UBLife Logo
Ном

Т.Түвшинжаргал: Монгол нутгаас 4500-5000 жилийн тэртээд холбогдох шагайн олдвор олдсон

Т.Түвшинжаргал: Монгол нутгаас 4500-5000 жилийн тэртээд холбогдох шагайн олдвор олдсон

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан Төмөрбаатарын Түвшинжаргалтай ярилцлаа.

Бид энэхүү ярилцлагадаа археологийн малтлага, судалгаагаар илэрч олдсон мал, амьтны шагай, түүнд тулгуурласан судалгааны үр дүн, хүн төрөлхтний адуу гаршуулсан соёл болон хамгийн эрт үед холбогдох гал гаргах хэрэгслийн тухайд нэн сонирхолтой баримт, мэдээллийг хуваалцаж байна.


-Монголчууд Цагаан сарын үеэр шагайн наадгайг тоглох нь нийтлэг байдаг. Мал, амьтны ясыг дүрсжүүлэн тоглож ирсэн нь хэдий үед, хаанаас эхлэлтэй соёл вэ?

-Ер нь шагай гэлтгүй аливаа мал, амьтны үений янз бүрийн хэлбэр дүрстэй ясыг дүрсжүүлж ойлгох ойлголт маш эртний, магадгүй чулуун зэвсгийн үеэс эхлэлтэй болов уу. Эрт үед хүүхдийн тоглох боломжтой зүйлс нь мэдээж хамгийн түгээмэл байх мод, чулуу, яс зэрэг зүйлс байсан байж таарна. Ийм тоглоомын хамгийн эртний баримт гэж үзэж болох олдвор бол Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Тамсагбулагийн неолитын үеийн суурингийн малтлагаар илэрсэн, бөөгнүүлж тавьсан 10 орчим адууны шагай юм. Энэ нь ямар нэгэн байдлаар хүүхдийн тоглоомтой холбоотой байх магадлалтай. Адууны шагай нь хонь, ямаа, үхрийн шагайнаас хэлбэрийн хувьд арай өөр, хоёр салаа байх бөгөөд Өвөрхангай аймгийн зарим сумдын нутагт хүүхдүүд чулуун гэр барьж тоглохдоо адууны шагайг атан тэмээ хэмээн нэрлэж тоглох нь бий. Зөвхөн шагай гэлтгүй бидний мэдэх тойгны ясыг хүн, борвины ясыг нохой хэмээн тоглох нь түгээмэл байдаг. Алтан эмээлийн музейд малын жижиг яснуудыг засаж янзлалгүйгээр, хэлбэр дүрсийг нь ашиглан хийсэн шатар байхыг үзэж байсан. Энэ мэтчилэн Монголчуудын ясыг дүрсжүүлж, мал, амьтан болгож нэрлэх уламжлал бол асар баялаг. Энэ талаар цаашдаа судалгааны бүтээл хийхээр бас ажиллаж байгаа.    

-Монголд хийсэн археологийн малтлага, судалгаагаар хамгийн эрт үед холбогдох шагайн олдвор хаанаас илэрсэн байдаг юм бол?

-Шагай бол маш эртний түүхтэй болох нь археологийн судалгаанаас харагддаг. Монгол Улсын нутагт хийсэн археологийн судалгаанаас илэрсэн хамгийн эрт үед холбогдох шагайн олдвор одоогоос 4500-5000 орчим жилийн тэртээд хамаарна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Хуурай говь хэмээх газар малтсан булшинд насанд хүрсэн эрэгтэй хүнийг хүүхдийн хамт оршуулсан байдаг бөгөөд хүүхдийнх нь толгойн дээд талд 10 гаруй шагай тавьж дагалдуулсан нь бий. Үүнээс наашлаад Дөрвөлжин булшинд шагайг морь болгож өрсөн тохиолдол олдож байсан. Мөн “Дөрвөлжин булш”-ны соёлыг залган гарч ирсэн Хүннүгийн үед холбогдох булшнаас шагай олдсон тохиолдол олон байдаг.

Тайлбар: Сяньбийн үеийн булшнаас олдсон аргаль, хонины нүхтэй шагай

-Эртний хүмүүсийн булшнаас дагалдуулан тавьсан олон тооны шагай илэрдэг. Энэ нь ямар учиртай юм бол?

