Уншигч та бүхэндээ “Утгын чимэг-2024” богино өгүүллэгийн наадмын сүүлийн шатнаа шалгарсан МЗЭ-ийн болон Ч. Лодойдамбын нэрэмжит шагналт зохиолч, МҮОНР-ийн сэтгүүлч, Хэлбичгийн ухааны доктор Галсангийн Болормаагийн “Саарал улиан” өгүүллэгийг хуваалцаж байна.
“Утгын чимэг” наадмыг өнөө жил Ардын уран зохиолч, Төрийн шагналт нэрт сэтгэгч Лодонгийн Түдэвийн 90 насны ойд зориулан, эл эрхэм хүмүүний нэрэмжит байдлаар зохион байгуулсан юм.
Галсангийн Болормаа
СААРАЛ УЛИАН
Өлөгчин саарал гурангидан гиншсэнээ үүрнээсээ гулсан гараад хөх уулсын гүймэг салхийг зүсэн, очгүй шар нүдээрээ тэнгэр газрын хооронд онож алдан харлаа.
*** *** ***
Хүрэн Өндрийн ар шилд саарал дэлт хөхтэйгөө бүлссэн нь саяхан юм.
Дөрвөн бэлтрэгтэй хөхүүл сааралдаа идэш эрэхээр гарсан тэр нэг өдөр дэлт хөх Майхантын шилээр орж, Асгатын эхэнд гарчээ. Энэ ууланд ассан сарлагийн гуныг шөнөжин ээрч, үүр шөнийн заагт арай чамай сэрэмж алдуулаад, ганцхан дайралтаар хоолой гүрээг нь ханачхаад, цавчим цохионоос хажуу хэлтэргэж байгаад тухтайхан идлээ. Хоёр хэрээ ч түүний зоогоос завсаргүй тонголзон тоншиж байхуйд дэлт саарлыгаа санан бушуухан босож, зэмийн цээжний хөндийгөөс уушги зүлд суга татаж зуугаад үүр рүүгээ шогшлоо. Тэгтэл нам доор руу оронгуут л хүлгийн дөрөөндөө жийж, яргай тэнз ташуураа далайж зэхсэн эрийн отолт, улаан дайралттай халз тулгарчээ. Ташуур сарьсан хоншоорт нь буун гэмээн дэлт хөх харуулдан унаж, тэр дороо л амьсгал хураасан юм.
Өлөгчин саарлын зовлон энэ явдлаас эхэлсэн санжээ. Дэлт хөхийг үүрнийхээ амаар сүрхийн ороод ирнэ гэж хүлээсээр л байлаа. Дөрвөн бэлтрэг нь өдөржин, шөнөжин хөхнөөс нь үлгэнэ. Үүр шөнийн заагаар цурам хийхийн тулд хорсож хөндүүрлэх дэлэнгээ хавчин нүхний амсарт гарч амсхийж байлаа. Өглөө болоход дэлт нь бас л ирсэнгүй.
Бэлтрэгүүд цуварч ирээд хөхөнд наалдана. Тунасан жаахан сүүгээ шуухитнан хөхөх тэднийгээ хараад өр нь өвдөнө... Хэлэн дээрээ юм тавиагүй удсанд ходоод нь хонхолзовч дэлт хөх ирэхгүй байгаа нь л аймшигтай санагдана... Хаврын цасан шамаргатай өдөр үргэлжилсээр л байлаа... Сааралд дэлт нь хэзээ ч ирэхгүй юм шиг зөн татсанд гуринхтан гийналаа. Өр нь тасрах шахна...
