UBLife Logo
#WomenWhoDare | Б.Дуламхорлоо: Бие биедээ, тогтолцоондоо итгэлгүй болсон нийгэмд хүн араатан мэт болдог
#WomenWhoDare

#WomenWhoDare | Б.Дуламхорлоо: Бие биедээ, тогтолцоондоо итгэлгүй болсон нийгэмд хүн араатан мэт болдог

Нобелийн Энх тайвны шагналт сэтгүүлч Мариа Рессагийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ” ном монгол хэлээр гараад удаагүй байна. Уг бүтээлийг сэтгүүл зүйн инновац, хөгжлийн “Үүр” төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо орчуулсан юм. Багаасаа бурууг дуугүй өнгөрүүлэх дургүй, эрсдэлээс эмээдэггүй хүүхэд байсан тэрбээр сэтгүүлч мэргэжлийг дурлан эзэмшсэнээр “Үүр” төв нь өдгөө нийтийн эрх ашгийн төлөөх сэтгүүл зүйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, дэргэдээ Монголын баримт шалгах төвийг ажиллуулах зэргээр өргөжөөд байна.

Сэтгүүл зүйн салбарын хөгжлийн төлөө чин сэтгэлээсээ ажиллаж буй Б.Дуламхорлоог бид Women Who Dare буландаа онцолж байна.


-Нобелийн шагналт сэтгүүлч Мариа Рессагийн ‘’Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ?” номыг орчуулах эрхийг авч байсан үеийнхээ сэтгэгдлийг хуваалцаач. 

-Нобелийн шагналтай хүний ном их үнэтэй юм аа л гэж бодсон /инээв/. Мэдээж бидэнд номыг нь орчуулах эрхийг өгсөнд маш их баярласан. Өмнө нь зохиогчтой биечлэн уулзаж байсан тул номын эрхийг эзэмшдэг хүмүүстэй шуудхан холбож өгсөн юм. Аливаа номын эрхийг авахад олон шаардлага тавигддаг, тэр дундаа манай улс жижиг зах зээлтэй тул тийм ч хялбар байдаггүй. Энэ номын хувьд агуулга нь манай нийгэмд маш үнэ цэнтэй гэж үзсэн байх. Түүнчлэн номд гарч буй үйл явдал, агуулга нь Монголд ч түгээмэл ажиглагддаг учир зохимжтой гэж харснаар бидэнд номын эрхийг өгсөн болов уу. 

Миний өмнө нь орчуулсан бүтээл шинжлэх ухааны баримтад суурилсан учир маш тодорхой, тоо баримттай байсан бол “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ” номын хувьд хүний мэдрэмж, зохиогчийн дотор өрнөж буй зүйлсийг өгүүлсэн тул хийсвэрлэл ихтэй ном байсан. Түүнчлэн зохиогч маань их философилог хүн болохоор зүйрлэл ашиглан утга санаагаа буулгадаг. Үүнийг монгол хэлээр оновчтой үг ашиглан буулгана гэдэг орчуулгын хувьд намайг их сорьсон шүү. Нөгөө талаас номыг орчуулах явцад сэтгүүлч хүн олон нийтийг мэдээллээр хангахын тулд ямар саад бэрхшээлүүдийг туулж, ямар хатуу бэрх зүйлсийг давж гардаг вэ гэдгийг хувь хүний амьдралын туршлагатайгаа харьцуулан уншихад өөрийн эрхгүй уйлах үеүд ч олон байсан. Сэтгүүлчийн ажил бол мэдээллийг зүгээр л нэг газраас аваад, багцлаад олонд хүргэж байгаа тухай асуудал биш. Тэр үйл явц дунд мэдээллийг хаалттай байлгахыг хүсэж буй хүмүүстэй хэрхэн тэмцдэг, өөрийн дотоод итгэл үнэмшилдээ үнэнч байхын тулд Мариа Ресса яаж хичээж байгаа нь бүхий л сэтгүүлчдэд тулгардаг бэрхшээл. Харин үүнийг нийгэм, олон нийт ойлгож мэдэрдэггүй. Хүнд ганцхан ширхэг мэдээг хүргэхийн тулд түүний цаана юу болдог вэ гэдгийг үл ойшоож, талархаж мэдэхгүй байх нь элбэг. Хэдий тийм ч өөрийн итгэл үнэмшлээ алдалгүй, түүнийгээ дагаж ажиллаж байгаа сэтгүүлчид маш олон байдаг гэдгийг нэг хүний түүхээс үндэслээд харахад сэтгэл хөдөлгөм мөчүүд олон тохиолдсон. 

-Номд гарсан “Мангастай тэмцэхийн тулд мангас болох хэрэггүй” гэх эшлэл миний санаанд тод үлдсэн. Нийгмийг хуурамч мэдээллээр “хордуулж”, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийг дарамталж, дайрч буйн эсрэг чухам хэрхэн тэмцэх вэ гэдгийг энд өгүүлсэн байдаг. Үүнтэй адил Монголд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн юуг анхаарах хэрэгтэй вэ? 

-Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалъя гэвэл сэтгүүлчид ажилдаа ёс зүйн хэмжээний хүрээнд хандах, олон нийтийн мэдэх эрхийн төлөө ажиллах үнэт зүйл, эрхэм зорилгоо олон нийтэд илүү таниулах хэрэгтэй гэж бодож байна. Мөн олон нийтийн чанартай мэдээллийг таньж мэдэх, ашиглах ур чадварыг нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллах шаардлагатай. Дээр дурдсан эшлэлийн хувьд бидний хэлдэгчлэн “Зорилго нь аргаа зөвтгөхгүй” гэдэгтэй агаар нэг мэт. Нэг ёсондоо сайн сайхан үр дүнд хүрэх нэрийдлээр бохир аргыг сонгож, тэмцэж болохгүй гэсэн санааг зохиогч илэрхийлэхийг зорьсон болов уу. 

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх талаар энэ номд дэлгэрэнгүй гардаг. Хуурамч мэдээлэл үнэн бодитой мэдээлэлтэй харьцуулахад зургаа дахин хурдан тархдаг гэх MIT-ийн 2021 оны судалгаа ч бий. Технологи хөгжихийн хэрээр энэ тоо одоо улам нэмэгдсэн байх. Манай Монголын баримт шалгах төвийн хувьд хуурамч мэдээллийг ямар зохион байгуулалттайгаар, ямар шинж чанараар дамжуулан түгээснээр хүмүүсийг татаад байна вэ гэдгийг тодорхой мэддэг болсон. Тэгвэл үүндээ тулгуурлаад бид үнэн, бодит мэдээллээ яг л тэр аргаар, тэр хэв маягаар нь түгээвэл болчих юм биш үү гэх зөрчилтэй бодол орж ирэх нь ч бий. Гэвч хувь хүний мэдээллийн боловсролд үл итгэсэн байдлаар буюу мэдээллийг үнэн ч бай, тэгж зохион байгуулалттайгаар өгөх нь бас л бохир арга шүү дээ. Тиймээс мангастай тэмцэхийн тулд бид мангас болж мөн чанараа алдаж болохгүй. 

-Орчуулгын явцад таныг хамгийн их цочирдуулсан эсвэл гайхшируулсан хэсэг юу байсан бэ? 

-Objectivity буюу тэнцвэртэй байх гэх ойлголт хоцрогдсон гэдгийг тод анзаарсан. Цаг үе, цахим орчин дахь мэдээллийн хэт урсгал, зохион байгуулалттай тархи угаах кампанит ажлууд болон манипуляцийн техник зэрэг бий болсноор тэр их мэдээллийн цаад талд ямар үнэн байгаа вэ гэдгийг харахад бэрх болж байна. Ингэснээр бидний мэдэх сэтгүүл зүй ч өөрчлөгдөж байна. Хэдийгээр аль аль талын байр суурийг тэнцүү тусгах ёстой гэсэн зарчим байдаг ч, бид илт үнэнийг тэнцвэртэй нэрээр бүдгэрүүлж болохгүй. Жишээлбэл, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгааг олон баримтаар нэгэнт нотолсон байхад зөрчигдөхгүй байгаа гэсэн байр суурьтай хүний яриаг яг адил таван минутаар оруулах хэрэгтэй юу. Энэ утгаараа бидний дассан сэтгүүл зүйн хэм хэмжээ өөрчлөгдөх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч, авах гээхийн ухаанаар хандах нь зүйтэй.  

Харин хамгийн их гайхшируулсан зүйл нь хүний мэдээлэлтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгцээ нь А.Маслоугийн онолын дагуу хүний нэлээн дээд эрэмбийн хэрэгцээ гэж боддог байлаа. Гэвч өнөөдөр хүн алхам тутамдаа мэдээлэлтэй харилцаж, шийдвэр гаргаж байгааг харвал энэ хэрэгцээ хүний бүр анхан шатны, суурь хэрэгцээ буюу аюулгүй байхтай холбоотой юм байна гэж бодол маань өөрчлөгдсөн. Хүн хэрэв мэдээллээс холдох юм зэрлэг араатантай адил сүргийн сэтгэлгээтэй болж, бие биеэ ямар ч ухамсаргүйгээр даган дуурайж, зэрлэг балмад авир гаргаж буй жишээнүүд номд маш олон дурдагддаг. 