-Эдгээр олон тоотой шагай нь ихэвчлэн Хүннүгийн үеийн хүүхдийн оршуулгаас олдсон байдаг. Тэгэхээр энэ нь ямар нэгэн байдлаар тоглоом наадамтай холбоотой зан үйл болохыг илтгэдэг. Чухам яагаад оршуулгад дагалдуулж байна гэвэл хүүхдийг тоглоомтой нь оршуулж байгаа хэлбэр, нөгөө талаас эртний хүмүүсийн сүсэг бишрэл, ертөнцийг үзэх үзэлтэй нь холбоотой байж болно. Нөгөө талаар хойд насны амьдрал байдаг гэх ойлголттой холбоотой бөгөөд тухайн хүний эдэлж хэрэглэж байсан зүйлс, малыг хамт хойлголон дагалдуулдаг. Тиймээс хүүхдийг хойд насандаа тоглох тоглоом наадамтай нь цуг илгээж буй ойлголт гэж бас хэлж болно.

-Та “Хүннү, Сяньбигийн үеийн булшнаас илэрсэн шагайн төрөл зүйлийн судалгаа” гэсэн өгүүлэлдээ “Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгорын Сяньбигийн үеийн булшнаас цайвар өнгийн чулуугаар хийсэн нэг шагай олдсон ба тус шагай нь хонь болон ямаа буух талдаа нэвт нүхтэй байв. Мөн Архангай аймгийн Өгийнуур сумын Талын гурван хэрмийн Жужаны үед холбогдох булшнаас хүрэл шагай олдсон байдаг” гэж тэмдэглэжээ. Шагайг чулуу болон хүрлээр дуурайлган хийдгийн учрыг судлаачид хэрхэн тайлбарладаг вэ?

-Шагайг хүрлээр цутгаж, чулуугаар сийлбэрлэж хийж байгаа явдал нь шагайг эртнээс ихэд эрхэмлэж байсны нотолгоо. Талын гурван хэрмийн булшнаас илэрсэн хүрэл шагайг бүсэндээ зүүдэг хавтага саванд хийж авч явдаг байсан бололтой. Энэ нь аливаа нэгэн зан үйл, сүсэг бишрэлийн үүднээс биедээ хадгалж авч явж байна гэсэн үг юм. Чулуун болон хүрэл шагай гэлтгүй энгийн шагайг хүртэл биедээ хадгалж авч явдаг байсны баримтууд археологийн малтлагаар цөөнгүй илэрч олдсон.

-Археологийн малтлагаар хонины шагай ямааныхаас харьцангуй олон илэрдэг нь юутай холбоотой юм бол?

-Би саяхан Хүннүгийн 5 булшнаас олдсон 500 шагайг тодорхойлж судалгааны өгүүлэл бичсэн юм. Эдгээр 500 шагайны 450 нь хонины шагай байсан. Үүний дотор 8 ширхэг ямааны шагай байв. Ямааны шагай яагаад ийм цөөхөн байгаа нь маш сонирхолтой. Түүхч Г.Сүхбаатар “Монголчууд хонины шаантыг идээд шагайг авч сайн мөлжиж цэвэрлээд гурван удаа хаяж, морь босох эсэхийг нь үзээд авдаг, тэгэхдээ ямааны шагайг онцолж үздэггүй” хэмээн тэмдэглэсэн нь бий. Өнгө үзэмж талаасаа ч эр ямааны шагай хонины шагайг гүйцэхгүй, морь буух тал нь хуниас нугалаа ихтэй, үзүүрийн эргэлт мушгиатай бол эм ямааны шагай хэмжээгээр жижиг зэрэг өөлөх зүйлс ихтэй тул эртнээс хонины шагайг ямааны шагайнаас илүү чухалчилж үздэг байсан байж болох талтай. Зарим нутагт шагайгаар морь уралдуулж тоглохдоо ямааны шагай уралдуулдаггүй, зөвхөн хонины шагай уралдуулах тохиолдол бий. Тэр ч бүү хэл зарим нутагт ямааны шагайг авдаггүй хаданд аваачиж тавьдаг ч тохиолдол байна.

-Шагай няслах, шагай шүүрэх зэрэг шагайн тоглоомын төрлүүд нь холбогдох он цагийн хувьд өөр хоорондоо ялгаатай юу?

