UBLife Logo
Авторын булан

Хөрөг | Төгс “төөрөгдөл”

Хөрөг | Төгс “төөрөгдөл”

Арван есөн настай хүнд өөрийгөө хэдийнэ том болсон гэж бодож амжих нэгэн жил өнгөрсөн байдаг. Дунд сургуулиа төгсчихсөн, амьдралд хөл тавьчихсан. Ариунаад 19 нас бусдынхаас онцгой иржээ. Арвантаван настайдаа бүтэн насаар өсөж “Арванзургаан нас” дуугаа радиод бичүүлсэн нь улс орон даяар цуурайтав. Сурагчийн ширээнээс шууд л улсынхаа хамгийн том агаад залуу хүн бүрийн зүрх сэтгэлийг татагч эстрад хамтлагт бүтэн жил дуулж амжив. Дуучин хүний намтар хөөрхөн цогцолчихсон ийм нэгэн монгол охин оюутан болохоор орон гэрээсээ гарлаа. Дийлэнхийн очиж сурдаг хойд хөрш рүү биш. Бүүр хол явна. Тэнгис далай үзнэ, тэгээд тэндээ үзүүлээд өгнө гэж мөрөөднө.

Зүүн Азиас Европын хоёр улсын хот тосгодыг дамнан зорьсон өртөөндөө хөл тавив. Урт зам юм аа. Төсөөлөл нь түүнийг өмнө үзээгүй ертөнц тийш яаруулах тусам хорж өгдөггүй, хүслэнт холыг эвхэж ядна. Галт тэрэг төмөр замаар гулгах чимээ, олон хэлийн улсын яриа хөөрөө хоорондоо хоршин дүнгэнэж нэгэн хэмийн түчиг тачиг-түчиг тачигт уусна. Хэдэн тасалгааны цаанаас 70, 80-аад оны танил хитүүд хуурцаг тоглуулагчаас эгшиглэн охиныг сэргээв. Тэртээх 1970-аад оны сүүлч үед үеэл ах нараараа дамжуулан танилцсан барууны хамтлагууд Bee Gees, ABBA, Smokie, Boney M бол түүнд өсвөр насыг нь авчирч өгсөн билээ. Орост сурдаг оюутан ах Х.Энхтайван зуны амралтаараа гэртээ ирэхдээ дүү Х.Энхбаяртайгаа тэдгээр хамтлагийн пянз сонсож, гитардан дагаж дуулсаар өөрсдийн гэсэн “урын сан”-тай болсон бөгөөд дөнгөж 13 настай дүү Х.Оюунбилэг нь хүртэл нэг л мэдэхэд нэгдсэн байлаа. Одоо харин хамтлаг болон бүрэлдэхэд дахин нэг гишүүн нэмэгдэх бөгөөд тэрхүү үеэл дүү нь хожим Монгол Улсын гавьяат жүжигчин, рок поп хөгжмийн дива Төмөрийн Ариунаа болох билээ. Гэр бүлийн хамтлаг Boney M-ийн “Малайка”, Bee Gees-ийн “Массачусетс” зэрэг нэлээд олон дуутай байв.

Сурагч охин 52 дугаар дунд сургуулийн бусад авьяастны адил дуу хөгжмийн хичээлийн үеэр, урлагийн үзлэгийн номероороо ч биш санаанд оромгүй байдлаар Л.Галмандах багшийнхаа анхаарлыг татсан түүхтэй. Нэг удаа Л.Галмандах кино үзэхээр “Хөдөлмөр” театр ороод сууж байтал үзвэрийн өмнө хоёр салаа гэзэгтэй цоглог охин Зөвлөлтөд эрчийг авч, монгол залуусын хорхойсон сонсож байсан “Машина времени” хамтлагийн “Годы летят стрелою” дууг гитардан дуулсан нь түүний багшилдаг 52 дугаар дунд сургуулийнх нь 7 дугаар ангийн сурагч Т.Ариунаа гэнэ. Авьяастныг эрэн хайж ургуулан бойжуулдаг Л.Галмандах маргааш нь сургууль дээрээ очингуутаа Ариунааг дуу хөгжмийн өрөөндөө дуудаж уулзсанаар сургуулийнхаа “Нарны дуулал” хамтлагийн шинэ үеийг бүрдүүлсэн байна. Үүнээс нэг жилийн дараа дуучин охин Ариунаа болон Монголын үе үеийн 16 настнуудыг алдаршуулсан дуу Галаа багшийн төгөлдөр хуураас мэндэлсэн билээ. 

***

Улаанбаатар-Москва-Софи. Галт тэргээр бүхэл бүтэн долоо хоног давхижээ. Нэг гартаа өөрийн хамгийн гоё өмч болох Modern Talking хамтлагийн пянзыг хямгадан сугавчилсан, нөгөө гартаа 1986 оны Улаанбаатартаа дэгжинд тооцогдох хамаг хувцсаа эвхэж багласан том гэгч чемодантай. Болгарын нийслэл Софи хотод ирлээ. Их хөлийн газар ажээ. 425 мянган хүнтэй төрөлх хотоо орхиж 1.2 сая оршин суугчийн нэг нь болж дотогш шунгалаа. Болгарын консерваторийн хичээл эхлэхээс өмнө өөртэй нь ижил оюутан болохоор нэгдүгээр курст ирсэн европ охидтой оюутны байранд оров.

“Ээ бурхан минь. Тэд яг л үлгэрийн гүнж шиг. Урт шаргал үсээ намируулсан, богино банзал дороос хөл нь тэр чигээрээ ил, бардам үзэсгэлэнт цэнхэр нүдтэнүүдийн харц над дээр удаан тогтохгүй байхыг би мэдэрсэн. Намайг гайхашруулсан эхний шалтгаан европ оюутнуудын гадаад байдлаас огт өөр зүйл байлаа. Хөгжмийн мэргэжлийн дунд сургууль төгсөөд ирсэн тэдний дэргэд онолын боловсролоор би хэн билээ гэж бодох анхны сэтгэгдэл намайг шууд л тавгүйтүүлж орхисонсон. Танхимд байх төгөлдөр хуур дээр нотоо тавиад л хэн нь ч хамаагүй ээлжлэн тоглож, дуулцгаах нь яг л загас усандаа байх шиг. Би тэднээс Уитни Хьюстон гэх нэрийг анх удаа л сонсож байхад тэд 1986 оны Биллбордоор цойлсон шинэ уран бүтээлүүдээр ур чадвараа танилцуулж байсан юм. Намайг Modern Talking хамтлагийн пянз сонсож байхад тэд соло дуучин болчихсон юм шиг санагдсан” хэмээн Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Төмөрийн Ариунаа одоогоос 38 жилийн өмнөх Софийн анхны өдрүүдээ дурслаа.

Болгар улсын консерватори 1986 оны хичээлийн жилээс эхлэн дээд сургууль болон өргөжиж, хөтөлбөрүүдээ гүнзгийрүүлсэн жил Т.Ариунаа поп-жаз дуулаачийн ангид суралцахаар очив. Эхний нэг жил болгар хэлний хичээлээр дагнаж, үндсэн курстээ дэвшихийн өмнө дахин нэг жил хөгжмийн онолын бэлтгэлд сурахаар хугацаа сунгагдах нь тэр. Нотноос эхлээд мэргэжлийн хичээлүүд үзсэн нэгэн жил өнгөрч байна. Ариунаа жил алдаж байгаа мэдрэмжээ түүнийг маш сайн ойлгох нэгэнд хуваалцах хэрэгтэй байв. “Сайн байна уу, Насаа эгч ээ” хэмээн эхлэх захидалд “Би таныг нот зааж байхад хичээгээд сайн сурчихгүй яав гэж харамсах юм” гэх өгүүлбэр бий. Гавьяат жүжигчин Ч.Насантогтох Арменид мэргэжлийн дуучин, хөгжимчнөөр дээд сургууль төгссөн Монголын эстрадын анхны дуучин бөгөөд “Соёл эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин эмэгтэйн алдрын түүхийн их залуухан үед Ариунаа энэ хамтлагт дагалдан дуучнаар оров. “Гялалзсан нүдтэй, шөмбөгөр цагаан охин ирсэн. Хамгийн анх Ариунааг харахад хоёр салаа урт гэзэгтэй байсан, харин манай хамтлагт дагалдан дуучнаар орсон анхны өдрөө тайрмал үстэй болчихсон байсан. Филармонийн дарга Д.Ухнаа гуай түүнд багшлахыг надад даалгасан юм. Ариунаа урлагт дөртэй ч их жаахан хүүхэд ирсэн л дээ. Танилцах зуур намайг ажиглаад байхыг нь би анзаарсан юм. Тун ч ажигч, сониуч, тэгээд хүүхдэд баймгүй өндөр мэдрэмжтэй. Бид хоёр хоёул Комбинатынх, ойрхон ч амьдардаг байж таарсан. Нэг жилийн хугацаанд тоглолт, томилолт гээд бид хоёрт нотны хичээл орох цаг зав төдийлэн элбэг биш. Нөхцөл бүрдээд нот заах болоход Ариунаа маань нэг л төвлөрч өгөхгүй. “Эгч ээ, би нэг гараад ирье” гээд л намайг удаан хүлээлгэнэ. Би ч түүгээр нэг “Ариунаа!” гэж хашгирахаар орж ирнэ. “Сая найзтайгаа таараад удчихлаа” гээд л хулмалздагсан”.

-Би “Соёл эрдэнэ” хамтлагт 1985-1986 онд ажиллахдаа багагүй суралцаж байсан даа. Насаа эгч тайзан дээр дуулахдаа тухайн үеийн дуучдын нэг их зориглодоггүй байсан хөдөлгөөнүүдийг хийж бүжиглэдэг, бас моод стиль гэдгийг чөлөөтэй илэрхийлдэг бүсгүй байсан юм. Таазаа донжтой хөдөлгөж, өвдгөөрөө нахилзан бүжиглэдэг нь, зиг заг хэлбэрээр буржийлгасан урт үс, гоёмсог чамин хувцас зүүсгэл гээд ер биеэ авч яваа, үзэгчдийн анхаарлыг барьж байгаа нь надад их таалагдана.