Хүний хамгийн энгийн суурь хэрэгцээ буюу өөрийгөө хамгаалах, аюулгүй байх хэрэгцээ бол мэдээлэлтэй байх хэрэгцээтэй агаар нэг. Хуурамч мэдээгээр байнга хүний тархийг угаана гэдэг хүмүүсийг бие биедээ, юунд ч итгэхээ болиход хүргэнэ. Үүний илрэл нь номд гарсанчлан хүүхдүүд хүний толгойгоор хөл бөмбөг тоглохдоо тулж, 21-р зуунд шалтгаангүйгээр хүмүүсийг хоморголон хөнөөж нүхэнд булж буй, байгалийн гамшиг болоход зөвхөн өөрөө амь гарахын тулд бусдыг зольж буй зэрэг санаанд багтамгүй үйл явдлууд дурдагдсан байдаг. Энэ бол хүмүүс дунд, нийгэмд ямар ч итгэлцэл үгүй болоход хүн хэрхэн нийгмийн амьтан биш араатан болж буйн тод жишээ. Бие биедээ итгэх итгэл гэдэг нийгэм, ард түмнийг нэгтгэдэг тулгуур бөгөөд энэ итгэл үнэмшил уг номоос миний хувьд онцгой үлдсэн. 

-Хуурамч мэдээлэл гэхээр дандаа өндөр зохион байгуулалттай, хар бараан хүчтэй нөлөөлөлтэй байдаггүй. Заримдаа гэм хоргүй мэт хөнгөн харагдах мэдээлэл явж байх нь ч бий. Үүнийг хүмүүс тэр бүр анзаардаггүй юм шиг санагддаг. 

-Тийм ээ. Монголын баримт шалгах төв үйл ажиллагаа явуулж эхэлсэн эхний хоёр жилдээ хүмүүст онцгой хор, хөнөөлтэй хуурамч мэдээллүүдийг нягталж өгөх, түүнийг залруулах нь л эцсийн зорилго мэт явцуу хүрээнд ажиллаж байж. Хуурамч мэдээлэл түгээж буй сувгуудыг ил гаргах, үүнд битгий итгээрэй гэж үл итгэлийг л сурталчилж байснаас биш бодитой, үнэн мэдээллийг эндээс аваарай, энэ хүмүүс мэргэжлийн ажиллаж байна шүү гэдгийг тайлбарлан таниулах ажил тэр бүр байгаагүй. 

Хүмүүсийг юунд ч итгэхгүй болох нь зохион байгуулалттайгаар хуурамч мэдээлэл тарааж хүмүүсийн эцсийн зорилго нь байдаг. Тэд том, жижиг нь хамаагүй нийгмийг байнгын худал мэдээллээр “шүршсэнээр” үл итгэлцэл бий болдог. Ер нь хуурамч мэдээлэл түгээдэг олон зорилго байна л даа. Хүмүүсийг хуурч, сэтгэл зүйг нь тогтворгүй байдалд оруулах, эсвэл илүү ач холбогдолтой үйл явдал, мэдээллээс олон нийтийн анхаарлыг холдуулах, гэмт хэргийн хэтэрхий ил тод, дэлгэрэнгүй дүрслэлтэй мэдээгээр нийтийг айдаст автуулах гэх мэт олон зорилгоор худал мэдээлэл түгээдэг. Яг адилхан мэдээллийг арван өөр янзаар тараахад л хүмүүс юунд итгэхээ ч мэдэхээ байдаг. 

Түүнчлэн үл итгэлцэл нь хүмүүсийн өөр хооронд төдийгүй засаглалд, тогтолцоонд үл итгэх нөхцөлд хүргэдэг. Жишээ нь, 18 настай байхдаа хүчирхийлэлд өртсөн нэгэн охины кейсийг харж байхад цагдаад хандаад асуудал шийдэгддэггүй гэх итгэл үнэмшил багаас нь суучихсан буюу тогтолцоонд итгээгүй учраас цагдаагийн байгууллагад мэдээлээгүй байсан. Нөгөөтээгүүр олон нийтийн зүгээс ч хүчирхийлэлд өртсөн хүмүүс түүнийгээ ил болгоход нийгмээс “Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ” гэсэн хохирогчийг буруутгах хэвшмэл хандлагаар харж буй мэдээллүүд ч нөлөөлсөн. Мөн Жендэрийн үндэсний хорооноос гаргасан судалгаагаар насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэх статистик бий. Гэтэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй тоон мэдээлэл энэ тоонд хүрэхгүй байгаа. Энэ бол бид тогтолцоондоо итгэхгүй байгаагийн илрэл бөгөөд итгэлцэл байхгүй болно гэдэг ардчилсан улсад учирч болох хамгийн том аюулуудын нэг. Жил ирэх тусам сонгуулийн ирц багасаж байгаа нь ч үүнтэй холбоотой. Энэ тогтолцоонд би идэвхтэй эд, эс болж оролцлоо ч, миний шийдвэр нөлөө үзүүлж чадах уу гэдэгтээ эргэлзэж, итгэл нь буурч байна гэсэн үг.

Хүнийг эд эрхтэн, араг яс нь нийлж бүтээдэг бол нийгмийг хүмүүс хоорондын итгэлцэл л бүтээдэг. Аажмаар, бага багаар мянган зүсэлтээр хүнийг хөнөөж болдогчлон аюул багатай мэт хуурамч мэдээлэл бага багаар явсаар нэг л мэдэхэд мянган зүсэлтээр ардчиллыг мөхөөх аюултай. 