-Үүнийг археологийн судалгаагаар илэрсэн шагайн түвшинд тодорхойлж судлах боломж хомс. Хэдий тийм ч шагайг хавтгайлсан, нүхэлсэн, эсвэл дотор талыг ухаж хөндийлсөн, төмрөөр цутгасан, шагайн дээр тамга тэмдэг сийлбэрлэсэн зэрэг тохиолдлууд нь шагайн тоглоомын төрлийн талаар санал дэвшүүлэх боломж олгодог. Тухайлбал, хоёр талыг хавтгайлж үрсэн шагайг морь хурдан буулгах зориулалттай гэхээс илүү шагайн харвааны хасаа адил шагайг өрж тавих төрлийн тоглоомд ашиглах, шагайн дээр тамга тэмдэг дүрсэлсэн тохиолдлыг бусад шагайнаас ялгах, ингэхдээ айл өрх, цаашлаад нутаг, овгийн тамгыг сийлж, өрсөлдөөнт тоглоомд ашигладаг байж болох юм.

Энгийнээр тайлбарлавал морь уралдуулах тоглоом байлаа гэхэд өөрсдийн тамга тэмдгийг морин (шагай) дээрээ сийлдэг, бусад уралдаж буй шагайнаас ялгах үүднээс элдэв дүрс сийлдэг байж болно. Тамга сийлсэн тоглоомын модон хасаа олдсон байдаг учир хөлөгт тоглоомд мөн тамга тэмдэгтэй шагайг ашигладаг байсныг ч үгүйсгэх аргагүй. Ялангуяа шагайн дотор талыг хөндийлөн ухсан болон төмөр бэхэлсэн, цутгасан байгаа нь шагайн хүндийн жинг нэмэгдүүлж буй хэлбэр бөгөөд эдүгээчилж ойлговол мөсөн шагай, эсвэл захчингуудын тоглодог “Дачингаа” гэх мэт харвах төрлийн тоглоомд ашигладаг байсан байж болно. Харин шагайн дээр тамга тэмдэг сийлбэрлэхдээ зарим судлаачдын үзсэнчлэн овгийн тамга, бичиг үсэгтэй холбогдох дүрс ашигласан байхыг үгүйсгэхгүй.

Тайлбар: Хүннүгийн үеийн булшнаас илэрсэн сийлбэртэй шагай

-Нүүдэлчид Цагаан сарын үеэр шагайнаас өөр ямар тоглоомоор нааддаг байв?

-Хорол, үйчэр зэрэг хөлөгт тоглоомоор бас тоглодог. Миний хувьд бага байхдаа алаг мэлхий өрөх, сум шүүрэх зэрэг тоглоомыг аав, ах дүү, хот айлынхантайгаа тоглодог байлаа.

-Та ойрмогхон судалгааны ямар өгүүлэл бичиж гадаад, дотоодын сэтгүүлд хэвлүүлэв?

-Миний хувьд зоо-археологийн олдворууд буюу мал, амьтны ясыг голчлон судалдаг. Түүнээс гадна хүрлийн үеийн археологи болон бусад олон талт сэдвээр судалгаа хийж байна. Тухайлбал, Хүрлийн дунд үед буюу одоогоос 3800-3600 орчим жилийн тэртээд холбогдох Мөнххайрханы соёлын судалгаанд гол анхаарал хандуулан ажиллаж байна. Тэр үед хүмүүс адуу маллаж байсан уу гэдэг асуултын хариу одоог хүртэл тодорхойгүй учир энэ сэдэв сонирхол татдаг юм. Хэрэв энэ үеийн хүмүүс адуу малладаг байсан гэдгийг нотолж чадвал Монгол нутаг дахь гаршуулсан адууны баримтыг 500-800 жилээр урагшлуулах боломжтой. Адуунаас өмнө үхэр бол уналга, ачлагын чухал гол хүч байсан талаар судалгааны өгүүллүүд бичиж нийтэлсэн. Одоо эртний сарлагын тухай асуудлыг бас хөндөн судалж байна. Гаршуулсан сарлаг үнэхээр Төвөдөөс ирсэн үү эсвэл нутгийн уугуул амьтныг энэ бүс нутагт гаршуулсан уу гэдгийг тодруулах зорилготой. 

