Өнгөрөгч 11 дүгээр сард 71 мянган хүн гарын үсэг зурснаар 2025 оны хоёрдугаар сарын 3-4-нд "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдэвт Ерөнхий хяналтын сонсгол болж өнгөрлөө. Энэ сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг 22 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Ажлын хэсгийн ахлагч, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг сонгосон юм.
Энэ удаагийн хоёр өдрийн Ерөнхий сонсголын өмнө буюу нэгдүгээр сард дөрвөн удаагийн дэд сонсгол зохион байгуулж, шаардлага мэдээлэл, тоо баримтаа нэгтгэж авсан нь оновчтой харагдаж байлаа. Харин тэдгээрийг гишүүд л өөрсдөдөө авснаас биш олон нийтэд хангалттай мэдээлээгүй, түгээгүй байсан нь сонсголд оролцогч иргэдийн мэдээлэл дутмаг байдлаас илэрхий байв. Сонсгол хийж, хамтдаа асуудлын шийдлийг эрэлхийлнэ гэдэг бол оролцогч талууд адил, тэгш мэдээлэлтэй түүнд суурилж хамтын хэлэлцүүлэг өрнүүлэхийг хэлдэг. Харин энэ удаад зөвхөн дарга нар илтгэсэн, тоо, статистик уншсан, өөрийгөө хамгаалсан уур амьсгалтай “сонсгол” болж өнгөрөв.
Сонсголын эхний өдөр танхимд хүмүүс хоёр тал болоод “үзэлцэж” буй мэт сэтгэгдэл төрж байгааг “Breathe Mongolia” ТББ-ын судлаач Б.Энхүүн хэлж байлаа. “Оролцогч иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын талд сууж байгаа хүмүүс нэг юм ярьж, шийдвэр гаргагчдын талд сууж байгаа хүмүүс бас нэг өөр юм ярьж байна. Утаан дунд багтарч ядаж байгаа хүмүүс уур бухимдлаа илэрхийлэх нь аргагүй шүү дээ. Харин үүнийг хүндэтгэлтэйгээр хүлээн авах нь шийдвэр гаргагчдын хариуцлагын асуудал боловч, тэдгээрийг үл анхаарсан, доошоо хараад суучихсан, уурлах янзтай байгаа нь өөрөө асуудал болоод байна” гэж тэрбээр тодотгов. Түүнчлэн хуурай тоо, статистик, түүнд хийсэн шинжилгээ нь эцэстээ ямар үр дүн, шийдэл гаргах вэ гэдэг сонсголын дараа ч асуулт хэвээр үлдэж байна.
Ар гэрийн хоёр хүнээ угаарын хийн хордлогын улмаас алдсан иргэн Ц.Амарзаяагийн “Хэдэн хүний амь эрсэдсэн тохиолдолд бодлого, шийдвэрээ өөрчлөх вэ” гэсэн асуулт эхний өдөр “Гүн эмгэнэл илэрхийлье” гэхээс өөр хариултгүй өндөрлөв. Харин хоёр дахь өдөр Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн гишүүн угаарын хийн хордлогоор амиа алдсан иргэдийн тоог Шүүх шинжилгээний ерөнхий газраас тодруулсныгаа гэрийн даалгавраа хийгээд ирсэн онц сурлагатны өнгөөр 779 хэмээн жишим ч үгүй уншиж орхив. Энэ тоог мэдэж авсан нь сонсголын ач холбогдол гэж УИХ-ын гишүүн Б.Найдалаа мөн дүгнэв. Гэвч амины тоо хэд хүрвэл статистик биш бодлого, шийдвэрээ ярих юм бэ?
Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдолтой тэмцэх ажил уялдаа холбоогүй, төсвийн маш их мөнгийг тал бүрд дэмий цацсанаас ялгаагүй байгааг шинжээчийн дүгнэлт харуулав. Хийх ажлаа төлөвлөөгүй хэр нь 800 сая төгрөг зарцуулсан, гадаадад сургалтад хамрагдахаар 100 сая гаруй төгрөг, агаарын бохирдлыг бууруулахаар төсөвлөсөн зардлын 210 сая төгрөгийг Соёл урлагийн газарт шилжүүлсэн, ердөө 200 ширхэг угаар мэдрэгчийг 3.5 тэрбум төгрөгөөр стандартгүйгээр худалдан авсан гэхчлэн хөвөрнө. 2008 оноос хойш нийт 1.7 их наяд төгрөг зарцуулснаас 296 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэдэг бол агаарын бохирдолд зарцуулсан төсвийн тавны нэг нь зөрчилтэй буюу үр дүнгүй байгаагийн илрэл. Ийм хэмжээний доголтой бол бусад зарцуулалт нь ч тэр ямархуу уялдаатай, үр ашигтай байж вэ гэдэг нь гайхаад байх асуудал биш.
