыг сонирхохын зэрэгцээ түүх, соёлыг нь судлахыг хүсэх болсон нь соёлын хүчийг хэрхэн илэрхийлж болохыг харуулсан явдал гэж би боддог.
Энд ирсэн цагаасаа хойш би Монголын урлагийн олон тоглолт, соёлын арга хэмжээнд оролцлоо. Бүгд үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан ч энэ их өв уламжлал, онцлогийг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх боломжууд илүү ихээр нээгдэж болох мэт санагддаг. Монголын байгалийн гоо үзэсгэлэн, тал нутгийн амар амгалан хэдий гайхамшигтай ч өвлийн фестиваль, илүү бүтээлч арга хэмжээнүүдээр баяжуулж чадвал илүү өргөн боломжуудыг нээж чадна гэдэгт би итгэлтэй байна.
Мөн монголчуудын цаг тоолол надад ихэд сонирхолтой санагдсан. Үйл ажиллагаа “Морин цагт эхэлнэ” гэх мэт өвөрмөц байдлаар товлогдох нь соёлын нэгэн өвөрмөц илэрхийлэл мэт. Дээрээс нь завгүй амьдрал, оволзож буй хөдөлмөрийн эрч хүч надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Цөөн хүн амтай ч идэвхтэй, бүтээлч сэтгэлгээгээр дүүрэн энэ ард түмэн миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөсөн.
-Монгол Улс дахь Европын Холбооны гол бодлого, тэргүүлэх чиглэлүүд юу вэ? Эдгээр нь Монголын нийгэм, эдийн засагт урт хугацаандаа ямар нөлөө үзүүлнэ гэж Та харж байна вэ?
-Европын Холбоо аль ч улс оронд байсан, тухайн улс орныхоо Засгийн газрын тэргүүлэх бодлого чиглэлийн дагуу хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар бид Тогтвортой ногоон хөгжил болон Эдийн засаг, ардчилсан хөгжил гэх үндсэн хоёр чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Бидний хувьд Монгол Улсын тогтвортой хөгжил, ардчиллыг бэхжүүлэх, дэмжихэд голчлон хамтран ажилладаг. Геополитикийн хувьд Монгол Улс ардчиллыг хадгалж, бэхжүүлэх нь их сорилттой ч маш хүчтэй ардчиллыг цогцлоож чадсан. Бид эрчим хүчний ногоон шилжилтийг эрчимтэй дэмжиж буй. Мөн ил тод, нээлттэй, иргэдийн итгэлийг хүлээсэн олон нийтийн төсөв санхүүгийн удирдлага болон шүүх засаглал бий болгоход хамтран ажиллаж, туршлага солилцож байна. Энэ нь өөрөө ардчиллын гол тулгуур ойлголт гэж бас хэлж болно. Цаашид бид Европын Холбооноос Монгол Улсад оруулж байгаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аль аль талдаа ашигтай худалдааны нөхцөлийг бүрдүүлэх дээр анхаарах хүсэлтэй байна. Бидний хэрэгжүүлдэг төслүүд маш олон салбарыг даган өргөжиж байгаа. Тухайлбал, Монгол Улс, Европын Холбоо хооронд байгуулсан Ойн түншлэлийг дурдахгүй байхын аргагүй. Мөн салбар бүрд байх эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэмжих төслүүдийг бид онцгой анхаардаг. Монголчуудын хувьд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байгааг харахад таатай байна. УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэн нь үнэхээр сайшаалтай явдал. Шийдвэр гаргах түвшинд монгол эмэгтэйчүүд ажиллах боломж, чадвар, чадамж маш өндөр байна. Тиймээс энэ боломжийг илүү нээж өгөх, хэрхэн хангаж ажиллах вэ гэдэг дээр илүү анхаарч ажиллах болно.
-Багадаа та ямар хүн болно гэж боддог байсан бэ. Өнөөгийн Таны хийж бүтээсэн үйл хэрэг анхны төсөөлөлтэй чинь хэрхэн нийцэж байна вэ?
-Би багадаа Элчин сайд гэх мэргэжлийн тухай ямар ч ойлголтгүй өссөн. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Литва улсад эх орноо төлөөлнө гэсэн бодол төрөх боломжгүй байлаа. Харин сургуулиа төгсөхийн өмнө би сэтгүүлч болохыг хүсэх болсон. Хүмүүсийн түүх, мэдрэмжийг сонсож, тэднээр дамжуулан амьдралын олон өнгийг ойлгохыг хүсдэг байсан минь намайг энэ замд хөтөлсөн. Олон зөвлөгөө, эргэцүүлэл дундаас хэл шинжлэлийг сонгон суралцаж, дараа нь сэтгүүлч болсон минь миний амьдралын чухал шийдвэрүүдийн нэг байв.
