UBLife Logo
Спорт

Түүнийг барилдах болгонд Түүхийн хуудас эргэдэг

Түүнийг барилдах болгонд Түүхийн хуудас эргэдэг

МАКҮҮЧИ ЗИНДААНЫ МАЭГАШИРА ТАМАВАШИ Б.МӨНХ-ОРГИЛ

Монголчууд Японы сүмо бөхөд анх барилдаж эхэлснээс хойш 32 жил өнгөрч, аварга, арслан, заан, начин гээд бүх цолыг нь авлаа. Наран улсын Эзэн хааны цомыг тэд нийт 102 удаа өргөсөн байна. Монгол залуусын уран сайхан барилдааны ачаар сүмо бөх улам сонирхолтой болж байгааг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэдэг билээ. Ёкозүна Асашёорюү, Хакүхо, Харүмафүжи, Какүрюү, Тэрүнофүжи гээд аваргууд сүмо бөхийг бужигнуулан, шуугиулж ирсэн. Тэдний дунд онцлохгүй бол болохгүй, дурдахгүй өнгөрч таарахгүй нэгэн бөх байгаа нь Тамаваши Б.Мөнх-Оргил билээ. Тамаваши бол 2004 оны нэгдүгээр сард барилдаж эхэлснээсээ хойш нэг ч өдөр “ажлаа тасалж байгаагүй”, өөрөөр хэлбэл үндсэн тэмцээн, тойргийн барилдааныг нэг ч удаа өнжиж байгаагүй бөх. Сүмо бөхийн түүхэн амжилт. Энэ жил 40 настай, 20 жил барилдаж байгаагийн 17 жилд нь дээд зиндаанд, одоо ч гэсэн макүүчид өрсөлдсөөр. Японы хэвлэл мэдээлэл манай залууг “Төмөр хүн” хэмээн нэрлэж, тэсвэр хатуужил, хүч чадлыг нь бишрэн гайхаж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил дохён дээр гарах болгонд сүмо бөхийн түүх нэг хуудсаар шинэчлэгддэг. Ингээд уншигч таныг Тамаваши Б.Мөнх-Оргилын өвөрмөц ертөнцөөр аялуулъя.

Гэрэл зургийг В.Даваа

Гэрэл зургийг В.Даваа

-Өнгөрсөн сард та 40 нас хүрлээ, Кюүшюү башёд дээд зиндаанд 50 хувийн амжилтаа хийлээ. Энэ бол гайхамшиг. Монголд “Дөч гарсан эр, дөрвөө дарсан ат” гэж үг бий ч Японд байхгүй. Танд ямар нэг нууц арга, жор байна уу, эсвэл бусдаасаа өөр бэлтгэл хийдэг юм уу?

-Баярлалаа. Таны хэлсэн “гайхамшгийн” ард олон хүчин зүйл бий. Юуны өмнө ээж, аавын хайрласан эрүүл чийрэг бие. Эрүүл саруул төрүүлж, өсгөж бойжуулсан ээж, аавдаа баярладаг. Бас сүмо бөхөд хүлээж авсан, сургаж хүмүүжүүлсэн дэвжээний багш, Катаонами оякатагийн заавар, зөвлөгөө байна. Манай багш тун чанга, хариуцлагатай хүн. Дараа нь гэр бүл. Эхнэр, хүүхдүүдийн маань буян их гэж бодож явдаг. Мөн намайг дэмждэг хүмүүс байна. Энэ бүгд нийлээд өөрийгөө дайчилж, хичээж зүтгэх урам зориг болж байгаа юм. Түүнээс биш би гэмтдэггүй агуу хүн биш, гэмтэл бэртэл зөндөө байгаа. Хамгийн гол нь гэмтлээ хэрхэн хүлээж авахаас их зүйл шалтгаалдаг. Жишээ нь, баруун мөр гэмтлээ гэхэд би гэмтчихлээ, бэртчихлээ гээд байдаггүй. Би өөрөө буруу барилдлаа, алдаа гаргалаа, өөр аргаар барилдах ёстой юм байна гэж бодоод явдаг. Байнга урагшаа тэмүүлж, өөдрөгөөр юмыг харах нь их чухал.

