“Хан Хэнтий” чуулгын анхны мэргэжлийн бүжигчин Балганы Мөнхжаргалтай ярилцлаа. Тэрбээр хоёр жил тутам зохион байгуулагддаг буриад дууны “Алтаргана” наадмыг анх санаачилсан эрхэм билээ.
-Бүжигчин болоход тань юу нөлөөлсөн бэ?
-Урлагийн мэргэжил эзэмших нь өвөрмөц тавилан санагддаг. Намайг VII ангид суралцаж байх үед Хөгжим, бүжгийн дунд сургуулийн багш нар элсэлт авахаар манай аймагт ирсэн. Тэрхүү шалгаруулалтад тэнцсэнээр бүжигчин болох зам маань нээгдсэн юм. Дараа жил нь шуудхан л Хөгжим, бүжгийн дунд сургууль руу шилжин, суралцах болов. Тухайн үед бүжигчин болъё гэж тулхтай бодож мэдээ ч үгүй, шалгаруулалтад нь тэнцсэн болохоор урлагийн сургуульд явуулья гэж аав ээж маань шийдээд л намайг явуулсан байх.
-Тэгэхдээ өмнө нь арван жилийн урлагийн үзлэг, концерт тэргүүтэнд бүжиглэдэг л байсан биз?
-Тиймээ. Бага ангид байхдаа урлагийн үзлэг, концертын үеэр олны дунд бүжиглэж л байсан.
-Анх бүжиг заасан багш нар тань ямар хүмүүс байв?
-Арван жилийн багш нар хэсэг сурагчдад бүжиг заахад түүнээс анх эрдмийн хувь хүртсэн. Надад бүжиглэх ур, эрдмийг заасан анхны багш нар гэвэл Хөгжим, бүжгийн сургуулийн багш МУУГЗ, Ардын багш Г.Долгорсүрэн, Дамдин, Жав, МУУГЗ Алтанцэцэг нар юм. Дөрвүүлээ мэргэжлийн хичээлүүдийг маань заадаг байсан.
-Уран бүтээлчийн зам дардан байдаггүй. Та яаж хөлөө олсон бэ?
-Өмнө нь ганц, хоёр удаа Улаанбаатарыг үзсэн хэдий ч, жаахан хүүхэд хотод орж ирсэн. Хөлөө олж ер нь хүн болж төлөвшихөд, өдгөө ч баримталдаг зарчим, үзэл бодлыг минь төлөвшүүлсэн хүн бол анги удирдсан багш Ичинхорлоо юм. Түүнийг Ардын зураач, Төрийн шагналт Н.Цүлтэмийн гэргий гэдгээр нь монголчууд андахгүй. Их сайхан хүн л дээ. Багш маань аймаг, аймгаас ирсэн зүг чигийг ч үл мэдэх хэдэн хүүхдүүдэд ёс суртахуун, гоо зүйн анхан шатны мэдлэгээс эхлэн амьдралд хэрэгцээтэй бүхий л зүйлсийг хэлж, зөвлөдөг байлаа. Ичинхорлоо багш минь манай ангийн бүх л хүүхдийг уран бүтээлчийн хэмжээнд төдийгүй зөв шударга хүмүүс болгож төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн дээ.

-Таныг бүжигчний тань хувьд хамгийн их магтаж, хамгийн сайхан үгийг хэлсэн гэвэл ямар хүнийг нэрлэх вэ?
-Магтаалын үгийг багш нар барагтай бол хэлдэггүй юм даа. Уран бүтээлчид хамгийн их урам өгдөг зүйл бол үзэгчдийн алга ташилт байдаг. Бүжгийг дахиулна гэдэг ховорхон тохиол учир бүжгийг маань дахиулах л их урам өгдөг сөн. Тухайн үед цөөхөн явагддаг байсан уралдаан, тэмцээний амжилт, Их наадмын концерт эсвэл Төрийн тоглолтод шалгарч оролцох нь мөн урамтай сайхан явдал байв.
-Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа нэгэн ардын сониуч захидлын хариуд “Ардын урлагт аар саар, голох хаях юм гэж байхгүй. Ардын урлагийн авьяастан гэдэг бол нэг хоёр хүнийг тоочих биш нэн нийтлэг үзэгдэл” гэж хариулсан байдаг. Тэгэхээр ийм нийтлэг авьяастан ардын дотор мэргэжлийн уран бүтээлч хэрхэн ялгардаг юм бол?
-Мэргэжлийн бүжигчин гэдэг цаг үргэлж формтой байдаг. Мөн гүйцэтгэл, хөдөлгөөн хоорондын холбоосоор ялгарч харагдана.
-Та бүрэн боловсорсон бүжигчин боллоо гэдгээ анх хэдийд, хэрхэн мэдэрч байв?
-Хөгжим, бүжгийн дунд сургуульд ирснээр мэргэжлийн багш нараар бүжиглэх ур дүй, дасгалаас эхлэн мэргэжлийн ур чадвар эзэмших хүртэлх бүхий л хичээлийг таван жилийн хугацаанд заалгасан. Ер нь бүх бүжгийн суурь нь сонгодог бүжгийн дасгал, балетын л элементүүд байдаг. Харин сургуулиа төгсчихөөд диплом өвөртөлсөн материал л анхны ажлын газраа очиж байгаа юм. Анх ажилд орохдоо чадварлаг дэглээчийн удирдлагад очвол алсдаа сайн бүжигчин болох нь лавтай. Миний хувьд бүжигчнээр таван жил суралцаж, найман жил ажилласан. Долоо, найм дахь жилээ бүжиглэж байх үед л багштайгаа түүртэхгүй ойлголцох, дэглэсэн бүжгийг нь хүсэж байгаа хэмжээнд нь гүйцэтгэж болох юм шиг бодол төрж байлаа. Гэхдээ бүрэн дүүрэн гүйцэтгэлтэй бүжигчин болчихлоо гэх бодол санаанд багтдаггүй юм билээ.
-Тэгэхээр бүжигчнээр суралцаж төгсчихөөд л шуудхан “Хан Хэнтий” чуулгад очиж ажилласан байх нь ээ?
-Тиймээ. Сургуулиа төгсчихөөд нутагтаа очиж ажиллахаар “Хан Хэнтий” чуулгыг зорьсон. Би айлын ганц охин учир Хөгжим бүжгийн дунд сургуульд орохдоо ээж, аавыгаа нутагт нь үлдээж, хотод ирж суралцсан юм л даа.

-Ээж, аав тань ямар мэргэжилтэй байв?
-Ээж маань багш, намын ажилтан. Тэгэхдээ би эмээ, өвөөгийнхөө гар дээр өссөн юм. Мужаан аавтай, оёдолчин ээжтэй.
-Та сургуулиа төгсчихөөд хэр хугацааны дараагаас гоцлон бүжиглэх болов?
-Тэр жилдээ багтаж л анхныхаа гоцлол бүжигт тоглосон. Би “Хан Хэнтий” чуулгынхаа анхны мэргэжлийн бүжигчин л дээ. Тиймээс намайг ажилд ороход л “Г.Долгорсүрэн багшийнхаа "Үелзүүр” бүжгийг гоцолж бүжиглэнэ шүү” гэсэн юм. Сургуульд байхдаа “Үелзүүр” бүжиг хийж байсангүй. Харин анхны гоцлол бүжиг маань Г.Долгорсүрэн багшийн “Үелзүүр” байж таарсан.
-Тухайн үеийн “Хан Хэнтий” чуулгад ажиллаж байсан ганцхан мэргэжлийн бүжигчин нь та байж шүү дээ. Тэгэхээр хамт олонтойгоо хэрхэн ажилладаг байв?
-Театр чуулгын бүжигчид ер нь сонгодог бүжгийн дасгалаа л хийдэг. Д.Санжаасүрэн багш маань надад “Бүх бүжигчдэд сонгодог бүжгийн суурь дасгалуудыг заагаарай. Сонгодог бүжгийн дасгалыг сурахгүйгээр цаашид сайн бүжиглэж чадахгүй шүү дээ” гэж даалгасан. Ингээд бусдадаа сонгодог бүжгийн дасгалуудыг заах ажилд давхар мэрийх болов. Тэд нар болохоор тайзны бүжиг олон жил гүйцэтгэсэн туршлагатай учир багшийнхаа арга барилыг ойлгодог, дэглэсэн хөдөлгөөнүүдийг нь гүйцэлдүүлэхдээ хэдийн гаршсан хүмүүс байлаа. Багш болгоны арга барил ялгаатай байдаг. Миний хувьд шинэхэн бүжигчин байсан болохоор тэдгээр туршлагатай хүмүүс, багшийнхаа манерыг олж авахад надад бас тусласан юм.