-Дижитал эринд сэтгүүл зүйд тулгарч буй томоохон асуудлуудын нэг буюу технологи, сошиал платформуудын талаарх зохиогчийн яриаг бас орхиж болохгүй нь. Филиппинчүүдийн хувьд Facebook хэрэглээ өндөр, мэдээлэл авах гол суваг нь бол манай улсын хувьд ч хүн амын тоотой харьцуулахад хэрэглээ өндөр, мэдээллийн гол эх сурвалж Facebook болоод байна. Ийм нөхцөлд бидний анхаарах ёстой асуудлууд юу вэ?  

-Би саяхан Филиппинд очоод ирсэн. Сэтгүүлчид нь нийгмийн асуудлууддаа шүүмжлэлтэй хандаж, санаа зовниж байгаа ч, ард иргэдийг нь харвал дуулсан, бүжиглэсэн маш аз жаргалтай хүмүүс байсан. Филиппин бол 1970, 1980-аад оны үед Фердинанд Маркос гэх дарангуйлагчийн дэглэмд 10 гаруй жилийг өнгөрүүлж, улс орон нь ажилгүйдэл, ядууралд нэрвэгдэж байсан түүхтэй. Харин өнөөдөр түүний хүү улсынх нь ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Үүнд нөлөөлсөн гол зүйл бол сүүлийн 10 гаруй жил эрчимтэйгээр явуулсан сошиал медиа кампанит ажил гэж үздэг. Сошиал медиа алгоритм бол маш оновчтойгоор, зорилтот улс орны, тодорхой нас бүлгийн хүмүүсийг нарийвчлан тодорхойлж мэдээлэл хүргэх нэг талаар боломжтой, нөгөө талаар “зэвсэг” мэт платформ. Маркос гэж хүний өнгөрсөн түүх, хийсэн үйлдэл ямар байсан гэдгийг дэлхий даяар мэдэж байхад зөвхөн филиппинчүүд л үүнийг мэдэхгүй, мэдүүлэхгүйн тулд ач холбогдолгүй, аар саар мэдээлэл болон хуурамч мэдээллээр сошиалыг дүүргэж байсан байх жишээтэй. Бүр миний амьдралд Филиппин улс шууд хамаарал байхгүй, Фердинанд Маркос гэх хүн санаанд ч буухааргүй, киноноос л харж болох зүйлсийг хийсэн хүн гэдгийг би мэдэж байхад филиппинчүүдэд түүнийг мэдүүлэхгүй байх нь л сошиал медиагийн алгоритмийн “ид шид” болчхоод байгаа юм. 

Тэгвэл бидний хувьд мэдэх, анхаарах ёстой зүйл бол хөрш, зэргэлдээ жижиг орнууддаа мэдээллийн шугамаар нөлөөллөө хэрэгжүүлэхдээ гаргууд гэгддэг БНХАУ, ОХУ гэсэн ердөө хоёр том хөрштэй гэдгээ санаж байх нь чухал. Бусад улс орны нийгэм, олон нийт, шийдвэр гаргалтад нөлөөлөх үйл явцыг гаднын нөлөөт хортой мэдээлэл гэж авч үздэг. Үүнийг ялган таних нь чухал бөгөөд өдөр тутмын асар их үйл явдал, мэдээллийн урсгал дундаас анхаарал хандуулна гэдэг амаргүй. Бид сошиал медиа орчноо харвал өнөө маргаашдаа л мартагдах, онцгой ач холбогдолгүй, үнэн худал нь тодорхойгүй мэдээллийн бөмбөлөг дотор амьдарч байна. Энэ нь гадна, дотнын мэдээллийг харж, эргэцүүлэх боломжид сөргөөр нөлөөлж, ёстой л хөмөрсөн тогоо шиг болгож байгааг бид анзаарах ёстой.


-Номын тухайд нэлээд ярилцлаа. Харин одоо таны сэтгүүл зүйд хөл тавих болсон шалтгааныг сонирхъё. Энэ мэргэжлээс олж авсан хамгийн үнэ цэнтэй туршлага, дурсамж тань юу вэ? 

-Зургаадугаар ангид байхдаа “Би сэтгүүлч болно” гэж бичсэн эсээ маань байдаг юм. Тэгэхээр энэ мэргэжлийг сонгохоо их эрт шийдсэн юм шиг. Тиймээс багаасаа сэтгүүлч болно гэсэн төсөөлөлтэй, юмны учир шалтгааныг ухаж судлаад, далд нууц зүйлсийг илчилнэ гэж боддог, сэтгүүлчийн тухай кино их үздэг байлаа. Мөн сэтгүүлч болоход миний ээж их нөлөөлсөн. Тухайн үед 25-р суваг телевизээр гардаг “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийг үзээд охин маань сэтгүүлч болбол дэлхийгээр аялж, их юм үзэж, харсан хүн болох юм байна гэж бодсон гэдэг. 