“Бид Өвөрхангайд тоглолтоор явж байтал Ариунаа “Би яг тань шиг бүжиглэж байхдаа эргэлдэж сурмаар байна” гээд бид хамтдаа хэдхэн оролдоод л тэр сурчихсан. Хөдөлгөөний эвсэл нь гойд болохыг би шууд л анзаарч билээ. Ариунаа анх “Арванзургаан нас”, “Би чамд хайртай” гэж хоёр дуутай байсан тул тайзнаа бүжиглэх шаардлага бага ч эстрадын дуучны хувьд энэ их чухал чадвар юм гэдгийг тэр өөрөө л ойлгочихсон байсан. Тэр үед байгууллагаас тоглолтын хувцас тавьж өгнө. Цаанаас батлагдсан эскизтэй гэгдэх нэгэн хэвийн даашинзуудыг би огт өмсөж байгаагүй. Ариунаа маань тэр урт палаажийг хараад нүдээ түргэн түргэн цавчиж, ихэд сандарчихсан зогсож байж билээ. Ариунаа ч бас өмсөөгүй юмдаг. Тэгээд 80-аад оны дунд үеэс хувцас загварт шинээр орж ирсэн өргөн мөртэй хүрэм, шуумаг руугаа нарийссан өргөн өмдний цагаан хослолтой тайзанд гарах болсон. Гэр бүл нь анхаарч дэмждэг, урлагт хүндэтгэлтэй ханддаг юм байна гэж би ойлгосон. Сурагчийн дүрэмт хувцсаа тайлаад л “Соёл эрдэнэ” хамтлагийн тайзнаа гарсан жаахан охиноо аав, ээж нь бидний хэнээс ч дутахааргүй л гоёж өгч дээ. Ариунаагаа Болгарын хөгжмийн дээд сургуульд явахын өмнөхөн, 1986 оны зун бид хоёр Эрдэнэт хотод зохиогдсон Монгол-Зөвлөлтийн залуучуудын фестивалийн гадаа талбайд болсон тоглолтыг даагаад л гарч байлаа. Ариунаа тэгэхэд цөөнгүй дуу дуулж, тааваараа бүжиглэж, тайзыг эзэгнэн, ёстой үзүүлж өгсөн. Жинхэнэ шоу концертыг тэр үед Ариунаа мэдэрч, өөртөө итгэлтэй болсон гэж боддог”.

-Би үнэндээ л гологддог байсан. Баарайн Баяраа, Буурангийн Нандинцэцэг, Дашзэвэгийн Жаргалсайхан, Чулуунтогтохын Насантогтох нарын тайз шүү дээ. “Энэ нөхрийн хоолойг яах вэ” гэж басс гитарчин Д.Дамдинсүрэн ах шуудхан л хэлнэ. “Нэг л болж өгөхгүй байна” гэж Жагаа ах толгой сэгсэрнэ. Жинхэнэ том дуучдын дэргэд жижиг байгаагаа би өөрөө ч мэддэг байсан. Бас энэ бол дөнгөж эхлэл гэдгийг ч ойлгож байсан. Гэхдээ л гэртээ хариад аавдаа ховлодог, гомдлоо тайлдаг байж билээ. Аав маань дүрэлзсэн зантай, шулуун үгтэй ч миний зөрүүд, шазрууныг андахгүй тул маргааш дахиад эхлэх цэнэг өгөөд л унтуулна. “Соёл эрдэнэ” хамтлагт дагалдан дуучнаар ажиллахаар очсон анхны өдрөө их тод санадаг. Өмнөх орой нь ээжтэйгээ ярилцаж шийдээд л гэзгээ тайрчихсан. Өглөө нь үснийхээ үзүүрийг дотогш эргүүлж буржийлгаад, ээжийнхээ ногоон хамбан пиджакийг, найзынхаа хар өмдийг өмсөөд гарсан. “Ленин клуб”-ын автобусны буудлаас ажил руугаа их л цэмцгэр алхсаар хүрсэнсэн. Тайрмал үс минь хийсээд сүүдэр нь ямар гоё харагдаж байсан гэж санана. Тэгж алхаж явах замд Жагаа ах дэргэдүүр мотоцикльтэй явж таарсан байгаа юм. “Гоё бүсгүй байна даа” гэж хараад өнгөрсөн өнөө бүсгүй нь дагалдан дуучнаар ороод ирсэн гэж дурсдаг юм.

***

Софид хөл тавьснаасаа хойш хоёр жилийн дараа 1988 онд Ариунаа нэгдүгээр курсийн оюутан болсон нь эхлээд хэлний, тэгээд мэргэжлийн бэлтгэлд суусны дараа ирж буй удтал хүлээсэн гарааны цэг байлаа. Тэр одоо л хэн болохоо харуулах ёстой.

Цойлохын тулд бүх цаг хугацаагаа сургууль дээрээ өнгөрүүлж байлаа. Түүнээс өмнө Монголоос ирсэн дээд курсийн Д.Эрдэнэцэцэг дуулах ур чадварын багш Парапановыг Ариунаад санал болгосон нь тун ч нүдээ олсон хэрэг байв. “Манай Эрка богинохон амьдарсан ч ямар дуучин байсныг “Учралын эгшиг”, “Чамайгаа оллоо” зэрэг дуугаар нь монголчууд сайн санадаг. Д.Эрдэнэцэцэг гаднаасаа үзэсгэлэнтэй, дотроо хүчирхэг хүн байлаа. “Чи заавал энэ багшаар л заалгах ёстой шүү” гээд намайг дагуулж очсон. Эрка тийм харамгүй зүрхтэй”.  

-Багшаар хоолойн техник заалгана, дараа нь дасгал ороход ангийнхаа бүх оюутны ард хүлээнэ. Цангинасан нарийхан хоолойг өөрчлөхөд асар их ажиллах хэрэгтэйг би ч, багш ч сайн мэднэ. “Ариунаа, чи багшдаа итгэдэг биз дээ” гээд л асуудагсан. Багш маань манай ангийн нэг бүсгүйд сэтгэлтэй байсан юм. Түүндээ илүү цаг гаргах гээд миний дасгалыг дутуудуулчих вий, нэг л худлаа өнгөрүүлчих вий гэж би албаар хамгийн сүүлийн хүн болж цаг сунгах боломжийг хайна. Багш харин надад, миний шаардлага, хичээл зүтгэлд маш их итгэдэг байлаа. Би VIP үйлчилгээ авахыг л хүссэн.

Нэгдүгээр курсийн зуны амралтаар багш Югославын нэг компаниас сайн дуулдаг оюутнаа ажиллуулах хүсэлт хүлээж аваад надад санал тавьсан юм. Би тэр зун “Дайре” хамтлагийн дуучин болж, Италитай хиллэдэг Югославын далайн эргийн хотуудад аялан тоглохоор Болгараас явав. Дэлхийн өнцөг булан бүрээс чинээлэг жуулчид ирж амардаг өндөр өртөгтэй газар ажээ. Шоу энтертайнмент гэж юу байдгийг үзэж, ёстой л нүд тайлав. Хүссэн юм хүзүүгээр татсан гэхээсээ ур чадвараа ахиулах цалинтай тийз атгаснаа энд ирээд ойлгосон юм. Би богино хугацаанд англи, итали, серб, хорват, болгар дууны урын сантай болох шаардлагатай болсон. Цалин хангамж өндөр, тоглолтын төгсгөлд надаар дахин дуулуулах бол захиалга тус бүр 100 маркийн үнэтэй. 1989 онд дэлхий дахиныг байлдан дагуулсан “Ламбада”-г дуулах урилгыг гэхэд л би бараг өдөр бүр авдаг болов. Энэ дуунд зориулж клипэнд нь тоглодог бүсгүй шиг хувцаслан бүжиглэх бөгөөд латин америк бүсгүйчүүдийн гал цог надаар дамжин танхим руу дүрэлзэж, бүх үзэгч суудлаасаа босон тайз руу бүчээд ирдэгсэн.  

Тэр зуны гэрээ дуусахад үргэлжлүүлэн нэг жил ажиллах санал ирсэн юм. Би хүлээж авсан. Энэ бол Европт суралцаж байгаа ази оюутанд олдохгүй боломж учраас сургуулиасаа жилийн чөлөө авав. Энэ гэрээг байгуулах үест миний репертуарт 200 дуу эргэлдэж, хөгжимчид маань ч надаас өөр соло дуучинтай хамтрах бодолгүй байв.

Гэрээ дуусахад би мөнгөтэй, өөртөө итгэлтэй, нээлттэй, эрх чөлөөтэй оюутан болсон байлаа. Болгар руу буцахын өмнө зуны сүүлийн сард гэртээ харихдаа би онгоц хөлөглөсөн. Буянт-Ухаад буух мөчид гэрээсээ үдэж мордуулсан жаахан охин биш, “баруунаас ирсэн Ариунаа” болчихсоныг аав, ээж, дүү нар маань шууд л харсан гэдэг. Югославт байхдаа орой дээрээ залаа үлдээн хоёр шанаанаас нь хусуулж панк стилиэр засуулчихсан байсан тэр чигээрээ онгоцноос гарч ирэхэд гэрийнхэн маань хэсэгтээ балмагдаж орхисон. Ээж минь “Ариунаагийн энэ сүрхий үснээс ичээд гэрээсээ ч гарч чадахгүй юм” гээд л, аав өмөөрсөн ч үгүй, бас сайшаасан ч үгүй, тэр зун нэг тийм хөгтэй...  

Ариунаад одоо гадаад ертөнц гэдэг хол биш болжээ. Галт тэрэгнээс гэрэвшин бууж байсан монгол охин энэ удаа Софид эргэн ирэхдээ дахиад ганцхан алхахад л Итали буйг, хөдөлмөрлөж чадвал боломж хязгааргүйг мэдэх нэгэн болсон байлаа. Өмнө нь харилцахаас нэг л бэргэдэг байсан европ оюутнуудтай эн тэнцүү нөхөрлөж, төгсөх курсийн гол дүрийн оюутан болов. Төрсөн өдрийнхөө баярыг хөлтэй тэмдэглэхдээ охидыг ахлан зохион байгуулж, Бродвэйн шоуны хувилбар мини концерт тоглолоо. Тэгэхэд Парапанов багш Ариунаагийн тоглолтыг үзээд “Гайхамшигтай сайхан драматик сопрано!” хэмээн баярлаад л... “Ариунаа, чи Монголын том од болно оо. Чи чадна. Тэгээд надад ил захидал явуулна шүү” гэжээ. Од болохоороо захидал илгээх амлалтаа Ариунаа харин биелүүлж амжаагүй. Тэрбээр хожим сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа “Өөрийгөө дүгнэх, амжилтаа үнэлэхээс айж байсан учраас багшийнхаа надад тэгж их захисан ил захидлыг илгээж зүрхлээгүй юм. Багш маань тэнгэрийн оронд очсон байна. Амьд сэрүүнд нь “Багш аа, би чадсан шүү. Би таны хүссэнээр од боллоо” гэсэн хэдхэн үгтэй ил захидлыг илгээчихгүй яав даа гэж харамсдаг” хэмээн өгүүлсэн билээ.   

