UBLife Logo
Спорт

Бэртлийн улмаас жил гаруй тоглоогүй Неймар нутаг буцлаа

Бэртлийн улмаас жил гаруй тоглоогүй Неймар нутаг буцлаа

Хэдхэн жилийн өмнө Европын хөлбөмбөгт гялалзсан тоглолтоороо гайхуулж, амтай бүхэнд шагшигдаж явсан үе түүнд бий. Гэвч өдгөө бол Арабуудад ад үзэгдэж, нутгийнхнаасаа ч таагүй үг сонсож яваа Неймарын хувьд сүйрч буй карьераа аврахаар нутгийнхаа “Сантос” клуб рүү буурь сэлгэлээ.

Неймар 2023 оны наймдугаар сард Про лигийн "Аль-Хилал" багт 90 сая еврогийн үнээр зарагдсан билээ. Гэвч тэр цагаас өдийг хүртэлх хугацаанд бэртэл гэмтлийн асуудлаас болж тоглох боломжгүй байдалтай байгаа.

Тодруулбал, 2023 оны 10-р сард тэрээр шигшээ багийнхаа өмсгөлтэй тоглож байхдаа шөрмөсөө тасалж, 369 хоногийг талбайн гадна өнгөрүүлсэн.

Неймар өнгөрсөн оны 10-р сард Азийн Аваргуудын лигт явагдсан “Аль-Айн” болон "Аль-Хилал" багуудын тоглолтын 77 дахь минутад сэлгэгдэн талбайд гарснаар хүнд бэртлийг амжилттай даван туулснаа тунхагласан юм.

Гэвч энэ явдлаас ердөө 14 хоногийн дараа ахин бэртэж, 4-6 долоо хоногийн эмчилгээнд хамрагдах шаардлагатай болсон билээ.

32 настай тэрбээр “Аль-Хилал”-ын өмнөөс ердөө долоон тоглолтод оролцсон.

Неймар 2017 онд “Парис Сент-Жермен” клуб рүү 200 сая фунтийн үнээр шилжсэн нь түүнийг дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болгосон юм.

Неймарын “Аль-Хилал”-тай үзэглэсэн гэрээний хугацаа дуусахад долоон сар орчим үлдээд байсан бөгөөд тэрбээр жилийн 150 сая еврогийн цалинг халаасалдаг.

Неймар Бразилийн шигшээ багийн төлөө 79 гоол оруулснаар Пелегийн амжилтыг гүйцэж, шигшээ багийнхаа бүх цаг үеийн шилдэг мэргэн буучаар тодорсон. Гэвч 2023 оноос хойш шигшээ багтаа ахин тоглоогүй байна.

Сонирхуулахад, тэрбээр хөлбөмбөгчний замналаа “Сантос” клубээс эхлүүлсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.