Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжилсан эрхмүүдийг жил бүр тодруулж, алдаршуулах ажлын хүрээнд найм дахь үеийн цуурч Буяндэлгэрийн Наранбатыг 2024 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгарууллаа.
“Хөгжмийн зэмсэг үүссэн нь хүн байгалийн гоо сайхныг ухаарсны анхны үр юм” хэмээн судлаач Ж.Бадраа тэмдэглэсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд соёлын өв монголчуудын аж байдалд ойр байсан тулдаа хүнээс хүнд өвлөн уламжлагдах зарчмаар өдийг хүрсэн юм. Гэхдээ түүхийн хүчтэй савлагаануудыг гэтлэхдээ заримынх нь ай сав асар дундарч, харин зарим нь улам баяжин тэлжээ. Тэдэн дотроос ганцхан өвлөн уламжлагчийн цээжинд язгуурын шинжээрээ үлдээд байсан нь цуур юм.
“1980-аад онд цуур хөгжмийн өвийг манай өвөө Паарайн Наранцогт ганцаараа тээж байв. Тухайн үед түүнээс өөр цуурчид байсан гэх аман яриа бий боловч одоогоор тэдний тухай тодорхой баримт алга. Өвөөгөөс өөр хүн цуур тоглож байсныг нотлох аялгуу олдоогүй. Тэгэхээр тэр үеэс хойших Монгол Улсад ганцхан булгаас эх авсан цуурын ундарга урсаж байна гэсэн үг” хэмээн найм дахь үеийн цуурч Буяндэлгэрийн Наранбат ярилаа.
Цуур хөгжим ЮНЕСКО-д бүртгэгдсэнээр хүн төрөлхтний соёл иргэншлийн онцлох ололтод багтах болсон билээ. Гэвч цуурын сан хөмрөг өдгөө Б.Наранбат тэргүүтэй хуруу дарам цөөн өвлөн уламжлагчийн цээжинд язгуурын шинжээрээ бүрэн төгс хадгалагдаж байна.
Ж.Бадраа “Монгол ардын хөгжмийн зэмсгийн зүйлс” өгүүлэлдээ “Цуурын татлага гэж 30-аад аялгуу бий” хэмээн тэмдэглэсэн байдаг. Харин өвлөн уламжлагч Б.Наранбат цуурын 40 гаруй аялгуу байдгийг дурдаж, эдгээрийг уван цуван бүгдийг нь тоглож сурснаа ярилаа.
“Ахуйд нь ойрхон өссөн болохоор цуурыг сурч байна гэж бодож ч сураагүй. Энгийн л хийх ёстой ажил ч юм уу, сурах ёстой эрдэм гэх байдлаар ханддаг байлаа. Үнэ цэнийг нь ойлгохгүй, гэхдээ үүнийг заавал хийх ёстой гэж ойлгоно. Ер нь тав, зургаан наснаасаа цуурыг анхлан оролдох болж, аажимдаа сурсан л даа. Цуураар хийдэг зан үйл олон бий. Ханилаад олон жил өнгөрсөн ч хүүхэдтэй болж чадаагүй айл “Хүүхдийн дуудлага” гэх цуурын засал хийлгээд хүслээ гүйцээнэ. Бас алдуул адуу малыг цуураар мэргэлэх буюу ган тайлж, хур дуудах зан үйлийг ч хийдэг. Хүүхдийн найран дээр “Жаргалын аялгуу”-г тоглоход тэр хүүхдийн ирээдүйн амьдралын зам мөрийг нь засав гэж үздэг. Харин хурим найран дээр “Эр, эм хүний хослон явах явдал” аялгууг тоглож, насан туршдаа ажил, амьдрал нь бүтэмжтэй, өнөр олуулаа болохын бэлгэдлийг гүйцэлдүүлнэ. Түүнчлэн цуурын уриа дуудлагууд ч гэж байдаг. Тухайлбал, цуураар өвөг дээдсийнхээ буян хишгийг ч дуудаж болно” хэмээн тэрбээр үргэлжлүүлэн хуучилсан юм.
Сонирхуулахад, шилдэг өвлөн уламжлагчаар 2018 онд уртын дууч Д.Дулам, 2019 онд туульч А.Балдандорж, 2020 онд баяд бийч, ихэлч Ж.Хумбаа, 2021 онд хөхүүр урлаач, гүүний айраг исгэх уламжлалт арга технологийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа, 2022 онд хөөмийч Д.Цэрэндаваа, 2023 онд эсгий ширмэл урлаач Д.Цэндсүрэн нар тодорсон байдаг.
