Энэ оны өнгөрсөн хоёрдугаар сард криптовалютын түүхэнд гарч байгаагүй том дээрэм гарсан билээ. Хакерууд Bybit цахим биржид халдан, маш их хэмжээний хохирол учруулсан юм. Тэд хэрэглэгчийнх нь мэдээллийг ашиглан, нэвтрэн орж, 1,4 тэрбум ам.долларын Ethereum криптовалютыг хулгайлан, тараан байршуулсан. Энэ хэргийг БНАСАУ-ын дэглэмд ажилладаг хакерын “Lazarus Group” бүлэглэл үйлдсэнийг тогтоожээ. Гэмт этгээдүүд 1,5 тэрбумаас 300 сая ам.долларыг нь бэлэн мөнгө болгож чадсан байна. “Lazarus Group” бүлэглэл өмнө нь банк дээрэмддэг байсан бол одоо цахим бирж, валют дээр ажилладаг болсон.

ByBit-ийн шинжээчид болон цахим валютын гэмт хэргийг мөрддөг хэд хэдэн компаниас тэдэнд цахим валютыг бэлэн мөнгө болгоход нь саад болохоор ажилласаар байгаа ч үр дүнд хүрсэнгүй. Elliptic компанийн эрдэмтэн судлаач Том Робинсон “Lazarus Group бүлэглэл өдөрт 24 цаг ажиллаж байна. Сольж чадсан бэлэн мөнгөө тэд Хойд Солонгосын цэргийн хэрэгцээнд нийлүүлж байна. Хакеруудад минут бүр үнэ цэнтэй. Дэлхийд болдог цахим халдлагуудаас Хойд Солонгос цахим мөнгийг бэлэн мөнгө болгохдоо хамгийн гаргуун нь” гэж ярьж байна.

Үнэхээр нийт хулгайлагдсан валютын 20 хувь нь эргэж ирэхгүй болсон нь баталгаатай боллоо. ByBit бирж Хойд Солонгос хакеруудад дайн зарлаж байгаагаа мэдэгдсэн. Тус компаниас Lazarus Bounty хөтөлбөр хэрэгжүүлж, найдвартай мэдээлэлд мөнгөн шагнал олгож эхэлсэн. Одоогийн байдлаар 40 сая ам.доллар буцаан авахад тус болох мэдээлэл өгсөн 20 хүн нийт 4 сая ам.долларын шагнал хүртээд байна. Харин зарим цахим бирж хамтран ажиллахаас татгалзаж байгаа нь хэргийг мөрдөхөд саад учруулж байгаа ажээ. Жишээ нь, eXch цахим бирж тус хакеруудын хулгайлсан 90 сая ам.долларыг өөрийн дансаар шилжүүлэхэд нь зогсоогоогүй байна.
Хойд Солонгосын хакеруудын довтолгоо:
2019 онд UpBit цахим бирж $41 сая.
KuCoin цахим биржээс $275 сая.
2022 онд Ronin Bridge-ээс $600 сая.
2023 онд Atomic Wallet-ээс $100 сая.