-Та “Эртний адууны ясанд илрэх уналга эдэлгээний шинж тэмдгийн судалгаа” гэсэн сэдвээр өгүүлэл бичиж байсан. Хүн төрөлхтөн адууг гаршуулах болсон нь хэдий үед, хаанаас эхлэлтэй гэж үздэг вэ?

-Саяхныг хүртэл Казахстаны зүүн хойд хэсэг дэх Ботайн суурингаас илэрсэн адууны ясны олдворуудыг адуу гаршуулсан дэлхийн хамгийн эртний соёлд тооцож ирсэн. Энэ нь он цагийн хувьд одоогоос 5500 орчим жилийн тэртээд холбогддог. Гэвч хэдхэн жилийн өмнө хийгдсэн генетикийн судалгаагаар Ботайн суурингаас илэрсэн адууны яснууд нь тахийн төрлийнх болж таарсан. Энэ нь хүн төрөлхтөн тахийг гаршуулсан байсан уу, адууг анхлан хаана гаршуулсан байх боломжтой вэ гэх асуултыг судлаачдын дунд гаргаж ирсэн. Ботайн суурингийн олдвор бол хүн төрөлхтөн тахийг гаршуулсан байсан баримт, эсвэл эдгээр яснуудад эр хүйс давамгайлдаг учир ангийнх байж магадгүй гэдэг асуудлаар зарим судлаачид маргалдсаар байна.

Харин одоогоор хамгийн эртний адуу гаршуулсан соёлд тооцогдох хамгийн баттай олдвор нь Казахстан болон Оросын хилийн зааг нутгаас илэрсэн 4000 гаруй жилийн тэртээд холбогдох Синташтагийн соёлынх юм.

Монгол болон хил залгаа бүс нутгийн тухайд Хожуу хүрлийн үеийн буган хөшөө, хиригсүүрийн тахилгын байгууламжаас адууны яс түгээмэл гардаг. Энэ нь монгол нутаг дахь эртний нүүдэлчид одоогоос лавтай 3300 орчим жилийн тэртээд адууг уналга, ачилгад маш түгээмэл хэрэглэдэг байсны нотолгоо юм. Зарим хиргисүүрийг дагалдуулан олон тооны адуугаар тахил үйлдсэн байдаг нь буган хөшөө, хиригсүүрийн соёлынхны хувьд адуу нь нийгэм, эдийн засгийн дорвитой үүрэг гүйцэтгэдэг байсныг илтгэдэг. Бид энэхүү он цагийн баримтыг урагшлуулахын тулд арай эрт үеийн археологийн дурсгалуудаас адууны яс олохыг зорин ажиллаж байна. 

Миний хувьд буган хөшөө, хиригсүүрийн тахилгын байгууламжаас илэрсэн 50 гаруй адууг тодорхойлж, судалсан юм. Хүннүгийн үеийн болон орчин үеийн адууны шүдэнд төмөр амгайг хэрэглэсний улмаас үүссэн элэгдлийн ул мөр үлдсэн байдаг. Харин буган хөшөө, хиригсүүрийн үед хамаарах адууны ясанд ийм хэлбэрийн амгайн элэгдлийг илтгэх шинж тэмдэг огт байдаггүй. Буган хөшөө, хиригсүүрийн соёлын үед адууг морин тэргэнд хөллөхөөс гадна уналгад ашиглаж байсан. Одоогоос 2800 жилийн тэртээх үед холбогдох дурсгалаас хүрэл зуузай хэрэглэж, түүнийгээ шир, сур зэрэг органик эдлэлээр холбодог байсны ул мөр болох баримт олдсон. Тухайлбал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь тахилын байгууламжаас илэрсэн 4 адууны аманд хүрэл зуузай, суран амгай зуулттайгаар олдсон байдаг. Тиймээс буган хөшөө, хиригсүүрийн соёлын үед ийм суран амгай хэрэглэдэг байсан байх магадлал маш өндөр.

-Та Монгол-Америкийн хамтарсан “Бэлчээрийн мал аж ахуй” судалгааны төсөлд оролцож байсан. Энэ төслийн багийнхны малтлага, судалгаа ямар үр дүнд хүрсэн бэ?

