Та бүхэндээ шинэхэн “Алисагийн тэмдэглэл“-ээ хүргэж байна. Илүү ихийг бодож, өөрчилж, дахин эхлүүлэх боломжтой цаг үед амьдарч байгаадаа үргэлж талархмаар. Бидэнд юуг ч дахин эхлүүлэх хүч чадал бий шүү гэх үгээр энэхүү бичвэрээ эхлүүлж байна. Хүлээн авна уу.

Яагаад намайг хайрладаг хүмүүсийг би хайрладаггүй, харин миний хайрладаг хүмүүс намайг хайрладаггүйг би ойлгодоггүй. Ганц л удаа, ямар ч хамааралгүй мөчид зурвасхийгээд өнгөрсөн энэ бодол нэг мэдэхэд тархины гүнд үүрээ засаад, улам бүр томорсоор байгаагаа харуулах гэсэн мэт заримдаа тэсэхийн аргагүй зовоохыг яана. Үргэлж илүү хайрладаг, сэтгэлээ илүү зориулдаг хүн нь байх ядармаар. “Тэгээд больчхооч дээ” гэж өөртөө мянга хэллээ ч, нэг мэдэхэд өнөөх л хүмүүст ая тал засчихсан сууна. Тэр хүн жаргалтай бол би жаргалтай, тэр шаналбал хамтдаа зовохыг хүснэ. Харин би шаналах үедээ ганцаараа л байна. Сэтгэлд минь амар амгалан хоног нэг ч байхгүй юм шиг хэрнээ, тэр хүмүүсийн секунд хүрэхгүй инээмсэглэлд хэдэн долоо хоногийн өвдөлт арчигдан арилна. Бид үнэхээр өөрсдөдөө ийм л хайргүй хүмүүс юм байх даа?
Сүүлийн үед нэг л бодол толгойноос гарахаа больсон нь, өөрийгөө хайрлах тухай. Энэ тухай өмнө нь өчнөөн бичиж байсан хэрнээ л өнгөн дээрээ би өөрийгөө хайрладаггүй хүн бололтой. “Өөрийгөө хайрла” гэдэг үг миний хувьд улиг болж, дөжирсөн нь бүр ч харамсмаар. Гэхдээ яг юу хийхийг өөрийгөө хайрлах гээд байна вэ? Өөрийгөө амар амгалан байлгах бүхнийг хийх нь өөрийгөө хайрлахын нэг хэлбэр мөн үү?

Энэ тухай би хүмүүстэй ярилцмаар байдаг ч яг хэнтэй ярихаа мэддэггүй учир ямар ч хариултгүй болж орхисон. Би даарахдаа бээлийгээ өмсөх нь өөрийгөө хайрлаж буй хэлбэр мөн үү? Гэтэл би одоо хүртэл нэг гартаа бээлий өмсөлгүй алхдаг хэвээр. Яг үүн шиг, тойроод, өөрийгөө хамгаалаад өнгөрч болох байсан газруудад зовлон руугаа өөрөө л гүйгээд орчихдог хэвээр. Бусдын зовлонг өөртөө нааж, асуудлыг нь өөрийнх мэт хүлээж авах нь миний зүрхэнд өдөр бүр хүнд ачаа болдог.
Сүүлдээ би тэр хүмүүсийн өмнөөс уйлдаг боллоо. Бас өөрөө юу ч үгүй хоосорч байгаагаа мэдэрч эхэллээ. Эцэст нь холын хол руу зугтмаар санагдана. Гэсэн ч хэн ч намайг санахгүй байх вий гэж айна.