-Мэргэжлийн сүмод орсноосоо хойш тасралтгүй дараалан барилдсан амжилт тань 1658 боллоо. Цаашдаа ч шинэчлэгдэх байх...

-Би өөрөө ч хэд гэдгийг нь мартчихсан байна.

Гэрэл зургийг В.Даваа

-Олон зуун жилийн түүхтэй сүмо бөхийн том рекорд амжилтын нэг шүү дээ. Монголын нэгэн залуу түүхэнд нэрээ мөнхлөөд явж байна. Сайхан санагддаг биз дээ?

-Мэдээж сайхан байдаг. Барилдаан тэмцээн төдийгүй хаана ч явсан аавын нэр байнга хамт байдаг. Тамаваши Батжаргалын Мөнх-Оргил гээд дуудна шүү дээ. Монгол, япон ямар ч хэлээр дуудуулсан бай, их бахархалтай байдаг. Надаас илүү аав минь баярлаж байгаа. Дараа нь хүүхдүүд минь баярлаж, бахархана даа гэж боддог.

-Энэ хатуу дохён дээр 20 жил барилджээ. Энэ хооронд гэмтээд тэмцээнээс гарах гэж байсан тохиолдол бий юү? Тасралтгүй барилдсан амжилтаа хадгална гээд хүчээр барилдаж байсан үе байгаа юу?

-Байсан, байсан. 2020 оны Нагоя башёд мөргөж дайрах гээд бостол өрсөлдөгч маань зайлчихдаг байгаа. Тэр эрчээрээ урагш унаад, дохёны захын сүрэлд өвдгөө тун эвгүй цохиж орхилоо. Хөдөлж болдоггүй. Ёстой босвол сууж чадахгүй, суувал босож чадахгүй гэдэг нь болсон. Бие засах газар ч орж чаддаггүй. Башё дуусахад тав хоног үлдээд байдаг. Барилдахтай манатай. Багш дээрээ “Хөл болохгүй нь. Өнөөдөр барилдахгүй байж болох уу” гээд очлоо. Багш “Чи над дээр яаж хүрч ирэв?” гэж асууж байна. “Алхаад ирлээ” гэтэл багш “Алхаж чадаж байгаа юм бол барилдаж чадна” гээд явуулсан. Нээрээ тийм юм байна гэж бодлоо, бэлтгэл дээр өвдгөө хөндөхгүйгээр яаж мөргөлдөх, тачиай хийх вэ гэж анхаарлаа. Ингээд тачиай мөргөлт өөрчлөгдөж байгаа юм. Шинэ гарц, түлхүүр олоод явж байна гэсэн үг. Хүнд гэмтсэн, гэхдээ тэр гэмтэл миний алдааг зааж өгсөн. Тэр тэмцээний үлдсэн таван өдрийн дөрөвт нь давсан байгаа юм.

Гэрэл зургийг В.Даваа

-Танай гэрийнхэн эрдэм номын хүмүүс. Харин та яагаад сүмоч болохоор шийдэв? Дуртай байсан юм уу, санамсаргүй элсчихэв үү?

