2025 оны 2 сарын 3, 4-нд болж буй утааны сонсголын үеэр болон нэгдүгээр сард болсон дөрвөн удаагийн дэд хэлэлцүүлгийн үеэр албан байгууллагууд болон мэргэжилтнүүд, зуух, түлшний технологийн шийдлүүдийг танилцуулж, санал болгосныг нэгтгэн хүргэж байна.
1. “Тэг эрчим хүчний сууц” - ШУТИС-ийн багш Б.Мөнхбаяр
Халаагуур, эрчим хүчний хэмнэлттэй барилга зэрэгт тодорхой стандарт шалгуурууд мөрдөх.
Улаанбаатарт хэсэгчилсэн болоод бие даасан ОЛОН эх үүсвэрүүд байх хэрэгтэй.
2. “Нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх” төсөл - Нүүрс баяжуулах технологийн зөвлөх, инженер Ж.Очир
- 2018 онд дэлхийн банкны зээлээр Ууул уурхайн яам Багануурын нүүрснээс зун 326 мян. бензин, өвөл 725 сая м3 байгалийн хий үйлдвэрлэх төслийн ТЭЗҮ боловсруулсан. 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай, жилийн борлуулалт 522 сая доллар.
3. “Утааг ихэсгэж буй гол шалтгаан ба түүнийг шийдсэн Ариунгал зуухны систем” төсөл - ARYA ХХК-ийн захирал, инженер З.Золжаргал
Угаартахаас сэргийлж гэрийн янданг тойруулж дулаан солилцууртай агааржуулагч Японы судлаачтай хамтран нэвтрүүлсэн. Гэрийн зуухыг бүрэн, жигд шаталттай байх загвар хөгжүүлсэн. Зуухны цаашид хөгжүүлж, дэмжих хэрэгтэй.
4. “Нараар гэр байшин, хүлэмж халаах нь” - Зөвлөх инженер Б.Равдандорж
Хүнсний зоорь, цонхны үйлдвэр, зуслангийн байшинг нарны илчээр агаар халааж, шөнөдөө суурь доороо дулаан хуримтлууртай байхаар хэрэгжүүлсэн. Гаднаас халаалт хэрэглэдэггүй. Монгол гэрт мөн ашиглаж болно. Монголдоо нараар халаалт шийдэх бололцоотой боловч, дэмжиж өгдөггүй.
5. “Шахмал түлшний чанарыг сайжруулах асуудал” - Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн гишүүн, уул уурхайн инженер Х.Владимир
Орос, Хятадын хатуу түлшний үнслэг 10-аас доош байхад, манайд 29%. Хүхэр 0.5% байхад манайд 1% байна. Үнс ихтэй учраас уугилт ихтэй, угаарын хий ихтэй. Бэлэн эрчим хүчний нүүрсээ угааж бага үнстэй болгоод бэлэн баригдсан үйлдвэрүүдээс нунтаг хагас кокс, кокс авч нэмээд түлшээ сайжруулж хийтэй болтлоо ашиглая. Хагас кокс хөх нүүрс бол шатаж өгөхгүй, нэмэлтээр ашиглах бол шинэ үйлдвэр барьж их хөрөнгө зарах хэрэггүй.
6. “Хийн түлшний технологийн чиг хандлага” - Монгол улсын зөвлөх инженер Д.Алта
Хийн түлшний судалгааг олон жил хийж байгаа. Монголд нүүрсний давхаргын метан, эсвэл нүүрсээ хийжүүлж хий гаргаж болно. Оросоос Хятад руу хийн хоолой дамжуулах хоолой манайд шаардлагагүй. Цаашдаа ирээдүйн төсөл устөрөгч рүү орох хэрэгтэй.
7. “Хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хөнөөлгүй шахмал түлшийг хэрхэн үйлдвэрлэдэг вэ? Түүний олон улсын стандартын тухай” - “Эко Бриккет” ХХК-ийн зөвлөх инженер Н.Батболд
2010 онд ахуйн коксын үлдвэрийг Дарханд барьсан. Нүүрстэй болон биомасстай хольж 4 төрлийн түлш үйлдвэрлэсэн. Сайн болсон. 2014 онд Улаанбаатарт Багануурын нүүрсийг шигшиж ашиглана гэсэн тул манай үйлдвэр зогссон. 2018 онд мидлинг ашиглах шийдвэр гарч одоогийн шахмал түлшийг ашиглах болсон. Олон хүн угаартсан. JICA-ийн хийсэн судалгаанаас ч шахмал түлш үнслэг өндөр, угаарын хий өндөр байгаа. Цаашдаа био буюу модны үртсэн шахмал түлшийг санал болгож байна.