Өлөгчин саарал бэлтрэгүүдээ үүрийнхээ мухарт орхиод, мөрөө буруулан анд гарав. Хэдэн гүдэн гүвээ давж, нэгэн намхан хөтлөөр уруудаад намаржааны айлын буурины ойролцоох адууны зэм дээр ирээд үнэртэж үзвэл өлссөн түүнд тааламжтай байлаа. Хэд зулгааж, өл гараад цээжин хэсгээр нь тойртол тасхийгээд хавханд орчихсонд цочин цовх үсрээд эргэж буухад хавхны гинжний төмөр гадас газраас ховхорсон ч нарийн шилбэ нь орь дуу тавьтал янгиналаа. Гэсэн ч саарал амьд мултрах ёстой. Хавхаа чирээд шууд хүрэх аваас зам татаж бэлтрэгүүдэд аюул тулгарна. Саарал хавхыг зууж, солжийн доголзоод зүг буруулан асга дамжин хэсэг явахад хөл нь тэсэхийн аргагүй янгинаж, туйлдаж ядарсандаа сөхрөн унасан ч босов. Асгарч шаргисан хайргатай хажууд өөд доголзон мацлаа... Хажуу барих хэцүү байсанд хэсэг яваад амсхийнэ. Ингэж явтал хавхны гинж чулуунд орооцолдоод гацчихлаа. Гаргах гэж угзачсаар өдөр, шөнө, ахиад өдөр... шөнө болсон юм. Улаан цурав бэлтрэгүүдээ ямархуу байгаа бол гэхээс тэсэхийн аргагүйд хүрлээ. “Чи амьд явах ёстой” гэж Дэлт хөх уулнаа цуурайттал улих шиг хээрийн хөх салхи шуугин исгэрэв... Саарал омгорхлынхоо сүүлчийг шавхан хурц соёоныхоо эрээр хавхны гарын дээд талаар нарийн шилбээ тас хазлаа. Газарт тунах цусыг юман чинээ бодсонгүй, аюулт арангаас салсандаа үүрнийхээ зүг цахилж одов. Бэлтэгүүдийнхээ барааг харах хүсэлд хөтлөгдлөө. “Хөхөнд жаахан сүү байгаа” гэж бодсоор үүрэндээ иртэл хамгийн сэргэг зэгэл нүхний амруу ирээд нам хэвтсэн байв. Эрх бор... Ховдог саарал... давжаа саарал цөм өлбөрчээ. Эх саргиж сааралтсан дуугаар гийнасан ч хожимджээ. Чонын гурангидсан дуу хэсэгтээ тасарсангүй. Хэд хоног үүрээ сахилаа.
...Уул хадандаа улих түүнийг даажигнах шиг дамжуулан цуурайлуулах нь аймшигтай.
Энэ өдөр саарал өөр нэгэн бүл рүү очихоор шийджээ. Чонын үүрнээс нялх бэлтрэгийн үнэр үнэртсэн болохоор шууд л шогшоод очсон юм. Харин гурван бэлтрэгтэй бүлүүд саарлын өөдөөс дайрч, хазлаа. Хэд дахин хазсан ч саарал үүр рүү нь шургана. Яг л өөрийн нь нялх бэлтрэгийн адил үнэр мөн дөө. Азарган чоно дахин саарал руу дайрч, хазаад арагш чирэв. Саарал далдичин хулжиж нүхнээс арай холдсон ч явсангүй. Үүрэнд гийналдах бэлтрэгийн дуунаар өлөгчин саарлын дэлэн чинэрч хөл нь өвчтэй ч энэ хэдэн бэлтрэгийг л үнэрлэхийг амь тэмцэн хүсжээ.
Хоёр өдөр болоход эр нь авд явав. Хаврын халуухан өдөр эх гурван бэлтрэгээ дагуулан үүрнээсээ гарч ирлээ. Саарал гийнав. Үрт амьтны энэ аяг уяраах увдистай аж. Нүхний амсарт ноосон түүдэг шиг баацганан тоглох нэг бэлтрэг чиглэн ирэхэд саарал үрээ тосох мэт тэрийн хэвтээд өгөв. Бэлтрэг сэрийсэн хөхийг хөхлөө. Удсангүй бусад бэлтрэгүүд цуварч ирээд хөхийг нь хөхөхөд саарал уясан, цагирган дугуй шар нүднээсээ тунгалаг нулимс урсгалаа. Бэлтрэгүүдийг ээлжлэн үнэрлэнэ. Араатны ханашгүй жаргал байлаа. Хаврын хариг цагаар бэлтрэгүүдээ цатгаж чадахгүй зовсных тэр үү, адилхан үрт амьтан гэж бодов уу. Эх чоно чимээгүй ажиглаад байв.
