Хоёрдугаар сарын 14-16-ны өдрүүдэд явагдаж буй Бакугийн Их дуулга тэмцээнд 36 улсын 258 жүдоч зодоглолоо.
Энэхүү тэмцээний эхний өдөр Монголын таван бөх хүч сорьсон юм.
Эрэгтэйчүүдийн:
60 кг-ын жинд зодоглосон залуучуудын Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Н.Мэндсайхан (21 настай) эхний тойрогтоо гоц мөргөж, Их дуулга ангиллын гурван түрүү, мөн гурван хүрэлтэй эзэн орны бөх Агаев Балабайд уналаа.
Агаев эл тэмцээнд 2022 онд түрүүлсэн төдийгүй харин өнгөрсөн онд хүрэл медаль атгасан билээ.

М.Тэргэлсарын тухайд, эзэн орны 20 настай Мурадли Мурадтай барилдаад ялагдав.
Энэ жинд Японы бөхчүүд финалдаж, олимп, ДАШТ-ий хүрэл медальтай Рюжу Нагаяма түрүүлсэн бол ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга Тайки Накамура үзүүрлэлээ.
Нагаяма Их дуулга ангиллын тэмцээнээс 12 дахь алтан медалиа зүүсэн нь энэ.
66 кг-д барилдсан залуучуудын Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальт Б.Нямрэнчин (21 настай), Германы бөх, Их дуулга ангиллын тэмцээнд 17 дахиа зодоглож буй хашир туршлагатай Сетц Мартинд унаснаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Харин А.Азбаатар (20 настай), Монтенегрогийн хашир бөх, 14 дэх Их дуулгадаа хүч сорьсон Жусуф Нурковичтой барилдаад ялагдлаа.
Энэ жинд Японы бөхчүүд финалдаж, ДАШТ-ий үзүүр бөх, Их дуулга ангиллын хошой алт, нэг мөнгөтэй Такеши Такеока түрүүлсэн бол өнгөрсөн оны дэлхийн аварга Рёома Танака үзүүрлэв.
Эмэгтэйчүүдийн:
52 кг-д хүч сорьсон залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Уранзаяа (20 настай) эхний тойрогтоо гоц мөргөж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Испанийн 22 настай Лейва Санчезтай зодоглож, нэмэлт цагт ялагдсан.
Тэрбээр дагах барилдаанд Өмнөд Солонгосын залуу бөх Хван Суреонтой оноолт таарсан ч эмчийн магадлагаагаар татамид гараагүй.
Лейва Санчез, Хван Суреон нар эл тэмцээнээс хүрэл медаль зүүлээ.
Харин алтан медалийг олимпын аварга, ДАШТ-ий дөрвөн түрүүтэй Абе Ута атгасан бол Германы бөх, өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэл медальтай Маша Баллхаус үзүүрлэлээ. Абе Ута Их дуулга ангилалд 10 дахиа түрүүлсэн нь энэ.