-Багаасаа хоол хийх, олон хүнтэй харьцах дуртай хүүхэд байсан. Танхим, ширээ нь цэвэрхэн хоолны газар гоё харагдаад л. Тийм болохоор зочид буудлын менежерийн ажил хамгийн сайхан санагддаг байсан. Технологийн их сургуульд тэр мэргэжлээрээ суралцаж байхдаа амралтаараа эгчийнхээ урилгаар анх Японд очиж байсан юм. Үнэнийг хэлэхэд би спортод дуртай байгаагүй. Сүмог бол нэг л их тарган, булчин шөрмөсгүй улсууд ноцолдсон газар гэж боддог байлаа. Гэхдээ нэгэнт эх оронд нь очсон юм чинь сүмо гэж ямархуу юм байдаг юм бол, үзье гэж бодоод. Тэгсэн чинь их сонин. Яг сонирхъё гэж бодоод эхэлсэн чинь тэр нь яагаад ч юм, зогсох газаргүй, үргэлжлээд явчихсан. Бүх юм ногоон гэрлээр яваад байгаа юм шиг л. Санамсаргүй тааралдсан сүмо дэвжээ нь М.Ананд аваргын Изүцү дэвжээ байж таарлаа. Ояката нь “Манайд монгол бөх байгаа” гэж хэлтэл тэр үед макүшитад барилдаж байсан Какүрюү буугаад ирлээ. Сүмод яаж элсдэг юм бол гээд асууж лавлатал Д.Батбаяр ахтай утсаар яриад л. Д.Батбаяр ах "Чамд ийм дэвжээ танилцуулъя" гэснээр тэр дороо сүмод орчихсон. Цаанаас нь бичээд өгчихсөн мэт л урсаад явчихсан. Ёстой л хувь заяа гэлтэй. Нэг өдөр би өөрөөсөө “Ер нь би сүмоч болохоор өөрөө шийдсэн үү” гэж асууж байсан удаатай. Сүмод явах болоод онгоцны буудал дээр ээж аав, гэр бүл, анд найзууд үдэж өгөөд, гараа даллахад л өөрийгөө үнэхээр сүмоч болжээ гэдгээ ухаарсан. Сүмо мэдээж хүнд хэцүү. Гэхдээ хүнд өвчин зовлон, шаналлаас илүү ичих гэдэг мэдрэмж хамгийн илүү байдаг юм билээ. Яагаад гэвэл би шантарлаа гэхэд хүмүүс Батжаргалын Мөнх-Оргил, нөгөө Батжаргалын хүү сүмод орчхоод больж гэнэ гээд ярина. Аавынхаа нэрийг муугаар гаргахгүйн төлөө хичээнэ гэж бодсон. Тэр өдрөөс хойш ямар ч хэцүү зүйл тохиолдсон болих гэсэн бодол орж ирээгүй.

-Сүмод ороод хамгийн гайхсан зүйл?

-Жинхэнээсээ сүмод ороход хуучин бодож байсан төсөөлөл минь бүгд буруу, өөр байлаа. Юун тэр өөх болсон тарган хүн, сүмочид бүгд булчинлаг. Булчингаар бүрсэн бие, ойроос харахад булчингийн ширхэг нь гялтганаж байгаа юм. Энэ нь надад маш том шок байлаа. Гэхдээ шоконд орлоо гээд “За болъё, чадахгүй юм байна” гэж бодоогүй. Нэгэнт сүмо бөх болсных аавынхаа нэрийг, гэр бүлийнхээ нэрийг бодно гэж л бодсон.

-Тэгэхээр та багаасаа их шазруун, гүргэр зантай байж дээ. Эсвэл ам алдсан бол барьж болохгүй гэсэн сэтгэлтэй хүүхэд байв уу?

-Ам алдсан болохоор заавал зорьсондоо хүрнэ гэсэн бодолтой. Түүнээс биш би шазруун, гүргэр хүн биш.

Гэрэл зургийг В.Даваа

-Гэхдээ барилдааныг чинь харахад ёкозүнаг ч мөргөөд, түлхээд дайраад их эрэмгий дайчин шүү. Монголчууд золгож барилддаг. Харин та эгц мөргөөд, урагш түлхээд дайрдаг. Яагаад ийм барилдааныг сонгов? Багш хэлсэн үү, өөрөө сонгосон уу?

-Дохён дээр гарахад өмнө ёкозүна байна уу, залуу бөх байна уу, хамаагүй. Алалцахгүй бол болохгүй. Амьдрал шийдэгдэж байна гэж бодно. Аварга, арслан, урьд нь давж байсан, унаж байсан, огт хамаагүй. Бүгдтэй нь хүч чадлаа 100 хувь гаргаж барилддаг. Аваргууд дараа нь чи хоолойнд хүчтэй тулгаад, мөргөөд гэдэг л юм. Инээгээд л өнгөрдөг. Урагш дайрч барилдахын хувьд бол миний өөрийн сонголт. Өөрөөр барилддаг байсан бол өдийд гэмтэж бэртээд, больчихсон байж магадгүй. Бусад бөхчүүд энэ мэхээ чадахгүй бол дараа нь өөр мэх хийнэ гээд бодож, төлөвлөсөн байдаг. Харин би бол энэ мэхээ л хийнэ гэсэн бодолтой, эргэлзэх зүйлгүй барилддаг.