Азарган чоно үүрээр ирээд саарлыг хэрэгсэхгүй орхиод үүрэндээ орлоо. Харин саарал идэш тэжээлд явсангүй. Гагц бэлтрэгүүдийн хараа бараанд өег цатгалангаар мухар хөлөө долоож хэвтэнэ.
Дэлт хөх нь сүрлэг араатан байлаа... Саарал дэлт хөхийнхөө нуруунд хошуугаа тавьж эрхэлнэ. Хоёр чоно бие биесийн хошууг үнэрлэн, тачаадна. Халуун илчит цавчмалын хадны нүүр нь янагшдаг илчит хормоо гүймэг гүймэг санан, дэлтийгээ үгүйлэхийн дээдээр үгүйлж байлаа.
Асгын амны бэлтрэгүүд хоёр эхийг хөхөөд хурдан торниж эхэлжээ. Эр эм хоёрыг анд явахад саарал бэлтрэгүүдийг ханатлаа үнэрлэдэг болж, дэлэн нь чинэрч дахин дахин сүү ивлүүлнэ.
Харин саарлын бие нь өдрөөс өдөрт дордож эхэлсэн санж. Гурван хөлтэйдөө түүртсэнгүй, хормын төдийд холдвол бэлтрэгүүдэд аюул тулгарна гэж боджээ. Хаврын сар шувтрахын хэрд нэг л өглөө өлөгчин саарал өндийж чадсангүй. Хөрөвжсөн гурван бэлтрэг бүлээн хошуугаараа хөхийг нь нудчивч сүү эс гарна.
Түүний ухаан балартахад дэлт хөх нь “Чи бэлтрэгүүдийг өсгөөрэй” гэж тэртээгээс улих шиг боллоо. Хажуугаараа жирэлзэн тоглох бэлтрэгийнхээ үнэрээр саарал өндөсхийв.
Саарал амьсгалаа хураах мэт гүн татсанаа толгойгоо өргөн хөггүй дуугаар гиншээд газар дэрлэн уначхав.
Эр, эм хоёр чоно ам нь ангалзахаас өөрцгүй болж, гэдэс бөөр нь хонхойж, үл ялиг түнхэлзэн, дугуй шар нүднийх нь цог буурч нууханд барьцалдан анивалзаж, амьтай төдий байгаа саарлыг орхиод гурван бэлтрэгээ дагуулан нутаг дамжин явахаар болжээ. Бэлтрэгүүд нь эргэн хурган байж тэд явчихлаа.
*** *** ***
“Үрт амьтан чи үхэж болохгүй” гэж оргил өндрийн зооноос дэлт хөх сэрвээ нь тэвхийж, ухасхийх нь үү гэмээр болж хөндий дүүртэл улих шиг...Бид хоёрын бэлтрэгүүд том болж байгаа. Намайг тэднийгээ дагуулж явахыг хараарай... гэж саарал шивнэх шиг.
Бэлтрэгүүдийн үнэр бүдгэрч алдах зүг рүү тэмүүлсэн саарал өвчүүгээрээ газар тулан, хүчээ шавхан хөл дээрээ өндөсхийхэд тэнгэр газар дайвалзавч тэнцвэрээ олж ядан салганан, босов. Зэлүүд газрын ганц босоо чулуу адил сэгийн харагдавч, сүүтэлзэн мухар хөлөө өргөн... нэг, арай ядан хоёр гишгэснээ саарал саргиа дуугаар улилаа. Гэтэл уул нуруугаар нэгжиж явсан эр өлөгчний саргиа дуунаас жийрхсэндээ, түүнийг олж харангуутаа “Үлбийчхээд өвчин туссан л юм байна. Үгүй хийчихье, чамайг” гэсээр гэтэж очоод ганцхан далайлтаар ташуураа буулгахдаа хөл нь чулуунд халтиран хальт цохичихсонд амь тэмцсэн араатан өөдөөс нь цойлж дайрангуутаа хоолойг нь тас татан хяргачихлаа. Өлөгчин саарал хуга үсрэн ойчсон ташуураас дэлт хөхийнхөө үнэрийг таньсан ажээ.
2025 оны 01 сарын 17.