-Орон нутгийн зарим театрт боловсон хүчин дутагдалтай байдаг учир дарга нь найруулагчийн ажлыг хавсран гүйцэтгэх тохиолдол нийтлэг бий. Таныг “Хан Хэнтий” чуулгад бүжигчнээр очиход ямар найруулагч угтаж авсан бэ?
-Тухайн үед “Хан Хэнтий” чуулгын найруулагч, бүжгийн, хөгжмийн, найрал дууны багш нар бүгд мэргэжлийн уран бүтээлчид байсан. “Хан Хэнтий” чуулгын уран бүтээл өдгөө ч амжилттай болж байгаагийн гол суурийг миний үед ажиллаж байсан энэ дөрвөн багш МУУГЗ Г.Энхболд, Д.Санжаасүрэн, Л.Дашням, Д.Гомбо нар бэхжүүлж өгсөн гэдэгт итгэдэг. Тэгэхээр ийм сайхан мэргэжлийн багш нартай хамтарч ажилласан маань азтай явдал юм. Эдгээр багш нар маань дөрвүүлээ Урлагийн гавьяат зүтгэлтэн цолонд хүрээд байна. Нэгэн цаг үед гар нийлж ажилласан дөрвөн багш нь бүгдээрээ гавьяатын тэмдгээр шагнагдсан орон нутгийн театр манайхаас өөр байхгүй шүү дээ.

-Бусад аймгуудаар аялан тоглодог байв уу?
-Тухайн үед бусад аймгуудад очиж тоглоно гэдэг нүсэр ажил байлаа шүү дээ. Хамгийн ихдээ 45-60 хоногийн туршид орон нутгаар явж, тоглоно гээч. Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс гэсэн маршрутын дагуу тоглолтоор явлаа гэхэд зам дагуух бүх сумдад тоглож таарна. Бүх л тоглолтууд маань дүүрэн үзэгчтэй байдаг сан. Шинэ уран бүтээл ч олныг дэглэдэг байлаа. Бид тухайн үеийн социалист орнуудаар ч гэсэн цөөнгүй удаа очиж тоглосон нь бий.
-Тухайн үеийн “Хан Хэнтий” чуулгынхан ямар сэдвийн бүтээлүүдийг голчлон хөндөж байв?
-Манай чуулга Дорнод Монголын нутаг дахь олон угсаатны ардын урлагийг судлах, сурталчлах, дэлгэрүүлэх зорилготой анх байгуулагдсан. Өдгөө Говь-Алтай, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад л ардын дуу, бүжгийн чуулга гэж байдаг. Монголын Зүүн бүсийн аймгуудад халх, буриад, үзэмчин, барга, дарьганга, хамниган зэрэг угсаатнууд амьдарч байна. Эдгээр угсаатны ардын урлагийг судалж, дэлгэрүүлэх нь “Хан Хэнтий” чуулгын гол зорилго юм. Тухайлбал, манай чуулгынхан барга, дарьганга бүжгийг Монголд анх удаа дэглэж, тоглосон түүхтэй. Манай багш нар уран бүтээлийн судалгааг хийсний үр дүнд л эдгээр бүжгийг анх тавьсан. Тухайлбал, бүжгийн багш маань ахмад настай дарьганга эмэгтэйн гэрээр зочилж, ярилцана, тэр хүн бүжиглэж мэдэхгүй байж магадгүй. Ийм тохиолдолд тухайн хүний хувцас хэрэглэл, байр байдал, донж хөдөлгөөн, ямархуу эд зүйлс хэрэглэж байгааг, түүнтэйгээ хэрхэн харилцаж байгааг нь сайтар ажиглана. Бүжиг дэглээчид гурав, дөрвөн өвөрмөц хөдөлгөөнийг л бариад авбал түүнийгээ баяжуулаад бүжиг болгочихдог юм.
