UBLife Logo
Дэлхий

АНУ, Европын “хайр” дууссаныг батлах Мюнхений бага хурал

АНУ, Европын “хайр” дууссаныг батлах Мюнхений бага хурал

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Германы Мюнхенд Европын аюулгүй байдлын бага хурал болж өнгөрлөө. Энэхүү хурлыг дэлхийн хэвлэл мэдээлэл, шинжээчид “түүхэн хурал” гэж онцлон тэмдэглэсэн нь учиртай. Яагаад гэвэл өнөөдрөөс эхлээд дэлхийн олон улсын байдал, харилцаа шинэ журмаар явж эхлэх болно. Энэ журмыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тогтоож байгаа юм.

Хуучин хүйтэн дайнаас эхтэй АНУ болон Европын улсуудын бат бэх “хайр” түүх болон улиран оджээ. ОХУ-ын эсрэг сөрөн зогсож байгаа Европын улсуудын аюулгүй байдлыг хангахад АНУ маш их хөрөнгө зарж байснаа зогсоох нь тодорхой болсон. Дональд Трамп Ерөнхийлөгч болсноосоо хойш Европын улсуудад энэ талаар анхааруулсан. Тэр нь Европын зарим орны төрийн тэргүүдэд сүрдүүлэг болон хүрч байлаа. Трампын өгүүлж байгаа гол санаа нь “Олон жил та нар АНУ-ыг “мөлжиж” амьдарлаа. Одоо бидэнтэй харьцахын тулд төлбөрөө төл”. Гадаад худалдаанд ч тэр, Украинд үзүүлж байгаа тусламжид ч тэр Америк л хамгийн их хөрөнгө гаргаж, хохирол хүлээж байна гэсэн үг.

Украины дайныг зогсоох гэрээ хэлэлцээрийн ширээний ард та нарт суудал байхгүй шүү гэдгээ Трамп мэдэгдсэн. Энэ долоо хоногт эхлэх гэж байгаа АНУ, ОХУ-ын гал зогсоох хэлэлцээрт Украин улсыг ч уриагүй.

Өнөөдөр Францын нийслэлд Европын хэд хэдэн улсын тэргүүд цугларч, Трампын бодлогын эсрэг авах хариу арга хэмжээгээ хэлэлцэнэ. Европын улсууд Трампын ээлж дараалан гаргаж байгаа тушаал, зарлиг, арга хэмжээнд хэрхэн нийцэх, эсвэл яаж сөргөлдөхөө ч мэдэхээ болиод байгаа юм. Европын хувьд АНУ-аас салбал тун хохиролтой тул шинэ харилцаагаа хурдан шуурхай ойлгомжтой, тогтвортой болгох зорилготой байна. АНУ НАТО-гийн гишүүн хэвээр байгаа ч Европт дайн дэгдлээ гэхэд АНУ цэргийн тусламж үзүүлнэ гэж найдах аргагүй болсон. Украины асуудлыг АНУ Европтой хамаагүй, өөрөө бие даан шийдэхээр ажиллаж байгаа. Энэ мэтчлэн өөрийгөө хамгаалах гэвэл Европын орнууд өөрсдөө л хөрөнгө, мөнгө гаргах шаардлагатай болж байгаа юм.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнсийн Мюнхенд хэлсэн үгийг Европын улс төрчид доромжлол хэмээн хүлээн авсан. Вэнс “Европ тивд учирч байгаа аюулын талаар миний санааг хамгийн их зовоож байгаа нь Орос биш, Хятад биш, ямар нэг гадаадын хүчин зүйл биш. Европын улсууд АНУ-тай нэгтгэж байсан үнэт зүйлсээсээ холдож байгаа дотоодын аюул нь намайг зовоож байна. Дүрвэгсэд, цагаачийн асуудал хурцадмал байна. Хэрэв та нар өөрийн ард түмнээсээ айгаад байвал АНУ та нарын төлөө юу ч хийж чадахгүй. Та нар сөрөг хүчнээ хяхан шахаж, шоронд суулгаад байвал ардчилсан улс биш” гэж дайрч довтолсон юм.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.