Дээд зиндааны монгол бөх, Оономацү дэвжээний Оонокацү Б.Чойжилсүрэн мэргэжлийн сүмо дахь оюутны ёкозүна нарын нэг. Тиймээс ч түүний барилдаан олны анхаарлын төвд байдаг. Харин дээд зиндаанд дэвшсэнээсээ хойш зогсонги байдалд ороод байгаа. Энэ жил 25 настай Оонокацү 2026 оны зорилгоо сэтгүүлчидтэй хуваалцлаа.
Оонокацү “2025 оны өдийд дээд зиндаанд түрүүлнэ гэсэн зорилго тавьж байсан. Үр дүн маш муу, зорилгодоо дөхөж очиж ч чадаагүй. Энэ жилийн зорилго бол комүсүби, сэкивакэ цол хүртэж, Эзэн хааны цом авах. Хамаг чадлаараа хичээх болно. Өдөр бүр хамаг чадлаараа бэлтгэл хийж, банцүкэгээ дээшлүүлэх болно. Макүүчид анх дэвшсэн башёдоо 50 хувийн амжилт гаргаагүй ч бэлтгэлдээ хичээж зүтгэсээр давдаг болсон. Энэ жилийн гол асуудал бол хурдан босож, хурдан дайрах. Барьц авах хугацаагаа чадах чинээгээрээ богиносгоно. Хурдан довтлох нь миний хувьд ялах хамгийн хурдан зам. Жингээр дутахгүй тул хүчний дасгал хийж, бяр чадлаа нэмэх болно. Тачиай дээр хэн бяртай нь давуу талтай байдаг. Энэ жил өөр дэвжээн дээр очиж, бэлтгэл хийх төлөвлөгөөтэй” гэжээ.

Б.Чойжилсүрэн Увс аймгийн уугуул. 25 настай. 185 см өндөр, 168 кг жинтэй. Бага сургуульд байхдаа хөлбөмбөг тоглодог байсан. Харин дунд ангиасаа чөлөөт бөх, үндэсний бөх барилдаж эхэлжээ. 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатарт болсон тэмцээнд амжилттай оролцож, Японы Канагава мужийн сургуулийн багш нарын хараанд өртөж, 2016 оны хавар нь урилгаар ирсэн.Тэрээр Nippon Sport Science University их сургуулийн оюутан байхдаа 2022 онд Бүх Японы оюутны аварга шалгаруулах 100 дахь удаагийн тэмцээнд түрүүлж, Оюутны ёкозүна цол хүртсэн. Энэ амжилтаараа макүшита зиндааны 15-аас барилдах эрх авч, гурван башё (5:2, 6:1, 5:2) барилдаад сэкитори болж байв.