Мэргэжлээ сонгож, их сургуульд сурсан дөрвөн жилийнхээ гуравт нь сурахынхаа хажуугаар хэвлэл мэдээллийн байгууллагад ажилласан. Тухайн үед даалгасан ажлыг нь сайн хийхэд л анхаарч, мэдээндээ яваад л их дардан өнгөрсөн. Гэхдээ бас бусдын санаанд ороогүй, өөр сэтгүүлчийн асуугаагүйг асууж, хүмүүсийн мэдмээр байгаа зүйлийг өгөх сөн гэж л хичээж ажилласан. 

Харин сэтгүүлчээр ажиллаж байхад хамгийн гоё санагддаг байсан зүйл нь мэдээний шууд эфир. Өөрийнхөө хэмжээнд хамгийн дээд зэргээр бэлдээд ордог ч, шууд дамжуулалтын үеэр шуурхай мэдээ гарвал түүнийг гурван минутын дотор эфирт нэвтрүүлэх ёстой байдаг гэхчлэн олон сонирхолтой зүйлс байдаг байсан. Сүсэг бишрэлтэй хүмүүсийн хувьд сүм хийд гэдэг хамгийн ариун дагшин газар байдаг бол бидэнд шууд эфир гэдэг түүнтэй яг адил. Яагаад гэвэл шууд эфирийн үеэр амнаас гарсан үг бүр маань засагдаж, өөрчлөгдөх боломжгүй учраас маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй байдаг. Энд нэг дурсамжаа хуваалцахад, нэг удаа шууд эфирийн үеэр цахилгаан тасраад ямар ч зааварчилгаагүй болж, дэлгэцээр гарах график, текст гэхчлэн бүх зүйл унтарчихсан. Энэ үед үзэгчдэд цахилгаан тасарчихлаа гэж хэлэлгүйгээр, бүх зүйл хэвийн мэтээр мэдээгээ үргэлжлүүлэн хүргэж, ард нь гарч чадаж байсан. Бэлтгэлээ сайтар хангасан байсан тул ярих зүйлтэй, сандралгүйгээр эфирээ дуусгаад “Би чадчихлаа шүү” гэж бодож, өөрийгөө тоож байсан. 

Мөн олон улсын хэвлэлээр Монголын тухай мэдээлэхдээ ихэвчлэн гадаад сэтгүүлчдийн нүдээр, хөгжиж буй, ядуу буурай, тусламж дэмжлэг хэрэгтэй улс гэсэн өнцгөөр гаргадаг байсан. Дүрс бичлэг нь хүртэл онгорхой траншейны нүх, ядруу хувцасласан хүмүүс гэхчлэн өнгөгүй, бараанаар л харуулах аястай. Харин үүнийг өөрчлөх, Монголын тухай монгол хүн өөрөө мэдээлэх, өөрсдийн өнцгөөр үйл явдлаа тайлбарлахын тулд тэдний редакцын бодлого, стандарт нийцэх шаардлагатай тулгардаг байсан. Үүнийг хийж, харуулж чадаж байсандаа баяртай байдаг. 

-Сэтгүүлч мэргэжил таныг ямар хүн болгож төлөвшүүлсэн гэж боддог вэ? Хувь хүний ертөнцийг үзэх үзэл хандлагад тань тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж боддог уу? 

-Би багын л дуугүй байж чаддаггүй, ямар нэг болохгүй, муу зүйлс харчхаад юм хэлэхгүй байвал дотор давчдаад байдаг хүүхэд байсан. Энэ маань сэтгүүлч болоход нөлөөлсөн үү гэхээс сэтгүүлч болоод тийм зан араншинтай болсон биш гэж боддог. Харин сэтгүүлч болсны дараа надад суусан дадал гэвэл ямар ч зүйлийг ярихдаа заавал эх сурвалж, баримт дурдаж ярих гээд байдаг болчихсон. Жинхэнэ мэргэжлийн онцлог гэх юм уу даа. 

-Таны өссөн орчин, бага насны дурсамжууд өнөөдрийн Дуламхорлоод хэрхэн нөлөөлсөн бэ?

-Айлын бага хүүхэд байсан маань миний амьдралд бүх талаар нөлөөлсөн гэж боддог. Би дээрээ олон насны зөрүүтэй хоёр эгч, нэг ахтай учраас эрх, дураараа өссөн. Маш эрэмгий, зоригтой, юмыг ухаж судалдаг сэтгүүлч байхад дураараа, эрсдэл гаргасан ч айдаггүй зан чанар хэрэгтэй юм болов уу. Бага байхад би гүйж байгаад унаад бэртчихвэл ах эгч нар аргадаад босгочихно, намайг хэн ч загнахгүй, ерөөсөө эрхлээд л суучихна. Ер нь нэг ийм л дураараа өссөн нөхөр байлаа шүү дээ. Тэгэхээр юмны цаадхыг сайн тунгаалгүй эрсдэлтэй алхам хийчхээд байдаг ч, тэр маань миний мэргэжилд тодорхой хэмжээгээр зохицдог юм шиг санагддаг. 