-Монгол сүмочид дотор удамтай бөх олон. Үндэсний бөхийн аваргын хүүхэд, арслангийн хамаатан тул сайн барилдана гээд бөөн хүлээлт болоод байдаг. Танд харин тийм хүлээлт байгаагүй болохоор элдэв дарамт байхгүй, зүгээр байсан уу?

-Тийм байж болох юм. Монгол сүмочид дотор удам дамжсан бөх биш нь М.Ананд аварга бид хоёр л байх даа.

Гэрэл зургийг В.Даваа

-Улаанбаатарын уугуул гэж зарладаг ч аав, ээж нь аль аймгийн хүмүүс вэ?

-Аав Улаанбаатар хот, ээж Архангай аймгийнх.

-Бэлтгэл дээр хоёр бөхтэй зэрэг барилдаж байсан. Ямар төрлийн бэлтгэл вэ?

-Цаг хугацаа өнгөрч, хөгширч эхэлж байна. Хүч чадал хэвээрээ ч хөдөлгөөн удааширна, хурд багасна. Хөдөлгөөн, хурдаа сайжруулахын тулд хоёр хүнтэй зэрэг барилдаж байгаа юм. Нэг хүнтэй барилдахаар амархан, барьж аваад гаргачихна. Хоёр хүнтэй зэрэг барилдахаар илүү хурдан хөдлөхгүй бол болохгүй. Ингэж бие дотор байгаа нөөцөө хүчээр гаргаж байгаа юм. Үр дүн нь гарч байгаа болохоор би одоо энд байна.

-Японы хэвлэлээр таныг зиндаа ахиж, сайн барилдахгүй бол бусад дэвжээний бөхчүүдтэй ярихгүй гээд гурван жил уулзаагүй гэж бичсэн байсан.

-Би юмыг түрүүлж харах, төсөөлж үзэх дуртай. Энэ хүн ингэж байгаа болохоор амжилт олж, харин энэ нь олсонгүй гээд. Жишээ нь, дээшээ гарчихсан найзуудтай хамт байгаад байхаар миний зорилго багасаж эхэлж байгаа юм. Угаасаа эд нартайгаа хамт гоё байгаа юм чинь гээд хичээл зүтгэл багасна. Харин би ижилхэн дээд зиндаанд гарч байж, адилхан түвшинд харилцмаар байна шүү дээ. Ингээд л удаан хугацаанд өөрийгөө хорьж байсан.

-Сүмоч болгон Эзэн хааны цом авахыг хүсдэг ч чаддаг нь тун цөөхөн. Харин та хоёр удаа хүртлээ. Анхныхаа түрүүг авахдаа нулимс унагааж байсан. Цом тэврэх үед юу бодогддог юм байна?

-Тэр үед хоёр баяр зэрэгцсэн. Аав ээж минь Бөхийн ордонд ирж, барилдаан үзэж таарсан. Бас хүү минь яг тэр өдөр төрөөд, давхар давхар баяр. Цом тэврээд зогсож байхад “Хурдхан гэр бүлтэйгээ уулзахсан” гэж бодож байлаа. Түрүүлэхэд ойр хавийн хүмүүс бүгд л баяр хүргэж байгаа юм. Гэхдээ гэр бүлийнхний үг огт өөр. Тэднийхээ үгийг сонсмоор, баярлаж байгааг нь мэдэрмээр байдаг. Яг гоё сэтгэл хөдлөөд, асчихсан үедээ уулзмаар санагдаад байсан. Харин шагнал өгөөд удаад байхаар тайвшраад эхэлдэг юм байна лээ.

Гэрэл зургийг В.Даваа

-Та тэр башёд яг хэд дэх өдрөөс нь түрүүлэх боломжтой гэж бодож эхэлсэн бэ? Сандарч тэвдэв үү?

-Арван хоёр дахь өдрөөс түрүүлэх талаар бодож эхэлсэн. Тэр башё эхнээсээ л амьсгалах агаар өөр, бодох бодол өөр байсан. Унтах сэрэх, хоолонд орох, зурагт үзэх гээд бүх юман дээр толгойд орж ирж байгаа юм. Бүтэн 15 хоног шүү. Гэхдээ тийм мэдрэмжийг энэ яваа насандаа амссандаа баяртай байдаг. Башё дуусахад бүх эд эс ядарчихсан байдаг.