Баруун, зүүнийг зааглаж байсан улс төрийн хана Европт нуран унаж поп урсгал хил хязгаарыг сэтлэн давалгаалах хүчит түрлэгийг чанх дэргэдээс нь үзсэн монгол дуучин нь Ариунаа байлаа. Урлагийн академик боловсрол, дуулах ур чадварт суралцаж байх он жилүүдийн төгсгөл оюутан Ариунаад өөр нэг боломж олгосон нь сургуулиа онц дүнтэй дүүргэсэн түүнд Болгарын “Дони и Момчил” хамтлагаас 1993 онд ажлын санал ирэв. Ариунаа зөвшөөрсөн юм. Барууны хөгжим, шоу бизнесийн нөлөө зүүн Европыг маш сонирхолтой болгож байсан нь түүний үлдэх шийдвэрт жин даржээ. Эндээсээ Италид очихыг мөн мөрөөөдөөд эхэлчихсэн. Сургуулиа төгсөөд гадаад оюутнууд эх орон руугаа буцаж байхад Ариунаа Улаанбаатарт бус, Софид “Дони и Момчил” хамтлагийн анхны альбом гаргах студийн бэлтгэлд ажиллаж байлаа.

Ариунаагийн цангинасан хоолой өтгөрч, нарийн нэхээст торго шиг л жигд сонсогдоно. Доод өнгө нь хүчтэй, дээд өнгө нь тод, чанга, бүр их дээшлэхээрээ ялимгүй хурц сонсогдох поп-жаз стилийн драматик сопрано тембртэй дуучин бэлэн болжээ.   

***

Монгол орон ардчилал, чөлөөт зах зээлд шилжиж, тогтолцооны өөрчлөлт нийгмийг бүхэлд нь хямраасан шинэ тутам он цаг дөнгөж л эхэлж байна. Урлаг соёлын салбар хязгааргүй эрх чөлөөнийхөө учрыг олох сайхан мөртлөө бартаат замд гарчээ.

“1994 оны Цагаан сараар Ариунаа Монголд ирээд байхад нь бид уулзсан юм. “Түр хугацаагаар ирлээ” гэх нь тэр. “Бидэнд мэргэжлийн уран бүтээлч хэрэгтэй. Чи яг одоо л үлд”. Хэрэв Ариунаа Болгарт байхдаа Насаа эгчээсээ энэ үгийг сонссон бол шийдвэрээ өөрчлөхгүй ч байх магадлалтай. Ээж, аавынхаа дэргэд, эх орондоо энэ тухай бодох өөр байсан биз. Нэгэнт л Монголын рок попын нэн шинэ түүхийн эх тохиосон торгон мөч, сонирхолтой харагдаж байгаа орон зайд тэр үймүүлэн өөрчлөгч, дуулиан таригч, мэргэжлийн хэмжүүр тогтоогч болж чадахаа төсөөлөв. Гэхдээ түүний зайлшгүй эхэлж татах хаалга төрөлх “Соёл эрдэнэ” байх ёстойг ч мөн ойлгож байлаа.   

Ариунаа “Соёл эрдэнэ”-д гоцлол дуучнаар эргэн нэгдсэн 1994 онд “Харанга” хамтлагийн Ц.Энхманлай “Амласан сэтгэл” дууг зохиож өгсөн нь түүнийг гурван октав чөлөөтэй дуулдгийг илтгэсэн, ялангуяа хоолойн дээд өнгөний царааг нь тодотгосныхоо хувьд онцгой бүтээл болжээ. “Соёл эрдэнэ” хамтлагт нэг жил дуулсан Б.Батчулуун (Баачка) “Никитон” хамтлагаа байгуулахаар Ариунаатай зөрөх шахам гарахдаа “Талын цэцэг” дуугаа түүнд өгөв. Рок чиглэлээр “Харанга”, “Хөх тэнгэр”, “Хурд”, “Никитон”, поп чиглэлийн “Титэм”, “Харш” хамтлагууд залуусыг байлдан дагуулж, соло карьерт Б.Сарантуяагийн алдар нэр цуурайтаж байх үе билээ. Ариунаа ердөө хэдхэн сарын дотор “Рок, поп шоу-94”, “Саятан” шоу уралдаанд тэргүүлж, “Пентатоник-94” хөгжмийн наадмын шилдэг дебют дуучнаар тодорсон хэрнээ өөртөө таалагдахгүй байлаа. Түүнд нэгдүгээр байр, алтан медаль, өргөмжлөл аль хэдийнэ сонин биш, харин хүмүүст нөлөөлөх, эзэмдэх, байлдан дагуулахыг хүснэ. “Би өөрийн дууг эрсээр байна. Надад дуу олдохгүй хэцүү байна. Дуунууд цөм уянгын, нэг хэвийн” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “гоншигоносон” нь сэтгэл дундуур байгаагаа олон нийтэд ам алдсан эхний бөгөөд эцсийн тохиолдол болсон билээ.

“Ариунаа 1995 онд “Амласан хайр” дууныхаа клипийг хийлгэхээр манай продакшнд хандсанаар бидний хамтын уран бүтээлийн түүх эхэлж байлаа. Эхний уулзалтын үеэр тэр “өөр зүйл” эрэн хайж, цоо шинэ өнгө төрхийг хүсэж байгаа нь ойлгомжтой болсон юм” хэмээн “On'n off” продакшны захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Ононбат дурсав. “Үүнээс нэг жилийн дараа Ариунаа анхны цомгоо гаргаж, бие даасан тоглолтоо хийхэд бид хамтарч ажилласан. Нэр бодож олох хэрэгтэй болоход “Эрос” гэж Гансэрээ анх санал болгосноор тогтсон. Грекийн домогт гардаг дурлалын бурхны нэр шүү дээ. Эротиктой холбон хүлээж авах үзэгчдийн хүсэл харин тэр үед давамгайлчихсан байх” .

Оройхон гараад... гэдэгчлэн Ариунаа ширүүхэн дайрав. Шинэ бүтээлийн эрэлд шуурхайлсны дүнд ганцхан жилийн дотор “Утасны дугаар”, “Баяртай гэж хэлж чадахгүй”, “Эргээд чамдаа ирнэ”, “Мартахгүй”, “Хайрыг минь чи сонс” дуунууд нь цацагдсан даруйдаа хит болов. Б.Сарантуяа “Мартъя” дуугаа гаргаж олныг уяраан байхуй дор Л.Галмандах багш нь Ү.Хүрэлбаатарын шүлэгт хөгжим бичиж, Ариунаа “Мартахгүй” хэмээх хариу барьж байв.     

“Би Югославт аялан тоглолтоор явж байх 1989 оноос Мадоннагийн тухай бичсэн сонин сэтгүүл бүрийг худалдан авч, түүний карьерын талаар нэлээд судалж эхэлсэн юм. Концертын бичлэгээс нь багийн хүчин чармайлт тод анзаарагддаг байлаа. Мадоннагийн дуу хөгжим, бүжигчдээс дутахааргүй чадварлаг үзүүлбэрүүд нь намайг дэнс поп урсгалд хүчтэй дурлуулсан. Би оюутан байхаасаа л өөрийгөө ирээдүйн тайзан дээрээ зөвхөн дуулаад ордог уран бүтээлч болно гэж огт төсөөлж байгаагүй. 1995 онд би анхны тоглолтынхоо дүр зургийг бодож явахдаа л бүжгийн хамтлагтай гарна, бүрэн хэмжээний шоу дэглэнэ гэж төлөвлөсөн байсан”.

Т.Ариунаагийн соло карьерын анхны бөгөөд 16 жилийн турш хамтран ажилласан продюсер, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Халиун “Цоо шинэ хэв маяг, этгээд зан араншинг тунхаглахад бэлэн, мэргэжлийн хувьд сайтар бэлтгэгдсэн уран бүтээлчтэй ажиллах нь тун сонирхолтой санагдсан. Ариунаагийн эрос имижийн тэсрэлт бол 1996 онд бүтээсэн “Нисванис”-ын Л.Энх-Амгалангийн ая, Б.Галсансүхийн шүлэг “Утасны дугаар” дууны клип рок попын томоохон дуулиан байлаа. Мэдээж ийм тэсрэлтийн дараа “Эрос № 1” цомог ч, тоглолт ч хүмүүсийн урьд өмнө сонсоогүй, үзээгүй өвөрмөц уур амьсгалтай, эрос имижийг тодотгосон дуу бүжгийн дэглэлттэйгээр нийтэд хүрсэн. Ариунаа чөлөөт хэвлэлүүдэд зоримог ярилцлага өгч, уран бүтээлийнхээ шинэ имижид олны анхаарлыг ухаалгаар татаж “Эрос” төсөл бүхэлдээ зорилгоо төгс биелүүлж чадсан. Ингэж Монголд шинэ од төрсөн юм” хэмээлээ.

Т.Ариунаа соло карьер эхлүүлэх тухайд нухацтай бодсон нь илт байв. Уран бүтээлчийн имижээ шоу бизнесийн бодлогоор бүрдүүлж, маркетинг, олон нийттэй харилцах орчин үеийн ойлголтуудтай нягт уялдуулан цогцоор нь үзэгчдэд хүргэсэн Монголын анхны уран бүтээлч Ариунаа болсон юм.

-Би тэр үеийнхээ шилдэг мэргэжилтнүүдийг судалж, хэн, хаана, юу хийж байгаатай нэгбүрчлэн танилцаж, анхны цомгоо гаргах, бие даасан тоглолтоо хийхдээ хамтран ажилласан. Миний дуунуудын хөгжмийн найруулгыг Н.Халиун “Сонор” студид дэлхийн стандартаар хийж, миний концертын тайз Нью-Йоркийн гудамж болон хувирч, би мөрөөдлөө хүмүүст бодитоор харуулсандаа сэтгэл хангалуун байлаа.  