-2024 онд Монгол-Америкийн хамтарсан “Бэлчээрийн мал аж ахуй” төслийн хүрээнд Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт малтлага хийснээр Мөнххайрханы соёлын булш гурвыг илрүүлээд байна. Нэг булшнаас нь хүрэл хутга, бугын шүдэн зүүлт, билүү чулуу зэрэг олдвор илрүүлж олсон. Хамтран ажилладаг судлаачид маань 2020 онд эдгээр булшны хажуухнаас нэг метр орчим гүн бууц суурины давхаргыг олсон юм. Хамгийн доод талын давхарга нь одоогоос 3800 орчим жилийн тэртээх үед холбогдоно. Тэр давхаргаас нь адуу, хонь, ямааны яснууд олдсон. Энэхүү олдворууд нь он цагийн хувьд Мөнххайрханы соёлтой давхцаж байгаа. Иймээс цаашид уг бууц суурингаас илэрсэн адууг генетикийн хувьд судалж гаршуулсан адууны яс уу, эсвэл тахийн яс уу гэдгийг нь тогтоох юм. Хэрэв энэ нь гаршуулсан адууны яс болох нь тогтоогдвол Монгол нутагт адуу гаршуулсан соёлыг он цагийн хувьд урагшлуулах боломжтой.

-Хамгийн эрт үед холбогдох адууны эдлэл, хэрэглэлүүд хаанаас олдсон байдаг юм бол?

-Жишээлбэл, нүүдэлчид дөрөөг хэдийнээс хэрэглэж эхэлсэн бэ гэдэг маргаантай сэдэв хэвээр байгаа. Одоогийн байдлаар НТ IV-V зууны үед хамаарах Умард Вэй, Жужаны үеэс эмээлийн дөрөөг хэрэглэсэн байх боломжтой олдворууд илэрсэн. Үүний нотолгоо гэвэл Дорнод аймгийн Хөх нуур орчим малтсан нэг булшнаас олдсон НТ IV зууны үед холбогдох өндөр сэнжтэй дөрөө юм. Харин Хүннүгийн үед дөрөө хэрэглэж байсан гэх баттай баримт одоогоор олдоогүй.

Ноён уулын Хүннүгийн булшнаас модон хадаасаар холбож хийсэн эмээлийн бүүрэг олдсон байдаг. Тэгэхээр энэхүү баримт нь эмээлийн бүүргийг нэг модноос ухаж хийх технологи Хүннүгийн үед бий болоогүй байсныг илтгэж байгаа юм.

2015 онд археологич Ж.Баярсайханаар ахлуулсан манай судалгааны баг Ховд аймгийн Мянгад сумын Урд улаан үнээт хэмээх газарт тоногдсон хадны оршуулгыг малтсан. Энэ булшнаас олдсон эмээл нь дэлхийн хамгийн эртний модон эмээлийн олдвор болж таарсан. Тухайн эмээлийг морины нуруунд яв цав тааруулж ухсанаас гадна хоёр хавтсыг хүн суухад эвтэйхэн байдлаар суудал зассан хийцтэй. Уг эмээлийн бүүрэг нь нуман хэлбэртэй. Ноён уулын булшнаас илэрсэн Хүннүгийн үеийн бүүрэгтэй төстэй хоёр мод залгаж хийсэн бүүрэгтэй.

Тайлбар: Урд улаан үнээт уулын эмээл

-Урд улаан үнээт уулын агуйгаас олдсон бусад сонирхолтой дурсгалуудын талаар хуваалцвал?

-Судалгааны багийнхан тухайн агуйд очиж малтлага хийхэд хүрэн, зээрд зүсмийн адууны дөрвөн туурай олдсон бөгөөд үс нь хүртэл хадгалагдаж үлдсэн байлаа. Агуйн доторх мод эгнүүлж хийсэн авснаас хүний яс болон хувцсыг илрүүлсэн юм. Тухайн хүн нь адууны арьсан өмдтэй, арьсан гутал, нэхий дээлтэй, доргоны арьсан дахтай байсан. Тонуулчид эдгээр олдворуудыг шороотой холиод хаячихсан байсныг цэвэрлэж, сэргээн засварлалт хийснээр өдгөө “Чингис хаан” үндэсний музейн үзмэрт тавигдсан байна. Үүнээс гадна матаж хийсэн модон үүсгэртэй, хичир болон бариулдаа ясан наалттай нум, ширэн ховд, харвуулын сум, эвэр иштэй хутга, эвэр зуузайтай төмөр амгай, ухмал модон сав, өмнө дурдсан маш сайн хадгалалттай, хар улаан өнгөөр хослуулж будсан эмээлийн мод зэрэг олдвор нь цагдаагийн газарт хураагдсан байсан. Энэ хадны оршуулга нь Монгол нутаг дахь ижил төрлийн дурсгалаас хамгийн эрт үед холбогдох нь тогтоогдсон. НТ III-IV зуун буюу Нирун улсын эхэн үед холбогдох он цагийн судалгааны хариу гарсан.