Гэхдээ эрсдэлд дуртай, зоригтой зан маань одоо заримдаа сул тал болчих гээд байх болсон. Учир нь, нийгэм өөрчлөгдөж байна. Монгол Улс маань ардчилсан орон хэдий ч хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хувьд “хагас” гэсэн ангилалд багтдаг. Нийгэм, эдийн засаг, улс төр гэх мэт маш олон хүчин зүйлээс болж сэтгүүлчид ажлаа эрх чөлөөтэй хийхэд хүндрэлтэй нөхцөл байдалд миний эрсдэлтэй алхам хийдэг, дураараа зан чанар сул тал болоод байгаа. 

-Та сэтгүүл зүйн инновац, хөгжлийн “Үүр” төвөө байгуулах үед өмнөө тавьж байсан зорилго, бодол санаандаа зураглаж байсан төлөвлөгөөгөө эргээд бодоход ямар санагддаг вэ? Одоо тэр зорилго, зураглал өөрчлөгдсөн үү?

-Төлөвлөсөн хугацаа маань л бага зэрэг хойшилсноос биш төсөөлсөн зураглалынхаа л дагуу явж байна. “Үүр” төвөө байгуулахдаа хүмүүст ер нь хэлээгүй. Би уг нь сэтгүүлчээр ажиллах маш дуртай ч, зөвхөн редакцын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд биш, өөрийнхөө харах өнцгөөр, ярих хүслээрээ ажиллах сонирхолтой. Гэвч сэтгүүлчээр идэвхтэй ажиллах хугацаандаа ингэж чадаагүй. Тухайн үед “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгчээр ажиллах хугацаандаа ээж болохынхоо өмнөхөн томоохон төсөл бичээд, Google компаниас амжилттай санхүүжилтээ татчихсан байсан. Гэвч удалгүй ээж болоод, хүүхдээ асарснаар энэ төслөө өөрөө гардан хэрэгжүүлж чадаагүй. 

Гэхдээ энэ үед сонины эрхлэгч төдийгүй телевизэд ажилласан туршлага дээрээсээ харахад сэтгүүл зүйн салбарын ирээдүйн гол зүйл нь уншигчаас ирэх орлого юм байна гэсэн үнэмшилтэй болсон байсан. Ийм бүтэц бий болчихвол уншигчдаасаа санхүүжилт татаж, сэтгүүлчид ч санаа зовох зүйлгүй ажлаа хийх боломж нөхцөл нь бүрдэж, редакцуудын нийтлэлийн бодлого нь улс төр, бизнесээс хамаарал багатай болох боломжтой гэж үзсэн. Энэ бол сэтгүүлчийн хувьд миний өөртөө хүсдэг нөхцөл. Үүнийгээ ажил хэрэг болгохыг хүссэн тэр үед найз маань ч гадаадаас ирж таарснаар “Үүр” төвийн эхлэл тавигдсан. Бидний эхний бөгөөд эцсийн зорилго бол сэтгүүлчид бүтээлээ нийтэлж, уншигчдаасаа орлого олох боломжтой платформ бүтээх байсан. Энэ ажил маань одоо “Pluma” нэртэйгээр тав дахь жилдээ хөгжүүлэлт нь үргэлжилж байна. 

Энэ платформ нь бидний мэдэх Medium-тэй төстэй боловч блог гэхээсээ илүүтэй сэтгүүл зүйн хэв маягт тулгуурласан. Сэтгүүлчид контент нийтлэх эрх авахаасаа өмнө тодорхой сургалтуудаар мэргэших, мөн контент, бүтээлд нь баримт шалгалт хийгдэх учиртай. Энэ нь бидний Монголын баримт шалгах төвийг нээх шалтгаан болсон юм. Гэхдээ үүнийг хиймэл оюуны тусламжтайгаар хийх бөгөөд бид сүүлд London School Economics-ийн “Journalism A.I” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан хөгжүүлэлтээ эрчимжүүлээд байна. Орлогын загварчлалын хувьд сэтгүүлчид маань оруулсан нийтлэлээрээ цалинжих боломжтой. 

Анх “Үзэг” гэж нэрлэсэн платформын төсөл маань таван жилийн турш Монголд төдийгүй олон улсад олон шалгаруулалт, тэтгэлэг, хөгжүүлэлтэд хамрагдаж өдгөө “Pluma” болсноор энэ жилдээ бид нээх болов уу гэсэн найдлагатай байна. “Pluma” бол нийтлэлийн бодлогыг олон янз болгох, сэтгүүлчдэд уншигч төвтэй сэтгэлгээг бий болгох, Монгол орон даяар байгаа ялгаатай бүлгүүдийн мэдээллийн хэрэгцээг хангах чадах төсөл юм. 