Тийм ч учраас цаашид агаарын бохирдлын асуудлыг бүх сайдууддаа чиглэл өгч, уялдаа холбоогоор хангах эрх бүхий “эзэн” гэдэг утгаар энэ ажлыг Ерөнхий Сайд эсвэл Шадар Сайд хариуцах нь зүйтэй гэдгийг өргөдөл санаачлагч иргэн Б.Мөнгөнхишиг хэлж байв. Түүнчлэн холбогдох хууль, тогтоомжийг батлаад, хэрэгжүүлээгүй этгээдэд хариуцлага хэрхэн тооцохоо тодорхой болгож, агаарын бохирдолтой тэмцэхэд шаардлагатай төсвийг баталж өгвөл Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог ахалдгийн хувьд хариуцаад явахад бэлэн байна гэдгээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа илэрхийллээ.
Одоогоор давхардсан чиг үүрэг бүхий данхар төрийн бүтэц байгаад УИХ-ын гишүүн Б.Жаргалан шүүмжлэлтэй хандсан. С.Одонтуяа сайдаар ахлуулсан Үндэсний хорооноос гадна бямба гараг бүр Шуурхай штаб ажиллаж, Нийслэлд Агаарын бохирдолтой тэмцэх газар гэж бас бий. Уялдаагүй, хэн хариуцлага хүлээх нь ойлгомжгүй энэ бүтэц үйл ажиллагааны үр ашиггүй байдлын суурь гэдгийг тэрбээр онцолсон. Тийм учраас Ерөнхий Сайд Үндэсний хороогоо ахлах нь зүйтэй гэдгийг тэр мөн хэллээ.
Дээрх Шуурхай штабын төлөөлөл болон Нийслэлийн Засаг дарга хоёр өдрийн сонсголд ирсэнгүй. Хотын дарга сүүлийн үед “өөрийнхөө” камер луу л харж ярихаас бусдаар олон нийттэй харилцахаа больсон жишгээрээ Х платформ дахь өөрийнхөө хананд л хийн түлшний тухай бичсэн байв. Бусдаар сонсголын танхимд болсон хэлэлцүүлэг түүнд огтхон ч хамаатай байсангүй. Ямартай ч, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшинд шаардлага хүргүүлснээ гардуулав. Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнд 2030 он гэхэд хатуу түлш хэрэглэхийг хориглоно гэсэн боловч Багануурын уурхайд түшиглэн хөх нүүрсний үйлдвэр байгуулна гэсэн нь зөрчилтэй “төлөвлөлт” байгааг тэр онцолсон. Үүний оронд Дулааны станцаа барь гэлээ.
Ийнхүү хоёр өдөр болсон сонсголоос маш олон зөрчилтэй тоо, баримтуудыг бид сонсов. Үүний цаана илрэх боломжтой бүр ч их мэдээлэл байгааг мэдэж авлаа. Тийм ч учраас хяналт, тогтолцоог сайжруулах шаардлагатай байгааг судлаач Б.Энхүүн тодотгосон. “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан жил бүр гарах ёстой ч одоогоор нэг ч удаа нийтлэгдээгүй. Сүүлд 2021 онд хэрэгжилт нь 32 хувьтай байсан бол өнөөдрийн байдлаар ямар түвшинд байгааг тодорхой тайлагнах шаардлагатай” гэсэн юм.
Сонсголд өргөдөл гаргасан иргэний нийгмийн байгууллагын хувьд сонсгол хэр өгөөжтэй, нөлөөтэй байх вэ гэдгийг дунд, урт хугацаанд л харах үлдлээ гэв. Энд шинээр санал болгож буй гэх аргууд нь өмнө нь туршигдсан, хийгдэж байсан зүйлс учраас алдаагаа яаж давтахгүй, юугаараа өөр байх вэ гэдэг чухал гэлээ. Ажлын хэсгийн гишүүдийн хувьд цаашид УИХ-аас Түр хороо байгуулж, анхааралдаа авч, шийдлээ гаргах нь чухал гэдгийг сонсгол даргалагч Ж.Чинбүрэн болон бусад гишүүд хэлж байлаа. БОУАӨ-ийн Сайд С.Одонтуяа мөн УИХ л дорвитой шийдвэр гаргахгүй бол асуудал хэзээ ч шийдэгдэхгүй гэв.
Гэвч энэ бол 126 гишүүнтэй парламентын 22 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн зохион байгуулсан үйл ажиллагаа. Тэд “ангийнхнаа”, цаашлаад парламент Засгийн Газраа шахахгүй бол бид өөр хаанаас, юу хүлээх вэ? Үнэндээ 22 гишүүний 10 гаруй нь л орж, гарсан төдий хоёр өдрийг “аргацааж”, дийлэнх нь сонссон нэртэй илтгэл, тоо тойрч, давтаж ярьсан. Харин 71 мянган хүн өнгөрсөндөө бодит дүгнэлт хийж, нөхцөл байдлаа шинжилж, богино, дунд, урт хугацааны, үр ашигтай, бүрэн төлөвлөгөө шаардсан шүү, гишүүдээ.
71 мянган иргэн, парламентын 22 гишүүнтэй Ажлын хэсэг байгаад ч бодлого, шийдвэрт нөлөөлж хүчирдэггүй юм бол дахиад хэдэн монгол хүний амь золих ёстой вэ?