***

Ариунаагийн “Зөвхөн чиний тухай” хоёр дахь цомог мэндэлсэн 1997 онд өөр нэг чухал үйл явдал болсон юм. Ариунаагийн тоглолтыг аймагтаа авчрахаар Сэлэнгийн Засаг дарга шийдэж, аймгийн төвийнхөө бизнес эрхлэгчдийг зохион байгуулалтад татан оролцуулахдаа тэд дундаас хамгийн залуу, бас амжилттай явсан “СЭБ” ХХК-ийн захирал Г.Буяндоржид ачааны хүндийг үүрүүлжээ. Залуу эр дуучин Ариунааг зурагтаар харж, тухай нь хэвлэлээс уншиж байснаас хэтрэхгүй ч алдартай одын аялан тоглолтыг хүлээж авах нь байдаг л нэг угталт, үдэлт байх ёсгүй гэж үзэв.

“Өөрийн унадаг “бух” Бэнзтэй ижил машинуудаар үйлчлэх санаа олж, найз нөхдийнхөө тэрэгнээс сорчлон дөрвөн Мэрсэдэсээр жигдэрсэн чамин цуваатай болоод авав. Ингээд Ариунаа дуучны дугаар руу залгалаа. 341167 гэдэг Ариунаагийн гэрийн утсыг надад өглөө. Тэр үед Ариунаа маань гар утасгүй байх үе. Сэлэнгээс гэр рүү нь залгаж концертын бэлтгэлийн талаар зөвлөлдөх хэрэг их гарахыг ч хэлэх үү, байн байн л залгана. Бүжигчид, арын дуучид гээд нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ирэхээр болж байна. Сэлэнгэд хүлээж авах бэлтгэлийг жин тан болгоод, Бэнз цуваагаараа очиж концертын багийг хотоос авахаар болов. Би ч бас хамт хөдөлсөн. “Цагаан хаалганы хойд талын хөндлөн таван давхар” гэж зааснаар нь давхиад очлоо. Урд өдөр нь Сэлэнгээс орж ирээд үсээ засуулаад авсан, “ТБД Андууд”-аас ноолууран хөх пальто аваад өмсчихсөн. Монголынхоо од бүсгүйд бас аятайхан харагдах гэж хичээсэн л хэрэг. 341167 руугаа залгаад гадаа нь хүлээж байгаагаа дуулгахад нөгөөх тун удалгүй гараад ирсэн. Хотоос гарч яваад 52-ын даваан дээр зогсож овоонд чулуу өргөцгөөлөө, замын гуанзанд өдрийн хоол идэцгээлээ. “Нөгөөх” их хөөрхөн юм аа. Бодсоноос хамаагүй энгийн. “Эрос” гэдэг нь тийм аймаар ч юм санагдсангүй. Багийнхантайгаа харилцаж байгаагаас нь харахад ажил хэрэгч, хариуцлагатай ч хүн юм. Ариунаа Сэлэнгэд хоёр үдэш тоглож, нийт тав хоносон юм. Эхний тоглолт эхлэхийн өмнөхөн тайзны ар руу яваад орлоо. Ариунаа микрофоноо бариад сууж байсан. Орчноосоо тасарчихсан юм уу гэмээр төвлөрчихсөн. Дэргэд нь юу ч болж байсан тоохооргүй эрс шийдэмгий царай. Яг тэр дүр төрхийг би одоо ч мартдаггүй. Алтан шар мөрдэс, цуварсан тэвхтэй товч, цэрэг маягийн улаан гусар мундир, богинохон цагаан юбкатай. Өндөр малгай өмссөн нь дээрээ олон өдтэй. Хөөрхөн биш байсан. Сансар огторгуйгаас буугаад ирсэн гэмээр үзэсгэлэнтэй болчихсон байсан. Овоонд чулуу өргөж байснаасаа, хоол идээд сууж байхад харц мөргөлдсөнөөсөө огт өөр, сүрдмээр харцаар над руу нэг харсан. Би зөвхөн унаа, хоол, буудал хариуцсан ч гэсэн тэр мөчийн дүр төрхийг хараад “За энэ тоглолт нь л сайн сайхан болоосой билээ” гэж үнэн сэтгэлээсээ залбирсан. Тоглолтын төгсгөлд Дарханы дэлгүүрүүд рүү захиалж байж цуглуулсан 99 ширхэг сарнайгаа бэлэглэхээр гарахад миний зүрх амаар гарчих шахаж билээ. Яагаад гэвэл, би түүний тоглолтыг үзэгчийн суудлаас хараад тэнгэрийн дагина гэдэгт нь бүр ч итгэж орхисон”.     

-Буяа намайг эхний уулзалтаар л гайхашруулсан. Залуу хүн гэхэд их даруу. Миний тоглолтыг улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хэмжээнд зохион байгуулснаас харахад тэр том мөрөөдөлтэй, холын зорилготой, гүн хүндэтгэлтэй, маш чухал хүн болох нь шууд л таалагдсан. Би үнэндээ Сэлэнгээс явахдаа л түүнд дурлачихсан байсан. Эрчүүд тэр үед надад дурлалаа, хайртай боллоо гэцгээж л байсан. Надад огт мэдрэгддэгүй тэр сэтгэлүүдэд би ямар ч хариу үзүүлдэггүй байсан. Буяа надтай ажил ярьж учирсан ч гэлээ би түүнээс надад, миний урлагт яасан их ач холбогдол өгөөв гэдэгт нэг ч тайлбар үггүйгээр уярсан юм. Би ВИП үйлчилгээнд дуртай шигээ ВИП эр хүнд л сэтгэл зүрхээ өгсөн.              

“Зөвхөн чиний тухай” цомог ч тэр даруй амжилт олов. Энд алдарт “Blue jeans”, “Би”, “Бүжгэнд уриач”, Yггүй мордсон чи минь”-тэй хамт багтсан “Хайрлахын цаана”, “Насны хань” дуунуудаа тэр өөрийнх нь амьдралд орж ирсэн эр хүнд зориулан дуулж байв. Буяндорж Ариунаатай танилцахдаа эхнэрээсээ салаад хоёр жил болсон, хүү нь гурван настай л байв. Улаанбаатар руу бизнесээ өргөжүүлэхээр бэлдэж байх үе тул байсхийгээд л хот орох боловч Ариунааг дахиад нэг л харвал холдож чадахгүйгээ мэдэрч байлаа. Нүдээ анихаар тайзны ард харсан мөнөөх дүр төрх үзэгдэнэ... Сүрхий эр байх гээд ч тэсгэл алдан 341167 дугаар руу залгасан нь тэдний сүүлчийн уулзалтаас ердөө ганцхан сарын дараа...

Хайр дурлалын харилцаа гүнзгийрч, тэд 1998 оны эхээр хамт амьдарч эхэлжээ. Ариунаагийн хувийн амьдралд гарсан өөрчлөлт “Эрос №1”-ийн авчирсан уран бүтээлийн эрчтэй, амжилттай өрнөлийг өөр агуулгатай болгох магадлалтай тул олон нийтээс нууцалж байлаа. Ариунаа дараагийнхаа тоглолтыг “Эрос №2” гэж нэрлэх бодолтой явсан. Гэвч тэр хоёр дахь тоглолтдоо ийм нэр сонгоогүй билээ.

“Хүмүүс” сонины 1998 оны гуравдугаар сарын 9-ний дугаарт нийтлэгдсэн Т.Ариунаагийн ярилцлага “Өөртөө таалагдсан хүнтэй хаана ч секс хийхэд сайхан” гарчигтай бөгөөд хайр дурлал, сексийн талаар илэн далангүй өгүүлжээ. Түүнчлэн нэг залуутай нийлж байгаа гэдгээ хэлээд нэрийг нь нууцалсан байна. Энэ ярилцлагыг хийсэн сэтгүүлч Р.Даваажав “Ариунаа бол монголчууд бидний дундах маш гоё баатар. Би түүнийг нөхөрт гарахад өөрийнх нь бидэнд авчирч өгсөн эрос имижийн өмнөөс харамссан. Үнэхээр ч Ариунаа эхнэр, ээж болоод уран бүтээлийн өөр замаар алхсан шүү дээ” хэмээн ярьж байна.    

-“Эрос” гэдэг нэршил миний дебютийн чимэг байлаа. Гэвч Буяндорж гэдэг хувь хүний алдар нэрд хүсэшгүй доромжлол болсон. Түүнийг шар хэвлэлүүд “секс машин” болгож гоочилж эхэлсэн. Олон жил хэвлэлээр үргэлжилсэн дайралтыг хугаршгүй ноён нуруутай эр хүн тулдаа Буяа тэсвэрлэж байсныг би л мэддэг. Түүнээс өөр хүн бол надаас эрт салчих байсан.  

“Хар багын л санаа минь сансарт явсан шиг байгаа юм. 1988 онд наймдугаар ангийн хөвгүүн явахдаа тухайн үеийн ном зохиолоос үйлдвэрийн эздийн тухай ойлголттой болмогцоо том болоод үйлдвэртэй болно гэж ярьдаг байлаа. Би бас хачин сайхан бүсгүйтэй гэрлэж, хүссэн бүхнийг нь биелүүлдэг эр нөхөр байна гэж боддог байсан. Аль алиныг нь чадсан. Ариукагаа талбайд надтай хамт суулт зарлаж, миний төлөө үгээ хэлж байхад би өөрийгөө уучилж чадахгүй байсан. Алдвал би л буруутай, оноо байвол тэр нь бид хоёрынх байдаг”.

***

 Цэл залуухан Ариунаа, Сараа хоёрын алдар ав адилхан тэнгэрт тулж, уран бүтээл нь тэдний өмнөөс зан төрхийг нь, хувийн амьдралыг нь, хүсэл хяслыг нь ч кино шиг дэлгэж явсан оргил үе зэрэгцэн ирэв. Ариунаагүй бол Сараагүй, Сараагүй бол Ариунаагүй түүхийн эгзэгтэй он жилүүд гэрлээ тэдэн дээр асаажээ. Тэд урлагийн нэг хүрээлэлд ажиллаж, янз бүрийн арга хэмжээнд уригдан нүүр тулгарах ч мэндлэхээс хэтрэхгүй. Тайз руу гарах цагаа хүлээх зуур бие бие рүүгээ ч харахгүй, ярилцаж дотносохгүй. Монголд од гэж байхгүй гэж хэчнээн үгүйсгээд ч нэмэргүй цагийг Ариунаа, Сараа хоёр бүтээж байхдаа биенээ анзаарахгүй царайлчихаад өөрсдийнх нь дунд үүссэн өрсөлдөөнд дүр эсгээгүй, оромдоогүй, үнэнчээр ажиллаж явав. Хэвлэлүүд тэдний дунд хов жив шидэж, фэнүүд нь талцах тусам энэхүү учир битүүлэг хуйлраан дунд тэр хоёр нууцлаг эрхэмсэг оршиж байлаа.

