БНСУ-ын охидын NewJeans хамтлаг нэрээ албан ёсоор өөрчиллөө. Өнөөдрөөс эхлэн тус хамтлаг NJZ (엔제이지) болж, хувирсан.
Хамтлагийн таван гишүүн болох Минжи, Ханни, Даниэль, Хэрин, Хэин нар өнөөдөр олон нийтийн сүлжээнд “Бидний шинэ нэр NJZ! 2025 онд NJZ-тай хамт гайхалтай аялалд урьж байна” гэж бичсэн байлаа. Мөн албан ёсны “JinsForFree” аккаунтынхаа нэрийг “njz_official” болгожээ.
Хамтлагийн шинэ нэрийг зарлахад АНУ-ын загварын Complex сэтгүүл оролцсон бөгөөд тус сэтгүүл охидыг “Манай шинэ хедлайнерууд” гэж нэрлээд NJZ хамтлаг “ComplexCon Hong Kong 2025” наадамд оролцоно гэж мэдэгдлээ.
NewJeans хамтлагийн хувьд ADOR, HYBE агентлагуудаас гарсан, хэзээ ч тийшээ буцаж очихгүй гэдгээ мэдэгдээд нэгдүгээр сарын 23-нд фэнүүд дундаа шинэ нэр санал болгохыг уриалаад байсан юм. Талууд одоогийн байдлаар шүүхэд заргалдаж байгаа бөгөөд зарга дуусах төлөв харагдахгүй хэвээр байна.