Харин дээр хэлсэнчлэн үүнд шаардлагатай баримт шалгах үйл ажиллагаа нь “Үүр” төвийн нэг хэсэг болж, сэтгүүлчдээ сургах гэсэн зорилго маань өнөөдөр нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих төсөл болох зэргээр өргөжсөөр эртнээс хийе гэж бодож, төлөвлөж ирсэн олон зүйлсээ хийж, нэгдсэн бүтэц болгох гол зангилаа нь “Үүр” төв болсон. 

-Анх тавьж байсан зорилгоо уулын оргил гэж харвал та болон танай байгууллага замынхаа аль хэсэгт явж байгаа гэж бодож байна вэ?

-Яг үнэнийг хэлэхэд уулын оргил бол дуусашгүй юм билээ. Нэг уулыг давахад цаана нь давах өөр уулын орой гарч ирж байгаа юм шиг хийх зүйлс маань нэгнээсээ ургаж, нэмэгдэн гарч ирсээр л байдаг. Жишээ нь, манай байгууллагын анхны зорилгод хууль зүйн зөвлөгөө үзүүлэх, хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг хуульчидтай хамтрах зэрэг багтаагүй байсан. Гэтэл манай хөтөлбөрийн нэг сэтгүүлч ажлаа хийж байх явцдаа дарамт, шахалтад өртөх үед хор хохирлыг нь багасгахын тулд бид юу хийж өгөх хэрэгтэй вэ гэж бодоод байгаа юм. Энэ мэтчилэн нийтийн эрх ашгийн төлөөх сэтгүүл зүйг хөгжүүлэх бидний гол зорилго замдаа тулгарсан саад, бэрхшээлийг давах байдлаар илүү өргөн хүрээг хамрах болдог. 

Ер нь хүний хүсэл мөрөөдөл орой нь харагдахгүй уул учраас анхнаасаа уулын оройг нь харчихвал эхлэхээсээ ч өмнө шантарчхаж магадгүй. Зайлшгүй үр дүн, эцсийн зорилго гэж зүйл хүнд байх нь ойлгомжтой ч, урдаа байгаа жижиг зүйлсийг давж гарч, үүнээсээ сэтгэл ханамж авч байж дараагийн том зүйлээ харах нүд нь нээгддэг гэж боддог. 

-Танд тулгарч байсан саад, бэрхшээл эсрэгээрээ сургамж, хүч болж байсан үе бий юү? Хамгийн их шантарч байсан үедээ өөртөө хэлж байсан, эсвэл хэн нэгнээс сонссон хамгийн үнэ цэнтэй үг юу байв?  

-Би өмнө нь байгууллага удирдаж ажиллаж байсан хүний хувьд цалин тавих өдрийн чухлыг бараг л яс махандаа шингэтэл ойлгосон. Цалин бол зөвхөн мөнгөн солилцооны асуудал биш, үүний ард хүний амьдрал, амьжиргааны баталгаа явж байдаг. Би хоёрдугаар курсийн оюутан байхдаа телевизэд англи хэлээр мэдээ бэлтгэдэг байлаа. Сард 130 мянган төгрөгийн цалинтай. Тэр үед цалин буусан өдөр үеэл дүү нартаа зайрмаг, амттан аваад гэртээ орох үеийн мэдрэмж хамгийн сайхан санагддаг байсан. Цалин, цалинтай байх тийм чухал зүйл учраас бусдын хувьд ч адил гэдгийг ойлгож, мэдэрдэг. 

Харин сонины эрхлэгч байх үед төсөв, санхүүгээ зохицуулж цалингаа тавих үүрэгтэй ч, түүндээ хүрч чадахгүй үе бишгүй байсан. Ийм үед өглөө ажилдаа очих надад хамгийн хэцүү санагддаг байлаа. Тийм учраас одоо бол би цалингаа цагт нь, тэгээд бүр үдээс өмнө гэхэд оруулсан байх ёстой гэдэг зарчимтай ажилладаг. 

Санаанаас гардаггүй, намайг хурцалж байсан үг бол анхны ажлаасаа гарч байхад надад “Чамайг Монголын сэтгүүл зүйн салбарт алхуулахгүй дээ” гэхэд нь “Тэгвэл нисчихье л дээ” гэж өөрийгөө хурцалж байлаа. Сүүлийн үед “Үүр” төвийн маань ажил жигдэрч, баг болж, хамт олны маань гарт ажил нь ороод ирэхээр их сайхан санагддаг болсон. Мөн баг гэдэг зөвхөн олуулаа байхдаа биш хүний олон янз байдал их чухал юм байна гэдгийг анзаарч байгаа. Хүйсийн, насны, сонирхлын хувьд ялгаатай олон хүн үнэт зүйл дээрээ нэгдээд ажиллахад урамтай байдаг. Дашрамд, миний хувьд “Засгийн газрын мэдээ” сонинд байхаас эхлээд өнөөдрийг хүртэл түшиж, тулж хамтран ажиллаж буй Э.Батцэцэг эгч, гурван жилийн өмнө хамтрагч маань төслөө орхиход гэр бүлийн хүн маань хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг сонгоод орж ирсэнд баярладаг:

-Таны карьерынхаа туршид баримталж ирсэн гол зарчим юу вэ? 