1998 онд Ариунаа Бөхийн өргөөнд тоглолтоо товлотол Сараа ч бас концертоо зарласан нь ердөө долоо хоногийн зайтай тохиов. Ингээд хоёр одын бэлтгэл ажил яг зэрэгцэв. Монголын рок поп хөгжмийн зах зээлд ажилладаг гол уран бүтээлчид, инженер техникийнхэн хоёр талд хуваагдаж хүрэлцэхээргүй цөөдсөн ч тэд аль нэг талд ажиллахаар шийдэж чадахгүй. Хоёуланд нь ижилхэн хандах ёстойгоо мэднэ. Бэлтгэлийн цагийг нь зөрүүлж, хуваарь гаргалаа. Сараагийн бэлтгэлийн цаг дуусахад үүдээр Ариунаа “Залуус аа, миний цаг эхэлсэн шүү” гээд орж ирдэг болов. “Залуус аа, амжилт” гээд Сараа зөрөөд гарна.

Н.Халиун “Би Сараа, Ариунаатай хоёулантай нь зэрэг ажиллаж байлаа. Тэдний сэтгэлд сэв суулгачихгүй, хооронд нь дайсагнасан харилцаа үүсгэчихгүй авч явна гэдэг миний хувьд улс орноо яаж хөгжүүлэх вэ гэдэгтэй адил нарийн бодлого байв. Тэр үеийн хэвлэл Ариунаагүй, Сараагүй гарахгүй, дунд нь яс хаясан мэдээлэл, элдэв сенсаацаар өдөр бүр бөмбөгдөнө. Хэзээ л нэг тас няс хийлцдэг юм бол гэж би бэмбэгнэж явлаа. Үнэндээ хэвлэлүүд ч, хүмүүс ч тэдний ил тод дайсагнахыг хүсэн хүлээж байх шиг санагддаг байсан юм. Ариунаа, Сараа гэдэг хоёр хүний түвшин яах аргагүй өндөр учраас тэд хий гаргадаггүй байсан” гэлээ.

Сараагийн “Салхины хээ”-ний араас Ариунаа “Хөх Монголын үр сад”-аа гаргаж, Сараа “Тэр намайг дурсдаг болов уу”-гаа цацахад нь сонсчихоод шууд л утсаа шүүрч хөгжмийн зохиолчоос нь “Яг ийм дуу өг” гэж нэхсэн гэлцдэг. Энэ яриаг урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав баталж байна. “Би Ариунаа, Сараа хоёрт зориулан эн тэнцүү бичдэг. Сараад өгсөн “Уучил”, “Супермэн”, Ариунаад өгсөн “Нандин учрал”, “Майами аялгуу”, Сараагийн “Мөрөөдлийн арал”, “Ихэр саран”, Ариунаагийн “Талын монгол айл”, “Нарны хаан хүүхэд” гэх мэтээр миний зүгээс цагийг эзэлсэн хоёр бүсгүйд хүндэтгэл үзүүлж байх учиртай юм. Би энэ хоёрыгоо бүх л хүлээн авалт, арга хэмжээнд яг хоёр талдаа л суулгадаг. Тэдний хэн нь ч Балхаа ах намайг хол байлгасан, намайг уриагүй гэх мэт жижиг зүйл ярьдаггүй хүмүүжилтэй, боловсролтой охид байлаа. Гэхдээ би тэднийг надаар дуугаа зохиолгох гэж миний төлөө өрсөлддөг байсан болов уу гэж бодох дуртай. Миний зохиосон дуунууд дотор энэ хоёр дуулаагүй бол шалихгүй нь ч мэр сэр байдгийг би бас зөвшөөрөх ёстой”.

Төмөрийн Ариунаа 2005 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулсан бөгөөд энэ үйл явдлаас 14-хөн хоногийн дараа Батмөнхийн Сарантуяа энэ алдрыг мөн хүртсэн билээ. Цаг үеийнхээ хамгийн тод, ширүүн өрсөлдөөний хоёр талын жигүүрийн аль нэгэнд жин дарах өчүүхэн сэдэл төрүүлбээс ард түмэн “хагарах” эрсдэлийг төр засаг тооцоолж оносон нь энэ байлаа. “Сараа бид хоёрын дунд дуу хөгжим гэдэг нэгэн тайз байдаг, өөр өөрийнхөөрөө урлан бүтээлээ”.

-Ариунаа жирэмсэн байх үе л дээ. Рок попынхон нийлж дуу бичүүлэхээр студид ажилласан юм. Тэгэхэд бидний хувьд сюрприз болсон нь Сараа, Ариунаа хоёр залуу бүсгүйчүүдийн яриа өрнүүлж, анх удаа дотно харилцахыг харав. Тэр бол үйл явдал байсан юм. Бичлэгийн дараа догдолсон бид вино тулгаж, онцгой тэмдэглэж билээ. Ариунааг Буяндорж, Сарааг Болдхуяг нь гадаа машиндаа хүлээгээд л... Тэр хоёрын дунд энэ мэт дотноссон тохиолдол ид үед нь дахин давтагдаагүй.  

Ариунаа, Сараа хоёр бүтэн 20 жил сүргийн манлай явсан. Тэдний өмнө хэн ч гарч чадаагүй. Хоёулаа өөр ертөнц, хэн хэн нь давтагдашгүй. Хоолойн тембр нь ч өөр, уран бүтээл нь ч өөр, гаргасан амжилтууд нь ч өөр. Тэд хэзээ ч ам мурийж байгаагүй. Биенээ магтаж саймшрах ч үгүй. Нэгнийхээ эзгүйд ч нөгөөгийнхөө талаар таагүй үг унагасан нь сонсогддоггүй. Тэд ерөөс авьяас, хөдөлмөрт хүндэтгэлтэй хандаж сурсан, алдар хүнд гэж юу болохыг эрт ойлгочихсон байж. Ид үе нь улирч буй арван жил үргэлжилж байхад ч энэ хоёр шиг цагийг эзэлсэн эмэгтэй дуучин дахин төрөхөд өдий байна. Ариунаа, Сараа хоёрынх шиг дуучны амьдрал, золиос алга. Монгол хүний зохиол ч, найруулга ч алга.

Би энд Ариунаагийн тухай ярих ёстой учраас миний мэдэх Ариунаа хэн бэ гэдгийг өгүүлье. “Best of Ariunaa” анплаггэд тоглолтод тайзнаас дүүжлэгдсэн гитараар тоглодог хэсэг байдаг юм. Би тэр үед яг дэргэдээс нь Ариунаа руу хартал Ариунаа биш болчихсон байсан. Тэр тайзан дээр огт өөр болчихдог юм байна гэдгийг тэгэхэд анх харсан. Хэдийгээр би онгод орох гэдэгт итгэдэггүй ч тэр харцнаас онгод нь орсон хүн гэж ийм байдаг юм байна л гэж ойлгосон. Ариунаа хамгийн бүтэшгүй төслүүдийг санаачлаад улаан галзуу давхиж ордог. Стадионы төмөр баганын оройгоос олсоор гулгаж тайзан дээр бууна гэж түүнээс өөр хэн ч санахгүй, тэр тэгсэн. Дэлхийн дуу хөгжмийн том статистикууд стадионы тоглолтоор яригддаг бол Ариунаа Монголын дуучдаас анх удаа Цэнгэлдэх хүрээлэнг хоёр үдэш дараалан дүүргэсэн нь рекордыг эвдсэн үзүүлэлт. 37 дуу амьдаар дуулахад хоолой нь мяарахгүй л ард нь гарсан. Ёстой л Төмөрийн төмөр хоолойтой охин. 2000 онд Ариунаа Хүүхдийн ордонд болсон тоглолтод дуулах гээд тайзны ард байж байтал нэг тэнэг нь хүрч ирээд аав нь өнгөрснийг шууд л дуулгачихаж билээ. Бүгд нам гүм болчихсон. Ариунаа буланд очиж цааш харж зогсоод хэсэг уйлсан. Гурав дахь дуу түүнийх байсан учраас өөрийгөө хүчилж нулимсаа арчаад л тайз руу гарахыг нь би харсан. “Дуучин хүн жаргадаггүй” гэж тэр муухай хуучны үг санагдаж билээ. Амьдрал дээрх Ариунаа гэм хоргүй хүн шүү дээ. “Найз аа..” гээд л тас тас инээгээд, бүгдтэй эелдэг, эн тэнцүү харилцаж чаддаг. Ар гэр, хувийн амьдралаа далд байлгадаг. Ариунаагийн гэрт рок попынхноос орж үзсэн хүн байдаггүй юм. Ер нь алдар нэртэй эмэгтэй дуучин ба аз жаргалтай гэр бүлийн ээж, эхнэр гэдэг тэнцвэр амьдрал дээр тун ховор харагддаг. Ариунаагийн гял цал дүрийн цаана зовлон дундуур туучсан, олон хэцүүг ялсан эмэгтэй нуугддаг байх. Зовлонгоо дааж, жаргал болгон хувиргаж байж л гялалзана. Аль эсвэл Ариунаагийн дотор тааруу сулхан байхаас үхтэлээ ичдэг бяцхан охин нуугддаг ч байж магадгүй гэж би боддог юм хэмээн алдарт гитарч, ая зохиогч Д.Өлзий-Орших (Өөжгий) ярьж байна.