Өнөөдөр би Элчин сайдын үүрэг гүйцэтгэж байгаа ч бичих хүсэл маань хэвээр л байгаа. Ажлын онцлогоос шалтгаалан сэтгүүлчидтэй байнга уулздаг маань миний урьдны туршлагатай салшгүй холбоотой. Бидний туулж өнгөрүүлсэн зам, үйл явдал, хийж бүтээсэн бүхэн жижиг зүйл мэт санагдавч өнөөдрийн биднийг бүтээдэг. Тиймээс аливаа ажлыг жижиг гэж гололгүй, түүнээс суралцаж, өөрт хэрэгтэй зүйлээ олж авах нь амьдралын том туршлага гэж боддог.
-Таны амьдралд хамгийн том урам зориг өгсөн хүн эсвэл үйл явдлын тухай ярьж өгч болох уу. Энэ нь Таны өнөөгийн үзэл бодолд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Миний амьдралд нөлөөлж чадсан хамгийн том багш бол ном гэж би боддог. Би таван настайдаа уншиж сурсан бөгөөд түүнээс хойш хэдэн ном уншсанаа тоолж байгаагүй. Тиймээс ном уншдаггүй, эсвэл унших дургүй хүмүүсийг ойлгоход тун хэцүү. Энэ зөрөө намайг дүүгийнхээ охинтой ч багагүй муудалцуулдаг. Тэр ном унших сонирхолгүй, үргэлж утсаа ширтэж эсвэл кино үздэг болохоор нь би “Чи тархиныхаа зөвхөн нэг хэсгийг л ашиглаж байна. Чамд хөгжих маш олон боломж бий” гэж олон удаа хэлдэг. Үүний дүнд тэр номд бага ч атугай сонирхолтой болж эхэлсэн.
Өөр нэг явдлыг бас дурдах хэрэгтэй. Миний амьдралд тохиосон аз завшаануудын нэг бол маш олон сонирхолтой хүнтэй уулзаж, тэднээс суралцах боломж олдсон явдал юм. Үүний нэг жишээ бол Ирэна Висэйт гэх эмэгтэй. Тэр дэлхийн II дайны үед Литва дахь хорих лагерь руу ачигдаж явахдаа Литвын цэргийн хүчээр аврагдаж, амьд үлдсэн еврей хүн байв. Ирэна амьдралыг төгс утгаар нь хайрлаж, хүмүүсийг холбох гүүр нь болж, сүүлчийн мөч хүртлээ бусдад хайр, энэрэл түгээсээр байсан нэгэн. Тэр надад бүх хүний дотор сайн сайхан чанар оршдог гэдэгт итгэх итгэлийг заасан. Хамгийн сониуч, бүтээлч, үзэн ядалтад автаж байгаагүй, хүн төрөлхтөнд итгэж явсан тийм хүнийг ойроос таньж мэдсэн минь миний хувьд үнэхээр азтай хэрэг.
-Таны амьдралд тохиосон хамгийн том сорилт юу байсан бэ. Энэ үеийг даван туулахдаа юуг ойлгож, бас хэрхэн даван туулсан бэ?
-Литваас БНХАУ-д суугаа Элчин сайдаар ажиллаж байх үед минь Ковид-19 цар тахал дэгдэхэд бүх зүйл анх удаа учирсан сорилт болж байлаа. Бээжинд өөрсдийн оффисоос бүх асуудлыг шийдэх шаардлагатай болсон. Иргэдээ эх оронд нь буцаах чартер нислэг зохион байгуулах, манайд дутагдаж байсан хамгаалалтын хэрэгслийг Хятадаас ачиж явуулах зэрэг амаргүй ажлуудыг зохицуулах хэрэгтэй болсон юм. Хамгийн хүнд, гэхдээ онцгой дурсамжтай үйл явдал бол төрсөн өдрийн маань өглөө анхны чартер нислэг ниссэн мөч. Энэ миний амьдралдаа авсан хамгийн том бэлэг байсан юм.
-Таны бодлоор Монгол Улсын хөгжлийн хамгийн том боломж, хамгийн том сорилтууд юу вэ?