8. “Гэр хорооллын хэсэгчилсэн дулаан хангамж” - Зөвлөх инженер Ц.Бээжин
Төр мундагдаж 200 мянган айлын гал голомтыг шийдэх гэж 1072 хувьцаа эзэмшигчдийн 1.3 их наяд төгрөгийн үгүй хийлээ. Цаашид технологийн шийдлийг олон зуун мянган хүн дээр туршиж болохгүй. Гэр хорооллын дулаан хангамжийн үйлдвэрлэл, инновацийн төвийг хуучин шахмал баруун бусын үйлдвэрийн бааз дээр байгуулж ажиллуулъя. Гарсан бүтээгдэхүүнийг иргэд өөрсдөө сонгож аваг. Төр биш. Гэр хорооллын дунд ХЭСЭГЧИЛСЭН ДУЛААН ХАНГАМЖ. 200-400 айлыг хамарсан уурын зуух, хийн түлштэй зуух, цахилгаан бойлер, нарны цахилгаан гэх мэт байж болно. Нэг төв нь 8 тэрбум төгрөг болно.
9. “Хүндийн цахилгаан станцын технологийн тухай” төсөл - Морьтимпекс ХХК-ийн ерөнхийлөгч Г.Ганбат
1 МВт хүндийн цахилгаан станцын хөрөнгө оруулалт 500 мянган доллар. Хөрөнгө оруулалтаа нэг жилд төлнө. Ашиглах хугацаа 50 жил. Хятадын машин механизмын үйлдвэрүүдэд захиалахад шаардлагатай байгаа үлдэгдэл төлбөрийг Засгийн газраас буцалтгүй тусламжаар гаргаж өгөх, улмаар өргөн хэмжээнд бодлогоор түгээх санал дэвшүүлсэн.
10. “Дулаалаг сэргээгдэх эрчим хүчний талаарх” танилцуулга - Эрчим инженеринг ХХК-ийн ерөнхий захирал М.Батболд
• Азрогель материал, будаг, түрхлэг зэрэг орчин үеийн супер дулаалгын материал ашиглаж, байшин, гэрийг дулаалах шийдэл танилцуулсан. Нарны энергиэр дулаан, цахилгаанаа шийдсэн байшин танилцуулсан.Илүүдлээ сүлжээнд зардаг. “Утаагүй Монгол” үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх. Ногоон зээлийн сан үүсгэх, тархмал эх үүсвэрүүдийг дэмжих.
11. “Дулаан шийдэл” төслийн танилцуулга - Жеррис ТББ-ын дэд менежер Сүнжидмаа
Олон жил байшин дулаалгын чиглэлээр туршилт судалгаа хийж, амьдралд нэвтрүүлсэн. Одоо нийтэд үйлчилгээ үзүүлдэг. 6х8м байшинг дунджаар 12 сая төгрөгөөр бүрэн дулаалж халаалт түлшний хэрэглээг 50-60% хэмнэдэг. Хүсвэл банкны зэлээр үйлчилгээ үзүүлдэг. Эхлээд дулаалга. Дараа нь халаалтыг яаж ч шийдсэн үр ашигтай.
12. “Утааны эсрэг пассив шийдэл” танилцуулга - Пассив барилгын хүрээлэн ТББ-ын ерөнхийлөгч Н.Ганбаа
Дулаан алдагдалгүй байхыг зорих хэрэгтэй. Дулаан алдаад байвал гал хэрэгтэй, тэгвэл утаа гарна. Дулаалга, битүүмжлэл, цонх, хүйтэн агаарыг бүлээсгэн оруулах агаар сэлгэлт дулааны гүүргүй байх гэсэн пассивын 5 зарчмыг хэрэгжүүлээд, зардлыг бууруулах тал дээр төрөөс дэмжээд өгвөл утаагүй болно. Шийдэл бэлэн байна.