***

“Би төгс байх гэсэн төөрөгдлөөр олон жил давхижээ. Энэ төөрөгдөлд сайн зүйл байсан нь урлагт зүтгэх хүч байлаа. Уйлдаггүй, гудайдаггүй хүн байх гэж хичээгээд бөглөчих шахаж явсан үе ч бий. 2001 оны арванхоёрдугаар сард ижийгээ, 49 хоногийн дараа аавыгаа алдлаа. Уйлдаггүй юм, муу ёр гэж хөгшчүүд ярьдаг шүү дээ. Би гудайхгүй царайлсан ч нэг л болж өгөхгүй их удаан явсан. Гурав, дөрвөн жил ч явсан. Нэг өдөр дуучин Д.Цовоо маань таараад “Найз аа, чи дотроо онгойлгох хэрэгтэй” гээд намайг машиндаа суулгаад зүг чиггүй давхилаа. Би бүтэн таван цаг уйлсан. Цэцэрлэгт байхад дуу хөгжмийн багш ээж минь гараас хөтлөн цэцэрлэгийн бүх концертод дуулуулж, бүжиглүүлж, охиныхоо анхны үзэгч болсноос эхлээд аав, ээж хоёр минь нас барахаасаа өмнөхөн хүртэл миний тоглолтыг үзээд намайгаа хайрлан бишрэн суусныг бүгдийг нь санан дурсан уйллаа... Бүр яаж уйлсан бэ, мэдэхгүй. Би жаахан байхдаа л аавыгаа, ээжийгээ өмнөө сөхрүүлэх гэж их удаан чанга чарладаг зөрүүд хүүхэд байсан юм гэнэ лээ. Гэртээ ирээд Буяад найзынхаа машинд их уйллаа, дотор онгойлоо гэхэд “Яагаад надад уйлж тайтгарч болоогүй юм” гэж билээ”.

-Ариукаг би хүүхдүүдээ хараад, хоол ундаа хийгээд гэр зуураа байгаагаар төсөөлдөггүй. Уран бүтээл нь ид оргилж, түүнгүйгээр дуу хөгжим гэж үгүй мэт завгүй үед бидний хөвгүүдийн бага, өсвөр нас таарсан. Ер нь хэн хэн маань гэрийн бараа харахгүй ажилласан даа. 1999 оноос тогооч, жолооч авч гэрийнхээ ажилд туслуулдаг байлаа. Орой болсон хойно бага хүүгээ жолоочдоо найдаад цэцэрлэгээс аваагүйгээ гэнэт санаж гүйгээд хүртэл манаачтайгаа бөөвийгөөд сууж байсан удаа шүү дээ. Том хүүтэйгээ бид таван настайгаас нь хамт амьдарч эхэлсэн юм. Ээжийгээ санадаг, бидэнд ирээд ээнэгших, төлөвших цаг хугацаанд нь эхийн хайраар дутаасан гээд л Ариука маань шаналдаг ч би тэгж боддоггүй ээ. Буруутай бол би л буруутай. Хувь тавилан тэгж л таарсан. Бидний хөвгүүд сайхан өссөөн, эрийн цээнд хүрцгээсэн. Ариука ер нь өөрөө яг л хүүхэд шиг хүн. Хүмүүжилтэй, сахилга баттай, чөлөөт цагаараа дандаа л суралцаж, хичээллэж байдаг нэг тийм цэвэр ариун зүрх сэтгэлтэй. Архи, тамхи хэрэглэхгүй. Шинэ тоглолтын санаагаа олчихоороо дэвхцчихнэ. “Буяа, сонс доо, хар даа” гээд л дуржигнуулчихна. Яг л болчихсон мэт дүрслэн өгүүлдэг. Тайз нь ямар байх, өөрөө ямар байхыг жилийн өмнөөс л өнгөтөөр харчихсан явдаг. Би чинь дуулж бүжиглэж чадахгүй ч гэгэлзэнэ ээ. Фитнесийн дасгалдаа гарахад нь хань болох санаатай цуг эхлэх гэж үздэг ч Ариукаг хорь хийж байхад би тав дээрээсээ больчихдог учраас сайн хамтрагч байж чаддаггүй юм. Тэгж байтал миний ч бас ажил ундарна шүү дээ. Хамтарч ажиллах хүн тус бүртэй гэрээ байгуулахаас эхлээд мод, төмөр, харуул хөрөөний ажлаа ч хариуцдаг. Ариука 2025 онд 40 жилийн ойн тоглолтоо төлөвлөчихсөн. Би энэ концертыг яг өөрийнх нь санасан хэмжээнд хийнэ гэж бодож яваа.

Н.Халиун “Дэлхийн бүх эмэгтэй дуучдыг хөрсөн дээр нь буулгаж, ертөнцийн тоос шороог наадаг бодит зүйл бол гэр бүлийн амьдрал байдаг. Ариунаа ч мөн адил. Монгол Улсын бүх хосын туулдгийг туулж л айл болон амьдарч яваа. Ариунаагийн хувийн амьдрал яг санаснаар нь аз жаргалаар дүүрэн байсан гэж би хэлж чадахгүй. Мөрөөдлийн амьдрал тайзан дээр нь л үргэлжилнэ. Спонсор хайж явж нэг ч удаа үзээгүйгээрээ бусад дуучнаас онцлог. Буяндорж эхнэрийнхээ уран бүтээлд хэзээ ч гар татаж үзээгүй. Яг л хүссэн, хэлснээр нь төлдөг. Ариунаагийн уран бүтээлийг 2006 оноос өмнөх ба хойших гэж авч үзэх зааг энэ онд бий болсон. Яагаад, хэн, юу нөлөөлснийг мэдэхгүй. Нас зүс гэж яривал би итгэхгүй. Харин ч оргил нь урдхан талд нь харагдаж байсныг би мэдэж байна. Хурц тод, эрч хүчтэй байдал нь суларч, лекц сонсох, унших, теле шоунд оролцох гэхчлэн уран бүтээлээс өөр зүйлд цаг их зарцуулах болсон” гэлээ.

Л.Балхжав “Айл болгонд жаргал, зовлон байдаг. Жанжин шугам нь л зөв бол айлын амьдралд оролцох хэрэггүй байдаг юм. Тиймээс би Буяндоржийг хэцүү газар хоригдож байхад Ариунаа руу юу ч болоогүй юм шиг залгаад “Нөгөөдөр тоглолттой шүү, бэлэн байгаарай” гэж хэлээд л утсаа салгаж байсан. Стадион дүүргэдэг, НҮБ-ын тайзан дээр дуулдаг уран бүтээлчээ талбай дээр сууж байгааг харахад уйлмаар байсан. Уран бүтээл хийж байхад хувийн зовлон нимгэрдэг. Тийм болохоор би уран бүтээлийн ахынх нь хувьд дуулуулаад л баймаар байдаг юм.       

Ихэнх хүн бүх талаараа ард түмэнтэйгээ адилхан байдаг бол Ариунаа цорын ганц хувилбар. Ариунаа надтай танилцахаар хаалга анх онгойлгосноосоо л энерги нь мэдрэгдсэн хүн. 1997 онд хийсэн бидний анхны дуу бол соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджавын шүлэг “Үггүй мордсон чи минь” юм. Студид бичүүлээд “За сайхан болсон” гэж хамт гарчихаад, ганцаараа эргэж очоод засаад сайжруулчихсан байсан. Түүнээс хойш би Ариунаад 80 шахам дуу өгөхөд мөн ч олныг нь илүү сайхан болгож дуулсан даа. Уран бүтээлийнхээ эзэн болж байгаа нь тэр байхгүй юү. Ариунаа бид хоёр 100 жилийн дараа одоогийнхоосоо ч илүү алдаршина гэдэгт би итгэлтэй байдаг. “Талын монгол айл” ардын дуу болно. Энэ дууг Ариунаа 20 жилийн өмнө анх дуулсан юм. Саявтар дуулахыг нь сонслоо, хоолойд нь ямар ч өөрчлөлт гараагүй байх юм. Цагийг эзлэх хэцүү шүү дээ. 20, 30, 40, 50 хэдтэй цагийг адилхан барих хэцүү. Тиймээс би Ариунааг мастер гээд байгаа юм” хэмээсэн.

***

Ариунаа 2000 оны эхэн үеэс цоо шинэд тэмүүлэх болов. Чанартай уран бүтээл гаргах амбийцыг нь дэмжиж ажиллах чадварлаг уран бүтээлчдийн баг бүрдүүлж, тогтвортой хамтрах ёстой гэж үзэв. Өөр хүнд ажилладаггүй удаан хугацааны гэрээтэй продюсер, найруулагчтай, шинэ зууныхныг дагуулах хөгжмийн зохиолч, яруу найрагч, бүжиг дэглээч бүхий бүжигчдийн хамтлаг, дизайнер, хувийн дасгалжуулагч, үсчин, нүүр будагч гээд эцсийн бүтээгдэхүүн ямар байхыг урьдчилан төлөвлөсний дагуу нэгэн зүгт хардаг тийм супер баг!

“Чи яагаад намайг үүнээс илүү дуулж чадахгүй гэж бодоод байгаа юм?”, “Чи намайг сайн бүжиглэхгүй гэж боддог хэн юм бэ?”, “Чи яагаад намайг илүү гоё харагдах боломжгүй гэж бодоод байгаа юм?” Ариунаагийн хэлсэн эдгээр үгсийн дараа түүний багийн концепц тодорч байлаа. Монголын урлагт ч хөгжил авчирсан юм.