-Та нэгэнтээ 20-иод насандаа зугаацаж барилдсан, 30-аад насандаа сүмогийн сайхныг мэдэрч барилдсан гэж байсан. Одоо дөчөөд насандаа яаж барилдах гэж байна?

-Одоо л эхэлж байна шүү дээ. Би угаасаа мэх байхгүй, ур байхгүй, их хатуу хүн. Миний спортын замнал 20 наснаас эхэлсэн. Тэгэхээр би хөгшин биш залуухан байгаа юм. Одоо л яг үзэлцдэг нас.

-Озэки цол ойрхон байсан үе бий байх аа?

-Үнэндээ надад озэки болоход дөрөвхөн даваа дутсан.

-Цаг хугацааны машин гарч ирээд 20 настай Б.Мөнх-Оргилтой уулзуулъя гэж бодъё. Та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Энэ чигээрээ яваарай гэж зөвлөнө. Чиний бодол зөв шүү гэж хэлнэ дээ.

-Монгол бөхчүүд маань ТВ нэвтрүүлэг, зар сурталчилгаанд тоглож, эсвэл дуулиан шуугианд холбогдох юм. Харин та олны өмнө нэг их гараад байдаггүй. Яагаад?

-Би угаасаа илүү юманд дуртай биш. Сайхан унтаад, хоол ундаа идээд, эрүүл энх явж байхад боллоо шүү дээ. Сайн хань, хоёр хүүхэд минь байна. Өөр юу хэрэгтэй гэж? Гол нь эрүүл байхад болно гэж боддог. Хүнээс илүү гарах гэж хичээдэггүй.

Гэрэл зургийг В.Даваа

-Та аваргыг унагаад авдаг долоон кинбоши одтой. Ёкозүна Тэрүнофүжигээс гурван башё дараалан кинбоши авч байлаа. Аваргуудын хэнтэй нь барилдаан таардаг вэ?

-Аваргуудтай барилдах амархан биш, бүгд хэцүү. Жишээ нь, Хакүхо аварга бол намайг хэтэрхий мэднэ, судалсан. Намайг шатааж, асаах хэрэгтэй гэж мэддэг. Нүүр лүү алгадаад дайрахад нь хамаг бие чангараад явчихна, тэгээд өнхрөөд өгнө. Хакүхо аваргатай бараг гуч барилдаад ганцхан л давсан. М.Ананд аваргатай бол үзэж тарна. Яагаад ч юм хоорондоо дотно байх тусам улам үзэлцмээр санагддаг юм.

-Таны хувьд ямар барилдаантай бөхтэй барилдахад хэцүү байдаг вэ?

-Жижигхэн биетэй, доороос өлгөж, сөхөж барилддаг бөх эвгүй. Озэки асан Такакэйшёо их хэцүү, тохойн доороос ороод ирдэг.

-Монголчуудтай барилдахдаа үндэсний бөхийн мэх хийж магадгүй гэж болгоомжилдог уу?

-Ер нь бол япон, монгол гэж бодолгүй барилддаг. Гэхдээ монголчуудтайгаа барилдахаар улам өрсөлдөөнтэй байдаг.

-Хамгийн дурсгалтай барилдаан?

-Дэжимаг ялсан барилдаан. Яг өөрийнхөө шийдсэн барилдааныг хийж чадсан. Барилдаандаа, мэхэндээ 100 хувь итгэсэн, шийдсэн барилдаан. Дэжимаг ганцхан мөргөөд урагш нь түлхээд гаргасан. Давчхаад би яг ингэж барилдах ёстой юм байна гэсэн бодол орж ирж байсан. Тэрнээс хойш өөртөө улам итгэлтэй болсон. Яаж ч муу барилдсан өөрийнхөөрөө барилдана гэж шийдсэн.

-Энэнд л ялагдахгүй юмсан гэдэг өрсөлдөгч хэн бэ?

-Яг тэр гэж нэр заахаар өрсөлдөгч байхгүй. Харин шинээр дээш гарч ирж байгаа залуу бөхчүүдэд унахгүй шүү гэж боддог.

-Монголын шинэ залуу бөхчүүдээс хэн нь сайн барилдах бол?