-Монгол Улс бол хүн амынх дийлэнх хувийг залуучууд эзэлдэг маш залуу улс. Энэ бол хамгийн том давуу тал. Үүн дээр нэмээд газрын хэвлийд орших арвин баялаг нь асар их боломжийг бий болгож байна. Гэвч энэ бүхний хажуугаар зөвхөн байгалийн нөөцөд найдаж, түүнийг зүй зохистой ашиглахгүйгээр хөгжилд хүрэх нь боломжгүй зүйл. Үүнийг өмнөх үеийн туршлагууд ч харуулсан. Харин Монголын иргэд, ялангуяа залуучуудын бүтээлч, эрч хүчтэй байдал, оюуны нөөц бол ирээдүйн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө байх болно. Тиймээс л хүндээ хөрөнгө оруулж, оюуны чадамжаас гарах бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ нь цаашлаад салбар бүрд үр ашиг авчирна. Эрчим хүчний бие даасан байдлыг бий болгох нь хамгийн чухал болов уу гэж бодож байна. Мөн нүүдэлчин аж ахуй ч бас харьцангуй өөрчлөгдөж байна. Малчдын хувьд малынхаа тоог багасгаад, илүү өндөр бүтээмжтэй аж ахуйг хөгжүүлэх нь үр дүнтэй гэдгийг анзаардаг боллоо. Ингэснээр илүү тогтвортой байдлаар хамтдаа хөгжиж, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах боломжтой болно. Зөвхөн Монголд гэлтгүй дэлхий даяар энэ хандлага руу зорьж байна. Нэмээд ойн салбарыг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтуудыг дурдаж болно. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинд эерэг нөлөөтэй. Тиймээс залуус улс орныхоо хөгжилд гар бие оролцож, илүү ихээр анхаарч эхэлбэл үр дүн нь маш өндөр байх болно. Миний нэг анзаарсан зүйл бол монгол залуус маш эх оронч. Мэдээж хэрэг гадаад улс орныг зорих залуусын тоо нэмэгдэж байгаа ч эргээд ирж буй хүмүүс их байна. Энэ нь залуус улс эх орондоо итгэж, бас өөрчлөхийг хүсэж байгааг харуулж байгаа юм.
-Залуу хүмүүст юу гэж зөвлөх вэ?
-Үе болгон өөрийн сорилт, даван туулах бэрхшээлтэй тулгардаг. Харин өнөөгийн залуусын хувьд хамгийн чухал зүйл бол өөрсдөө юу хүсэж, хаашаа тэмүүлж байгаагаа тодорхой мэдэх явдал. Бидний эргэн тойронд асар их мэдээлэл эргэлдэж, хязгааргүй олон боломжийн хаалга нээлттэй байгаа ч энэ нь өөрөө нэг төрлийн төөрөгдөл авчирдаг. Сонголт их байх тусам шийдвэр гаргах нь төвөгтэй, бүр хэцүү болдог.
Залуус аливааг илүү хурдан, амар хялбар хийхийг хүсэх болжээ. Хичээж сурах, гүнзгий судлах, тууштай хөдөлмөрлөхийн оронд шууд л оргилд хүрэх, түргэн хугацаанд бүхнийг өөрийн болгохыг тэмүүлдэг нь анзаарагддаг. "Юу юугүй захирал болъё" гэсэн хүсэлтэй ч өөрийгөө сорьж, шат дараалалтай өсөхийг төдийлэн зорихгүй байх нь бий. Тиймээс би залууст нэг зүйлийг захимаар байна: “ChatGPT”-ээс илүү байгаарай. Хиймэл оюун ухаан бидэнд хоромхон зуурт мэдээллийг дамжуулдаг ч энэ мэдээлэл нь хүмүүсийн урт удаан хугацааны хичээл зүтгэл, бүтээлч хөдөлмөрийн үр дүн гэдгийг санаарай.
Бэлэнчлэх сэтгэлгээнд баригдалгүй, үүнийг даван сэтгэж, илүү бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх нь өнөөгийн залуусын хийх ёстой хамгийн том алхам юм. “ChatGPT” болон бусад хиймэл оюун ухаан бол бидний бодол, бүтээлч байдлыг дэмжих хэрэгсэл, туслах хөтөч төдий. Харин бидний оюун ухаан, сэтгэн бодох чадвар хязгааргүй. Тархиныхаа чадавхыг аль болох тэгш, бүх талаар хөгжүүлэх нь залуусын ирээдүйг гэрэлтүүлэх түлхүүр юм.