Мөн бид энэхүү хадны оршуулгаас жижиг ширэн ууттай 10 ширхэг тоглоомын модон хасаа олж байсан.

-Таныг археологич болоход голлон нөлөөлсөн хүчин зүйлс юу байв?

-Би Өвөрхангай аймгийн Сант суманд төрж, өссөн юм. Миний хувьд археологич болно гэдгээ арван жилийн 7, 8-р ангид байх үед ахтайгаа ярилцаад шийдвэрлэсэн байсан, тухайн үед интернэт байтугай суманд гар утас ч байхгүй байсан үе. Мөн 9-р ангид байхад манай суманд археологийн малтлага, судалгаанд оролцож байсан Ц.Ариунболд гэж түүхийн багш ирснээр багштайгаа археологийн талаар ярилцаж, энэ чиглэлийн сонирхол маань улам гүнзгийрэхэд нөлөөлсөн. Түүнээс хойш элсэлтийн ерөнхий шалгалт өгөх, мэргэжлээрээ элсэх, төгсөөд мэргэжлээрээ ажиллах, ахисан түвшинд суралцах гээд ер нь энэ зорилгынхоо төлөө эргэж буцалтгүй тууштай явж өдийг хүрсэн гэж хэлж болно. Археологи нь маш ховор мэргэжил учраас энэ бүх үе шатыг бас тийм амар хялбар замаар давж туулаагүй.

Тайлбар: Урд улаан үнээт уулын хадны оршуулгын малтлага

-Судлаачид өөрийн төрж, өссөн нутгаар хөндлөн гулд явж, малтлага, судалгаа хийх сонирхолтой, дуртай байдаг болов уу. Танд Өвөрхангай аймгаар малтлага, судалгааны ажилд явах боломж олдож байв уу?

-Би 2008 онд нэгдүгээр курсийн археологийн малтлага судалгааны дадлагаа хийснээс хойших бараг 17 жилийн хугацаанд тасралтгүй малтлага, судалгааны ажилд оролцож байна. Ер нь Монгол Улсын 21 аймаг, 300 орчим сумаар явсан байх. Харин энэ зуурт төрж, өссөн нутагтаа цөөн удаа ажилласан байдаг. Сүүлийн үед нутаг руугаа чиглэсэн судалгааны ажлууд хийхээр төлөвлөгөө боловсруулаад байгаа. Тухайлбал, өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг дахь Наран толгой хэмээх уулнаас арван ширхэг руни бичиг илрүүлж, олсон. Руни бичгийн дурсгал Монгол нутагт түгээмэл байдаг хэдий ч нэг уулнаас ийм олноороо илэрч байсан нь ховор юм билээ.

-Тухайн руни бичгийн дурсгалуудын тухайд аль үед хамаарах, ямар утга бүхий бичээсүүд байв?

-Бид руни бичгийн мэргэшсэн судлаачид биш. Тийм учраас МУИС-ийн багш Ц.Баттулгаар эдгээр бичээсний утгыг уншуулж МУИС-ийн Эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлээд байна. Хамгийн чухал нь түүхэн сурвалжийн мэдээг нөхөх ач холбогдолтой бичиг тэндээс олдсон юм. Тодруулбал, Уйгурын хаант улсын үед “тугч ард иргэд” гэсэн тусгай албатууд байсан тухай Наран толгойн дурсгалд бичиж үлдээсэн байж таарсан. Мөн тухайн Наран хайрханг Уйгурын үед шүтдэг байсны илрэл болох “Ариун газар ус” хэмээн бичсэн баримт, мөн нас барсан эгчдээ гашуудсан зэрэг утга агуулгатай бичгүүд байсан. Наран толгойн руни бичгийн дурсгалууд нь хэдийгээр Уйгурын үед холбогдох боловч бүгд нэг дор бичигдсэн бус, өөр өөр жил, сар, өдөр болсон үйл явдлыг тэмдэглэсний зэрэгцээ ялангуяа бичээс бүрийн агуулга давтагдаагүйгээрээ онцлогтой юм.