Тэгэхдээ бид уран бүтээлдээ зөвхөн Зүүн бүсийн ардын урлагийг судлан туурвихаар хязгаарлагдахгүй л дээ. Манай багш нар баруун аймгуудын олон ястны ардын урлагийг судалж, түүгээрээ “Цаст Алтайн дуулал” нэртэй концертыг найруулсан удаа ч бий. Мөн өөрийн багш нарын бүтээлүүд болох дуулалт жүжиг, ардын бүжгийн жүжгүүд ч манай репертуарт бий.
-Бүжиглэх зууртаа жүжигчний ур чадварыг хэрхэн хэрэглэдэг тухайд та юу хэлэхсэн бол?
-Бүжигчид тухайн дүрээ үзэгчдэд бүрэн дүүрэн хүргэхийн тулд зарим бүжигт сэтгэлийн хямралыг туулах учир заримдаа өөрийн эрхгүй нулимс унагаах нь ч байсан. Тэгэхээр бүжигчид байнгын л дотоод сэтгэлтэй явах ёстой. Зөвхөн хөгжим, хөдөлгөөний нийлэмж бол бүжиг биш.
-Улс төр, удирдлагын ажилд хүчин зүтгэхээр шийдэхэд тань юу нөлөөлсөн бэ?
-Би найман жил бүжигчнээр ажиллачихаад 1987 онд ЗХУ-ын Ленинград хотод их сургуульд элсэн суралцсан. 1992 онд Сургуулиа төгсөх үед улсын нэр, хотын нэр бүгд өөрчлөгдсөн байсан учир, би ОХУ-ын Санкт-Петербург хотын Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Соёлын ажлын менежер, арга зүйч мэргэжлээр төгссөн юм. Их сургуулиа төгсөж ирээд Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газарт зургаан жил ажилласан. Эхлээд Нийгмийн бодлогын хэлтэст урлаг, уран сайхны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад энэ хэлтэс татан буугдахад Хэнтий аймгийн соёл, урлагийн салбарыг хариуцсан бие даасан түшмэл болов. Залгаад Хан Хэнтий чуулгын даргаар томилогдож хамгийн сайн мэддэг, ойлгодог байгууллагаа удирдах сонирхолтой бөгөөд хариуцлагатай албыг хашсан юм. Улс орон маань эдийн засаг санхүүгийн хувьд тааруухан, амаргүй үе таарсан ч бид чин сэтгэлээсээ хичээж уран бүтээлчдийн тоогоо нэмж, шинэ уран бүтээлүүдийг туурвин, АДБ-ийн чуулгуудын уулзалт тоглолтод тэргүүн байр ээзэлж дотоод гадаадын аялан тоглолтыг зохион байгуулж, уралдаан тэмцээнд тогтмол оролцож хэвийн ажиллаж байсан даа.

-Таныг буриад дууны “Алтаргана” наадмыг анх санаачилсан гэдэг. Энэ наадмын түүхээс сонирхуулна уу?
-1994 онд буриад дууны “Алтаргана” наадмыг анх зохион байгуулсан юм. Тэгэхэд удирдах түвшний ажилд томилогдоод удаагүй байсан учир гагц бичиг цаастай зууралдаж сууснаас олныг хамарсан соёлын арга хэмжээг зохион байгуулах сан гэж бодсон. Улмаар тухайн үед Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан доктор Ц.Балдандоржид “Чингис хааны өлгий нутаг Дадал суманд буриад дууны наадам зохион байгуулах хүсэлтэй” гэдгээ хэлж дэмжүүлсэн юм. Уг нэрийн тухайд, Дадал сумын ард түмэн “Алтаргана” гэж санал болгосон л доо. Анхны “Алтаргана” наадамд оролцохоор Биндэр сумаас ирсэн төлөөлөгчид “хоёр жилийн дараа бид энэ наадмыг сумандаа зохион байгуулъя” гэсэн саналыг тавьсан. Тэгтэл 1996 оны наадмын үеэр Батширээт сумынхан уг наадмыг 1998 онд нутагтаа хүлээн авахаар болов. Ингэж “Алтаргана” наадмыг хоёр жил тутам нэг удаа зохион байгуулах эхлэл тавигдсан юм.