Одоо үед хүмүүс урт бичвэр уншихаа больж, амархан, хурдан зүйлд илүү дурлах болсон нь технологийн дэвшлийн нэг сөрөг үр дагавар болж байна. Харин би залуусыг тархиа хэт залхуу болгочихгүй байгаасай гэж хүсдэг. Аливаа шинэ зүйлд суралцаж, өөрийгөө хөгжүүлэхэд цаг хугацаа, хичээл зүтгэл шаардлагатай ч энэ нь ирээдүйд хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болно гэдгийг мартаж болохгүй.
- Эмэгтэй удирдагчид маш олон сорилттой тулгардаг болохыг олон жишээнээс харж байлаа. Та өөрийн амжилтад хүрэх замаа хэрхэн тодорхойлж байсан бэ? Бас хүйсээс шалтгаалсан янз бүрийн хандлага, эсвэл бэрхшээлтэй нүүр тулж байсан уу?
-Дэлхийн аль ч улс оронд эмэгтэй удирдагч байна гэдэг өөрөө том сорилт юм. Эмэгтэйчүүдэд ханддаг давхар стандарт, нийгмийн хүлээлтүүд саад бэрхшээл болж байгааг үгүйсгэх аргагүй. Энгийн жишээг дурдъя: Эрэгтэй удирдагчийн хослол, гутал, үсний засалт төдийлэн анхаарал татдаггүй хэрнээ эмэгтэй удирдагчийн гадаад төрх, хувцаслалт, бүр инээмсэглэл хүртэл шүүмжлэлд өртдөг. Гунигтай нь, энэ мэт шүүмжлэлийг ихэвчлэн эмэгтэйчүүд өөрсдөдөө хандан хэлдэг. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжих нэгдмэл байдал өнөөдөр хамгийн их дутагдаж байна. Сүүлд миний анзаарснаар сонгуульд саналаа өгсөн хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байсан ч сонгогдсон нь голчлон эрэгтэйчүүд байв. Энэ нь нэгэндээ итгэх, боломж олгох сэтгэл дутмаг байгааг илтгэж байгаа юм. Гэхдээ хүйс гэдэг нь ямар нэг давуу эрхийн шалгуур ч биш, ялгаварлах шалтгаан ч биш. Харин эрх тэгш байдлыг хангах нь чухал. Эмэгтэйчүүд байгалиасаа цэвэр ичимтгий, өөрийгөө илэрхийлэхэд төвөгшөөдөг зан чанартай байж болох ч энэ тал дээр дэмжлэг, итгэл үнэмшил өгөх нь бидний үүрэг юм.
-Амжилттай эмэгтэй удирдагч байх нь Таны хувьд юу гэсэн үг вэ. Таны хувьд “амжилт” гэж юу вэ?
-Амжилт гэдэг нь зөвхөн оргилд хүрэх тухай ойлголт биш. Өөрийн хүсэл зорилгодоо үнэнч байж, зөв стратегиар, зөв сэтгэлтэйгээр явж, бусдыг урамшуулж, тэдэнд итгэл үнэмшил өгч чаддаг хүнийг би жинхэнэ амжилттай нэгэн гэж боддог. Жинхэнэ удирдагч гэдэг нь албан тушаал, статусаар тодорхойлогддоггүй. Харин бусдыг ойлгож, урамшуулж, тэднийг байлдан дагуулж чадах тэр чанараар нь хэмжигддэг.
Миний хувьд, амжилт бол өнөөдөр хийж байгаа бүх зүйл маань ирээдүйд үр өгөөжтэй, үнэ цэнтэй хэвээр байх явдал юм. Тэрхүү үр дүн шууд харагдахгүй байсан ч туулсан зам өөрөө амжилт мөн гэдэгт итгэдэг. Орчин үеийн залуусын дундаас ирээдүйн гайхалтай удирдагчид төрөн гарч байгааг харах бүртээ бахархдаг. Хамгийн гол нь үе үеэ хүндэтгэн, хамтран ажиллаж чадвал биднийг ухаалаг, хүчирхэг, гэрэлт ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэдэг.
Хүчтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхээс эмээдэггүй, харин ч хамтдаа урагшлахыг зорьдог удирдагчид өнөөгийн дэлхийд хамгийн их хэрэгтэй байна.