“2001 онд бүрэн хэмжээний шоу тоглолт циркт тавихынхаа өмнө надтай танилцсан юм.  Амьд хөгжмийн хамтлаг, дуу бүжгийн чуулбар, олон уран бүтээлчээс бүрдсэн нүсэр масстай анхны тоглолтоо “Чи минь”-д төлөвлөжээ. Надад шууд л Мадонна ингэдэг шүү, Бритни бол тэгж байна гээд л заагаад эхлэхээр нь супер бүжигчин байх нь л гэж бодсон. Би чинь мэргэжлийн бүжигчин, бүжиг дэглээч хүн шүү дээ. Тэгтэл надад мөрөөдлөө ярьж байсан юм билээ. Ингээд би дуу болгонд зориулан бүжиг дэглэхдээ дуучин бас бүжиглэхийг тооцож Ариунаа эгчид зориулсан хөдөлгөөнтэй бүжгүүд дэглэж эхэлсэн. Олон хоног, олон цагаар бэлтгэл хийж эхэллээ. Шөнө оройн цагаар ч бэлтгэлд дуудна, үүр цүүрээр ч хамаагүй биднийг ажиллуулна. Уран бүтээлийн тэр их шунал заримдаа миний уурыг хүргэнэ. Би нэг удаа “Та ямар Мадонна юм уу” гэж хэлээд галзууруулах дөхсөн. Би түүний олон тоглолтын бүжгийг хариуцаж, гар зөрүүлэхдөө зөрүүлж, тэврэлдэхдээ тэврэлдэж олон жил тууштай бүжиглэж байж алтан партнёр болсон доо. Дуулаад бүжиглэнэ гэдэг хөлсийг литр литрээр урсгасан хөдөлмөр. Ариунаа эгч шиг энтертайнмент шоу дэглэж, хэсэг деталь бүрийг тултал урладаг дуучныг би мэдэхгүй. Нэг зун би аавындаа хадлан хийхээр Төв аймгийн Баянчандмань суманд ямар ч сүлжээгүй уулын мухарт очоод байтал нэг өдөр цагаан машин хүрээд ирлээ. Дотроос нь Ариунаа эгч “Сайн уу Бааскаа” гээд л инээгээд буугаад ирэв. Шакира, Бьёонсын концертоос санаа авч гоё бүжиг дэглэе л гэнэ. “Маргааш 18 цагт бүжгийн бэлтгэлтэй шүү гэж хэлэх гээд хүрээд ирлээ” гээд явсан. Ийм хүнтэй нэг л учрахад хүсэл мөрөөдөл, ажлын төлөвлөгөөг нь мохооход маш хэцүү болдог. Тэгээд л би маргааш нь буцсан даа. Юуг ч амарчлах гэдэггүй, гоё л хөдөлгөөн байвал сурна л гэдэг. Гүйцэтгэхэд хэцүү элемент заахад их олзуурхана. Хоёр хоног алга болоод ирэхдээ “Бааскаа, би сурчихсан шүү” гээд л ороод ирнэ. Төгс бэлддэг, тэгж байж тайзанд гардаг хүн. Монголд дуу бүр бүжигтэй, бүжиг болгон иж бүрэн хувцастай тоглох концертын стандартыг Ариунаа эгч анх тогтоосон юм” гэж продюсер, бүжиг дэглээч, найруулагч Ш.Баасан дурслаа. “Ариунаа эгчийн нэг хөгтэй явдлыг ярья. “Учралын танго” дуугаа дуулахдаа надтай танго бүжиглэдэг юм. Тайзны араас партнёр минь гарч ирлээ. Хартал хөл нь яг л мэргэжлийн балетчины тавилттай болжээ. “Ямар гоё харагдаж байна аа” гэж бодоод л бүжиглэлээ. Эгч ч бас нэг л өөр байгаагаа мэдээд байж. Төгсгөлд нь ёслохдоо хөл рүүгээ хартал бүжгийн туфлиэ буруу харуулаад өмсчихсөн байсан гэж байгаа. Одоо ярьж инээлддэг ч тэр өдөр тайзны ард жинхэнэ “дайн” болж билээ. Тэр иймэрхүү алдаануудыг өршөөдөггүй”.  

-Ариунаа эгч бүжигчдийг арын хоосон зайгаа нөхөх гэж ажиллуулдаггүй, маш өндөр шаардлага тавьдаг. 2003 оны “Миний шинэ орон зай” тоглолтоос нь хойш би Ариунаа эгчтэй 20 гаруй жил бүжиглэж байна. Анх нэгдүгээр курсийн оюутан байхдаа нэг тоглолтыг бүжгийн тоогоор 50 мянган төгрөгөөр үнэлж, есөн бүжиг бүжиглэн 450 мянган төгрөгийн цалин авч байлаа. Ариунаагийн бүжигчдийн ур чадвар ч, үнэ ханш ч хамгийн өндөр гэсэн хэмжүүр тогтсон байлаа. Тиймээс би бусадтай хамтарч ажиллахдаа түүний өгсөн үнэлгээг буулгах дургүй. Ариунаа эгч зөвхөн бүжигчдийг биш, хамтарч ажилласан бүх залуу хүмүүст уран бүтээлд үнэнч хандах, тууштай хөдөлмөрлөх, чанар чансааг тогтоож явахыг өөрөөрөө үлгэрлэдэг учраас би хамт ажиллахдаа сэтгэл хангалуун байдаг” хэмээн бүжигчин, хувийн дасгалжуулагч, XVIT хамтлагийн дуучин Г.Нандин-Эрдэнэ ярьж байна. “Ариунаа эгч бүжигчин тус бүртэй тулдаггүй, хэн ахалж байна түүнтэй ярина. Ноомой, залхуу хүнд таагүй. Халмаар байгаа хүнээ ахлагчид нь хэлж явуулдаг. Чиний гартаа барьсан жимснээс хүүхэд шиг идэж байгаа бол Ариунаа эгч чамд сайн байгаагаа илэрхийллээ л гэсэн үг. Хэнтэй хамт ажиллах ёстойгоо мэддэг хүн”.

Ариунаа 2000 онд нярайлсныхаа дараа жин нэмсэн байлаа. Тэр бие галбираа шинээр урлахаар шийдсэн юм. “Намайг дасгалжуулагчаараа сонгож, 2002 оноос хамтарч ажилласан. Хувийн дасгалжуулагчтай фитнесээр хичээллэсэн анхны дуучин Ариунаа. Мэргэжлийн тамирчин шиг надтай хамт байрлаад, бэлтгэл хийж эхэлсэн. Ариунаа бол багш хүний мөрөөдлийн шавь. Үгнээс гардаггүй, өгсөн даалгаврыг онц биелүүлдэг. Эртэч, цаг барьдаг. Хоол голдоггүй, ид гэснийг яг орц, хэмжээгээр нь иднэ. Эрүүл мэнд сайтай, амьдралын баяр баясгалантай хүн. Өдөрт 90 минут бэлтгэл хийсээр гурван сарын дараа 30 кг хасаж, галбир нь, ялангуяа хөл нь их гоё болсон. Хэдэн төхөөрөмжийн дунд хурдан хурдан яриад л, хурдан хурдан яваад л, дахин дахин хийгээд л... Хэн хүний хараагүй өхөөрдмөөр Ариунаатай анх ингэж танилцсанаас хойш 20 гаруй жил багш, шавийн харилцаа тасраагүй. Арваад жилийн өмнө Ариунаа хөлөө хугалчихаад олон сар зүүсэн гипсээ дөнгөж тайлаад над дээр ирсэн. Хөл нь бүр хатчихсан, хэрэв дахиад жаахан удсан бол эргэж сэргэхэд тун хэцүү болчихсон байж билээ. Ингээд л бид тууштай хичээллэсэн. Ариунаагийнхаа хөлийг харах би их дуртай” хэмээн Бодибилдингийн Ази тивийн хошой аварга, Монголын дөрвөн удаагийн мисс, Самбо, жүдо, бодибилдингийн олон улсын хэмжээний мастер, фитнес көүч, шим тэжээл хүнс судлалын докторант М.Сарангуа өгүүлж байна.

Найруулагч С.Ононбат “Ариунаагийн давуу тал найруулагчийн саналыг хүлээж авдагт байдаг. Өндөр шаардлага тавихад “Ямар гоё юм” гэж хариулдагтаа Ариунаа хүрдэг. Ерөөс найруулагчтай ажиллахаар ирэхдээ л давахад хэцүү даалгавар аваад давуулан биелүүлж, чанартай уран бүтээл хийх зорилгоор хандаж байгаагаа ухамсарлачихсан байдаг” гэлээ. “Би түүний “Гайхамшигт үдэш”-т ажиллахдаа агаарын үзүүлбэрийг циркийн хүнд даатгах санал тавихад “Үгүй, би өөрөө” гээд л хийсэн. Энэ үзүүлбэрийг хийнэ гэдэг нь зоригтой, өөртөө итгэлтэй, эрсдэлээс айдаггүй Ариунаагийн л хэрэг байсан. Бүжгийн бэлтгэлийн хажуугаар өдөрт таван цаг агаарын үзүүлбэрээ бэлддэг. Тоглолтын өмнөх хэдэн сарын турш түүний бүжиг, үзүүлбэр, хоолойн бэлтгэл 06.00-19.00 цагт үргэлжилдэг. “Битгий эрт бос л доо, хоолой чинь ядарчихна” гэхээр “Үгүй, гартаа оруулчихсан” гэхэд одоо хэн ч түүнийг зогсоох аргагүй болсон гэсэн үг. Түүнд ер юу ч тохиолдсон бай, хүмүүсийн өмнө дуулж л байгаа бол амьд дуулдаг. Энэ нь Ариунааг топ болгосон, бас хожим үлдэх уран бүтээлч болгосон”.   

-Тэр бол 2009 он. Нэг өдөр дива Ариунаа надтай холбогдож бид уулзахад хоёр сарын дараа болох томоохон хэмжээний тоглолтынхоо хувцсыг хийлгэх санал тавьсан. Би Голландаас ирээд удаагүй, Хатан хааны Урлагийн академийг хувцас загвар зохион бүтээгч мэргэжлээр төгсөхдөө хамгаалсан дипломын ажлын коллекцоороо “Гоёл-2008”-д оролцоод байх үе л дээ. Өөрийн гэсэн эсгүүрчингүй, оёдолчингүйгээ хэлэхэд “Зохицуул” гээд л. Материалаа Бээжингээс аваад ирсэн хойноо л сая гэрээ байгуулах болтол миний хэлсэн үнийг сонсоод Ариунаа эгч нэг юм руу ширтээд суучихлаа. Ажлын хөлс 25 саяар яригдана гэж бодоогүй бололтой. “Одоо би өөр хэнийг олох вэ дээ” гээд зөвшөөрсөн. Тухайн үед чанга дүн байлаа. “Гайхамшигт үдэш” бол Ариунаа эгчийн хувьд зөвхөн дуучны хувьд гарах тоглолт биш, 8-9 бүжиг, агаарын үзүүлбэр гээд маш гоёмсогийн сацуу онцгой эвтэйхэн хувцас шаардагдсан. Бүжигчид, арын дуучдын хэд хэдэн ээлжийн хувцастайгаа нийлээд зөвхөн тэр тоглолтод 150 ширхэг хувцас хийж байлаа. Ариунаа эгч миний хамгийн том захиалагч бөгөөд тоглолтын хувцас гоёл гэдэг нь дангаараа урлаг гэдэгт маш их ач холбогдол өгдөг хүн. Бид тоглолтын хувцасны үзэмж, чанарт дэвшил гаргаж, тайзны соёлыг нэвтрүүлж чадсан гэж үздэг хэмээн “Monalun Couture” компанийн захирал, дизайнер Б.Номунгэрэл өгүүлэв. “Ариунаа эгч өглөө 08.00-д утасдаад “Би яг одоо хувцсаа өмсөж үзмээр байна” гэдэг хүн. Захиалсан хувцсаа үзэх гэж тэсгэл алддаг тийм сониуч. Гэтэл би шөнөжин оёж хоноод үүрээр л орондоо орсон байдаг. Бэлэн болсноос нь эхлээд үзүүлэхээс л аргагүй. Балетаар хичээллэдэг, 42 наснаасаа хамаагүй залуухан харагддаг Ариунаа шүү дээ. 162 см өндөр, 58 кг жинтэй. Хувцсаа өмсөж байхдаа нүдээ ойрхон цавчаад унадаг. Өөрийгөө толинд хараад “Хөөх, би ч ёстой “алж” өгөх нь ээ!” гээд л дуу алдан эргэлдэнэ. Удалгүй л шүүгээ савыг минь онгичоод энэ ч ямар гоё материал вэ, тэр ч ямар гоё товч вэ гээд л ер зүгээр байхгүй. Би Ариунаа эгчийн өдөр тутмын хувцасны стиль дээр ажиллаж, хэд хэдэн загвар гаргасан. Хүмүүс тэр хувцсыг сонирхдог ч Ариунаа эгчид зохидог шиг тэр бүр гоё харагддаггүй онцлог бий. Ариунаа эгч хэрвээ Америкт төрсөн бол Бродвэйн кабарэ шоуны од нь болох байсан гэж би боддог. Аа тийм, Ариунаа эгч зөвхөн тоглолтынхоо үеэр тайзны ард од зангаа гаргадаг юм билээ. Хурдал, түргэл гэж хувцас гутал сольж байгаа хүмүүст тушаахыг нь би тэнд л хардаг. Хүмүүс маш хурдан, хамгийн сайнаараа ажиллаж байсан ч түүнд их удаан болхи байх шиг санагддаг хэрэг”.    