-Тухайн цаг үед буриад зоны соёл, урлагийг анхаарах байдал ямархуу байв?
-1990-ээд он гэдэг нийгмийн шилжилтийн үе байлаа. Ер нь угсаатны соёлыг анхаарах нь тааруу байсан юм. Өдгөө олон улсын “Алтаргана” наадамд хэчнээн баян гоёлын зүүсгэл, хувцас хэрэглэлтэй хүмүүс хэдэн мянгаараа оролцож байгааг харахад сайхан байдаг. Тэгтэл 1994 онд хэдхэн хүнд буриад дээл өмсгөөд, бичлэгт оруулъя гэхэд хувцас олдохгүй л байсан юм даа. Бас ёохор мэддэг хүн ч олон байгаагүй.
-Залуу бүжигчдэд та ямар зөвлөгөө хэлэх вэ?
-Хамгийн чухал нь залхуурч л болдоггүй юм. Өөрийгөө үргэлжид хөгжүүлж байхгүй бол тайз гэдэг уран бүтээлчийг амархан л голно шүү дээ.
-Хүүхдүүд тань ээжийнхээ урлагийн авьяасыг өвлөөгүй юу?
-Би нөхөр, хоёр охинтой. Гэр бүлийн хүнтэйгээ арван жилдээ нэг ангид сурч байлаа. Том охин маань хуульч. Бага нь харин санхүүч мэргэжилтэй. Охид маань багадаа бүжиглэдэг, авьяастай л байсан.

-Таныг олноо таниулсан гол уран бүтээлийн тухайд?
-МУУГЗ Б.Жавзангийн дэглэлт “Мянгад” нэртэй хослол бүжиг байдаг. Түүнийг Батжаргалын хамтаар олон жил бүжиглэсэн. “Мянгад” бүжиг маань биднийг ОХУ, Герман, Польш, Чехийн тайзнаа хүргэж байлаа. Тиймээс би энэ бүжигтээ хайртай. Намайг олонд таниулсан уран бүтээл гэж боддог юм. Түүнчлэн миний төдийгүй “Хан Хэнтий” чуулгын нэрийн хуудас болох МУУГЗ Д.Санжаасүрэнгийн дэглэлт “Халхын намбат”, “Дарьганга ээжийн гоёл” зэрэг 80 гаруй бүтээлд оролцон бүжиглэсэн байдаг.
-Та хэр олон шавь бэлдсэн бэ?
-Анхны шавь маань МУСТА Д.Оюунчимэг, Д.Батжаргал нар, яг гардаж олон шавь бэлдээгүй, хүүхэд залуучуудад бүжиг заах, залуу бүжигчиддээ мэргэжлийн тусламж зөвлөгөө өгч ажиллах явдал бол байнга л байдаг байлаа.
-Өдгөө та ямар ажилд төвлөрч байна вэ?
-Одоо би “Хан Хэнтий” чуулгынхаа 100 жилийн ойн номыг эмхэтгэж байна. 1925 онд Хан Хэнтий уулын аймгийн төвд сүндэрлэсэн том цагаан гэрийн дотор дуу, хөгжим хангинах болж “Улаан булан” нэртэй байгууллага үүссэн түүхтэй. “Хан Хэнтий” чуулгын дарга Д.Цогт-Эрдэнэ санал болгосны дагуу чуулгынхаа 100 жилийн ойн номыг эмхэтгэх том ажлыг гүйцэтгэж байгаа маань энэ юм. Архивын материал судлах, эх сурвалж хайх, ахмад уран бүтээлчидтэй уулзах ажилд багагүй цаг хугацааг зарцууллаа. Тэгэхдээ үүний ачаар өнгөрсөн 100 жилд өрнөсөн онцлох үйл явдлууд, “Хан Хэнтий” чуулгын уран бүтээлүүд, түүнд ажилласан уран бүтээлчдийн тухай нэлээд материал цуглуулаад байна. Уг ном маань удахгүй уншигчдын гарт хүрэх биз ээ.