Тайлбар: Хүннүгийн үеийн гал гаргах хэрэгсэл

-Таны оролцсон малтлагаар илэрч байсан сонирхолтой олдвор юу байдаг вэ?

-Хариулт нь тухайн судлаачийн сонирхон судалдаг сэдвээс хамаарна. Хэрвээ би адууны яс сонирхон судалж байгаад хамгийн эртний адууны ясыг малтаж олбол судалгааны ажилд маань чухал баримт болно. Олдворын хэмжээнд яривал Увс аймгийн Зүүнхангай сумын нутагт 1000 ширхэг сувс буюу зүүлт бүхий Хүннү булш малтсан. Тэндээс бид хаш эдлэл, алтан ээмэг тэргүүтэй асар баялаг булш олсон юм. Түүнийг яг өөрийн гараар малтаж байхад хаш эдлэл, бүсний чимэглэл, зүүлт хэлхээтэйгээ гарч ирсэн нь сонирхолтой мөч байсан. Үүн дээр Урд улаан үнээт уулын хадны оршуулгын олдворууд зүй ёсоор багтана. Ер нь хэдэн зуу, мянган жилийн тэртээх олдворыг малтаад ил гаргах мөч бүр хүлээлтийн байдалтай сэтгэл догдлуулж байдаг.

Түүнчлэн би гал гаргах хэрэгслийн талаар сонирхон судалдаг. Хүрэл зэвсгийн үе болон Хүннүгийн үед нүүдэлчид модон өрмийн аргаар гал асаадаг байсан. 

Бид 2022 онд Ховд аймгийн Манхан сумын нутаг Хойд Цэнхэрийн агуйд анхлан малтлага хийгээд галын ором илрүүлсэн. Тэрхүү галын ормын хажуугаас өрөмний түлэгдэж харласан дугуй нүхнүүд бүхий гал асаадаг мод олдсон юм. Тэр бол судалгааны ажилд маань их чухал, ховор олдвор байсан. Он цагийг нь тодруулахад одоогоос 3300 жилийн өмнөх үе буюу буган хөшөө, хиригсүүрийн үед холбогдох нь тогтоогдсон. Энэ нь Монгол нутгаас олдоод буй хамгийн эртний гал гаргах хэрэгсэл юм. Харин хэт цахиурыг эртний Түрэгийн үе буюу НТ V-VI зууны үеэс хэрэглэж эхэлсэн судалгааны баримт илэрч олдоод байна. Тухайн гал гаргах хэрэгслийн хажуугаас бид оосортой хонины шагай, бургас модоор хийж, хонины ноосоор томж, сагалдаргыг нь хялгасаар хийсэн хүүхдийн тоглоомон ташуур зэргийг олж байсан.

Тайлбар: Монгол нутгаас илэрсэн хамгийн эртний гал асаагуурын мод

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.142.115.58
Хүн төрөлхтөний түүхийг -Ясан зэвсэгийн үе - Чулуун зэвсгийн.. - Хүрэл зэвсгийн... -Төмөр зэвсгийн... - нийлэг зэвсгийн ...гэж ангилаж болно.
Poetry Night | Зохиолч Б.Батрэгзэдмаагийн найрагт сэтгэл дулаацсан “Зөвхөн хайр”-ын үдэш 

Poetry Night | Зохиолч Б.Батрэгзэдмаагийн найрагт сэтгэл дулаацсан “Зөвхөн хайр”-ын үдэш 

“Зөвхөн хайр” яруу найргийн эвентэд зохиолч Б.Батрэгзэдмаагийн охин Б.Анар, “Болор цом”-ын эзэн яруу найрагч С.Начин, зохиолч Б.Сарантуяа нар зочноор хүрэлцэн ирж, Б.Батрэгзэдмаа найрагчийн бүтээлүүдээс уншсан юм.