-Ономацү дэвжээний Онокацү Б.Чойжилсүрэн байна. Бас Нарүто дэвжээний Ошёома П.Дэлгэрбаярыг нэрлэнэ. П.Дэлгэрбаяр зайлахаа больчихвол маш хүчтэй болно. Бэлтгэл дээр маш сайн, томчуудыг бол гаргадаггүй. Тэгсэн мөртлөө башё дээр зайлаад байдаг. Зайлна гэдэг бол би гэмтлээ шүү гэдэгтэй адилхан, өнөөдрөө яаж өнгөрөөх вэ гэсэн арга барсан зүйл. Маргаашийн төлөө барилдах ёстой.

-Та 20 жил, 124 башё барилдлаа. Сүмо бөхийн яг юу нь гоё, сайхан бэ?

-Зөвхөн хэл амаараа биш бие сэтгэлээрээ үлгэрлэж харуулдаг нь сайхан. Энэ 20 жил маш хурдан өнгөрсөн. Энэ бол бас сүмогийн сайхан зүйлийн нэг. Хүнд хэцүү зүйл байдаг ч дараа нь аз жаргал, сайн сайхан зүйл хүлээж байдаг нь сүмо барилдахын бас нэгэн утга учир юм.

-2025 он эхлэх гэж байна. Цаашдын зорилго?

-Сэкивакэ цолоо эргүүлэн авч, дахин нэг мэдрэхийг хүсдэг. Дахиад хоёр жил барилдахсан гэж боддог.

- Та 2022 онд "Оны хамгийн олон даваатай бөх"-ийн шагнал авч байсан. Мөн сүмод дараалсан барилдааны рекорд, дээд зиндаанд тасралтгүй барилдсан амжилт, Рэйва эриний анхны Кинбоши, Асакүра хотын хүндэт элч гээд маш олон шагнал хүртэж байсан. Харин Монгол Улсаас ямар шагнал авч байв? Дээд зиндаанд хоёр түрүүлж, сүмо бөхийн түүхэн рекордыг шинэчлэн тогтоож, Монголын нэрийг гаргаж, өргөж байгаа хүн шүү дээ.

-Тийм ээ, байнга тусалж, дэмждэг хүмүүсийн ач буян. Үнэнээ хэлэхэд би Монгол Улсаас ямар нэгэн шагнал, одон медаль авч байгаагүй.

Гэрэл зургийг В.Даваа

-Таны амьдрал, мэргэжил бол сүмо. Ояката болж, гарын шавиа бэлтгэн, мэддэг чаддаг зүйлээ заах хүсэл бий биз дээ?

-Байлгүй яах вэ. Гарын шавь гэхээсээ илүү бүх бөхчүүдэд хэлмээр, заамаар санагддаг. Залуучууд алдаад байгаа нь харагдаад, мэдэгдээд байдаг. Зөвхөн барилдаан биш. Чи ингэж барилдаад байвал гэмтэнэ, ийм бэлтгэл хийж болохгүй шүү гэж хэлмээр байдаг. Бэлтгэлээ маш сайн хийж байж, өөртөө итгэлтэй болдог. Яарч сандрах шаардлагагүй. Сүмо жирийн спортоос өөр тул бодибилдинг, хүчний дасгал хийх хэрэггүй. Би 3 жил тасралтгүй хүчний дасгалд яваад больсон. Бас өөртөө хэт итгэлтэй байж болохгүй. Хүний булчин 100 хувь гэж бодоход залуучууд 120 хувь гаргах гээд байдаг. Тэрнээсээ болоод гэмтдэг, бэртдэг. Өөрийнхөө мэддэг бүхий л зүйлээ заах хүсэлтэй, захаас нь хэлээд явдаг. Дараа нь тэд “Баярлалаа, таны зөвлөмж их хэрэг болсон” гэж хэлэхээр сайхан санагддаг.

-Та хоёр хүүтэй. Хүүхдүүдээсээ авсан хамгийн сайхан бэлэг юу байна?

-Эрүүл энх байгаа нь л надад хамгийн том бэлэг. Мөн ээжийгээ үргэлж түшиж тулж байдаг нь бас бэлэг. Эрчүүд шүү дээ. Би башё, тойргийн барилдаан гээд жилийн талд л гэртээ байдаг. Намайг эзгүйд хоёр хүү минь ээжийгээ түшээд, хараад байгаад нь их баярладаг.