Ээж минь яг л ийм хүн. Тэр хамаатан садан, ах дүүстээ дэндүү их анхаарал тавьж, байнга л залгаж, эргэж тойрч, хоол цайгаар дайлж, урьж угтан авна. Гэвч ээжид минь ирэх хүндлэл хэзээд дутуу. Яг үүн шиг, миний өгч байгаа хайрыг хүмүүс бас л албатай мэт хардаг болчихсон юм болов уу? Байнга өгсөөр байгаад би тэр хүмүүсийг залхаадаг юм болов уу?
Магадгүй бүх учир үүнд л байгаа байх. Бид яаж хайрлахыг бүрэн сураагүй бололтой. Бүх зүйлээ зориулж, дэмжиж, хамт байх нь хайр гэж би боддог ч тэр хүний хувьд хайр гэх зүйл арай өөр утгатай байж болох шүү дээ.
Саяхан даа, би “Яг ингээд л больё” гэж бодсон юм. Тэр хүмүүс яасан ч хамаагүй мэт байя гэж шийдсэн. Гэтэл би ууртай, хүйтэн төрхийнхөө цаанаас, нүднийхээ булангаар тэднийг ажигласан хэвээр л байв. Үүн шиг хэн нэгэн нь намайг анзаарч байгаасай гэж хүссэн ч тэгсэнгүй. Зарим өдөр цэх алхахад ч бэрх байгааг, бүр амьсгалахад хүртэл тээртэй байгааг тэд анзаараасай гэж горьдсон өдөр хоногууд үргэлжилсээр, яваандаа би хэнд ч ярьж, хэлж чадахгүй байгаа бүхий л асуудлаа хундага дарсаар ууршуулж байя гэж шийдэв. Гэтэл бас л болсонгүй. Асуудал биш, би л ууршсаар, улам ядарч, доройтсоор байгаагаа анзаарсан. Эцэстээ бүр, нэгэн цагт хайр байсан тэр мэдрэмжүүд уур хилэн болж хувирав. Ингэсээр үзэн ядалт болох вий гэж айсан.
Хэн нэгнийг хайрлах гэснийхээ төлөө өөрөө шаналсаар, эцэст нь тэр хүнээ үзэн ядаад дуусна гэдэг аймшигтай хэрэг биш гэж үү? Үүнийг ойлгосныхоо дараа л байгаагаар нь үлдээх ёстой юм байна гэдгийг ухаарсан. Чи тэр хүний төлөө чадлаараа хичээсэн бол, боломжоороо хайрласан бол одоо харамсах зүйлгүй. Хэн ч анзаараагүй байлаа ч чи хичээснээ өөрөө мэднэ. Тиймээс одоо зүгээр л амар. Өөрийгөө хайрлах гэж ч яарах хэрэггүй. Зүгээр л амар.
Араатан шархаа долоож хэвтдэг шиг, өөртөө эдгэх хугацааг олго. Бүх зүйл бусдын төлөө байсан бол одоо өөрийнхөө төлөө байг. Мөнгөө, эрч хүчээ, цаг заваа өөртөө зориул. Үзэхийг хүссэн ч амжихгүй явсан киногоо үзэхээс эхэл. Чамайг жинхэнээсээ хайрладаг хүмүүс байж л байгаа. Тэднийгээ ол, эсвэл үл тоож байсан бол, цаг заваа бага зориулж байсан бол илүү олон уулзахаас, илүү ойртохоос эхэл.

Бид яагаад бидэнд хайргүй хүмүүсийг хайрладаг вэ?
Бид өөрсдөө хайрлуулдаггүй болохоор, хэн нэгнийг хайрлуулж үзээсэй гэж хүсдэг байх. Бид мэдрэхийг хүссэн зүйлээ бусдад мэдрүүлэхийг хичээдэг бололтой. Гэхдээ өөрийгөө хэтэрхий зориулсаар, өгсөөр, хоосорч үлдэж болохгүй. Заримдаа бас бид авах ёстой гэдгээ санах хэрэгтэй.
Харин үүнийг уншиж байгаа та авсаар байгаа ч өгч чадахгүй байгаа хүмүүсийн нэг бол, тэр хүн таныг хайрласныхаа төлөө танд юуг ч тулган шаардаагүй гэдгийг ойлгоорой. Та хэн нэгэнд өртэй биш, буруутан ч биш. Амьдрал хааяа зүгээр л ийм байдаг. Та үнэхээр хайраа өгмөөр байгаа хүнтэйгээ учраагүй байж мэднэ. Танд хайр, сэтгэл, бүх зүйлээ зориулж байгаа тэр хүн таны үнэхээр хамт баймаар байгаа хүн биш ч байж болно. Хайр арай өөр ойлголт байж болно. Тийм бол танаас гуйх нэг л зүйл байна. Тэр хүнд юу бодож байгаагаа хэлж, сэтгэлийг нь тайтгаруулаарай. Өөрийгөө хангалттай биш байна гэж бодож, өгөх юмгүй болтлоо шатаж, хоосорч сууж байж мэднэ. Таны хийж чадах хамгийн сайн, бас чухал зүйл нь ердөө л өөрийгөө ойлгуулах. Тэр хүнийг өвтгөнө гэж айж суухдаа та өдөр бүр улам өвтгөж байж мэднэ.
Хүмүүсийн хамгийн том тансаглал бол—ойлголцох чадвар.
Бид юу ч ярилцахгүй байгаагаас болоод хэчнээн зүйлийг алдаж байгааг хэлж мэдэх аргагүй. Тиймээс өвдөлт, гомдлоор эхэлсэн энэ бичвэрийг ойлгох сэтгэлээр дуусгаж байна.
Ярилц. Мэдэр. Харилц. Энэ л бүх асуултын хариу юм.