-Товчхондоо ямар ч зүйлийг хийхэд би өөрийн үнэн шалтгааныг, итгэл үнэмшлээ тодорхойлохыг чухалчилдаг. Өөрөө итгэдэггүй, үнэмшдэггүй зүйлээ болно, бүтнэ гэж хийж чаддаггүй. 

Байгууллагын хүрээнд бол сэтгүүл зүйн салбарт ажиглагддаг нэг зүйл нь сэтгүүлч амжилттай явах гол хөшүүрэг нь хувийн амьдралаас гарах золиос дээр тогтдог юм шиг санагддаг. Хүүхэд нь өвдсөн ч, ар гэрт нь асуудал, уй гашуу тохиолдсон ч сониныхоо дугаарыг цагт нь буулгах гээд оффис дээрээ уйгагүй мэдээгээ бичээд л сууж л байдаг гэх мэтчилэн. Харин бидний хувьд ажилтан, байгууллага хоёр аль аль талдаа үр ашигтай, “win-win” байх ёстой гэсэн зарчим баримталдаг. Байгууллагын өмнө хүлээсэн үүрэг даалгавраа л сайн хийнэ, гэхдээ түүнээс илүү золиос, хүчийг ажилтнаасаа шаардахгүй. Тийм учраас ажилтнуудыгаа өөрөө сэтгэл ханамжтай хэмжээнд хүртэл л ажлаа сайн хий гэж хэлдэг.

Мөн манай улсад хүний нөөцийн урсгал маш тогтворгүй шүү дээ, тиймээс аль ч харилцаа байнгын биш гэдгийг санаж байх ёстой. Байгууллага, ажилтны хоорондох харилцаа үүрдийн байх ёстой гэсэн хүлээлт тавьж болохгүй. Мэдээж тийм бол сайн хэрэг ч, бараг л үгүй байх магадлал нь их. Гэхдээ манай байгууллагын хувьд миний анхны зорилгод итгээд нэгдсэн, хамтарч ажиллаж байгаа хүмүүс бөгөөд одоо бол бид зорилго, төлөвлөгөөгөө багаараа хамт тодорхойлдог болсон. Миний үүрэг үүнийг дэмжих бөгөөд ажилтнууддаа өсөж, хөгжих боломж олгож хамтын ажиллагааг тогтооно. Түүнээс биш тийм боломжгүй бол ажилтнууд явах нь тэдний сонголт шүү дээ.

Ер нь менежер хүний хувьд тайлан, тооцоо сайн гаргах, компани байсан бол орлого, хувьцаа нэмэгдлээ гэсэн хэмжүүр тавих нь оновчтой гэж бодохгүй байна. Харин хамтран ажиллаж байгаа хүмүүс маань энд байхдаа нэг ч гэсэн хэрэгтэй мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшлийг өөртөө авсан байгаасай гэж хүсдэг.

-Та одоо 20 настай Дуламхорлоотой уулзах завшаан тохиовол юу гэж хэлэх байсан бэ?

-Байгаагаараа л бай гэж хэлэх байх даа. Одоо байгаа би өнгөрсөн хугацаанд алдсан алдаа, түүнээсээ сурсан сургамжууд дээр л тогтож байгаа. Магадгүй тэр үед алдаагүй байсан бол тэр сургамж нь надад ирэхгүй, бүр ч том алдаа хийхийг үгүйсгэхгүй. 

-Таны хувьд ‘’Woman Who Dare’’ гэж ямар эмэгтэйг хэлэх вэ?

-Өөртөө үнэнч, өөртөө сэтгэл ханамжтай байх хэмжээнд зорилгоо тавьж, түүнийхээ төлөө явж чаддаг эмэгтэйг хэлнэ гэж бодож байна. Бидний амьдарч буй ертөнцөд эмэгтэй хүмүүс тодорхой амжилтад хүрч, бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрт оногдсон үүрэг даалгаврыг давуулан биелүүлж байж нийгмийн хүлээлт, шаардлагад нийцэх болдог. Тиймээс бусдын хэт өндөр хүлээлтэд тааруулж өөрийгөө хүчилж, зовоолгүй, өөртөө итгэлтэй, өөрийнхөөрөө байж чадах нь зоримог эмэгтэйн шинж гэж бодож байна. Бидэнд тавиад байгаа хүлээлтийг заавал давж, бусад эмэгтэйчүүдтэйгээ өрсөлдөхийн оронд өөрийнхөө л хүсдэг зүйлээ хийгээд, бусдыг дэмждэг байгаасай. Биднээс их зүйл хүсээд, шаардаад байгаа тэр байдлыг өөрчлөхийн тулд өөрсдийнхөө нөлөөллийн орон зайд бие биедээ эергээр нөлөөлөөсэй гэж хүсэж байна.

Бэлтгэсэн Б.Цагаандалай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Irmuun\13.229.70.152
Wow!