13. “Байгаа боломжоо зөв зохион байгуулалтаар ашиглаж эдийн засагт өндөр ашигтайгаар утаанаас хурдан салах арга” танилцуулга - Иргэн Д.Дорждагва
Шахмал түлшинд мидлинг ашиглахаа болих, сайн чанарын коксжих нүүрсээ шууд ашиглах, хөх нүүрс гэж шинээр үйлдвэр барих хэрэггүй, байгаа бэлэн түүхий эдээ ашиглаж утааг бууруулах.
14. “Тулгат эко шөнийн дулаан хуримтлууртай цахилгаан халаагуур” - Монват ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Бүүвэйбаатар
Шөнийн тарифаар халаагаад, өдөртөө дулаанаа барьдаг цахилгаан халаагуур танилцуулав. Санал: НОГООН БҮС ЗАРЛАХ. Тэнд цахилгаанаар халаах уу, хий ашиглах уу иргэд өөрсдөө сонгоод шийдэг. Төрөөс сонголт хийж тендер зарлах хэрэггүй. Зүгээр хөнгөлөлттэй зээл олго. Англи, Германы туршлагыг нэвтрүүлье.
15. “Эрчим хүчний хэмнэлттэй шалны халаалт” танилцуулга - Глобал Морек групп ХХК, Л.Наранхүү
Солонгос улсад үйлдвэрлэсэн шалны халаалтын технологи танилцуулав.
16. “Утааг богино болон дунд хугацаанд буруулах бодлогын өөрчлөлт” - Хайбрид хаус ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ
Монгол гэр бүгд ижил хэмжээтэй тул стандарт халаалтын шийдэл хийхэд хялбар. Гэрийг 3-4 сая төгрөгөөр бүрэн дулаалаад 1кВт чадалтай халаагуур, 3.2кВт хуримтлууртай байхад хангалттай. Нэг жилийн дотор 92 мянган айлыг 276 тэрбум төгрөгөөр дулаалаад цахилгаан халаалтад шилжүүлбэл нэг жилд шахмал түшинд өгч байгаа татаасын 70%-аар л Улаанбаатарын утааг 42%-р шууд бууруулна гэсэн үг. Амины сууцын хувьд бие даасан инженерийн дэд бүтцийг дэмжих, гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй сууц баривал ипотекийн зээл олгох, барилгын ажлыг бүх төрлийн татвараас чөлөөлөх. Утаа шууд буурна.
17. “Зуухыг газ цахилгаан руу шилжүүлэх болон газ цахилгаан хосолсон дулаан хуримтлуулагч халаагуур” - Уртын гол ХХК-ийн захирал Ш.Алтангэрэл
Ердийн монгол гэрийн хийн зуухыг газ ба цахилгаанаар халаах байдлаар тоноглосон нэмэлт шийдэл, мөн дулаан хуримтлууртай хийн халаагуур, янданд суурилуулсан агаар халаагчийн шийдэл танилцуулав. Ахуйн хүрээнд болон аялал жуулчлалд хэрэглэх зорилготой. Нэг айлд 200 мянган төгрөгийн багц шийдэл хийж байгаа.
18. “Sunshine technology” - Dolphin partners ХХК-ийн инженер О.Мөнх-Эрдэнэ
Солонгос улсад үйлдвэрлэсэн хэт улаан туяа ялгаруулдаг кабельд тулгуурласан халаагуур, шална халаалтын, технологи танилцуулав.
19. “Нар нэхэмжлэх илгээхгүй нарны панел” танилцуулга - Рентинк инженеринг энд консалтинг ХХК-ийн инженер Д.Рэнцэндорж
Нарнаас 6 толиор 10кВтц-г өдөрт олно. Гэтэл гэрийг маш сайн дулаалсан байхад 28кВтц өдөрт хэрэгтэй. Нарны толиор гэр халаахад тохиромжгүй. Харин сайн дулаалсан байшингийн цахилгааны хэрэглээний 60-80%-г хангах боломжтой.
20. “Өөрийн бүтээсэн уусмал бүтээгдэхүүний танилцуулга”- Монхимо компанийн эрдэм шинжилгээ хариуцсан захирал н.Дэмбэрэлнямба
Угаарын хий онцгой хортой. Тиймээс бүрэн шаталтыг дэмжих шингэн уусмалыг Солонгос эрдэмтэдтэй хамт бүтээсэн. Нүүрсний нүх сүв рүү нэвтэрч бүрэн шаталтыг дэмждэг.