Percussion Event: Concert and the Competition эвэнтийн хүрээнд Монгол улсын консерватороос зохион байгуулж буй Монгол улсын гавьяат багш, дэд профессор Б.Зоригтын нэрэмжит мэргэжлийн цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдаан энэ сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан билээ. Уралдааны хаалтын ёслол, шагналт байранд орсон хөгжимчдийн тоглолт баасан гарагт Улсын Филармонийн танхимд болж өндөрлөлөө.

Тус уралдаанд 12-24 насны нийт 29 оролцогч гурван ангилалд өрсөлдсөнөөс 11 оролцогч шагналт байранд орсон. Мөн шүүгчдийн нэрэмжит шагналыг гардуулав. Уралдааныг Монголын болон гадаадын хөгжмийн мэргэжилтнүүд шүүн дүгнэсэн бөгөөд шүүгч, Мексик улсын маримба хөгжимчин Хавиэр Нандаяапа арга хэмжээний талаар сэтгэгдэлээ хуваалцлаа. Тэрээр энэхүү аялан тоглолтоор өөрийн анхны маримба, симфони найрал хөгжимд зориулсан концерт бүтээлийн дэлхийн нээлтийг Монгол улсад хийсэн билээ.

“Анх удаа Монголд ирсэн нь миний хувьд их онцгой зүйл байлаа. Уралдаанд оролцогчдын чадвар, эн тэнцүү өрсөлдөж байсан нь намайг үнэхээр гайхшруулсан тул шүүгчдийн бүрэлдэхүүнд байна гэдэг амаргүй даалгавар байсан. Гэхдээ эцсийн үр дүнд би маш баяртай байгаа. Тэмцээн маш шударга явагдсан. Заримдаа гадаадын бусад наадмуудад шүүгчээр оролцоход хэцүү байдаг. Яагаад гэвэл өөрсдийн улсынхаа хөгжимчид, сурагчдыг илүү сайн мэддэг шүүгч, багш нартай цуг шүүдэг учраас. Харин энэ тэмцээний баг бүрэлдэхүүн маань яг нэг гэр бүл шиг байсан болохоор хамтарч ажиллахад маш таатай байлаа. Онцлохгүй байхын аргагүй нэгэн зүйл бол В ангиллын оролцогчид бүгд үнэхээр сайн байсан тул дүгнэхэд их хэцүү байсан.
Мөн өөрийн концерт бүтээлийн нээлтийг Монгол улсад, симфони найрал хөгжимчидтэй хамтран тоглож нээнэ гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Дэлхийн нөгөө талаас ирж энэ арга хэмжээний нэг хэсэг болж, тоглолтоо зохион байгуулна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Түүнчлэн Монголчуудын уламжлал, өв соёлоо хадгалан тээж байгаа, найрсаг чанар надад гүн сэтгэгдэл үлдээсэн гэдгийг хэлмээр байна.” -Хавиэр Нандаяапа


Уралдааны А ангиллын тэргүүн байранд орсон Монгол улсын Консерваторын хоёрдугаар дамжааны оюутан Б.Марал: “Юуны өмнө Монголд мэргэжлийн цохивор хөгжимчдийн дунд анх удаа тэмцээн зохион байгуулагдсанд маш баяртай байна. Би анх гуравдугаар ангидаа Б.Жамъянхорлоо багшийн дугуйланд явж эхэлж байсан. Тухайн үед дууны дугуйлан гэж бодож орсон ч “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч гэдгээр хүмүүсийн сайн мэдэх “Эгшиглэнт чимээ” хамтлагт орж, хөгжимчин болох эхлэл маань тавигдсан юм. Хамтлагтаа хоёр жилийн турш байсны дараа хөгжимдөө илүү сонрхолтой болж, багш маань намайг Хөгжим бүжгийн коллежид орохыг зөвлөсөнөөр Б.Зоригт багшид шалгуулж, тэнцээд сургуульдаа орж байлаа. Намайг хөгжимчин болох замд хөтөлсөн Б.Жамъянхорол багшдаа, авьяасыг маань олж харж сургуульдаа тэнцүүлсэн Б.Зоригт багшдаа энэ завшааныг ашиглан талархлаа илэрхийлэхийг хүсэж байна” хэмээн онцлолоо.

Уралдааны гол зорилго нь цохивор хөгжимчид, уран бүтээлчдийг дэмжих, ур чадварыг дээшлүүлэх, дэлхийн болон монголын сор болсон бүтээлүүдийг хөгжимдөж чадвараа сорих боломжийг олгож, улсынхаа цохивор хөгжмийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд ойртуулахад чиглэсэн юм.
Бэлтгэсэн: Б.Цагаандалай