АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон хотноо Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг хүлээн авч уулзлаа. Нетаньяху түүний тангаргаа өргөснөөс хойш албан ёсоор уулзсан анхны гадаадын төрийн тэргүүн болж байгаа юм. Уулзалтын дараа талууд хэвлэлийн бага хурал хийж, мэдээж Трампын хачирхалтай мэдэгдэлгүй өнгөрсөнгүй.
Дональд Трамп “Газын зурвас бол нураах газар. АНУ тэр газар нутгийг эзэмшилдээ авч, ажиллахад бэлэн. Бид дэлбэрээгүй үлдсэн бөмбөг, бусад зэвсгийг устгах ажлыг хариуцна. Эвдэрч сүйдсэн барилгуудыг нурааж, газрын хөрстэй тэгшилнэ. Тэнд эдийн засгийн хөгжлийн бүс байгуулж, тус бүст хязгааргүй тооны орон гэр, ажлын байр бий болгоно. Газын зурвасын иргэд Ойрх Дорнодын ямар нэг улсаас олгосон шинэ газарт нүүх хэрэгтэй. Иордан, Египет улсууд тэдэнд нутаг олгож болох юм. Эсвэл хэд хэдэн улсад тарааж болно. Палестинчуудад сонголт байхгүй. Одоо тэдэнд юу байна? Эвдэрсэн балгасууд л байна. Ингэснээр Ойрх Дорнодод тогтвортой байдал үүсэх юм” гэсэн ээлжит цочирдмоор мэдэгдлээ хийлээ.
Биньямин Нетаньяху үүний хариуд “Анхаарах хэрэгтэй санал байна. Бид тэр нутаг Израилд ямар ч хор хөнөөл учруулахгүй байхад л анхаарч байна. Ерөнхийлөгч Трамп Газын зурвасын ирээдүйг өөрөөр харж байгаа юм байна. Энэ нь түүхийг өөрчилж болох юм. Ерөнхийлөгч Трамп бол Цагаан ордон дахь Израилын хамгийн шилдэг анд нөхөр” гэжээ.
Хоёр сая хүн амтай бүхэл бүтэн улс орныг ард түмэнтэй нь харь оронд цөлнө гэж түүний л толгойд орох болов уу. Тэгээд тэнд байгуулсан Ойрх Дорнодын амралтын газарт нь ямар улсууд, хаанахын иргэд амьдрах болж байна гэдэг хачирхалтай. Ингэх ямар ч олон улсын эрх, үндэслэл АНУ-д байхгүй. Энэ маягаараа Трамп Панам, Гренланд, Канад, Газын зурвасыг удахгүй эзлэх шинжтэй.