***

-2019 онд “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийлээ. Энэ бол арван жил завсарласны дараа хийсэн тоглолт. Буяа компанийнхаа ажилчидтай тайзыг нь хийсэн юм. Би үзэхээр очоод цурхиран уйлсан. Миний сүнс хүртэл баярласан. Тийм гоё, тийм том тайз би хараагүй. Урсдаг зам тавьсан, лазер гэрэл дээд зэрэг, техник супер. Би энэ бүхнийг бэтгэртлээ санасан, маш их хүссэн байсан. Удаан завсарласан учраас бэлтгэлээ хэтэрхий их хийчихсэн. Залуухан, байнгын формтой байхдаа ч гүйцэтгэлд найддаггүй, сэтгэл хөдлөлд автаж тайзан дээр гардаггүй, би зөвхөн бэлтгэлд итгэдэг хүн шүү дээ. Ингээд тоглолт эхэллээ. Гэтэл би ядарчихаж. Бие муудсан. Эмч дуудаж үзүүлэхэд миний даралт 160. Дөчөөр өсчихсөн. Эмч намайг тайз руу гарахыг хориглов. Амьдралдаа ам барьж үзээгүй учраас тэр аргыг хэрэглэх бэлтгэл бүү хэл ойлголт ч байсангүй. Би эм уугаад гарсан. Эхний дуугаа муу дууллаа. “Blue jeans”...  Гэвч үзэгчид хөөрсөн. Дараагийн дуугаа дууллаа. “Хайрыг минь чи сонс”. Энэ дуун дээр хэзээ миний хоолой чичирдэг байлаа. Нэг л болохгүй байгааг үзэгчид дахиад л анзаарсангүй. Намайг санасан байж. Миний бүжигчид аварлаа. Номунгэрэлийнхээ урласан гоёлд баярлалаа. Харин гурав дахь дуунаас хоолой сэргээд ирсэн, тэгээд л алзаагүй. Тоглолт үнэхээр супер болсон.     

Өөжгий “Ариунаа амбийцтай, шартай хүн л дээ. Монголын тайзан дээр дэлхийн стандартыг үзүүлчихвэл Ариунаагийн хүсэл ханадаг. 2009 оны “Гайхамшигт үдэш”, 2019 оны “Тэнгэр шиг бай” гэсэн хоёр тоглолт нь барууны ямар ч тоглолтоос дутахааргүй мэргэжлийн шоу концерт болж чадсан. Дива ийм л байх ёстой. Бүжиглэж байгаад жаахан халтирахад нь танхим даяараа уулга алддаг. Тэр бол ард түмний Ариунаад өгсөн хайр юм” гэв.

-Би 2014 онд хөлөө хугалаад гэрээс гарч чадахгүй их удсан. Тэгэхэд манай гэр бүлийн хүний бизнест хүчтэй цохилт тулгарч, бүх харилцаа, өмч хөрөнгө царцсан үе. Ядаж би явж чадах ёстой. Нэг өдөр Цовоо найз минь дүүгийнхээ хуриманд дуулахыг урив. Би суга таягтай л очиж байгаа юм. Гэхдээ би тийм байдалтай нэг ч хүнд харагдаж болохгүй шүү дээ. Хүмүүс баяр хөөртэй байна, Ариунааг урьд нь ямраар харж байсан, ямраар харахыг хүсдэг билээ. Цовоо бид хоёр бүгдийг зохицуулж, тайзыг хав харанхуй болгосон. Намайг зарлаж, гэрэл асахад би аль хэдийн тайзан дээр дуулахад бэлэн байх ёстой. Дуулж дуусахад бас л гэрэл унтарч, би тэр хооронд суга таягаа авчруулж тулаад буусан байх ёстой. Тэгж би таяггүй хүн шиг дуулж билээ.        

***

“Надад алга ташилт хангалтгүй. Хүмүүсийн нүдэнд гал асаж, хамгийн арын суудлаас зүрхний хэмнэл сонсогдоход би автсан. Чадахгүй, мэдэхгүй, байхгүй, болохгүйн мөсийг зүсэн сэтэлж, урлагийн хөгжилд цоо шинэ цамхаг барих үүргийг би өөртөө л өгсөн. Намайг хэн ч албадаагүй шүү дээ. Дуу бичлэгийн студи рүү гэгээтэйд ороод дараа өдрийн наран ургаж байхад гарсан минь бишгүй ээ. Ажиллах тусам илүү сайжрах боломж байдгийг би мэднэ. Өөрийн нээгээгүй тэр нөөцөөс олборлох гэж хөгжмийн найруулагчаа шалж, студийн инженерийн чадахыг шавхах гэнэ. Клипийг дэлгэцийн уртай бүтээл болгох анхны алхмуудаа хийж байхдаа би дуучнаа байх дөхсөн. Төгс юм хийх гэж төөрөлдсөн минь одоо ганцхан миний шунал биш, манай үеийн урлаг, бидний бүтээл болсон. Тиймээс би бүх дуугаа хайрладаг. 2011 онд олны сонорт хүрсэн Х.Болор-Эрдэнийн шүлэг, Ц.Байдрагийн хөгжим “Үл таних эмэгтэй” дуугаа л гэхэд хэдэн ч жил ээлжгүй сонсов.

Ажил минь надаас энэ амьдралаас бусдын мэдэрдэг амар амгаланг хураагаад авчихсан мэт үймрэн хоосроход би өөрийгөө л буруутгадаг. Тэсрэлт хийж дуулиан тарьсан тоглолт тараад гэртээ ирэхэд хэдхэн минутын өмнө дүүлэн нисэж асан БИ хаахна буунав? Ижий аавдаа ачлалт охин байгаагүй, халамжит эхнэр, сайн ээж байгаагүй атал итгэсээр л, хайрласаар л хүлээдэг гэр орон минь эгэл чимээгүй угтана. Тайз, гэр хоёрын дунд байдаг зай завсар гээч нүдэнд үл үзэгдэх зүйл бол их харгис эд л дээ. Тэнд л өөртэйгөө зөрчилдөх, шархлах шалтгаан төрдөг юм билээ. Үнэнийг эрж хайсан хүнд суралцах хэрэгцээ ундарч байдаг орчлон. Шашин, мөргөл, бясалгал... өөрөөсөө илүү хүчирхэг оюун санаатай гэж үзсэн хүмүүсийн сургалтууд... Би өөрийгөө танин мэдэхээр их олон хаалга тогшсон. Одоо миний эрэл зогссон. Жинхэнэ үнэнд ойртох итгэл үнэмшлээ олсон”.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мөнхбаяр\47.129.125.95
Ариунааг сонсож, нэг их шүтэж, түүний тухай уншиж мэдэх гэж шимтэж яваагүй ч энэ ярилцлагыг бол харин ёстой шимтэн уншлаа. Маш их хөдөлмөр шингэж, эрэл хайгуул хийсэн, зүрх сэтгэлийнх нь гүнд нэвтэрч, тултал мэдэрсэн, амьдрал, уран бүтээлийнх нь тухай асар их судалж, сэтгэл хөдөлмөрөө шингээж асгасан гэх юм уу тийм гоё хөрөг байна. Баярлалаа.
Туул\54.151.174.133
ёстой цогтой золбоотой, дайчин бүсгүй шүү. Ариунаагийн дуугүйгээр залуу насаа төсөөлшгүй, залуу насны баяртай жаргалтай гунигтай бүхий л үед дуугаараа хамт байсан шүү Ариунаа минь.
Солонго\18.140.130.132
Сайхан юм аа, догдлон, дүрслэн уншлаа. Хүүхэд байхад хүртэл үеийнхэн, оюутан байхад ч бас Ариунаа, Сараа гэж талцдаг байсан даа ккк. Гэхдээ нээгдээгүй нууц байсаар л… Үнэхээр Од юм аа… Та гэхдээ бүх нууцад нь нэвтрээд, тгд кино зохиол бичвэл… Гүчи, Шанель, Арета Франклин гээд ойрд үзсэн киногоо бодоол тэгж гэнэт бодоод…
reader\13.212.178.95
respect!
ЗОЧИН\54.251.166.181
Чиний гартаа барьсан жимснээс хүүхэд шиг идэж байгаа бол Ариунаа эгч чамд сайн байгаагаа илэрхийллээ л гэсэн үг. Энэ хэсэг шал тэнэг санагдлаа. Яг орчуулгын ном шиг
Талисман\47.129.63.205
Сайхан бичиж ёстой нүдэнд харагдтал бичсэн нийтлэл хөрөг болжээ. Ариунаа ч агуу гэдэг үгний эзэн дээ. Түмэн мэднж. Энхцэцэг сэтгүүлч бас логиктой донжтой элзэв маяггүй бичилттэй эрхэм ажээ. Баяр хүргэе!