-Сүмо бөхийн хүнд хэцүүг та туулсан. Хоёр хүү чинь сүмоч болно гэвэл яах вэ?

-Манай ээж аав хоёр миний бөх болох сонголтыг хүндэтгэсэн. Би адилхан хоёр хүүхдийнхээ сонголтыг хүндэтгэнэ, дэмжинэ.

-Таны хобби бөхчүүдийн хувьд их сонин. Амтат бялуу хийх дуртай гэсэн.

-Би их хачин хүн л дээ. Хүмүүс зодоон, тулааны спорт үзэх дуртай байдаг. Харин би дургүй. Үнэнээ хэлэхэд монгол бөхчүүдээ ч сайн мэдэхгүй. Ямар нэг юм хийж, бүтээж байгаа нэвтрүүлэг үзэх дуртай. Талх, нарийн боов, бялуу гээд ер нь бүгдийг хийнэ. Юм оёно. Саяхан жижиг хивс хийлээ. Анхныхаа хүүхдийг төрөхөд нь сандал хийж байсан. Аав маань театрын тайз засагчаар ажилладаг байсан. Ёстой л юм бүрийг урладаг ажил. Ээж бас оёно, нэхнэ, уран хүн. Тэр бүгдийг харж байсаар өөртөө шингээсэн байх.

-Завгүй аав, нөхөр ч гэртээ байх үедээ хоол хийх мэтээр гэрийн ажилд туслах уу?

-Дэвжээнийхээ хаалгаар ороод би сүмо бөх гэдгээрээ явна. Гэрийнхээ үүдээр ороход аав, эр нөхөр болно шүү дээ. Дэвжээн дээр юм юм л болно. Муу барилдлаа, загнууллаа гээд л, тэр бүх асуудлыг гэртээ авч орж ирэхгүй. Харин гэрт гарсан асуудлыг дэвжээндээ авч очихгүй гэсэн зарчимтай. Энэ их чухал.

-Бас нэг хобби чинь хүн ажиглах гэж байгаа.

-Хүн ажиглах их гоё шүү дээ. Жишээ нь, урд явж байгаа хүмүүсийг хараад энэ хүн ийм бодолтой явж байна, тэр хүн гэр лүүгээ яарч байна, ногоо бариад явж байвал гэртээ харьж хоолоо хийх нь, ийм ногоо авсан болохоор тийм хоол хийх гэж байгаа юм байна гээд л ажиглана. Бүр багаасаа л хүн ажиглаж эхэлсэн. Таамаглал бараг таарна шүү. Гэхдээ яг сүмо дээр болохоор ажиглаад, ажиглаад өрсөлдөгчөө ямар мэх хийх гэж байгааг тааж чаддаггүй юм. Энэ чинь бас сүмогийн нэг сайхан тал.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсэн ерөөе. Тавин нас хүртлээ барилдаж, бөх сонирхогчдоо баярлуулаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
25
0
12
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.250.238.120
Ямар сайхан хүн бэ.
ЗОЧИН\18.138.243.114
Сайхан ярилцлага болсон байна,баяр хүргэж амжилт хүсье.Их сайхан бөх шүү хүндэтгэж явдаг.Гэхдээ нэг зүйл байнга бодогддог тэр нь юу гэхээр хэрвээ Тамаваши маань монгол бөхөөр барилдаж байгаад ,монгол бэх хийгээд эхнээсээ барьцнаас сайн барилдаж сурсан бол хэнийг ч тэсгээхгүй,мөн ч олон түрүү байсан байхдаа гэж бодогддог шүү.Гэхдээ энэ чигээрээ байгаа нь ч бас гоё л доо.Амжилт хүсье.
ЗОЧИН\13.212.150.51
ЗОЧИН\13.212.128.83
ЗОЧИН\13.212.128.83
Маш их таалаг дла байна а Өрдөр хариуцлагтай зөв хүмүүжилтэйхүн\54.169.207.36
Маш их таалаг длаа Өрдөр хариуцлагтай зөв хүмүүжилтэйхүн\54.169.207.36
инженер\18.143.198.135
Мөн ч сайхан Сумоч монгол хүү дээ.
ЗОЧИН\18.142.140.141
Мөн ч сайхан Сумоч монгол хүү дээ.